Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 01

 

“*******” ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч  Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч  ******* ХХК-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр, алданги 24078600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Цахиурт ойл” ХХК-тай байгуулсан 83/14 тоот гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээг 2014 оны 11 сарын 12-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд манай компани стандартын шаардлага хангасан барааг цаг тухайд нь нийлүүлж байсан. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу Гэрээт шатахуун түгээх станц нь худалдан авсан барааны төлбөрийг, барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдан авсан шатахууны төлбөрийг барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 16052400 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд 83/14 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 16052400 төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 35 хоногийн алданги болох 1685502 төгрөг, нийт 17737902 төгрөгийг “Цахиурт ойл” ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани тус шүүхэд “Цахиурт ойл” ХХК-аас Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 83/14 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 16052400 төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 2015 оны 10 сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 сарын 3-ны өдрийг хүртэл нийт 35 хоногийн алданги болох 1685502 төгрөг, нийт 17737902 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 233 хоногийн хугацаа хэтэрсэн бөгөөд нэг хоногийн алданги 48.157.2 төгрөг нийт 11220627 төгрөг болсныг хуулийн дагуу үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 6340698 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд “Цахиурт ойл” ХХК-аас үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөр 16052400 төгрөг, түүний алданги 8026200 төгрөг, нийт 24078600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 оны 3 сарын 3-нд тус аймгийн шүүхэд Цахиурт ойл ХХК-д холбогдох нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн гол шаардлага нь манайх Цахиурт ойл ХХК-тай 2014 оноос хойш гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ байгуулж хамтарч ажилласан. Энэ гэрээний гол утга нь Цахиурт ойл ХХК нь манай компаний МТ гэсэн логог ашиглаад шатахуун борлуулах, манайхаас бөөний үнээр буюу бусад газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун өгч борлуулах, борлуулсан ашгаа өөрөө авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд 2014 оноос хойш шатахуун борлуулж байгаад 2015 оны 8 сараас эхлээд шатахууны мөнгөө цаг хугацаанд нь төлөхгүй удаашруулах болсон. Тэгээд шатахууныхаа мөнгийг яаж төлөх талаар хариуцагч талтай удаа дараа уулзаж ярилцаж байсан. Гэвч тодорхой шийдэлд хүрч чадалгүй шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн. Тэгээд энэ шатахууны үлдэгдэл төлбөр нь 16052400 төгрөг байгаа юм. Би авсан шатахууныг нь нарийвчлалтайгаар хэлье. 2014 оны 12 сард нийт 17551200 төгрөгийн шатахуун авсан. Үүнээсээ 1200000 төгрөгийг нь төлсөн. Ингээд 16351200 төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаад 2015 оны эхний 3 сард нийт 10118800 төгрөгийг төлж, мөн эргүүлээд 8190000 төгрөгийн шатахуун нэмж авсан байдаг. Ингээд нийт үлдэгдэл нь 2015 оны 3 сарын 31-ний байдлаар эхний улиралд 14422400 төгрөгийн үлдэгдэлтэй явж байсан. Тухайн оныхоо 4 сарын 1-нээс 8 сарын 14-ний хооронд мөн 16900000 төгрөгийн шатахуун аваад үүнээсээ өмнөх улирлын үлдэгдэл 14422400 төгрөгийг төлөөд өнөөдрийн байдлаар 16052400 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийгээ өнгөрсөн оноос хойш төлөөгүй өнөөдрийг хүрч байгаа. Иймээс манай компани шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Мөн гэрээний 5.2.3-т заасны дагуу алданги тооцсон. Алдангийг нь хоног тутамд 0.3 хувиар тооцож гаргасан байгаа. Алдангийг 2015 оны 8 сарын 31-ний өдрөөс хойш тооцохдоо эхлээд 36 хоногийн алданги буюу 1685502 төгрөгийн алдангийг анх нэхэмжилж байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, алдангийн хэмжээгээ нэмэгдүүлсэн байгаа. Алдангийн хэмжээг яаж нэмэгдүүлсэн бэ гэхээр өмнөх алдангиасаа хойших хугацааг тооцохоор нийт алдангийн хэмжээ нь 50 хувиасаа хэтрэх буюу 11 сая төгрөг болж хувирсан учраас Иргэний хуульд заасан анз тооцох хэмжээгээр тооцож, 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож алдангийг нэхэмжилж байгаа. Энэ алдангийн дүн нь нийт 8026200 төгрөгийн алданги байсан. Энэ нь Иргэний хуульд заасны дагуу 50 хувьдаа хүрээд зогссон. Ингээд нийт үндсэн төлбөр 16052400 төгрөг, түүний алданги 8026200 төгрөг, нийт 24078600 төгрөгийг Цахиурт ойл ХХК-иас гаргуулж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Үүн дээр нэмж хэлэхэд үлдэгдэл төлбөр буюу 16052400 төгрөгийн үлдэгдлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг хариуцагч талын хариу тайлбараас уншихад ойлгомжтой байгаа. Тэгэхээр хариуцагч талыг энэ мөнгөн дээр маргаагүй гэж ойлгож байгаа.  Мөн алданги 1685502 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэсэн нь анх 3 сарын 3-ны өдөр гаргасан нэхэмжлэлд алдангийн 1685502 төгрөг гэж тусгачихсан байсан учраас үүнээс чөлөөлж өгнө үү гэж байгаа юм. Тэгэхээр нийт агуулгаар нь бодож ойлговол үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэж миний хувьд ойлгож байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь “МТ-Петролиум” ХХК-ийн хуулийн зөвлөх *******тай уулзаж эвлэрүүлэн зуучлагчаар энэ хэргээ хэлэлцье гэж удаа дараа хэлсэн боловч тухайн үед нь хариу өгнө гээд өнөөдөр шүүхээр хэлэлцэгдэж байгаа юм. Би нэхэмжлэгч талтай эвлэрэх гэж үзсэн боловч нэхэмжлэгч тал эвлэрэхгүй байсан учраас болохгүй юм байна гэж үзсэн юм. Би “МТ-Петролиум” ХХК-нд гомддог. Яагаад гэхээр “Зэт, Би Эс, Ди” ХХК нь гэрээт борлуулагч. Би ч гэсэн гэрээт борлуулагч. Өнөөдөр “Зэт, Би Эс, Ди” ХХК-ны гадна талын тохижилтыг дээд зэргээр гоё хийсэн. Би шатахуун түгээх станцыг хуучин балгас байхад нь босгож аваад чадах чинээгээрээ тохижуулж ийм болгосон. Гэрээнд зааснаар “МТ-Петролиум” ХХК-ий тэмдэг, логог хийж өгнө гэсэн байгаа. Гэвч гэрээнд тусгагдсаны дагуу надад тэмдэг, лого зэргийг огт хийж өгөөгүй. Би нэхэмжлэгч талын менежерт нь хэлж байсан. Сүүлдээ надаар тоглоом хийж инээдэг болсон. Үүнд нь би харамсаж явдаг. “МТ-Петролиум” ХХК нь хоёр гэрээт борлуулагчийнхаа нэгийг нь алаг үзээд нөгөөд нь илүү хандаж байдагт нь би маш их гомдсон. Хэрвээ миний үйл ажиллагаа зүгээр явагдаж байсан бол би ийм үлдэгдэл, алдангид орохгүй байсан. Би хийх зүйлээ хийгээд цаг тухайд нь өдөр бүр мөнгөө тушааж байх байсан. 34 сая төгрөгийн баримт гэдэг нь юуг нотлох гээд байна гэхээр хамгийн гол нь би хоёр өдөр болоод мөнгөө тушаадаг. Би “МТ-Петролиум” ХХК-ийг алдагдалд оруулахгүй юмсан гэж бодоод өөрийнхөө ашгийг хүртэл өгчихдөг байсан. Гэтэл 2015 оны 8 сарын 20-ноос хойш түрүүнд өгсөн зурган дээр гарсан байгаа “Зэт, Би Эс, Ди” ХХК-ий өөрсдийнх нь газрын зөвшөөрөл болохоор хадан хошууны замын хойд талд мөртлөө газрын гэрчилгээ нь эмнэлгийн урд талд гэсэн хууль бус захирамжтай байгууллага манай замыг хааж буугаад орц, гарцыг маань хаагаад сүүлдээ хаалт хийгээд манай үйл ажиллагаа зогссон. Өмнөх шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн төлөөлөгчийг дагуулж очоод зам хаачихсан байгаа учраас машин орж болохгүй байна. Танай компаний 4 тонн түлш 25-ын саванд байна. 2 тонн 80 бас байгаа. Энийг та нар хэмжиж үзээд татан авах талаар өмнөх шүүх хуралдаан дээр ирсэн нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Уранцэцэгт хэлсэн юм. Тэгээд Б.Уранцэцэгийг өөрийнхөө шатахуун түгээх станц дээр дагуулж очоод харуулсан чинь нээрээ машин орж болохгүй юм байна гэж байсан. Аймаг дээр “МТ-Петролиум” ХХК-ий том салбар нь байхад тэндээс очоод татаад авчихад яагаад болдоггүй юм гэсэн чинь та тэр зардлыг нь дийлэхгүй гэж хэлсэн. Миний хүсэлтийг дээд байгууллагадаа уламжилж өгөөч гэж хэлсэн. Дээд байгууллагадаа хэлсэн үгүйг нь мэдэхгүй байна. Би нэхэмжлэгч талтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу нэхэмжлэгч талаас авсан 4 тонн түлш, 2 тонн А-80 бензин нь савандаа хэвээрээ байгаа. Тухайн үед би түлшээ 1800 төгрөгөөр, А-80 бензинээ 1600 төгрөгөөр зарж байсан. Тэгээд би үлдсэн 5 сая төгрөгийг нь төлнө гэж хэлсэн. Харин алдангийг нь би төлөхгүй. Яагаад гэхээр зам хааж бууснаас болоод манай компаний үйл ажиллагаа зогссон учраас надаас шалтгаалсан зүйл огт байхгүй. 5352400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, төлнө гэв.

 

Анхан шатны шүүх:

Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн  480.1.1-д зааснаар хариуцагч Дундговь аймгийн ******* суманд байрлах “*******” ХХК-с шатахууны үнэ 5352400 төгрөг гаргуулан “МТ-Петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18726200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч МТ-Петролиум ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363041 /гурван зуун жаран гурван мянга дөчин нэгэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас /захирал Х.Энхбат/ улсын тэмдэгтийн хураамж 100588 /нэг зуун мянга таван зуун наян найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МТ-Петролиум” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00337 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Манай компани нь  хариуцагч ******* ХХК-иас 83/14 тоот гэрээний үндсэн төлбөр 16052400 төгрөг, түүний алданги 8026200, нийт 24078600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үнийн дүнгээс 5352400 төгрөгийг ханган шийдвэрлэсэн байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... Хариуцагч  тал нэхэмжлэгч талаас авсан 4 тонн түлш, 2 тонн А-80 бензин , савандаа хэвээрээ байгаа. Тухайн үед би түлшээ 1800 төгрөгөөр, А-80 бензинээ 1600 төгрөгөөр зарж байсан.  МТ-Петролиумын өөр нэг борлуулагч манай шатахуун түгээх станцын орц гарцыг хааж бууснаас болоод борлуулж чадахгүйд хүрсэн учраас нэхэмжилсэн алдангийг төлөхгүй. Харин нэхэмжлэлээс зарж борлуулсан шатахууны үнэ 5352400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, төлнө, бусдыг төлөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байгааг үндэслэн хариуцагчаас 5352400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МТ-Петролиум  ХХК-нд олгож, үлдэх шатахууны үнэ болох 10700000 төгрөг, алданги 8026200 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

Хэргийг хэлэлцэх явцад буюу шүүх хуралдааны асуулт, хариултын үеэр  нэхэмжлэгчээс асуусан  асуултанд  хавтас хэргийн 13-14 талд хариуцагч хариулт өгсөн байгаа.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтад талуудын хооронд тооцоо нийлсэн  баримт буюу тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчээс өгсөн санхүүгийн өглөг авлагын тооцоо зэрэг баримтаар нотлогдож байхад, шүүх хариуцагчийн ямар ч үндэслэл, нотлох баримтгүйгээр  өөрийн бодлоор / 10700000 төгрөгийн шатахуун нь хариуцагчийн ШТС-ын саванд байгаа...,  зарагдсан шатахууны үнэ 5352400 төгрөгийг төлнө.../ гэх тайлбарыг  шууд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүй, нэхэмжлэгчийн эрх, ашгийг ноцтойгоор зөрчсөн  гэж үзэж байна.

            Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ  хариуцагчийн тайлбараар 10700000 төгрөг нь хариуцагчийн ШТС-ын саванд / ... авсан 4 тонн түлш, 2 тонн А-80 бензин .../ байгаа, зарагдсан шатахууны үнэ 5352400 төгрөг гэдгийг шийдвэрийн үндэслэх хэсэгт тогтоосон атлаа, энэхүү савандаа байгаа шатахууныг хэрхэх талаар огт дурдалгүй шууд хариуцагч талд үлдээж шийдвэрлэсэн.  Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00337 дугаар шийдвэрт  өөрчлөлт оруулж, хариуцагчаас 83/14 тоот гэрээний дагуу  нийлүүлсэн шатахууны төлбөр 16052400 төгрөг, гэрээний 5.2.3-т заасны гэрээний үүргийн хариуцлага 8026200 төгрөг, нийт 24078600 төгрөгийг гаргуулж, шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч маргаантай эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлоогүй, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч, анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “МТ-Петролиум” ХХК хариуцагч “*******” ХХК-иас худалдсан газрын тосны бүтээгдэхүүний үнэ 16052400 төгрөг, алданги 8026200 төгрөг, нийт 24078600 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 83/14 тоот гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ               / хэргийн 10-14 дүгээр хуудас/, тооцооны үлдэгдлийн баталгаа / хэргийн 15 дугаар хуудас/, “МТ-Петролиум” ХХК-иас “*******” ХХК-ий зээлээр авсан шатахууны тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтыг үндэслэл болгосон байна.

“МТ-Петролиум” ХХК  нь “Цахиурт ойл” ХХК-ий зээлээр авсан шатахууны тооцоо нийлсэн актын дагуу 16052400 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хавтаст хэргийн 174 дүгээр хуудсанд авагдсан тооцоо нийлсэн актанд бичигдсэнээр “*******” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ 16900000 төгрөгийн үлдэгдэл төлбөр дээр эхний үлдэгдэл 14422400 төгрөг, нийт 31322400 төгрөгнөөс 2015 оны 4 дүгээр сарын          2-ний өдрөөс 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл төлсөн төлбөр 15270000 төгрөгийг хасахад МТ-Петролиум ХХК-д 16052400 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой болох нь уг баримтаар нотлогдсон байна.

Зохигчид байгуулсан гэрээгээ хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн агуулгаар шаардлага гаргасан байна.

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний үүргийн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ гэж үндэслэлгүй дүгнэсэн, шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэл нь ойлгомжгүй болжээ.

“МТ-Петролиум” ХХК үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн шатахуунаа гэрээт ШТС-аар дамжуулан борлуулах,  “*******” ХХК нь “МТ-Петролиум” ХХК-иас газрын тос худалдан авч, авсан бүтээгдэхүүнээс ашиг олох  гэсэн агуулгыг гэрээний зорилго болгосон байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 83/14 тоот гэрээний 5.2.1-т “МТ” нь гэрээт                  ШТС-д чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн, тос тосолгооны материалаар тасралтгүй хангах, гэрээт ШТС-ын хэрэгцээ, санхүүгийн боломжийг харгалзан үнийг тухай бүр тохиролцож нийлүүлнэ. Уг гэрээний 5.2.2-т Гэрээт ШТС нь худалдан авсан барааны төлбөрийг, барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дансаар буюу бэлнээр төлнө гэж тохиролцсон байна. Харин ******* ХХК-ий худалдсан газрын тосны ашгийг хуваах талаар гэрээний талуудын хооронд тохиролцоо хийгдээгүй байх тул зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ биш Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн               243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон газрын тосны бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн дүн, нэхэмжилсэн мөнгөн дүнгийн тухайд маргаагүй, гагцхүү тухайн орон нутгийн газрын алба хариуцсан албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж ШТС-ын хэвийн үйл ажиллагаа доголдож шатахуунаа борлуулж чадаагүйгээс худалдан авсан газрын тосны үнийг “МТ-Петролиум” ХХК-д төлж чадахгүйд хүргэсэн гэх нөхцөл байдлыг татгалзлын үндэслэл болгожээ.

 

Худалдах, худалдан авах гэрээний онцлогтой холбоотойгоор худалдах худалдан авах гэрээнээс татгалзахад Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнхи хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч талын үүргийн зөрчлийг тодорхойлсны үндсэн дээр хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй байжээ.

 Хариуцагч худалдан авсан шатахууны үнийг 30 хоногийн дотор төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн байх бөгөөд гэрээний 10 дугаар зүйлийн 3-т заасан үндэслэлээр давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу шүүхийн болон засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон бол гэрээг зөрчсөнд тооцохгүй гэж талууд тохиролцсон байна.

Гэтэл гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон, нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч гэрээнээс татгалзах нөхцөл байдал бий болсон, тухайлбал: гэрээний 10 дугаар зүйлийн 3-т заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу шүүхийн болон засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосноос гэрээгээр хүлээсэн үүргээ  хэрэгжүүлж чадахгүй болсон нөхцөл байдлын тухайд хариуцагч нотолж чадаагүй байна. Хариуцагч талын хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлээгүй явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.” гэж,  232.6-д “ Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн  тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Зохигчид гэрээний 5.2.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцох талаарх тохиролцоо нь хуульд нийцсэн хэдий ч хариуцагч талын үүрэг зөрчсөн хугацааг нэхэмжлэгч тодорхойлж чадаагүй, нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож хариуцагчаар алданги төлүүлэхээр гэрээгээр тохирсон атлаа тохирсон хэмжээнээс илүү хэмжээгээр алданги төлүүлэхээр нэхэмжилсэн нь ойлгомжгүй бөгөөд алдангийг  төлүүлэх боломжгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу шатахууны үнэ 16.052.400 төгрөгийг хангаж, шаардлагын зарим хэсэг болох алданги 8.026.200 төгрөгийг төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан шүүхийн зардлыг хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар зохих өөрчлөлтүүдийг оруулах нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Дундговь аймгийн ******* сумын төвд байрлах “*******” ХХК-иас шатахууны үнэ 16052400 /арван зургаан сая тавин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж,                                      “МТ-Петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8026200 /найман сая хорин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 56.1 гэсний дараа 60 дугаар зүйлийн 60.1,... гэж,  “... 100588 /нэг зуун мянга таван зуун наян найм / гэснийг  238212 / хоёр зуун гучин найман мянга хоёр зуун арван хоёр/...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “МТ-Петролиум” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278343 /хоёр зуун далан найман мянга гурван зуун дөчин гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар “МТ-Петролиум” ХХК-д буцаан олгосугай.

  3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.БЯМБАЖАВ

                   ШҮҮГЧИД                             Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ