Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 6101

 

                                                                                                            

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Дорноговь аймгийн Замын Үүд сумын 1 дүгээр баг 116-10  тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХА 69061260, Боржигон овогт Батжаргалын Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Ган замын байранд байрлах, Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын товчоо

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42 өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд холбогдох

 

УБТЗ-ын товчооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1 014 287 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэн-Иш, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Мөнхтуяа УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаартай тушаалаар, мөн оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Жинчин зочид буудлын даргаар ажилласан бөгөөд УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны дарга Д.Мэндбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалаар сахилгын шийтгэл давтан гаргасан гэх үндэслэлээр Б.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.Дээрх 118 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэл болгосон боловч ажил олгогчийн санаачилгээр гэрээг цуцалж байгаа эсхүл хөдөлмөрийн сахилгын шийтгэл нргдуулж байгаа нь ойлгомжгүй байна.Мөн тушаалд “ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан” гэснийг зөвшөөрөхгүй.Б.Мөнхтуяаг 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126,5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69,9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй гэснийг зөвшөөрөхгүй байна.Б.Мөнхтуяагийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “ажилтныг албан үүргээ гүйцэтгэхэд хөдөлмөрийн стандартад тохирсон ажлын байр, техник, багаж хэрэгслээр хангана” гэсэн үүргээ биелүүлээгүйгээс Жинчин зочид буудалд иргэд буудаллах, зоогийн газраар үйлчлүүлэхэд ажлын байрны нөхцөл муу байсны улмаас сар бүрийн орлогын төлөвлөгөө тасалдаж байсан, ажлын байрны нөхцлийг сайжруулах талаар удаа дараа холбогдох газруудад мэдэгдэж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байсан боловч арга хэмжээ авч өгөөгүй, энэ нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2154-005157 дугаартай шаардлагад дурдсан удирдлага зохион байгуулалттай холбоотой зөрчлийн 1.3, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжтэй холбоотой зөрчлүүдийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.10, 2.11-т зааснаар нотлогдож байна.Б.Мөнхтуяаг ажил хүлээн авснаас эхлэн хэвийн ажиллах, ажлын байрны нөхцөл бололцоогоор хангаагүй байж орлого оруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан.Б.Мөнхтуяагийн хадам ээж Б.Норжмаа нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр нас барсны улмаас 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлэх хугацаанд цалингүй чөлөөтэй байсан, түүний нөхөр Д.Элбэгсайхан  нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нас барсны улмаар 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 7 хоногийн чөлөөтэй олгосон ба түүний захиргааны чөлөөтэй байхад сахилгын шийтгэл оногдуулсан байгаа нь үндэслэлгүй байна.2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн шаардлагад дурдсан зөрчлүүдэд хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой гэсэн байдаар хандсан ба дээрх  улсын байцаагчийн шаардлагад Б.Мөнхтуяаг хангалтгүй ажилласан гэсэн дүгнэлт байхгүй.Б.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчилд сахилгын зөрчил ногдуулах талаар ажилтантай харилцан тохироогүй байж удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж байгаа нь Б.Мөнхтуяаг ажлаас халах зорилготой байсан байна.Иймд Б.Мөнхтуяаг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан УБТЗ-ын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Мөнхтуяаг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоох, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүсэж байна гэв.

 

 

 

 

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэн-Иш шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Аялал жуучлалын товчоо 2013 онд Ган зам төв, Жинчин зочид буудал, Соёлын ордон  зэрэг 3 аж ажуйн нэгж үйл ажиллагааг нэгтгэсэн.Б.Мөнхтуяа 1,3 сарын хугацаанд даргаар ажилласан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод орлого зарлагад хяналт тавьж ажиллана, өөрийгөө сургаж хөгжүүлэх, орлогын төлөвлөгөөг биелүүлж ажиллана гээд ажил үүргийг тодохой зааж өгсөн байдаг.Эдгээр үүргийг биелүүлэхгүй гэсэн бол хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байж болох байсан.Үүнийг хийж чадна гэсэн тул танилцаад гарын үсэг зурсан.Шуурхай хурал 2016 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хурал хийсэн бөгөөд дараа нь Халтар даргын өгсөн үүргийн дагуу цайны цагийн дараа 13 цагт хурал үргэлжлүүлэх байсан боловч Б.Мөнхтуяа би нэгэнт халагдсан тул явлаа гээд хуралд оролцоогүй, 1 жил гаруй хугацаанд өөрийнх нь бие авч яваа байдал, юманд хандах хандлаг, үг ярианы цэгц, удирдах албан тушлаатан биш гэдэг нь харагдсан.Анх ажилд ороод вагонд суухад нь би биеэ зөв авч явах талаар, хувцасандаа анхаарах талаар анхааруулж хэлж байсан.Чамайг халах эцсийн шийдвэр гараагүй байна гэж анхааруулахад хурал тасласан байдаг.Сахилгын шийтгэлийг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу тухай бүрт нь гаргасан зөрчлийн дагуу ногдуулсан.Ганцхан Д.Мөнхтуяад сахилгын шийтгэл ногдуулаагүй.Ганзам буудлын эрхлэгч Амаржаргал, Соёлын ордоны дарга Баянмөнх, ерөнхий удирдаж байгаа Алтан-Од даргад арга хэмжээ авсан байдаг.Шаардлагатай бол энэ хурлын тэмдэглэлтэй танилцах боломжтой.Бид баримт нотлогоог гаргаж өгсөн байгаа.Бид жил болгоны эцэст бүх салбар нэгж, цех тасгуудад борлуулалтын төлөвлөгөө гаргаж өгдөг. Энэ төлөвлөгөөг биелүүлж чадахгүй гэсэн санал хүсэлт ирүүлэх боломжтой.Гэтэл Б.Мөнхтуяагаас ийм санал хүсэлт ирж байгаагүй нь ажилдаа яаж хандаж байгаа нь харагдаж байгаа юм.2014, 2016 онд борлуулалтын төлөвлөгөө сайн байгаа. Д.Мөнхтуяагийн ажиллаж байсан үед муу байсан.Борлуулалтын төлөвлөгөөг бас биелүүлж болдог.Хэн ажиллаж чадаж байна, хамт олныг удирдаж, сэтгэж чадаж байна гэдэг ажлын үзүүлэлтээр харагдаж байна.Энэ борлуулалтын төлөвлөгөөний баримтыг шүүхэд өгсөн байгаа.Ажиллах нөхцөл бололцоог ажлын байрны тодорхойлолтод техник, тоног төхөөрөмжөөр хангана гэж заасны дагуу хангасан гэж үзэж байгаа.Энэ хүнээс сэтгэл гарсангүй гэж үзэж байна.Б.Мөнхтуяагийн үед орлого муудсан байдаг.Намайг байхад угаалгын машин авчирсан гэж байсан. Алтаннавч гээд охин энэ угаалгын машин зөвхөн мушигдаг үйлдэлтэй бид гараар юм аа угаадаг  гэж байсан, 2015 оны төсөвт угаалгын машин авах нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд өгсөн байдаг.Б.Мөнхтуяа өөрөө энийг санаачлага гаргаад ажил хэрэг болгоогүй.Гэтэл Цэрэндорж дарга одоо энэ угаалгын машиныг төсөвт тусгасны дагуу ажил хэрэг болгоод авчихсан байгаа.Цех даргын ахлагч нартай хэрэгтэй зүйлсийн талаар төлөвлөгөө гараж өг гэдэг үүрэг даалгавар тавьдаг, үүний дагуу санхүүжилт хийгддэг.Гэтэл Б.Мөнхтуяа ийм баримт гаргаж өгч байгаагүй, ажилчид өргөдлөө шуудангаар явуулсан.Шаардлагатай бол дахин гэрч асууж, шүүх хурал явуулсан ч татгалзах зүйлгүй. Дүрмийг Улаанбаатар төмөр замаас боловсруулдаг.Дүрмийн 3.1 болон 1.1-т заасны дагуу Аялал жуучлалын товчооны дарга бие даан шийдвэр гаргах эхтэй байдаг. Энэ эрхийн дагуу энэ хүн ажиллаж чадахгүй, ажилчид амьдралын баталгаагүй болно гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах санал оруулсан байх гэж бодож байна гэв.

            Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Б.Мөнхтуяа хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна.Б.Мөнхтуяаг ажилд авах, ажлаас халах шийдвэрийг Аялал Жуучлалын Товчоо гаргасан боловч Аялал Жуучлалын Товчоо нь УБТЗ-ын салбар нэгж бөгөөд УБТЗ ХНН-ээс баталсан дүрмийн хүрээнд ажил үүрэг, үйл ажиллагаагаа явуулдаг байгаа.Нөгөө талаар Аялал Жуучлалын Товчоо бие даасан хуулийн этгээд биш бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагааг хэрэгт өгсөн байгаа.

            -2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126,5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69,9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй гэдэгт-Б.Мөнхтуяагийн ажлын байрны тодорхойлолтын 8.1-т “өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах, орлого зарлагад хяналт тавих, төмөр замын аж ахуйн нэгж, иргэн гадны байгууллагаас захиага авч буудлын өрөө ашиглалтыг сар бүр 80 хувиас дээш байлгах, борлуулалтын төлөвлөгөөг сар бүр биелүүлж ажиллах, орлого ашгийг нэмэгдүүлэхийн тулд идэвх санаачлагатай ажиллах, орлого зарлагын гүйцэтгэлд хяналт тавьж үргүй зардал гаргахгүй байх гэсэн үүргүүдийг биелүүлээгүйн улмаас Жинчин төв их хэмжээний алдагдалтай ажилласан нь хэрэгт авагдсан 2016 оны эхний хагас жилийн блансаар нотлогдоно.Төлөвлөгөөгөөр 238 сая төгрөгийн орлого олох байснаас 112 сая төгрөгийн орлоготой ажиллаж орлогын төлөвлөгөөг 126 сая төгрөгөөр тасалдуулсан, 27,4 сая төгрөгийн ашигтай ажиллах ёстой байсан боловч ашиг байхгүй, 69,9 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, байгууллагын зардал нь 180 гаруй сая төгрөг байсан.Гэтэл энэ байгууллага зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ үзүүлдэг, ашиг олох үндсэн зорилготой бизнесийн байгууллага боловч энэ үйл ажиллагаа алдагдсан нь байгууллагын удирдлагын ур чадвараас шалтгаалж байгаа.Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1-ийн а-д ажлын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, төлөвлөгөө нормоо биелүүлэхгүй байх, орлого ашгийн төлөвлөгөөг тасалдуулах зэргийг зөрчилд тооцож сахилгын арга хэмжээ авна гэж заасан байдаг тул сахилгын зөрчил гэж үзсэн нь хууль зүйн үндэстэй.

            -Орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай нэгдсэн удирдлагаар хангаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй гэдэгт-Ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэгт:зочид буудал, зоогийн газрын үйлдвэрлэл, үйлчилгээг нэгдсэн удирдлагаар хангах үйлчилгээтэй холбогдсон үйл ажиллагааг төлөвлөж, чиглүүлэн зохицуулах гэсэн байдаг.Ажлын байрны үндсэн зорилт нь зочид буудал, зоогийн газар, жуулчны баазын объектод хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын саналыг боловсруулж захиралд танилцуулах байтал энэ талаар санал гаргаж ирүүлээгүй бөгөөд зочид буудлын ноорхой, өнгө үзэмжгүй болсон байдлыг ажилчид гэрчлэх ба гэрэл зураг хэрэгт өгсөн байгаа.Б.Мөнхтуяа хөрөнгө санхүүг шийдэж өгөөгүй гэдэг боловч өөрөө санал санаачлага гаргадаггүй байсан.Санал боловсруулаад, зөв төлөвлөөд удирдлагад танилцуулж чадвал хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх ёстой. Б.Мөнхтуяагийн дараа томилогдсон дарга байгууллагынхаа гадна болон дотор талд засвар үйлчилгээ хийгээд орлого ашиг нэмэгдүүлсэн үзүүлэлттэй явж байна.Мөн халаалтын гэрээ хийхэд зоорийн давхарын 443 метр квадрат талбайг хасч гэрээнд өөрчлөлт оруулан зардлаа хэмнэсэн байдаг.Энэ хүний удирдлага дор ажиллаж байсан ажилтанууд нь Б.Мөнхтуяа байгууллагыг удирдаж байх үед хийх ажилгүй, ашиг орлогогүй үүний улмаас цалин хөлсөө ч бүрэн авч чаддаггүй байсан тухайгаа бичээд хүн бүр гарын үсгээ зураад ирүүлсэн баримт байна.

            -Шуурхай хурал тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлийн хувьд:Өмнө нь хоёр удаа сахилгын зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдсан баримт хэрэгт авагдсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Аялал Жуучлалын Товчооны даргын тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажилчдыг сахилга хариуцлага сулруулсан тул 1 сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч энэ талаар ярихгүй, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 103 тоот тушаалаар тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж хариуцсан ажилдаа хайнга хандсан тул 1 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан байдаг.

            Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1.б-д сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш 1 жилийн дотор ноцтой бус зөрчил гаргасан, 11.1.1.в-д сахилгын зөрчил давтан гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулахаар заасан байгаа тул Б.Мөнхтуяад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуучлалыг Товчоо болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан УБТЗ-ын товчооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 71 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан байна.

 

Дараах үндэслэлээр Б.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

      Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалаар Б.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Дээрх Б.Мөнхтуяаг ажлаас чөлөөлсөн тушаалд-2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126,5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69,9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй, орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай удирдлагаар хангаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлүүдийг дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан түүнийг ажлаас чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажилтаныг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөхөөр заасан байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Б.Мөнхтуяад 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байгааг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж байгаа, харин Б.Мөнхтуяад 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр цалин бууруулах сахилгын шийтгэлийн ногдуулсан тухайд ярихгүй гэж тайлбарлаж байна.

 

Б.Мөнхтуяа ар гэрийн гачигдлын улмаас Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны захирлын 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 7 хоногийн, мөн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 09 тоот тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн байхад ажил олгогч нь түүнд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа нь буруу байна гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Б.Мөнхтуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 103 дугаартай тушаалд-тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан Ганзам зочид буудлын эрхлэгч Д.Амаржаргал, Жинчин зочид буудлын эрхлэгч Б.Мөнхтуяа нарын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Ажил олгогч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчоо нь Б.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1-т ажилтан Б.Мөнхтуяа ажлын байрны тодорхойлолтын дагуу хариуцсан ажлаа чанартай хийж, бүрэн гүйцэтгэнэ, 4.2-т төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана” гэж заасан байна.

 

Энэхүү талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр дээрх 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 103 дугаартай тушаал болон 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Б.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 118 дугаар тушаалуудад дурдсан тээврийн хяналтын албаны хамтарсан шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан, орлогын болон ашгийн төлөвлөгөөг тасалдуулах, алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй, орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай удирдлагаар хангаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал таслах байдлыг сахилгын зөрчилд тооцно гэж талууд тохироогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ”хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж тодорхойлсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 130.1-т “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэж заасан байна.

 

Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалыг Товчооны 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам болон бусад хууль тогтоомж, дүрэм, тушаал зааврыг зөрчсөн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйл, Төмөр Замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулна” гэж заасан байна.

 

Мөн энэхүү дотоод журмын 11.1.1.А-д “Анх удаа ноцтой бус зөрчил ... хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандах, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, төлөвлөгөө нормоо биелүүлэхгүй байх, орлого  ашгийн төлөвлөгөөг тасалдуулах зөрчлийг гаргасан бол сануулах”, В-д “Ноцтойд тооцогдох зөрчил ... сахилгын зөрчил удаа дараа давтан гаргасан ...ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах” гэж заасан байна.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Төмөр замын байгууллагын ажилтны хөдөлмөрийн сахилгыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна” гэж заасан байна.

 

Гэтэл Жинчин төвийн орлогын болон ашгийн төлөвлөгөөг тасалдуулж алдагдалтай ажиллахад хяналт тавиагүй, орлого ашгийг нэмэгдүүлэхэд шуурхай удирдлагаар хангаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шуурхай хурал тасалсан гэх үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасан хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэсэн заалтад тохирохгүй байна.

 

Мөн тухайн байгууллагын 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээр орлогын төлөвлөгөөг 126,5 сая төгрөгөөр, ашгийн төлөвлөгөөг 69,9 сая төгрөгөөр тасалдуулж алдагдалтай ажилласан гэх байдлыг зөвхөн Жинчин төвийн үйлдвэрийн бус зардлын 2 хуудас тайлангаар нотлогдож байна гэж үзэх боломжгүй, татварын байгууллагад тайлан өгдөггүй хэдий ч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй, тухайн тайланг хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр баталгаажуулаагүй байна.

 

Иймд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаал үндэслэлгүй байх тул Б.Мөнхтуяаг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, түүний 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын цалингийн нийлбэр 2 152 080 төгрөгөөс дундаж цалинг бодож, ажилгүй байсан 101 хоногийн цалингийн олговорт 3 696 600 төгрөгийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” заасан байна.

 

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 002411027 дугаартай лавлагаанд “УБТЗ-ын харъяа Аялал Жуулчлалын Товчоо гэсэн нэртэй хуулийн этгээд мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэсэн байх тул Б.Мөнхтуяагийн Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчоонд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны даргын 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 118 дугаар тушаалыг хүчингүй болгож, Батжаргалын Мөнхтуяаг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчооны харъяа Жинчин  зочид буудлын эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, Улаанбаатар Төмөр Замын Аялал Жуулчлалын Товчоонд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас 3 696 600 /гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан Б.Мөнхтуяад олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Б.Мөнхтуяагийн нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН