Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00936

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

      Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

       Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар шийдвэр,

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалтай,                                                                                                                                           

           Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           О-т холбогдох

         2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, 9,268,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч З.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн Д.Батцагаан /нас барсан/, О нар нь тус банкны Тосгон тооцооны төвөөс 2016 оны 07 сарын 06-ны өдөр 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 10,638,200 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь тэтгэврийн зээлийн гэрээний эргэн төлөх хувиарын дагуу нийт үндсэн зээлд 2,226,250 төгрөг, хүүгийн төлбөрт 722,765 төгрөг, нийт 2,949,015 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч тэтгэврийн зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс банк тэтгэврийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцлах, 2017 оны 06 сарын 22-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 8,411,950 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 854,881 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 1500 төгрөг, бүгд 9,268,331 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 163,243 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Батцагаан нь зээл авахдаа өргөдөлдөө хүүхдэд хашаа байшин авах зорилготой гэсэн байдаг. О-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр сонгоно гээд мөн О нь энэ зээлийг төлж дуустал эрсдэлийг хүлээнэ гэдгээ илэрхийлээд гарын үсэг зурсан. Д.Батцагаан нь зээлийг аваад юунд ашигласан талаар мэдэх боломжгүй, тэтгэврийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар батлан даагч үүрэг хүлээснээр гэрээ дуусгавар болно гэж заасан байгаа тул тэр утгаараа О-оос энэ мөнгийг нэхэмжилсэн гэжээ.

       Хариуцагч О-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Би уг тэтгэврийн зээлийг талийгаач Д.Батцагаантай хамтран зээл авч өөртөө хэрэглээгүй. Өөрийн төрсөн эгч О.Хорвоогийн хөрш амьдардаг Д.Батцагаан гуайд гэр бүл, хамаатан дунд нь батлан даагч байхгүй тул тус болооч гэж гуйснаар нь янз бүрийн юм бодоогүй, батлан даагч нь болсон. Энэ зээлийг аваад талийгаач нь хүүдээ байшин барих засварлах зэргээр хэрэглэсэн ба би ганц ч төгрөг аваагүй, өөрийнх нь хэлснээр тэтгэврээрээ төлөөд дуусгах юм л бодсон. Уг зээл надад ямар ч хамааралгүй болохыг баталж 2016 оны 11 сарын 28-ны өдөр ХААН банкинд гаргаж өгсөн төрсөн хүүхдүүдийнх нь өргөдлийг хавсаргав. Иймд зохих журмаар нь шийдэж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХААН банк хариуцагчаа буруу сонгосон гэж үзэж байна. Учир нь ХААН банк, Д.Батцагаан нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4-т зааснаар зээлсэн мөнгийг Д.Батцагаан бэлнээр авсан. Тэр мөнгөнөөс О ямар ч мөнгө аваагүй. Гэтэл ХААН банк хамтран үүрэг гүйцэтгэгчийг татаж оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь ХААН банк, О нарын хооронд зээлийн гэрээ хийгээгүй, Д.Батцагаан 2016 оны 07 сарын 06-ны өдөр нас барсан. Зээлдэгч нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагч нь ямар хүн байна, өөрийнх нь нэр дээр өв хөрөнгө байна уу гэдгийг судлах ёстой. Өв хөрөнгө байвал өв хөрөнгөөс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Талийгаачийн өв залгамжлагч гэж 4 хүүхэд нь байгаа. Хавтаст хэргийн 61 дүгээр талд талийгаач Д.Батцагааны зээлийг 4 хүүхэд нь хуваагаад төлнө гэдгээ илэрхийлсэн. Мөн хавтаст хэргийн 71 дүгээр талд Д.Батцагааны өмчлөлийн газар байгаа, тэр газраас нь яагаад үүргийн гүйцэтгэлийг шаардахгүй байгаа вэ? ХААН банк, Д.Батцагаан нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд Д.Батцагаан нас барвал О төлнө гэсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч нас барсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан байна. Энэ зээлийг авахад ямар нэгэн эд хөрөнгөө барьцаалаагүй, авч байсан тэтгэврээ барьцаалсан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 535 дугаар зүйлийн 535.1, 536 дугаар зүйлийн 536.1-д тус тус зааснаар ХААН банк шүүхэд нэхэмжлэл гаргах биш, эхний ээлжинд өв залгамжлагч нарт хандах ёстой байсан. Иймд шүүхэд дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.             

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О-оос тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 9,268,331.61 төгрөг гаргуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1,  451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О-оос тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 9,268,331.61 төгрөг гаргуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О-оос тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 9,268,331.61 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгосугай” гэж,

          2 дахь заалтыг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,243 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О-оос улсын тэмдэгтийн хураамжид 163,243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 26-ны өдрийн 13 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 33 тоот шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О-оос тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 9,268,331 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгосугай” гэж өөрчилсөн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс хариуцагчаас үндэслэлгүйгээр төлбөр гаргуулсан гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна. Иргэн Д.Батцагаан нь өндөр насны тэтгэврээ барьцаалан Хаан банкнаас 10,638,200 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь зөвхөн талийгаачийн тэтгэвэр байсан. Талийгаач Д.Батцагаан нь ирээдүйд авах тэтгэвэрээрээ зээлийг төлөхөөр банктай тохиролцсон, зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь ямар тохиолдолд үүрэг хүлээх талаар тодорхой заасан зүйл байхгүй, хамтран зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах ямар нэгэн эд зүйл барьцаалаагүй, зээлийн гэрээний зөрчил нь зөвхөн зээлдэгч этгээд нас барсантай холбоотойгоор үүссэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой буюу талийгаачийн ирээдүйд авах тэтгэврээр үүргийн гүйцэтгэл хангагдахаар байгаа, зээлдэгч Д.Батцагаан нас барснаар үүргийн гүйцэтгэл тасалдсан нь хамтран зээлдэгч гэх О гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байгаад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй зөвхөн хамтран зээлдэгч О-ийн Хаан банкинд гаргасан ”Ах Д.Батцагааныг нийт 24 сараар тэтгэврийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр батлан дааж байна. Цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгахыг үүгээр баталж байна." гэсэн хүсэлтийг үндэслэл болгож О-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн түүнээс төлбөр гаргуулан шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хариуцагч О дээрх баталгааг банкинд гаргаж өгсөн нь зөвхөн нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд зээлийн эрсдэлийг хариуцах батлан даалтын гэрээ биш юм. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний зүйл болох мөнгийг банкнаас аваагүй уг мөнгийг өөрийн хэрэгцээнд хэрэглээгүй учир Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа. Мөн талийгаач Д.Батцагааны өв залгамжлагч нар болох төрсөн 4 хүүхэд нь байгаа, талийгаачийн өмчлөлийн газар байгаа нь баримтаар нотлогдож байхад Хаан банк талийгаачийн өв залгамжлагч нараас түүний бусдын өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 535.1, 536.1-д зааснаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Дээр дурьдсан үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

         Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч О-т холбогдуулан  2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл 8,411,950 төгрөг, хүү 854,881.61 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 1500 төгрөг, нийт 9,268,331.61 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Д.Батцагаан нас барсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т зааснаар үүрэг дуусгавар болсон, гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэх О ямар үүрэг гүйцэтгэхийг тодорхойлоогүй гэж маргажээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

        Хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ХААН банкинд ах Д.Батцагааныг нийт 24 сараар тэтгэврийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр батлан дааж байна. Цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгахыг үүгээр баталж байна гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан.

        ХААН банк 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5073 тоот 10,638,200 төгрөгийн тэтгэврийн зээлийн гэрээг иргэн Д.Батцагаантай байгуулж, хариуцагч О нь гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгч болсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

          Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусах бөгөөд хариуцагч нар нь тэтгэврийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлд 2,226,250 төгрөг, хүүд 722,765 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл 8,411,950 төгрөг, хүү 854,881.61 төгрөг төлөөгүй болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

      2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгч Д.Батцагаан нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь Х ХХК-д Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүссэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий гэж үзнэ.

         Зээлдэгч Д.Батцагаан нь ХААН банкаар дамжуулан авдаг тэтгэврийн зээлээ барьцаалан гэрээ байгуулсан, тэтгэвэр авагч нас барснаар түүний нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх дуусгавар болсон боловч тэтгэвэр авагч буюу зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор буюу талууд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх нөхцөлийг тохиролцоогүй гэж давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээний нөхцлийг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2., 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг зөрчөөгүй байна.

           Банктай байгуулсан зээлийн гэрээний нэг тал болох Д.Батцагаан нас барж түүнд олгож байсан тэтгэвэр зогссон боловч О нь энэ гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ХААН банкинд хүсэлт гаргаж, хамтран үүрэг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлд тодорхойлогджээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээ, хариуцагчийн банкинд гаргасан хүсэлт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2., 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу гэрээг тайлбарлаагүйгээс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд ...үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болох тухай хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

             Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг зээлийн гэрээний агуулга болон хамтран үүрэг гүйцэтгэх талаарх Иргэний хуулийн зохицуулалтад нийцээгүй дүгнэлт хийсэн гэж буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч О-оос хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 164,000 /нэг зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

                               ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН