Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2017/03688/И |
Дугаар | 001/ХТ2018/00961 |
Огноо | 2018-06-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2018/00961
Ш.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03454 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 543 дугаар магадлалтай,
Ш.Бгийн нэхэмжлэлтэй
Б.Дт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ш.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дт 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Б.Д нь энэ хугацаанд 2 100 000 төгрөг төлсөн. Мөн 11 дүгээр сар хүртэл хүү төлсөн ба 12 сараас гэрээг шинэчилж 2017 оны 12 сарын 20-ны өдрөөс 2017 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй гэрээ байгуулсан боловч энэ хугацаанд ямар ч хүү төлөөгүй. Харин 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг өгсөн. 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл 10 сарын хүү нийт 6 000 000 төгрөг болсон байна. Иймд үндсэн зээл 9 000 000 төгрөг, зээлийн хүү 6 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг Б.Дээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Зээлийн гэрээний дагуу Ш.Бгийн Хаан банк дах 5081009693 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 9, 10, 11 сарын хүүд нийт 2 100 000 төгрөг хийсэн. Гэтэл Ш.Б 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг дуудаж дахин гэрээ хийх шаардлагатай байна, гэрээгээ шинэчилье гээд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зээлсэн 10 000 000 төгрөгийн гэрээг шинэчлэн дахин зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй гэж бичсэн. Энэхүү гэрээг нотариатч мэдэж байсан учир бэлэн мөнгө хүлээлцсэн баримтаа хийгээрэй гэж хэлж байсан. Миний бие Ш.Бгээс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 000 000 төгрөгийг 1 удаа зээлж авсан, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй тул хүү болох 6 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн хүүд төлсөн 2 100 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч 6 900 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03454 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Б.Дээс 12 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Дээс 216 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 543 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03454 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 12 600 000 гэснийг 10 696 000 гэж, 2 400 000 гэснийг 4 031 000 гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын 216 550 гэснийг 186 086 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа нар хяналтын гомдолдоо: Ш.Б нэхэмжлэлтэй Б.Дэшдэлгэрт хариуцах зээлийн гэрээний гүйцэтгэлд 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуупийн 281-р зүйлийн 281, 282.3-т зааснаар 12 600 000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Үүнийг эс зөвшөөрч Б.Д нийслэлийн иргэний хэргийн шүүхэд давж заалдсан ба Нийслэлийн иргэний хэргийн шүүх 2018.02.23-ны өдрийн 543-р магадлалаар 10 696 000 төгрөгийг Б.Дээс гаргуулна гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн 1-р хорооны 68-р байрны 63 тоотод оршин суугч Ш.Б миний бие Баянгол дүүргийн 3-р хорооны 13-р байрны 56 тоотод оршин суугч Б.Дт 2016 оны 7-р сарын 19-ний 08-р сарын 19-ний өдөр хүртэл 10 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. 8, 9, 10-р сард 7 хувиар бодож сар бүр 700 000 төгрөг өгч байхаар тохиролцсон. Үүнээс хойш З-н сарын 2 100 000 төгрөг өгсөн бөгөөд үүнээс хойш хүү өгөх боломжгүй байна та гэрээгээ сунгаж өгөөч гэсний дагуу 2016 оны 12-р сарын 20-нд 10 000 000 төгрөгийг нотариатаар баталгаажуулж Б.Дтэй гэрээ хийсэн. Энэ гэрээ хийх үед миний зүгээс хүүг 6 хувь болгож бууруулсан. Үүнээс хойш ямарч хүү өгөөгүй байж байгаад 2017 оны 10-р сарын 17-нд 1 000 000 төгрөг өгсөн. Иймд надаас зээлсэн 2016 оны 12-р сар, 2017 оны 1,2,3,4,5,6,7,8,9-р саруудад хүү өгөөгүй. 1 000.000 төгрөгийг 1 сарын хүү, 2 сарын 400 000 төгрөг хүү төлсөн гэж үзэж байна. Ийм учраас дээрх өгөөгүй саруудын хүү 5 000 000 төгрөг, үндсэн зээл 10 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөг нэхэмжилсэн. Би алданги тооцоогүй үндсэн мөнгөө Б.Дээс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хэргийг хянуулахаар Монгол улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.Дт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаарджээ. Хариуцагч 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс 6 900 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй байна.
Талууд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлсэн, гэрээг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр талууд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байх боловч өмнөх гэрээний зээлийн дүнг тусгаж, дахин гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцох Иргэний хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээ хүчин төгөлдөр тул зээлдэгч буюу хариуцагч нь зээлсэн мөнгийг, гэрээгээр тохирсон нөхцлөөр, буцаан өгөх үүрэгтэй болно. Хариуцагч Б.Д нь 2 100 000 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаа дууссанаас хойш 1 000 000 төгрөг төлсөн, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, зээлийн үлдэгдэл дүнг 8 600 000 төгрөг гэж үзэж, гэрээний нөхцлийн дагуу сарын 6 хувийн хүү, 6 сарын хугацаагаар үүргийн хэмжээг тогтоож, 10 696 000 төгрөгийг хариуцагч Б.Дээс гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ш.Б нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй, уг гэрээ нь өмнөх гэрээний үргэлжлэл, уг гэрээгээр хугацааг сунгасан, хүүг багасгаж тохирсон агуулгатай тул 10 000 000 төгрөгөөс хүү тооцож, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 543 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА