Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 13

 

ХААН банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00730/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Б-т холбогдох

“2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, 9,268,331.61 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, М.Гэрэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчээс:

Д.Б- /нас барсан/, О- овогтой Б- нар нь тус банкны Тосгон тооцооны төвөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 10.638.200 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар тэтгэврийн зээл авсан. Зээлдэгч нь тэтгэврийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 2.226.250 төгрөг, хүүгийн төлбөрт 722.765 төгрөг, нийт 2.949.015 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч тэтгэврийн зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцлах, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 8.411.950 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.54.881 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 1500 төгрөг, бүгд 9.268.331 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 163.243 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

Д.Б- нь зээл авахдаа өргөдөлдөө хүүхдэд хашаа байшин авах зорилготой гэсэн байдаг. О.Б-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр сонгоно гээд мөн О.Б- нь энэ зээлийг төлж дуустал эрсдлийг хүлээнэ гэдгээ илэрхийлээд гарын үсэг зурсан. Д.Б- нь зээлийг аваад юунд ашигласан талаар мэдэх боломжгүй, тэтгэврийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар батлан даагч үүрэг хүлээснээр гэрээ дуусгавар болно гэж заасан байгаа тул тэр утгаараа О.Б-оос энэ мөнгийг нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч О.Б-оос:

Би уг тэтгэврийн зээлийг талийгаач Д.Б-тай хамтран зээл авч өөртөө хэрэглээгүй. Өөрийн төрсөн эгч О.Х-гийн хөрш амьдардаг Д.Б- гуайд гэр бүл, хамаатан дунд нь батлан даагч байхгүй тул тус болооч гэж гуйснаар нь янз бүрийн юм бодоогүй, батлан даагч нь болсон. Энэ зээлийг аваад талийгаач нь хүүдээ байшин барих засварлах зэргээр хэрэглэсэн ба би ганц ч төгрөг аваагүй, өөрийнх нь хэлснээр тэтгэврээрээ төлөөд дуусгах юм л бодсон. Уг зээл надад ямар ч хамааралгүй болохыг баталж 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ХААН банкинд гаргаж өгсөн төрсөн хүүхдүүдийнх нь өргөдлийг хавсаргав. Иймд зохих журмаар нь шийдэж өгнө үү  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

ХААН банк хариуцагчаа буруу сонгосон гэж үзэж байна. Учир нь ХААН банк Д.Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 4-т зааснаар зээлсэн мөнгийг Д.Б- бэлнээр авсан. Тэр мөнгөнөөс О.Б- ямар ч мөнгө аваагүй, гэтэл ХААН банк хамтран үүрэг гүйцэтгэгчийг татаж оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь ХААН банк О.Б- нарын хооронд зээлийн гэрээ хийгээгүй, Д.Б- 2016 оны 07 сарын 06-ны өдөр нас барсан. Зээлдэгч нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагч нь ямар хүн байна, өөрийнх нь нэр дээр өв хөрөнгө байна уу гэдгийг судлах ёстой. Өв хөрөнгө байвал өв хөрөнгөөс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Талийгаачийн өв залгамжлагч гэж 4 хүүхэд нь байгаа. Хавтаст хэргийн 61 дүгээр талд талийгаач Д.Б-ы зээлийг 4 хүүхэд нь хуваагаад төлнө гэдгээ илэрхийлсэн. Мөн хавтаст хэргийн 71 дүгээр талд Д.Б-ы өмчлөлийн газар байгаа, тэр газраас нь яагаад үүргийн гүйцэтгэлийг шаардахгүй байгаа вэ? ХААН банк Д.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд Д.Б- нас барвал О.Б- төлнө гэсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч нас барсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан байна. Энэ зээлийг авахад ямар нэгэн эд хөрөнгөө барьцаалаагүй, авч байсан тэтгэврээ барьцаалсан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 535 дугаар зүйлийн 535.1, 536 дугаар зүйлийн 536.1-д тус тус зааснаар ХААН банк шүүхэд нэхэмжлэл гаргах биш, эхний ээлжинд өв залгамжлагч нарт хандах ёстой байсан. Иймд шүүхэд дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны  01 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.Б-оос тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 9,268,331.61 төгрөг гаргуулах тухай ХААН банкны Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийндугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,243 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдсан гомдолдоо:

Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний хүлээсэн үүргийг бүрэн хариуцаж  хүлээх нөхцөлийг харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулдаг. О.Б-ийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь байсан  тэгэхээр өөрөө үр дагаврыг нь ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэж өгөх, мөн үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх  бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсон байдаг бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу ХААН  банк нь зээлдэгч нас барсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч О.Б-оос Иргэний хуулийн 242.3-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Энэхүү 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон иргэн О.Б- нь зээлийн гэрээний  үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.  Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан тул зээлдэгч О.Б- нь гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул 5073 тоот зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 33 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах эсвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар   хариуцагч О.Б-т холбогдуулан зээл, зээлийн хүүг нэхэмжлэх үндэслэлдээ иргэн Д.Б- болон О.Б- нартай байгуулсан зээлийн гэрээг заажээ.

ХААН банк 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг иргэн Д.Б- болон О.Б- нартай байгуулсан байна.  

О.Б- нь 2016 оны 07 дугаар  сарын 06-ны өдөр   ХААН банкинд ах Д.Б-ыг нийт 24 сараар тэтгэврийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр батлан дааж байна. Цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгахыг үүгээр баталж байна гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байна.

 Иймд зээлдэгч Д.Б- нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээг цуцлах, хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь ХААН банкны салбарт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүсэх юм.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний нөхцөлийг судалбал зээлдэгч Д.Б-  ХААН банкаар дамжуулан авдаг тэтгэврийн зээлээ барьцаалан зээлийн гэрээ байгуулсан байна.

Тэтгэвэр авагч нас барснаар түүний нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх дуусгавар болсон  боловч тэтгэвэр авах эрх дуусгавар болох, зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тохиролцоо гэрээнд байхгүй байна.

Банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нас барж түүнд олгож байсан тэтгэвэр зогссон бөгөөд энэ эрсдэлийг хариуцахаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан О.Б- нь гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой.

 Иймд тэтгэврийн олголт зогссон нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхгүй болсон, мөн О.Б-  нь гэрээнд заасан нөхцлөөр зээлийг авч ашиглах, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нөхцөлд Банкны зээлийн журмын дагуу дахин зээл авах, бусад урамшуулалд хамрагдах эрхээс  бусад зээлдэгчийн нэгэн  адил эрхийг эдэлж  үүрэг хүлээхээр тусгасан бөгөөд түүний хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг, түүний ямар орлогоос  ямар тохиолдол үүссэн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх тухай зээлийн гэрээ болон хавсралтад дурьдаагүй  тул зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үндэслэлгүй гэж үзсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт нь  зээлийн гэрээний агуулга болон хамтран үүрэг гүйцэтгэх талаарх Иргэний хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүх  Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд ...үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болох тухай хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэжээ.

            Тухайлбал өндөр насны тэтгэвэр авах эрх нь   иргэний  Үндсэн хууль болон бусад хуулиудад заасан түүний хувийн байдалтай  салшгүй холбоотой эрх байх боловч нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг  олгож байгаа данс, түүгээр орж ирэх мөнгөө барьцаалан ”тэтгэврийн” гэх нэршилтэй зээл авснаар иргэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанд орсон бөгөөд зээлийг төлөх үүрэг нь зөвхөн тэтгэврийн санхүүжилтээр хязгаарлагдахгүй юм. Иймд тэтгэвэрт олгож байгаа мөнгө нь гэрээний хугацаанд зөвхөн барьцаа болох  бөгөөд энэ талаар талууд гэрээндээ тохиролцсон.  Энэ барьцааны агуулга бүхий  тохиролцоо нь  Иргэний хуулийн 153, 154 дүгээр зүйлүүдэд заасантай нийцэж байна.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т  “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж  зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч О.Б-т урьдчилан мэдэгдэж байсан гэж үзэхээр байна.

Харин гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг биелүүлэх нөхөх хариуцлага үүрэхээр хамтран үүрэг гүйцэтгэгч О.Б- нь зээлийн гэрээнд оролцож байгааг зээлийн мөнгийг авч ашиглаагүй, банкны өмнө гүйцэтгэх  үүрэг нь тодорхой бус тусгагдсан гэдэг үндэслэлээр гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна  гэж үзлээ.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч  шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:

            “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1,  451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.Б-оос тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 9,268,331.61 төгрөг гаргуулах тухай ХААН банкны Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”  гэснийг

            “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2,  242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5073 тоот тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.Б-оос тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 9.268.331,61 төгрөгийг гаргуулан ХААН банкны Дархан салбарт олгосугай” гэж,

            2 дахь заалтыг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.243 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 163.243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.243 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч,  гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авахүүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                            

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА

                                   ШҮҮГЧИД                                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                   О.НАРАНГЭРЭЛ