Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0166/З |
Дугаар | 68 |
Огноо | 2018-01-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 68
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Л.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны 1 дүгээр танхимд шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.М, И.А, А.Г.
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Баянзүрх дүүргийн Газрын алба
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах;
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 364 дүгээр захирамжийн дагуу ************ дугаартай 2797 м.кв газрыг өндөр хүчдэлийн шугамаас урагш 4 метр шилжсэн бүртгэл хийхийг даалгуулах;
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжийн дагуу А.Г , А.Г, И.А, А.М нарын нэр дээр тус бүр 700 м.кв газрыг эзэмшдэг болохыг мэдээллийн санд бүртгэхийг даалгуулах;
А.М нь уг бүртгэгдсэн зураг бүхий эзэмшлийн 700 м.кв хэмжээтэй газраа Г.Ж д шилжүүлснийг газрын мэдээллийн санд бүртгэхийг тус тус Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.А, А.Г, тэдгээрийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, нэхэмжлэгч И.А, А.Г, А.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Нацагдорж, гэрч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.А, А.М, А.Г нараас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.М, миний бие 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Г.Ж тай газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баяндөхөмжийн 24-17 тоот хашаа бүхий 700 м.кв газар, дотор засал нь дуусаагүй барилгын хамт шилжүүлэх тухай хүсэлтийг гаргахдаа мэргэжлийн байгууллагаар кадастрын зургийг хийлгэж өгсөн бөгөөд тус кадастрын зургийг хийсэн компани нь бодит байдал дээр очиж хэмжилт хийж зургийг хийгээгүйгээс болон Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нар нь газрыг иргэн Г.Ж гийн нэр дээр шилжүүлж эзэмшүүлж, өмчлүүлэхдээ тухайн газар дээр хээрийн болон суурийн судалгаа хэмжилт хийж шалгалгүйгээр шууд эзэмшүүлж, өмчлүүлэх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч А.Г, И.А, А.М нарын эрх ашгийг хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байгаа тул дээрх шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч иргэд бидний зөрчигдсөн эрхийг сэргээж, иргэн А.Мын хүсэлт, түүнд хавсаргасан кадастрын зургийн дагуу координатын цэгийг тодорхойлж шилжүүлэлгүйгээр буруу тодорхойлон иргэн Г.Ж гийн нэр дээр шилжүүлэн эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, Кадастрын мэдээллийн санд буруу орсон мэдээллийг зөвтгөсөн шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.М, А.Г, И.А нар 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжуудын иргэн Г.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. “...кадастрын мэдээллийн санд буруу орсон зургийг зөвтгөж оруулахыг хариуцагч нарыг даалгуулах” гэснийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах гэж өөрчилж, “Газрын кадастрын мэдээллийн санд 2012 оны 06 дугаар сард Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртын Баянтөхөмд байрлах 2797 м.кв газрыг 2 хувааж, нэгж талбарын 18659311061942 дугаартай 700 м.кв газрыг Г.Ж гийн нэр дээр, ************ дугаартай 2215 м.кв газрыг И.Аийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, 2014 оны 09 дүгээр сард нэгж талбарын ************ дугаартай 2215 м.кв газрыг 3 хувааж, нэгж талбарын 18659311055964 дугаартай 700 м.кв газрыг И.Аийн нэр дээр, 18659311082975 дугаартай 700 м.кв газрыг А.Г гийн нэр дээр, 18659311090954 дугаартай 700 м.кв газрыг А.Ггийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай 364 дүгээр захирамжийн дагуу ************ дугаартай 2797 м.кв газрыг өндөр хүчдэлийн шугамаас урагш 4 метр шилжсэн бүртгэл хийлгэх, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжийн дагуу нэгж талбарын ************ дугаартай 2792 м.кв газрыг хавсралтад заасан зургуудын хэлбэр хэмжээний дагуу 4 хувааж, А.Г , А.Г, И.А, А.М нарын нэр дээр тус бүр 700 м.кв газрыг эзэмшдэг болохыг мэдээллийн санд бүртгэж, А.М нь уг бүртгэгдсэн зураг бүхий эзэмшлийн 700 м.кв хэмжээтэй газраа хэмжээ, байршил өөрчлөгдөхгүйгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжаар Г.Ж д шилжүүлснийг газрын мэдээллийн санд бүртгэхийг тус тус Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Нэхэмжлэгч нар хуулийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж байгаа газрыг хууль журмын дагуу газрын мэдээллийн санд оруулж бүртгээгүй хирнээ ямар нэгэн дүүргийн Засаг даргын шийдвэр, захирамжгүйгээр газрын албаны мэргэжилтэн дур мэдэн бүртгэл хийж, эсхүл хийх ёстой бүртгэлийг хийхгүй орхигдуулснаас болж өнөөдөр ийнхүү газрын хил заагийн маргаан гарч, улмаар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ...дүүргийн Газрын алба дараах эрх хэмжээтэй байна, 23.4.3-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, 23.4.3-д эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, 23.4.4-д газрын мэдээллийн санг эрхлэх, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт Газрын алба улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ гэж тус тус заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдүүдэд нэгж талбарын ************ дугаартай 2797 м.кв газрыг тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 700 м.кв газар болгон хувааж эзэмшүүлж байгаа боловч мэдээллийн санд дүүргийн Засаг даргын захирамжийн оруулж, хил заагийг нарийн тогтоогоогүй байснаас болж, гуравдагч этгээд Г.Ж нь дур мэдэн хашаа хатгаж, газраа дуртай тал руугаа сунган, түүнийгээ мэдээллийн санд өөрийнх нь газар мэтээр оруулж, ямар нэгэн захирамж, шийдвэргүйгээр, газрын хэмжээ байрлаа өөрчилж, бидний газар руу оруулан хашаа барьж байгаа нь нэхэмжлэгч бидний газар эзэмших эрхэд, төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны оролцоотойгоор халдаж байна. Өөрөөр хэлбэл анх 2005 онд 2797 м.кв хэмжээтэй газрыг нэхэмжлэгч И.А нь эзэмшиж байхад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хяналтын хороонд 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цахилгаан түгээх сүлжээний Баянзүрх салбараас явуулсан 168 дугаар албан бичиг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамгаалалтын зурвас баталгаажуулах тухай 2005 онд Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн хүсэлтүүд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай 364 дүгээр захирамж зэргийг үндэслээд уг газар урагшаа 4 метр шилжсэн бөгөөд энэ үед газар бүтнээрээ нэг газар байсны зэрэгцээ хэн нэгэнд шилжүүлээгүй, газраас хасагдаагүй, хуваагдаагүй газар байсан. Улмаар бүхэлдээ 4 метр урагшаа шилжсэн газрыг мэдээллийн санд оруулах шаардлагатай байсан, мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 207 дугаар захирамжаар нэхэмжлэгч нар болон иргэн А.Г нарт тус бүр 700 м.кв хэмжээтэйгээр хуваан эзэмшүүлсэн бөгөөд уг захирамжийн дагуу газрын мэдээллийн санд зураг орох ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч А.М нь урагшаа 4 метр, шилжсэн газрыг 4 хуваасны нэгийг нь эзэмшиж байсан газраа гуравдагч этгээд Г.Ж д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар шилжүүлсэн бөгөөд үүнийг мөн газрын мэдээллийн санд бүртгэх нь хууль болон холбогдох журамд нийцнэ” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 2 дугаар гудамж, 17г тоот хаягтай, 700 м.кв газрыг иргэн А.Мт анх газар эзэмших эрх үүссэн байна. А.М нь 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Top survey” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн бөгөөд 5311927.74,659052.94, 5311946.16,659049.69, 5311949.61,659050.56, 5311952.63,659050.13, 5311962.74,659069.49, 5311941.90,659080.56 цэгүүдээр баталгаажуулсан байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжаар иргэн А.М нь газар эзэмших эрхээ иргэн Г.Ж д шилжүүлсэн болно. Газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргахдаа иргэн А.М нь 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Авир” ХХК-иас өмнөх “Top survey” ХХК-иар хийлгэсэн кадастрын зургаа шинэчлэн 5311924.171,659054.734, 5311927.745,659052.938, 5311947.404,659043.062, 5311959.289,659067.305, 5311953.698,65970.211, 5311936.643,659079.080 цэгүүдээр баталгаажуулан газар эзэмших эрхээ шилжүүлсэн байна. А.Мын 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Авир” ХХК-аар хийгдсэн кадастрын зургийн цэгүүдээр газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд А.М нь газар эзэмших эрхээ тухайн эргэлтийн цэгүүдээр баталгаажуулан шилжүүлсэн болно” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.Ж нь А.Мтай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар иргэн А.Маас Г.Ж д 700 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Иргэний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байсан тул дүүргийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлйин 38.3, 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, түүнчлэн газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ иргэнд анх эзэмшүүлсэн тухайн нэгж талбарыг л шилжүүлдэг тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжийн Г.Ж д холбогдох хэсэг нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 03 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Баяндөхөмийн 2 дугаар гудамжны 2-17а тоотыг И.Ат, 2-17б тоотыг А.Гд, 2-17в тоотыг А.Г д, 2-17г тоотыг А.М нарт эзэмшүүлсэн байдаг. Эдгээр иргэд нь 4 газрыг нийлүүлэн, дунд нь тусгаарлаж хашилгүй нэг том хашаатайгаар нийт 2797 м.кв газрыг эзэмшиж байжээ. А.М нь Г.Ж д газар дээрх сууцны байшингаа худалдаж, газар эзэмших эрхээ шилжүүлэхдээ “Авир” ХХК-иар хийлгэсэн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг хавсарган өгч, энэ зургийн дагуу шилжүүлэх хүсэлтийг 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан байна. А.М, Г.Ж нарын хүсэлт болгосон зургийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 533 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Баяндөхөмийн 2 дугаар гудамжны 2-17 тоот хаягт байрлах нэгж талбарын 18659311061942 дугаартай 700 м.кв газрыг Г.Ж д эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 дүгээр захирамжаар өмчлүүлжээ. Баянзүрх дүүргийн Газрын алба иргэн А.Мын хүсэлт гаргасан зургийн дагуу нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэсэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь уг хүсэлтийг үндэслэн Г.Ж д эзэмшүүлж, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар уг газрыг эзэмших эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр өмчлүүлсэн шийдвэр юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 дүгээр захирамжийн Г.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Гуравдагч этгээд Г.Ж гаас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баяндөхөм 24-17 тоот И.Аийн нэр дээр эзэмшлийн кадастртай 4 хүний нэр дээр эзэмшлийн гэрчилгээ авсан газраас А.Мын дутуу барьсан барилга түүнд хамрагдах 0.07 га газрыг 45.600.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахдаа А.Мын эзэмшлийн 0.07 га газарт кадастрын зураг хийлгэн Баянзүрх дүүргийн Газрын албаар баталгаажуулан гэрчилгээ авсан. Кадастрын зураг хийлгэхэд А.М өөрийн биеэр байлцан өргөдөл бичин кадастрын зургийг надад шилжүүлсэн. А.Мын гэрчилгээг, өөрийн нэр дээр шилжүүлэн авч хувьчлах өргөдлөө өгсөн. Өмчлөлийн гэрчилгээг авахад газар дээр хээрийн болон суурийн судалгаа хийсэн дүгнэлт, газар өмчлөлийн эрхийн 000124470 дугаартай гэрчилгээ кадастрын нэгж талбарын 18659311061942 дугаартай зураг дагалдсан. Газрыг өмчлөх үед Баянзүрх дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Ж.Мөнх-Эрдэнэ газар дээр очин хэмжилт хийн А.М хашааг 4.5 м сунган урагш татсан байна. Үүнийг хойшлуулж баталгаажсан кадастрын дагуу хашааг байрлуулна шүү гэсэн. Үүний дагуу зохих кадастрын цэгийг тогтоолгон өөрт оногдох 700м талбайд хашаа барьсан. А.М, И.Алтанцэцэ, А.Г нар нь өөрийн эзэмшлийн газрын кадастрын зургийг хийж баталгаажуулахын оронд хүний газар луу өнгийн хашааг хойш урагш нь татаж зарчхаад зар хийж байгааг зохисгүй үйлдэл гэж үзнэ” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэнгээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасан шаардлагыг хангаагүй. Тухайлбал нэхэмжлэгч нарын ямар, эрх хууль ёсны сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй, зөрчигдсөн хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа, захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон, Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 17 тоот газрын эзэмшигч И.А, 17в тоот газрын эзэмшигч А.Г нар газар эзэмших эрх үүсээгүй А.Мтай хамтран нэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 553 дугаар захирамж 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, Нийслэлийн Засаг даргын А/414 дүгээр захирамж 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгч нарыг тухайн үед мэдэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй, учир нь А.М өөрөө газраа худалдсан, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх хүсэлт, баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, шаардах эрхээ алдсан гэж үзнэ. А.М, Г.Ж нарын хооронд 2011 онд газар эзэмших эрх шилжүүлснээс хойш эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Нэхэмжлэгч нар 2016 оны 02 дугаар сард буюу 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлүүлэх болон захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн И.А, А.Г, А.М нараас тус шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа багасгаж, өөрчилж байжээ.
Нэхэмжлэгч нар шүүх хуралдаан дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах;
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 364 дүгээр захирамжийн дагуу ************ дугаартай 2797 м.кв газрыг өндөр хүчдэлийн шугамаас урагш 4 метр шилжсэн бүртгэл хийхийг даалгуулах;
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжийн дагуу А.Г , А.Г, И.А, А.М нарын нэр дээр тус бүр 700 м.кв газрыг эзэмшдэг болохыг мэдээллийн санд бүртгэхийг даалгуулах;
А.М нь уг бүртгэгдсэн зураг бүхий эзэмшлийн 700 м.кв хэмжээтэй газраа Г.Ж д шилжүүлснийг газрын мэдээллийн санд бүртгэхийг тус тус Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсны дагуу шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар Ичинноровын А, Адъяагийн Г, Адъяагийн М нарын нэр дээр газар эзэмших эрхийг баталгаажуулан гэрчилгээ олгож, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/538 дугаар захирамжаар иргэн И.А, А.Г нарын газар эзэмших эрхийн хугацааг сунгажээ.
Иргэн А.М, Г.Ж нар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн Газрын албанд гэрчилгээ шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжаар Гацууртын 2-17 тоот 700 м.кв газар эзэмших эрхийг нэр шилжүүлэн баталгаажуулсан байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжаар Г.Ж д Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 17 а тоот газрыг өмчлүүлжээ.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.” гэж, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх;” гэж дүүргийн Газрын албаны хэрэгжүүлэх эрх, үүргийг хуульчилжээ.
Хэрэгт авагдсан иргэн И.А, А.Г, А.М нарын хувийн хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын кадастрын зургаас үзвэл 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдээллийн санд бүртгэхийг зөвшөөрсөн байхад тус нэгж талбарыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх үүргээ газрын алба хэрэгжүүлэлгүй дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр кадастрын зураг үйлдүүлэн Газрын албанд хүлээлгэн өгсөн боловч хариуцагч дүүргийн Газрын алба дээр дурдсан хууль, журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нар тус бүрийн эзэмших эрх бүхий 700 м.кв газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлж чадаагүй байна гэж үзлээ.
Хэдийгээр нэхэмжлэгч А.М 2011 онд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу газар эзэмших эрхээ бусдад шилжүүлж, гуравдагч этгээд Г.Ж гийн нэр дээр нэгж талбар үүсч, газар эзэмших эрх шилжсэн боловч 2007 онд эзэмшүүлсэн газрын байршил, нэгж талбарыг мэдээллийн санд тодорхой оруулаагүйн улмаас нэхэмжлэгч И.А, А.Г нарын эрх, хууль ёсны сонирхол зөрчигджээ.
Нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 364 дүгээр захирамжийн дагуу ************ дугаартай 2797 м.кв газрыг өндөр хүчдэлийн шугамаас урагш 4 метр шилжсэн бүртгэл хийхийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжийн дагуу нэгж талбарын ************ дугаартай 2792 м.кв газрыг 4 хувааж, А.Г , А.Г, И.А, А.М нарын нэр дээр тус бүр 700 м.кв газрыг эзэмшдэг болохыг мэдээллийн санд бүртгэхийг, А.М нь уг бүртгэгдсэн зураг бүхий эзэмшлийн 700 м.кв хэмжээтэй газраа хэмжээ, байршил өөрчлөхгүйгээр Г.Ж д шилжүүлснийг газрын мэдээллийн санд бүртгэхийг тус тус Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дээр дурдсан 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн кадастрын зураг дүүргийн Газрын албанд хадгалагдаж байгаа газрын хувийн хэрэгт авагдсан байна.
Иргэн А.Г тус шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул түүний газар эзэмшихтэй холбоотой аливаа асуудалд шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд 2007 онд нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсэх үед үйлдсэн зургаар кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгэх эрх нь Кадастрын зураглал бас газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-д зааснаар дүүргийн Газрын албаны эрх, үүрэг тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.
Учир нь 2007 онд нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газрын байршлыг тодорхой болгон, мэдээллийн санд бүртгэсний дараа А.Маас Г.Ж д шилжүүлэх хүсэлтийг дахин шийдвэрлэж газрыг мэдээллийн санд бүртгэх нь Газрын тухай хуульд заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангах бөгөөд ийнхүү бүртгэх эрх нь дүүргийн Газрын албанд байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар И.А, А.Г, А.М нарт эзэмшүүлсэн нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж д холбогдох хэсэг; Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж д холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Кадастрын зураглал бас газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3. 23.4.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар И.А, А.Г, А.М нарт эзэмшүүлсэн нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж д холбогдох хэсэг; Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 4 (дөрвөн) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжийн Г.Ж д холбогдох хэсэг; Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Г.Ж д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал 449752 (дөрвөн зуун дөчин есөн мянга долоон зуун тавин хоёр) төгрөгийг нэхэмжлэгч нар төлсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
Л.БАТБААТАР