Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2307

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02363 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Н” ХХК, “Г” ХХК-д холбогдох

 

Тээвэр зуучлалын болон ачаа тээврийн хөлс 64 045 евро буюу 170 157 958 төгрөг, алданги 85 078 979 төгрөг, нийт 255 236 937 төгрөгийг “Н” ХХК-иас, 21 845 евро буюу 58 038 888 төгрөг, алданги 29 019 444 төгрөг, нийт 87 058 332 төгрөгийг “Г” ХХК-иас тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Алдагдсан барааны үнэ 59 678.42 төгрөг евро буюу 155 292 797 төгрөг, олох байсан ашиг 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, “Г” ХХК-ийн өмгөөлөгч М.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н,

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А,

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-тай 2013 оны 10 дугаар сард ачаа тээврийн зуучлалын 13/18 тоот гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээний хүрээнд 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 29-ний хооронд 11 чингэлэг ачаа тээвэрлүүлэн хүлээн авсан, “Н” ХХК-ийн нэрээр “Г” ХХК нь 3 чингэлэг ачаа тээвэрлүүлэн хүлээн авсан ба өнөөдрийг хүртэл гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа тул тээвэрлэлт, зуучлалын хөлс 64 045 евро буюу 170 157 958 төгрөг, алданги 85 078 979 төгрөг, нийт 255 236 937 төгрөгийг “Н” ХХК-иас, 21 845 евро буюу 58 038 888 төгрөг, алданги 29 019 444 төгрөг, нийт 87 058 332 төгргийг “Г” ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү.

“Г” ХХК-ийн ачаа нь “Т” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж алдагдаагүй. Тиймээс алдагдсан бяслагны үнэ болон худалдаад олох ёстой байсан ашгийг төлөх үндэслэлгүй. “Г” ХХК-ийн РONY2853707 дугаартай чингэлэг нь “Н” ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөлд хамаарахгүй. “Н” ХХК нь 2013 оны 10 дугаар сард бичгээр гэрээг манай компанитай байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Г” ХХК-ийн ачааг ачуулсан гэж байгаа боловч энэ талаар гэрээнд ямар ч заалт байхгүй. “Г” ХХК нь бие даасан хуулийн этгээд учраас бичгээр байгуулах шаардлагатай байсан. Хоёр тусдаа хуулийн этгээдийн ачаа тээвэр нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр дугаартай, өөр өөр тоо ширхэгтэй контейнэрээр ирсэн, нэг нь бичгээр байгуулсан гэрээтэй, нөгөө нь огт гэрээ хийгээгүй байхад тээвэр зуучийн компанид тээвэр зуучийн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй компани нь нөгөө компанидаа эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн гэсэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгох үндэслэлгүй. Ачаа замдаа алдагдсанд нэхэмжлэгч тал буруугүй тул хариуцахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “Н” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Т” ХХК-тай Ачаа тээврийн зуучлалын гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан. Уг гэрээний дагуу “Н” ХХК нь өөрийн бараанаас гадна өөрийн хувьцаа эзэмшигчийн бусад компаниуд болох “Г” ХХК, “Сээкл” ХХК-иудын өмнөөс тэдгээр компаниудын барааг гадаадаас тээвэрлүүлэх захиалгыг “Т” ХХК-д өгдөг байсан. “Г” ХХК нь 2014 онд ХБНГУ-ын ДМК Дойчэ Милчконтор компаниас нийт 64 663.03 еврогоор 1361 хайрцаг бяслаг, тэр дундаа 13 198.16 кг, 1075 хайрцаг Эдам нэрийн бяслаг 3 597.43 кг, 286 хайрцаг Гауда нэрийн бяслаг худалдан авч, “Т” ХХК-д захиалга өгч Улаанбаатар хот руу төмөр замаар РONU2853707 дугаартай чингэлэгт тээвэрлүүлсэн. “Г” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ачааг хүлээн авахад 1257 хайрцаг ачаа замдаа алдагдаж, 104 хайрцаг ирсэн тул алдагдсан бяслагийн үнэ 59 678.42 евро, уг чингэлгийг ачихад зарцуулсан мөнгөний банкны хүүг нэмээд нийт 65 000 еврогийн хохирлыг барагдуулж өгөхийг “Т” ХХК-иас шаардсан. “Т” ХХК нь Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн албанд хохирол төлүүлэх талаар гомдол гаргаж, 6 сарын дотор шийдүүлнэ гэсэн боловч 1 жилийн дараа гомдлыг хангах үндэслэлгүй гэсэн хариуг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Т” ХХК-д өгсөн. “Г” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлөх талаар “Т” ХХК нь амлалт өгсөн ч арга хэмжээ авахгүй байсан тул бид 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс тээвэрлэлтийн төлбөрөөс суутган авсан. Үүнийг “Т” ХХК нь зөвшөөрч 65 000 еврогоо тээвэрлэлтийн төлбөрөөс хасч тооцуулах албан бичиг ирүүлж байсан. “Н” ХХК нь “Г” ХХК-д учирсан хохирлыг шаардах, суутган тооцох эрхтэй. “Т” ХХК-ийн нэхэмжилсэн 2014 оны 7 дугаар сарын тээврийн хөлс 78.615 еврог хохиролд суутган тооцсон тул уг төлбөрийг нэхэмжлэх, алданги тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Т” ХХК-ийн ХБНГУ дахь төлөөлөгч нь манай захиалгыг хүлээн авч, тариф санал болгосон бөгөөд бид зөвшөөрснөөр тэд ачааг тээвэрлэж, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр энэ талаарх мэдээг ирүүлсэн. Энэхүү тээвэрлэлтийн PONY2853707 дугаартай чингэлэгт “Г” ХХК-ийн ачаа болох ХБНГУ-ын ДМК Дойчэ Милчконтор компаниас худалдан авсан нийт 64 663.03 еврогийн үнэ бүхий 1361 хайрцаг бяслаг, тэр дундаа 13 198.16 кг, 1075 хайрцаг Эдам нэрийн бяслаг, 3 597.43 кг, 286 хайрцаг Гауда нэрийн бяслагийг ачуулсан. Уг ачаа бидэнд санал болгосон хугацаанаасаа хоцорч ирсэн бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Ти Ай ложистик” ХХК-ийн Улаанбаатар дахь менежер ачаа ирснийг мэдэгдсэн. “Г” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ачааг хүлээн авахад 1257 хайрцаг ачаа замдаа алдагдаж, 104 хайрцаг ирсэн тул гэрээний дагуу өөрт учирсан хохирол болох алдагдсан бяслагийн үнэ 59 678.42 евро, уг чингэлгийг ачихад зарцуулсан мөнгөний банкны хүүг нэмээд нийт 65 000 еврогийн хохирлыг барагдуулж өгөхийг "Т” ХХК-иас шаардсан боловч хохирол төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хэдийгээр алдагдсан ачаа нь “Г” ХХК-ийн өмч боловч “Г” ХХК-ийн хүсэлтээр уг ачааг “Н” ХХК нь хариуцан “Т” ХХК-тай байгуулсан гэрээгээр ачуулсан бөгөөд “Г” ХХК нь шаардах эрхээ манай компанид шилжүүлсэн тул РONY2853707 чингэлгээр ачигдсан ачааны хохирлыг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд “Ти Ай ложистик” ХХК-иас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасны дагуу алдагдсан бяслагны үнэ 59 678.42 евро буюу 155 292 797 төгрөг, бяслагийг худалдаад олох ёстой байсан ашиг болох 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13/18 дугаар гэрээг үндэслэн “Голден свит" ХХК-ийн ачааг “Т” ХХК-иар ачуулж байсан. Энэ дагуу одоо нэхэмжлэгчийн манай компаниас нэхэмжилж байгаа CSUU02216458 EMJU5623937, PONY 2853707 тоот чингэлгүүдээр манай ачаа ачигдсан. Манай компани нэхэмжлэлд дурдсан тээврийн болон зуучлалын төлбөрөөс “Т” ХХК-иас 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 1424 дүгээр нэхэмжлэхийн дагуу CSUU02216458 EMJU5623937 дугаар 2 чингэлгийн тээврийн болон зуучлалын хөлс болох 10 600 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгасан болно. Харин PONY2853707 тоот чингэлэгтэй ачаа нь алдагдаж манай компанид 59 680.50 еврогийн хохирол учирсан тул энэхүү ачааны тээврийн болон зуучлалын хөлсийг төлөх үндэслэлгүй. Иймд манай компанид холбогдуулан гаргасан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 215 157 958 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 58 038 888 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69 098 423 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдох, 194 135 659 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Н” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 027 376 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-иас төлсөн 1 128 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 1 233 740 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 448 144 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч М.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг 21 855 евро шаардах эрхтэй гэж буруу дүгнэж, хариуцагчийн төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. “Т” ХХК нь “Г” ХХК-иас PONY2853707 тоот чингэлгийн тээврийн хөлс нэхэмжилж байгаагүй, нэхэмжлэх ирүүлж байгаагүй. “Г” ХХК нь дээрх нэхэмжлэхийг үндэслэн 10 600 еврог 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийн дансанд төлсөн баримтыг хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар өгсөн. Гэтэл анхан шатны шүүх уг нотлох баримтыг үнэлэлгүйгээр төлбөр төлөгдөөгүй гэж үзээд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. PONY2853707 тоот чингэлгийн ОХУ-ын нутаг дэвсгэр дэх төмөр замын тээвэрлэлтийг хариуцаж байсан RTSB ХХК-ийн төлөөлөгчид Монголд ирж уулзахдаа уг чингэлгийн тээврийн хөлсийг нэхэмжлэхгүй гэж хэлсэн байдаг. 3,315 еврогийн төлбөр төлөгдөөгүй үлдсэнийг BBXU2867614 тоот чингэлгийн тээврийн хөлс 7,285 евротой нийлүүлэн 10,600 евро болгож “Г” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн мэтээр худал тооцоо гаргасан байна. “Г” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Г1424 тоот нэхэмжлэхийг үндэслэн CSUU0221645, EMJU5623937 тоот чингэлгүүдийн тээврийн хөлс 10,600 еврог 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийн дансанд төлсөн. “Т” ХХК нь PONY2853707 тоот чингэлгийн тээврийн хөлс 7,275 еврогийн зардал гарсныг “Г” ХХК төлөөгүй гэж нэхэмжилснийг шүүх хангасан байна. “Т” ХХК нь PONY2853707 тоот чингэлгийг тээвэрлэхэд 7,275 еврогийн зардал гарсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй. “Т” ХХК нь RTSB ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичигт “Т” ХХК-иас 13 чингэлгийн тээврийн хөлсийг хүлээн авсан тухай дурдсан байдаг бөгөөд PONY2853707 тоот чингэлгийн тээврийн хөлсийг хүлээн авсан тухай бичигдээгүй. Дээр дурдсанчлан RTSB ХХК-ийн төлөөлөгчид PONY2853707 тоот чингэлгийн тээврийн хөлсийг нэхэмжлэхгүй гэсэн тул “Т” ХХК-иас RTSB ХХК-д PONY2853707 тоот чингэлгийн тээврийн хөлс 6,645 еврог төлсөн тул “Г” ХХК-иас нэхэмжилж байна нь үндэслэлгүй. “Т” ХХК нь Улаанбаатар төмөр замд PONY2853707 тоот чингэлгийн тээврийн хөлсөнд 328 600 төгрөг төлсөн баримт, мөн дотоод зардалын 98 000 төгрөгийн баримт, хот доторх тээврийн зардал 230 000 төгрөгийг нотлох баримтуудаа шүүхэд өгөөгүй. Нэхэмжлэгч нь Монголын төмөр замд төлсөн болон хот доторх тээврийн зардал, компанийн дотоод зардал гэх төгрөгөөр тооцогдсон зардлуудыг 2014 оны ханшаар нь еврод шилжүүлэн, 2017 онд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар төгрөгт шилжүүлж нэхэмжилсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Г” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хууль буруу хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн гэрээний маргааныг зөв дүгнээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан бодитой үнэлээгүй, мөн хариуцагч "Н" ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлохоор нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон зэрэг нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, эргэлзээгүй байх зарчимд нийцээгүй байна. Анхан шатны шүүх нь үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ "Т" ХХК-иас "Сээкл" ХХК-д гэж "Н" ХХК-д ирүүлсэн алдагдсан ачааны үнэ болох 65 000 еврог "Т" ХХК-д төлөх ёстой тээврийн хөлсний тооцоонд суутган тооцох тухай тоот, албан бичгүүд болон албан бичгүүдийг илгээсэн цахим шууданд хийсэн үзлэгийн нотлох баримтыг үнэлсэнгүй. "Н" ХХК нь эдгээр албан бичгүүдийг үндэслэн тээврийн хөлсийг алдагдсан ачааны хохиролд суутган тооцсон байхад 3 жилийн дараа тээврийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг алдангийн хамт төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хэрэв эдгээр албан бичиг ирээгүй бол дээрх хугацаанд талуудын хооронд асуудлыг шийдвэрлэх боломж байсан бөгөөд алданги төлөх нөхцөл байдал үүсэхгүй байсан. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь Монголын төмөр замд төлсөн болон хот доторх тээврийн зардал, компанийн дотоод зардал гэх төгрөгөөр тооцогдсон зардлуудыг 2014 оны ханшаар еврод шилжүүлж, 2017 онд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасахгүйгээр ханшийн зөрүү 12 198 270 төгрөг, алданги нь 3 226 442 төгрөг, нийт 15 424 712 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. "Но", "Т" ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан "Тээвэр зуучлалын гэрээ" гэж нэрлэгдсэн 13/18 тоот гэрээ нь дан ганц тээвэр зуучлалын гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан буюу "Т" ХХК нь Олон улсын төмөр замын тээвэрлэлтийг иж бүрэн зохион байгуулах, "Н" ХХК-д ачааг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх ажил гүйцэтгэх үүргийг хүлээсэн гэрээ юм. Учир нь “Т" ХХК нь Монгол Улсад тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг болохоос энэхүү үйл ажиллагааг олон улсын тээврийн харилцаанд эрхлэх эрхгүй юм. Дээрх 13/18 тоот талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Олон улсын төмөр замаар ачаа тээвэрлэлтийг "Ти Ай ложистик" ХХК зохион байгуулсан нь түүний аж ахуйн үндсэн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл, "Н" ХХК болон "Г" ХХК-иудын ачааг тэвээрлүүлэхэд "Т" ХХК нь тээвэр зуучлалын ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх хэрэглэж шийдвэр гаргасныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тээвэрлэгчтэй тээврийн гэрээ байгуулсан этгээд нь "Т" ХХК тул 13/18 тоот гэрээний дагуу "Н" ХХК-ийн өмнө хийсэн ажлын гүйцэтгэлийн хариуцлагыг хүлээж алдагдсан барааны хохирлыг "Н" ХХК-д урьдчилан төлөөд, харин тээврийн гэрээ байгуулсан тээвэрлэгч талаасаа нөхөн төлбөрөө гаргуулах ёстой. Мөн “Г” ХХК болон "Т" ХХК хоёрын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч үйлдлээр гэрээг байгуулагдсан гэж анхан шатны шүүх буруу дүгнэсэн. "Г" ХХК, "Т" ХХК-ийн хооронд амаар болон ямар нэгэн хэлбэрээр хэлцэл огт хийгдээгүй. Харин "Н" ХХК болон "Т" ХХК-ийн хооронд байгуулагдсан "Тээвэр зуучлалын гэрээ” гэх гэрээний дагуу "Н" ХХК нь "Т" ХХК-д ажлын захиалга өгснөөр “Г” ХХК-ийн ачаа PONY2853707 контейнерээр ачигдсан тул гэрээний нөхцөлийн дагуу PONY2853707 контейнерийн талаар "Т" ХХК нь “Н" ХХК-ийн өмнө үүрэг хүлээх ёстой. Тээвэрлэлттэй холбоотой бүх харилцаа "Т" ХХК, "Н" ХХК-ийн хооронд үүссэн. "Т" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд "Н" ХХК нь хариу тайлбар гаргахдаа "Г" ХХК-тай холбоотой асуудлыг гэрээнийхээ дагуу хариуцан тайлбар өгсөн байхад "Г" компанийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй. "Н" ХХК-ийн ачаа тээвэрлэлт "Олон Улсын Төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр"-ийн /товчилсон нэршил нь ОАХХ гэх/ дагуу явагдсан бөгөөд энэхүү тээвэрлэлтийн оролцогч нь болох тээвэрлүүлэгч буюу илгээгч, хүлээн авагч нь "Т" ХХК байсан. Харин анхан шатны шүүх энэ хэлэлцээрийг хэрэглэсэнгүй. Учир нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 13/18 тоот тээвэр зуучлалын гэрээ гэж нэрлэгдсэн гэрээ бол "Ти Ай ложистик" ХХК-иас дан ганц зуучлалын үйлчилгээ авах биш харин гэрээний 1.1 дэх хэсэгт заасан тээврийг иж бүрэн зохион байгуулах үүргийг хүлээлгэсэн хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан гэрээ байсан тул "Т" ХХК нь ОАХХ-т заагдсан тээврийн гэрээний оролцогч юм. "Т" ХХК нь Олон улсын тээвэрт зуучлагчийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байхад анхан шатны шүүх түүнийг худалдааны зуучлагчийн эрх үүргийг хүлээсэн гэж үзсэн нь буруу болсон. "Т" ХХК нь "Н" ХХК-тай байгуулсан 13/18 тоот гэрээгээр Олон улсын төмөр замын ачаа тээвэрлэлтэд илгээгч, хүлээн авагчийн үүргийг болон хариуцлагыг манай компаний өмнөөс хүлээж үүнийхээ төлөө хөлс авахаар тохиролцсон алдагдсан барааны хохирлыг төлөх ёстой. Олон Улсын төмөр замын тээвэрлэлтэд оролцсон буюу падаанд заагдсан илгээгчээр бичигдсэн Интермодтранс, тээврийн хөлсийг "Т" ХХК-иас хүлээн аваад байгаа "RSTB" гэх компаниудтай "Н" ХХК болон “Г" ХХК-иуд огт харилцаагүй бөгөөд тэдний хооронд ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй. Иймээс "Т" ХХК-ийн эдгээр компаниудтай тээвэрлэлтийн талаар хийсэн гэрээнүүдийг нотлох баримтаар "Т" ХХК-иас гаргуулахаар хариуцагч "Н" ХХК шүүхэд хүсэлт гаргасан боловч хэрэгт хамааралгүй гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа "RSTB" компанид "Т" ХХК-иас шилжүүлсэн төлбөрийн баримтыг нотлох баримтаар үнэлэн тээврийн хөлсийг "Н" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Харин тээвэрлэлтэнд оролцсон илгээгч болон гэрээт тээвэрлэгчид, бусад тээвэрлэгчидтэй "Т" ХХК нь тээвэрлэлтийн гэрээг байгуулсан байхад анхан шатны шүүх түүнийг тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулсан гэж дүгнээд бараа алдагдсанд буюу хохирол учирсанд "Т" ХХК нь буруугүй гэж буруу дүгнэж шийдвэр гаргасан. "Т" ХХК тээвэрлэгдэн ирсэн ачааг хот дотор тээвэрлэн хүргэж өгч түүнийхээ төлөө мөн төлбөр авдаг байсан нь гэрээний 3.1 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ачаа алдагдахад хохирлыг хариуцах, барааг бүрэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн нь тодорхой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үнэлж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу тул шүүхийн шийдвэрийг залруулж энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах боломжтой.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “Н” ХХК-иас тээвэр зуучлалын гэрээний үүрэгт 170 157 958 төгрөг, алдангид 85 078 979 төгрөг, нийт 255 236 937 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас тээвэр зуучлалын гэрээний үүрэгт 58 038 888 төгрөг, алдангид 29 019 444 төгрөг, нийт 87 058 332 төгрөгийг тус тус нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч тээвэрлэлтийн явцад учирсан хохирол 155 292 797 төгрөг, олох байсан орлого 38 842 862  төгрөг нийт 194 135 659 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

                                                                                        

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Н” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ачаа тээврийн зуучлалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ачаа тээврийн зуучлалын гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ. /1-р хавтасны 6-8 дугаар тал/ Уг гэрээгээр нэг тал нь ХБНГУ-аас “Н” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс руу тээвэрлэхэд гадаадын тээврийн компанитай холбон зуучлах, ачаа барааг тээвэрлүүлэх, тээвэрлүүлсэн ачаа барааг тохиролцсон газар хүргэх, нөгөө тал нь тээвэрлэлтийн болон зуучлалын хөлс төлөхөөр талууд тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу тээвэрлэгч ОХУ-ын “RSTB” компанид хариуцагчийн өмнөөс төлсөн тээвэрлэлтийн хөлс, “дотоод зардал” гэсэн хэсгийн хүрээнд зуучлалын хөлс, алданги, өөрөө барааг тээвэрлэсэн хөлс зэргийг зуучлалын хөлс хэмээн тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Н” ХХК, “Г” ХХК-иудын барааг дотоодод тээвэрлэж ирэх, гадаадын тээврийн компанитай холбож өгөхөөр зуучилсан болох нь хэрэгт дээрх гэрээ зэрэг баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож дотоод зардал гэж нэрлэгдсэн хэсгээр зуучлалын хөлс 2 671 400 төгрөг болох тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу зуучлалын хөлс шаардах эрхтэй.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн 11 чингэлэг барааг, “Голден свит” ХХК-ийн 3 чингэлэг барааг ОХУ-ын “RSTB” компаниар тээвэрлүүлж хот доторх тээврийн зардалд 2 990 000 төгрөг гаргасан болох нь хэрэгт авагдсан 1 дүгээр хавтасны 208 дахь талд авагдсан тооцооны баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хөлс төлөх үүрэгтэй буюу ОХУ-ын “RTSB” компани нь “Т” ХХК-иас тээвэрлэлтийн хөлс шаардах эрхтэй юм.

 

Гэвч нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Н” ХХК, “Г” ХХК-иудын тээвэрлүүлсэн 14 чингэлгийн тээвэрлэлтийн хөлс 55 115 евро буюу 171 287 120 төгрөгийг ОХУ-ын “RTSB” компанид, Монголын төмөр замд 10 835 800 төгрөг төлсөн үйл баримт хэргийн 1 дүгээр хавтасны 47-50, 2 дугаар хавтасны 23-24, 31-45 дахь талд авагдсан баримтаар тогтоогджээ.                   

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч компаниудын өмнөөс ОХУ-ын “RTSB” компани, Монголын төмөр замд дээрх байдлаар тээвэрлэлтийн хөлс төлснөөр хариуцагч нар Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээврийн хөлс төлөх үүргээс чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгч “Т” ХХК өөрөөс зардал гарган төлсөн тээвэрлэлтийн хөлсийг хариуцагч “Н” ХХК, “Г” ХХК-иудаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

Хариуцагч нарын бараа бүтээгдэхүүнийг ХБНГУ-аас ОХУ-ын төмөр замаар тээвэрлүүлсний хөлсийг ОХУ-ын “RTSB” компанид еврогоор тооцож шилжүүлсэн, харин Монголын төмөр замд төлсөн тээврийн хөлс болон хот доторх тээврийн зардал, дотоод зардлыг монгол төгрөгөөр тооцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. /1 дүгээр хавтасны 70-71, 245-249 дүгээр тал, 2 дугаар хавтасны 1-24 дүгээр тал/ Гэтэл нэхэмжлэгч монгол төгрөгөөр тээврийн хөлс болон бусад зардал төлснөө евро-д шилжүүлж нэхэмжилсэнийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцэхгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээнд монгол төгрөгөөр төлсөн зардлыг еврогоор тооцох талаар тохиролцоогүй тул монгол төгрөгөөр төлсөн тээврийн хөлс болон бусад зардлыг монгол төгрөгөөр, еврогоор төлсөн тээврийн хөлсийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн еврогийн ханшаар тооцон гаргуулах үндэслэлтэй.

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа монгол төгрөг болон еврогийн харьцааг Монголбанкнаас нийтэд зарласан нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ханшаар тус тус тооцоолох нь зүйтэй гэж үзэв. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлнө” гэж заасан нь гадаад валютын монгол төгрөгтэй харьцах ханшийг бус харин төгрөгийн өөрийн ханшийг тодорхойлон зохицуулсан. Үүргийг гүйцэтгүүлэх талаар нэхэмжлэл гарган шүүхэд хандаж буй өдрөөр гадаад валютаар илэрхийлэгдсэн үүргийг тодорхойлох нь хуулийн дээрх заалтыг зөрчихгүй.

 

Иймээс “Н” ХХК-иас “Т” ХХК-ийн ОХУ-ын “RTSB” компанид тээврийн хөлсөнд шилжүүлсэн 55 115 евро буюу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Монголбанкнаас зарласан еврогийн монгол төгрөгтэй харьцах ханш 2 656,88 төгрөгөөр тооцож 146 432 288 төгрөг, Монголын төмөр замд тээврийн хөлсөнд төлсөн 6 850 000 төгрөг, дотоод зардал 2 377 400 төгрөг, хот доторх тээврийн зардал 2 300 000 төгрөг, нийт 157 959 688 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 198 270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

                                                                                  /2 дугаар хавтасны 116 дугаар тал/

 

Талуудын байгуулсан гэрээний 3.1.2-т зуучлуулагч тээврийн хөлсөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас шүүх алдангийн хэмжээг илт их гэж үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул анхан шатны шүүх алдангид 45 000 000 төгрөг гаргуулсныг хувь хэмжээтэй дүйцүүлэн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнээс тооцож 38 320 571 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч “Г” ХХК нь 3 чингэлгийн тээврийн хөлснөөс 2 чингэлгийн /GSUU 02216458, EMJU 5623937 дугаарын/ тээврийн хөлсөнд нэхэмжлэгч “Т” ХХК-иас ирүүлсэн 1424 тоот нэхэмжлэхийн дагуу тээврийн хөлс 10 600 еврог шилжүүлсэн тул төлөхгүй гэж маргасан байна. Хэргийн 1 дүгээр хавтасны 118 дугаар талд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг гэх баримт авагдсан бөгөөд уг баримтаас үзвэл “Т” ХХК-д “Го” ХХК 2014 оны 7 дугаар сарын тээврийн хөлсөнд 10 600 евро төлсөн болох нь нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагч “Г” ХХК-иас нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ОХУ-ын “RTSB” компанид төлсөн 19 955 еврогоос “Г” ХХК-ийн төлсөн 10 600 еврог хасч 9 355 евро буюу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Монголбанкнаас зарласан еврогийн монгол төгрөгтэй харьцах ханш 2 656.85 төгрөгөөр тооцож 24 854 832 төгрөг, Монголын төмөр замд төлсөн тээврийн хөлс 985 800 төгрөг, дотоод зардал 294 000 төгрөг, хот доторх тээврийн зардал 690 000 төгрөг, нийт 26 824 632 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.                                        /1 дүгээр хавтасны 100 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Г” ХХК-тай алдангийн талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу тохиролцсон баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги нэхэмжилсэн хэсгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй, алдангийн талаар талууд бичгээр тохиролцоогүй гэж үзэж алдангид 29 019 444 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ачаа тээвэрлүүлсэн тээврийн хөлсийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасны дагуу, хариуцагчийн барааг дотоодод тээвэрлэж ирэх, гадаадын тээврийн компанитай холбож өгөхөд зуучилсан зуучлалын хөлсийг 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу тус тус шаардсаныг Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан худалдааны зуучлалын гэрээ байгуулсан гэж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

 Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэгч “Т” ХХК-иас тээвэрлэлтийн явцад ачаа алдагдсанаас учирсан хохирол 155 292 797 төгрөг, олох байсан орлого 38 842 862  төгрөг нийт 194 135 659 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Хариуцагч “Н” ХХК нь “Г” ХХК-ийн 1361 хайрцаг бяслагийг ХБНГУ-аас Монгол Улсад хүргүүлэхээр тээвэр зуучийн гэрээг нэхэмжлэгч “Т” ХХК-тай байгуулсан бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид захиалга өгснөөр тээвэрлэх ажлыг зохион байгуулсан байна.

 

Хариуцагч “Н” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Г” ХХК-ийн 1 361 хайрцаг бяслагийг ХБНГУ-аас Монгол Улс руу ОХУ-ын “RTSB” компаниар тээвэрлүүлэх явцад уг чингэлгээс 1 257 хайрцаг бяслаг алдагдаж 104 хайрцаг бяслаг хариуцагч “Г” ХХК 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан болох нь Төмөр замын тээврийн акт, Худалдаа аж үйлдвэрийн экспертийн дүгнэлт, ОХУ-ын Мал эмнэлэг ургамлын ариун цэврийн хяналтын албаны 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр мал эмнэлэг-ариун цэврийн үзлэгийн 383825 акт зэрэг баримтаар тогтоогджээ.

        /1-р хавтасны 132, 134-137 дугаар тал, 2-р хавтасны 12-17, 25-30 дугаар тал/

.

Хэрэгт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр “Г” ХХК нь “Н” ХХК-д алдагдсан 1 257 хайрцаг бяслагны үнэ болон уг бяслагийг худалдан борлуулснаас олох байсан ашгийг “Т” ХХК-иас шаардах эрхээ шилжүүлсэн. Иймд “Г” ХХК нь тээврийн компаний тээвэрлэлтийн явцад ачаа алдагдсанаас учирсан хохирол 155 292 797 төгрөг, олох байсан орлого 38 842 862 төгрөг, нийт 194 135 659 төгрөг гаргуулахаар шаардлага гаргах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн авчээ. Иймд хариуцагч “Г” ХХК хариуцагч “Н” ХХК-ийн гэрээний үндсэн дээр шаардах эрх шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй тул ачаа алдагдсантай холбоотой хохирлыг тээвэрлэгчээс шаардах эрх “Н” ХХК-д байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь ОХУ-ын “RTSB” компанид хариуцагчийн төлөх 171 287 120 төгрөгийн тээврийн хөлсийг төлснөөр тээвэрлэгчийн шаардах эрхийг хуулийн дагуу өөртөө шилжүүлж авсан байх тул уг тээврийн гэрээний үүрэгтэй холбоотой хариу шаардлагыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар тээвэрлүүлэгч “Г” ХХК нь нэхэмжлэгчид хандан гаргах эрхтэй.

 

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт “тээвэрлэгч нь ачааг хүлээн авч тээвэрлүүлэгчид хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсаны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж заасан тул хариуцагч “Г” ХХК алдагдсан ачааны үнийг өөрт учирсан хохиролд тооцон нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.2, 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсэгт ачаа бараа дутагдсантай холбоотой үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг тухайлан заасан ба уг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдсэнийг нотлох үүрэг нэхэмжлэгчид байжээ. Хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр замын Ачаа тээврийн албаны 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 93/71 тоот гомдолд хариу өгсөн албан бичиг, ОХУ-ын Мал эмнэлэг ургамлын ариун цэврийн хяналтын албаны 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр мал эмнэлэг-ариун цэврийн үзлэгийн 383825 акт зэрэг нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг хариуцлагаас чөлөөлөх нөхцөл бий болсон гэх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Хэргийн үйл баримтаар уг бараа бүтээгдэхүүн хаана алдагдсан нь тогтоогдоогүй бөгөөд дээрх бараа бүтээгдэхүүнийг алдагдсанд нэхэмжлэгч буруугүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагчид учирсан хохирол 1 257 хайрцаг бяслагны үнэ 59 678.42 евро буюу Монголбанкнаас еврогийн төгрөгтэй ханшийг зарласан 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ханш болох 2 602.16 төгрөгөөр тооцож Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-иас хохиролд 155 292 797 төгрөг гаргуулж хариуцагч “Н” ХХК-д олгож, хариуцагч “Н” ХХК нь 38 842 862 төгрөгийн орлогыг бодитоор олох байсан үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 38 842 862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

                                                                                    /1 дүгээр хавтасны 100 дугаар тал/

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/02363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н" ХХК-иас 196 280 259 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-иас 26 824 632 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 119 190 378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-иас 155 292 797 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 842 862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч “Н” ХХК-иас 1 233 740 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 448 144 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагч “Н” ХХК-иас 1 139 351 төгрөг, “Г” ХХК-иас 292 073 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Т” ХХК-иас 934 413 төгрөгийг гаргуулж хариуцагч “Н” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Н" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 128 700 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 128 700 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ