Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00374

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02363 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2307 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК, “Г” ХХК-д холбогдох,

342.295.269 төгрөг гаргуулах тухай үндсэн,

194.135.659 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч О.Даваажав, Л.Нарандаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр, Э.Алтанбагана, өмгөөлөгч Л.Бадрал, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н” ХХК-тай 2013 оны 10 дугаар сард ачаа тээврийн зуучлалын 13/18 тоот гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээний хүрээнд 2014 оны 7 дугаар сарын 3-наас 29-ний хооронд 11 чингэлэг ачаа тээвэрлүүлэн хүлээн авсан боловч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Иймд тээвэрлэлт, зуучлалын хөлс 64.045 евро буюу 170.157.958 төгрөг, алданги 85.078.979 төгрөг, нийт 255.236.937 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн “Г” ХХК нь  “Н” ХХК-ийн нэрээр 2014 оны 7 дугаар сарын 3-наас 29-ний хооронд 3 чингэлэг ачаа тээвэрлүүлэн хүлээн авсан ба төлбөрөө төлөөгүй тул тээвэрлэлт, зуучлалын хөлс 21.845 евро буюу 58.038.888 төгрөг, алданги 29.019.444 төгрөг, нийт 87.058.332 төгрөгийг “Г” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Т” ХХК-тай Ачаа тээврийн зуучлалын гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан. Уг гэрээний дагуу “Н” ХХК нь өөрийн бараанаас гадна өөрийн хувьцаа эзэмшигчийн бусад компаниуд болох “Г” ХХК, “Сээкл” ХХК-дын өмнөөс тэдгээр компаниудын барааг гадаадаас тээвэрлүүлэх захиалгыг “Т” ХХК-д өгдөг байсан. “Г” ХХК нь 2014 онд ХБНГУ-ын ДМК Дойчэ Милчконтор компаниас нийт 64.663.03 еврогоор 1361 хайрцаг бяслаг, тэр дундаа 13.198,16 кг, 1075 хайрцаг Эдам нэрийн бяслаг, 3.597,43 кг, 286 хайрцаг Гауда нэрийн бяслаг худалдан авч, “Т” ХХК-д захиалга өгч Улаанбаатар хот руу төмөр замаар чингэлэгээр  тээвэрлүүлсэн. “Г” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ачааг хүлээн авахад 1257 хайрцаг ачаа замдаа алдагдаж, 104 хайрцаг ирсэн. Иймд алдагдсан бяслагийн үнэ 59.678,42 евро, уг чингэлгийг ачихад зарцуулсан мөнгөний банкны хүүг нэмээд нийт 65.000 еврогийн хохирлыг барагдуулж өгөхийг “Т” ХХК-иас шаардсан боловч 1 жилийн дараа гомдлыг хангах үндэслэлгүй гэсэн хариуг “Т” ХХК-д Улаанбаатар төмөр зам 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. талаар “Т” ХХК нь “Г” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлөхөөр  амлалт өгсөн ч арга хэмжээ авахгүй байсан тул тээвэрлэлтийн төлбөрөөс суутгасан. “Т” ХХК-ийн нэхэмжилсэн 2014 оны 7 дугаар сарын тээврийн хөлс 78.615 еврог хохиролд суутган тооцсон тул уг төлбөрийг нэхэмжлэх, алданги тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:  “Н” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13/18 дугаар гэрээг үндэслэн “Г" ХХК-ийн ачааг “Т” ХХК-иар ачуулж байсан. Энэ дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа CSUU02216458 EMJU5623937, PONY 2853707 тоот чингэлгүүдээр манай ачаа ачигдсан. Манай компани нэхэмжлэлд дурдсан тээврийн болон зуучлалын төлбөрөөс “Т” ХХК-иас 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 1424 дугаар нэхэмжлэхийн дагуу 2 чингэлгийн тээврийн болон зуучлалын хөлс болох 10.600 еврог 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгасан. Харин PONY 2853707 тоот чингэлэгтэй ачаа нь алдагдаж 59.680,50 еврогийн хохирол учирсан тул энэхүү ачааны тээврийн болон зуучлалын хөлсийг төлөх үндэслэлгүй. Иймд манай компанид холбогдуулан гаргасан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Т” ХХК-ийн ХБНГУ дахь төлөөлөгч нь манай захиалгыг хүлээн авч, тариф санал болгосон бөгөөд бид зөвшөөрснөөр тэд ачааг тээвэрлэж, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр энэ талаарх мэдээг ирүүлсэн. ХБНГУ-ын ДМК Дойчэ Милчконтор компаниас худалдан авсан нийт 64.663,03 еврогийн үнэ бүхий 1361 хайрцаг бяслаг, тэр дундаа 13.198,16 кг, 1075 хайрцаг Эдам нэрийн бяслаг, 3.597,43 кг, 286 хайрцаг Гауда нэрийн бяслагийг ачуулсан. Уг ачаа бидэнд санал болгосон хугацаанаасаа хоцорч ирсэн бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ачаа ирснийг мэдэгдсэн. “Г” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ачааг хүлээн авахад 1257 хайрцаг ачаа замдаа алдагдаж, 104 хайрцаг ирсэн. Иймд “Т” ХХК-иас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасны дагуу алдагдсан бяслагны үнэ 59.678,42 евро буюу 155.292.797 төгрөг, олох байсан ашиг 38.842.862 төгрөг, нийт 194.135.659 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Г” ХХК-ийн ачаа нь “Т” ХХК-ийн буруугаас алдагдаагүй.  РONU2853707 дугаартай чингэлэг нь “Н” ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөлд хамаарахгүй.  “Н” ХХК нь 2013 оны 10 дугаар сард бичгээр гэрээг манай компанитай байгуулсан бөгөөд энэ гэрээгээр “Г” ХХК-ийн ачааг ачуулсан гэж байгаа боловч энэ талаар гэрээнд ямар ч заалт байхгүй. Ачаа замдаа алдагдсанд нэхэмжлэгч тал буруугүй тул хариуцахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02363 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 215.157.958 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 58.038.888 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69.098.423 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдох, 194.135.659 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Н” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.027.376 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-иас төлсөн 1.128.700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 1.233.740 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 448.144 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2307 дугаар магадлалаар:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 196.280.259 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-иас 26.824.632 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 119.190.378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-иас 155.292.797 төгрөгийг гаргуулж “Нд” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38.842.862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагч “Н” ХХК-иас 1.233.740 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 448.144 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагч “Н” ХХК-иас 1.139.351 төгрөг, “Г” ХХК-иас 292.073 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Т” ХХК-иас 934.413 төгрөгийг гаргуулж хариуцагч “Н” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.128.700 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.128.700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч М.Бадрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-09-05-ны өдрийн 102/ШШ2017/02363 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-11 -06-ны өдрийн 2307 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Г ХХК-аас CSUU0221645 тоот чингэлгийн тээврийн хөлс гэж 7285 евро, EMJU5623937 тоот чингэлгүүдийн тээврийн хөлс гэж 7285 евро, PONU2853707 тоот чингэлгийн тээврийн хөлс гэж 7275 евро, нийт 21855 евро нэхэмжилсэн байсан. Давж заалдах шатны шүүх уг чингэлгүүдтэй холбоотой нотлох баримтуудыг дутуу үнэлж, төлөгдсөн болон төлөх ёсгүй төлбөрүүдийг төлөх үүрэгтэй гэж буруу дүгнэлээ. Г ХХК нь Н ХХК-ийн Т ХХК-тай харилцаатай байсныг ашиглан өөрийн ачааг тээвэрлүүлэх захиалга, тээврийн хөлсний нэхэмжлэхийг Н ХХК-аар дамжуулан өгдөг байсан. Scan76pdf файлд Т ХХК-ийн 2014-08-29-ний өдрийн Г1424 тоот нэхэмжлэх байсан ба уг нэхэмжлэхээр CSUU0221645 тоот чингэлгийн төлбөрт 5300 (4300+1000) евро, ЕМJU5623937 тоот чингэлгийн төлбөрт 5300 (4300+1000) евро, нийт 10,600 евро “Г” ХХК-аас нэхэмжилсэн байсан. Г ХХК нь дээрх нэхэмжлэхийг үндэслэн 10.600 еврог  2014-10-30-ны өдөр Т ХХК-ийн дансанд төлсөн. Г ХХК, Н ХХК-ууд нь 2014-08-29-ний өдрийн Г1426 тоот нэхэмжлэхээр шаардсан 6635 еврог Ганзоригоос 7 сарын тээвэр гэсэн утгатайгаар 2014-10-30-ны өдөр төлсөн нь шүүхэд Т ХХК-аас гаргаж өгсөн, тус компанийн Голомт банкны 1705045669 тоот еврогийн дансны 2014-10-01-нээс 2014-10-31-ний өдрийн хоорондох гүйлгээний хуулга дээр тодорхой бичигдсэн байсан. Т ХХК нь PONU853707 тоот чингэлгийг тээвэрлэхэд 7275 еврогийн зардал гарсан гэсэн ч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй. Т ХХК-аас RTSB ХХК-д 8371 евро, 71600 еврог шилжүүлсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч уг баримтад бичигдсэн гүйлгээний утга нь тодорхой бичигдээгүй, хэзээний ямар дугаартай нэхэмжлэхийн дагуу, хэний хэдэн чингэлгийн тээврийн хөлсийг төлсөн нь мэдэгдэхгүй байдаг. Нэхэмжлэгч 2014 оны 6-р сарын өөр чингэлгүүдэд хамааралтай тээврийн хөлс төлсөн баримтыг энэ хэрэгт өгсөн гэж үзэж байна. Г ХХК нь РОNU12853707 тоот чингэлгийн Улаанбаатар төмөр замын тээврийн хөлс 328.600 төгрөг, дотоод зардал 98.000 төгрөг, хот доторхи тээврийн зардал 230.000 төгрөг, нийт 656.600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 26.168.032 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-11-06-ны өдрийн 2307 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 26.168.032 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн өмгөөлөгч М.Бадрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-09-05-ны өдрийн 102/ШШ2017/02363 тоот шийдвэр, давж заалдах журмаар хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-11-06-ны өдрийн 2307 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Н ХХК-аас 11 чингэлгийн тээврийн хөлс нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүх уг чингэлгүүдтэй холбоотой нотлох баримтуудыг дутуу үнэлж, төлөгдсөн төлбөрийг хасч тооцсонгүй.

Т ХХК нь UNDU2707325 тоот чингэлгийн тээврийн хөлс 7965 еврогийн төлбөрөө Н ХХК-аас 5300 евро, Ганзоригоос 2665 евро гэж салгаж нэхэмжилсэн, түүнийх нь дагуу Ганзоригоос 2014-10-30-ны өдөр 2665 еврог Ганзоригоос 7 сарын тээвэр гэсэн утгатайгаар төлсөн байхад давж заалдах шатны шүүх энэ талаарх нотлох баримтуудыг дутуу, буруу үнэлж 2665 еврог хассангүй. 2014-10-31-ний өдрийн хоорондох гүйлгээний хуулга дээр 2014-10-30-ны өдөр Н ХХК-аас 7-р сарын төлбөрийн урьдчилгаа гэж 8612 евро төлсөн нь тодорхой бичигдсэн байсан. Мөн өдөр Н ХХК-аас 8-р сарын тээврийн хөлс гэж 31.872 евро төлсөн байсан бөгөөд 2014 оны 7-р сард ирсэн чингэлгүүдээс бусад сарын чингэлгийн тээврийн хөлсний хувьд талуудын хооронд ямар нэг маргаан, тооцоо байхгүй байсан. Т ХХК нь Н ХХК-аас 2014 оны 7-р сард ирсэн 11 чингэлгийн тээврийн хөлс нэхэмжилснээс хариуцагч нь 8612 евро төлсөн нь уг нотлох баримтаас харахад тодорхой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-11-06-ны өдрийн 2307 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн хангасан 196.280.259 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.277 евро буюу 29.961.636 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс хангасан 155.292.797 төгрөгийн шаардлага дээр олох байсан ашгийн 38.842.862 төгрөгийн шаардлагыг нэмж хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2307 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан Н ХХК нь нийт 13 чингэлэг тээвэрлэсний төлбөр төгрөгийг төлөөгүй талаар хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж тогтоосон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн боловч Т ХХК ба Г ХХК-тай бичгээр байгуулсан ачаа тээврийн зуучлалын гэрээ байхгүй, мөн ачаа алдагдсан РОNҮ2853707 тоот чингэлгийн дагалдах бичиг баримт хэргийн нотлох баримтад байхгүй. Уг чингэлэгт байсан бяслаг нь Герман улсын “Дойче Милк контор” үйлдвэрээс гаралтай илгээгч нь ОХУ-ын Интермодтранс компани, хүлээн авагч нь “Г” компани бөгөөд манай компанид хэлж зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй шууд “Т” ХХК-ийн терминаль руу хаяглан илгээсэн байсан. Бид Улаанбаатар хотод чингэлгийг хүлээн аваад өөрийн тээврийн хэрэгслээр бусад компанид хүргэж өгөх буюу өөрийн гаалийн талбайгаас хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг учраас зөвхөн Улаанбаатар хот дахь тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн явцад учирсан хохирол дутагдлыг хариуцах үндэслэлтэй. Гэтэл тус чингэлэг нь бүтэн ломботой гаалийн талбайд ирсэн бөгөөд ОХУ-ын Себеж өртөөнд мал эмнэлэг хорио цээрийн үзлэг хийхээр нээгээд ахин ломбодсон байсан. Хэрэв тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1, мөн хуулийн 380 дугаар зүйлийн 380.2 дах хэсэгт заасныг баримтлан төмөр замаар ачааг тээвэрлэх үед ачаа алдагдсан учраас /1-р хавтасны 132, 134-137 дугаар тал, 2-р хавтасны 12-17, 25-30 дугаар тал/ төмөр замын тээврийн үндсэн дүрэмд заасны дагуу тээвэрлэгч хариуцлага хүлээнэ. Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 67 дугаар зүйлд “Төмөр замын байгууллага нь тээвэрлүүлэхээр өгсөн ачааг хулээн авсан цагаас эхлэн түүнийг хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэл уг ачааг бүрэн бүтэн байлгах хариуцлага хүлээнэ”, 68 дугаар зүйлд “Тээвэрлэж байгаа ачаа, тээш төмөр замын ажилтны буруугаас алдагдсан, дутагдсан, гэмтсэн тохиолдолд учирсан хохирлын хэмжээг илгээгч, хүлээн авагчийн гэрээнд заасан үнийг үндэслэн төмөр замын байгууллага нөхөн төлнө” гэж тус тус заасныг хэрэглээгүй. Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийн 39.1-т “Тээвэрлэгчийн хариуцлагын зааг нь алдагдсан ачаанд тээвэрлэгчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээнээс хэтэрч болохгүй”, 43 дугаар зүйлийн 43.1.1-т “шингэн буюу чийгтэй (нойтон) байдалтай тээвэрлэлтэд хүлээлгэн өгсөн ачааны жингийн хоёр хувь”, 43.4-т “ачаа алдагдсан эсвэл хэд хэдэн байр ачаа дутсан тохиолдолд төлбөрийг тооцохдоо энэхүү зүйлийн 1, 2-оор тогтоосон хувиар тооцох ба бусад хорогдсон ачаа болон дутсан байрыг тооцохгүй” гэсэн заалтыг тус тус шүүх хэрэглээгүй. Т ХХК нь Улаанбаатар хот дотор гаалийн талбай дээр ирсэн ачааг Г ХХК-ийн байранд хүргэж өгөх тээвэрлэлтийг зөвхөн хариуцаж байсан. Тиймээс төмөр замын тээвэрлэлтийн явцад алдагдсан ачааны төлбөрийг Т ХХК бүрэн хариуцан төлөх үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг эдгээр хуулийн заалтыг хэрэглэлгүй хангах үндэслэлгүй. Мөн Улаанбаатар төмөр зам ХХН-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаагүй болно.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02363 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2307 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Шийдвэр, магадлал  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Т”ХХК нь хариуцагч “Н” ХХК-с  255.236.937 төгрөг, “Голден “свит” ХХК-с  87.058.332 төгрөг тус тус нэхэмжлэхдээ шаардлагаа ачаа тээвэрлэлт, зуучлалын хөлс, алданги гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар 194.135.659 төгрөг нэхэмжилж сөрөг шаардлага гаргахдаа алдагдсан барааны үнэ 155.292.979 төгрөг, олох байсан ашиг 38.842.862 төгрөг гэжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-т заасан худалдааны зуучлалын харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн буруугаас ачаа алдагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, үндсэн  нэхэмжлэлээс 273.196.846 төгрөгийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, ачаа  алдагдсанд  нэхэмжлэгч  буруугүй  болохоо нотолж чадаагүй гэж үзжээ. 

“Т” ХХК нь  “Н” ХХК-тай  2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ачаа тээврийн зуучлалын гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу “Н” ХХК нь 11 чингэлэг, “Голден “свит” ХХК нь 3 чингэлэг барааг  ХБНГУ-аас тээвэрлүүлсэн ба ОХУ-ын төмөр зам болон Монгол улсын Сүхбаатар өртөөгөөр  дамжин тээвэрлэгдэн 2014 оны  5 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд ачаaг хариуцагч нарт хүлээлгэн өгөхөд 1257 хайрцаг бяслаг дутсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Г” ХХК нь  1361 хайрцаг бяслаг ачуулснаас  1257 ш хайрцаг бяслаг алдагдсан, энэ талаар маргаагүй байна. 

Харин нэхэмжлэгч нь алдагдсан барааны үнийг, хариуцагч тээврийн хөлс төлөх эсэх талаар талууд маргажээ.   

Шүүх талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг зөв тодорхойлсноор талуудын үүрэг болон түүний хэмжээг тогтоох, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх боломжтой болох тул тэдгээрийн хооронд үүссэн харилцааг  зөв тодорхойлох шаардлагатай.

Зохигчдын хооронд  байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь импортын ачааны тээвэрлэлтийг зохион байгуулж, тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь тээврийн хөлс төлөхөөр  тохирчээ /хэргийн 1 дүгээр хавтас 6-8 дугаар тал/. Иргэний хуулийн  410 дугаар зүйлийн 410.1.-д зааснаар зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээхээр Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1.-д заасан ба Зам, тээврийн яамнаас “Т” ХХК-д төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулах  гэрчилгээ олгожээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдааны зуучлалын харилцаа үүссэн гэж үзсэн боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.  

Хариуцагч “Г” ХХК нэхэмжлэлээс татгалзахдаа “...манай ачаа CSUU02216458, EMJU5623937, PONY 2853707 тоот чингэлгүүдээр ачигдсан, 2 чингэлгийн тээврийн болон зуучлалын хөлс болох 10.600 еврог 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн, харин PONY 2853707 тоот чингэлэгтэй ачаа  алдагдсан тул  тээврийн болон зуучлалын хөлсийг төлөхгүй, ...”PMSB” CmbH-д уг ачааны тээврийн хөлсийг шилжүүлсэн баримт байхгүй... ” гэжээ.

“Т” ХХК нь CSUU02216458, EMJU5623937 дугаар чингэлгийн төлбөрт 10.600 евро шаардаж  2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1424 тоот нэхэмжлэх бичсэн, “Г” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 10.600 евро буюу 25.076.844 төгрөг төлжээ /хэргийн 1 дүгээр хавтас 51, 220 дугаар тал/. Дээрх төлбөр нь маргаж буй чингэлгийн эсхүл өөр чингэлгийн төлбөр болох нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ”PMSB” CmbH-д PONY 2853707 тоот чингэлгийн хөлс төлсөн талаарх баримт хэрэгт байхгүй байна.

Хариуцагч “Н” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 3-ний өдрөөс 29-ний хооронд нийт 11 чингэлгийг хүлээн авснаа үгүйсгээгүй боловч “...11.277 евро төлсөн тул 29.961.636 төгрөгийг хасч тооцуулна” гэжээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны  51 дүгээр талд авагдсан “Т” ХХК-ийн  дансны  хуулгаас үзвэл   2014-10-30-ны өдөр  Ганзоригоос 2665 еврог 7 сарын тээвэр гэсэн утгаар, мөн “Н” ХХК-с  8612 еврог 7-р сарын төлбөрийн урьдчилгаа гэж шилжүүлжээ. Эдгээр нь нэхэмжлэлд дурдсан чингэлгийн  төлбөр мөн эсэх нь тодорхой бус бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй  нь Иргэний  хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.  

“Г” ХХК-ийн ачуулсан  чингэлгийг Латвийн төмөр замаас хүлээн авч, Октябрийн төмөр замын Себеж өртөөнд илгээгчийн бүрэн ломботой ирснийг  мал эмнэлэг, ургамал хорио цээрийн шалгалт хийх зорилгоор  онгойлгосон байх ба онгойлгосны дараа тавьсан 3 ш ломбоор хүлээн авсан, УБ өртөөнд гэмтэлгүй ломбоор ачааг олгосон, чингэлгийг онгойлгоход ухагдсан шинжтэй байсан талаар УБ төмөр замын ачаа тээврийн албаны 2015 оны 5 дугаар сарын 25-ний өдрийн 93/71 тоот албан бичиг, тээврийн акт, Үндэсний танхим дах худалдаа эдийн засгийн экспорт, импортын барааны шалгалтын хэлтсийн гэрчилгээнд дурджээ.

Талууд гэрээ байгуулахдаа Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр /ОУАХХ/, Монгол улсын хууль тогтоомжууд болон УБТЗ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журам, тушаал, шийдвэр, тарифыг удирдлага болгосон байх ба гэрээний 2.1.8-т “зуучлагч нь төмөр замын байгууллагаас тогтоосон тээврийн актыг үндэслэн тухайн тээврийн дутсан барааны хохирлоо барагдуулах асуудлаар зөвлөлгөө өгөх, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхэд туслан ажиллана” гэжээ.

Нэхэмжлэгч нь гэрээ болон дээрх баримт бичигт заасан үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх баримт авагдаагүй байна. 

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02363 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2307 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.            

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 1.530.370 төгрөг, хариуцагч “Г” ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 288.800 төгрөг, хариуцагч “Н” ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 501.973 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ