Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2015/0616/з |
Дугаар | 217 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 217
Саран жим” ХХК-ний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаар магадлалтай, “Саран жим” ХХК-ний нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Саран жим” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар манай компанид нийт 68.474.200 төгрөгийн албан татвар, торгууль ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 263987 тоот актыг хэвээр үлдээх шийдвэр гаргасныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Учир нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч нар нь тус 263987 тоот актын илэрсэн зөрчлийн жагсаалт хэсэгтээ: 1. Хий бичилттэй НӨАТ-ын падаан ашиглан НӨАТ ногдох орлогоо бууруулсан, 2. ААНОАТ-ын тайлант орлого дутуу тусгасан, 3. НӨАТ-ын тайланд орлого дутуу тусгасан” гэх нийт 474 646 400 төгрөгийн нөхөн татвар, 18 734 000 төгрөгийн хүү, нийт 68 474 200 төгрөгийн татвар төлүүлэхээр заасан байна.
1. “Саран жим” ХХК нь 2012 оны 10 сарын 30-ны өдөр Дархан наран сүлд ХХК-иас бараа материал худалдан авч 012340416 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 22 727 300 төгрөгийн падааныг хүлээн авч улмаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа худалдан авалт хэсэгт тусгасан болно. Тухайн үед падааны дугаар, компанийн нэрийг оруулан зохих журмын дагуу шивэн тайлангаа илгээсэн бөгөөд холбогдох татварын хэлтэс Татварын Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3, 46.4 заасны дагуу хяналт шалгалтыг хийн ямар нэгэн зөрчилтэй гэсэн мэдээлэл гарч ирээгүй болно.
Гэтэл татварын байцаагч нар ийнхүү дараа нь хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоо бууруулж тайландаа тусгасан гэж үзэж нөхөн татвар ногдуулсныг Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах комисс үндэслэл бүхий хэмээн дүгнэлт хийхдээ Дархан наран сүлд ХХК-ийн захирал албан тушаалтай Т.Нэхийтийн мөрдөн байцаах ажиллагаанд сэжигтнээр өгсөн байцаалтыг хөтөлбөргүй нотлох баримт хэмээн үнэлж “Саран жим” ХХК-ийг буруутгасан нь үндэслэлгүй.
“Саран жим” ХХК нь Дархан наран сүлд ХХК-аас бараа материал худалдан авахдаа гэрээ хэлцэл байгуулаагүй, худалдан авсан бараа материалын нэр төрөл тодорхойгүй хэмээн дүгнэхдээ худалдан авалт бодитоор хийсэн байх, мөн худалдан авсан бараа материалын үнийн дүн чухал болохоос нэр төрөл чухал биш бөгөөд аливаа бараа материалыг заавал гэрээ хэлцэл хийсний дараа худалдан авдаг юм шиг буруу ташаа ойлгож буруутгасан нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл Дархан наран сүлд ХХК нь ч тухайн сарынхаа нэмэгдсэн өртөгийн албан татварын тайландаа борлуулалт хийсэн гэж тусгасан байх бөгөөд Татварын байцаагч нар ийнхүү зохих журмын дагуу тус падааныг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулан хуурамч болохыг тогтоолгоогүй, хуурамч болох нь Саран жим ХХК-тай холбогдох эсэх талаар дүгнэлт хийгээгүй байж, тухайн падааныг хуурамч гэж үзэж нөхөн татвар ногдуулсан.
2. Мөн “Саран жим” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай компани бөгөөд ийнхүү тус үүсгэн байгуулагч болох М.Цацрал миний бие компанийхаа захирлын ажлыг өөрөө гүйцэтгэдэг болно. Саран жим ХХК нь БГД-ийн 6-р хороо, 10-р хорооллын Бэгдү хотхонд 15 айлын орон сууцны захиалагчаар ажилласан бөгөөд ийнхүү тус 15 айлын орон сууцны барилга ашиглалтанд орох үед өөрийн болон нөхрийн ар гэрийхэнд тодорхой метр квадрат байруудыг тухайн үеийн өртгөөр нь тооцон өгсөн болно.
Тухайлбал: Нөхөр Э.Ганболорын эмээ болох Бадамгаравын Цэнд-Аюуш /ЧЛ46040361/-Д 35 мкв талбай бүхий 1 өрөө байр, нөхөр Э.Ганболорын дүү болох Э.Одбаяр /ЧЛ871О2071/-д 45.7 м.кв талбай бүхий 2 өрөө байр, өөрийн ээж болох Х.Эрдэнэцэцэг /УС54061809/-д 61 м.кв талбай бүхий 3 өрөө байр, Өөрийн ах болох М.Цэнгэл /ЧЛ76031176/-д 46.5 м.кв талбай бүхий 2 өрөө байр, мөн өөрөө нөхөр Э.Ганболор /ЧК79020514/-ын хамт 155 м.кв талбай бүхий 5 өрөө байрыг тус тус өөрсдийн гэр бүлдээ авсан болно.
Өөрөөр хэлбэл нийт 1.384 м.кв талбайтай 15 айлын орон сууц нь 618 476 600 төгрөгийн өртөгтэйгээр боссон бөгөөд 1м.кв нь 449,050 төгрөгийн өртөгтэй болно. Саран жим ХХК-ийн захирал М.Цацрал миний бие өөрийн болон нөхрийн аав ээж, ах дүү нарт дээрх орон сууцуудыг зах зээлийн өртгөөр нь тооцон шилжүүлсэн бөгөөд тухайн барилгыг баригдахад зориулж дээрх хүмүүсээс шилжүүлсэн орон сууцны өртөгтэй дүйцэхүйц мөнгийг өмнө нь Саран жим ХХК нь зээлж авч байсан нь тус компанийн холбогдох тайлан балансад тусгагдсан болно.
“Саран жим” ХХК нь уг 263987 тоот актанд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дээрх хүмүүст зах зээлийн үнээр зарж борлуулан ашиг олоогүй учир Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан "үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний зориулалтын орлого" олсон гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь тус Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Энэ хуулийн 8.1.1-т заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно" гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 14.4-т "Зээлийн хөрөнгөөр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэгт оруулж тооцох бөгөөд түүнийг ашиглалтад оруулсан үеэс зээлийн хүүд төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно" гэж тус тус заасан байна.
Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 7.5 дахь заалтыг Саран жим ХХК нь зөрчиж хамаарал бүхий этгээдүүдэд орон сууцыг өөрийн өртгөөр нь зарсан нь буруу, хууль зөрчсөн хэмээн дүгнэхдээ нэгд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хоёрт өмчлөгчийн эрхэнд хөндлөнгөөс халдаж, эрхийг нь үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.
Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч нарын 2013 оны 9 дүгээр сар 19-ны өдрийн 263987 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй “Саран жим” ХХК-ийн Татвар ногдуулалт төлөлтийн байдалд Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Х.Батхишиг З.Цэрэнлхам нар 2008 оны 5 дугаар сарын 12 өдрөөс 2013 оныг дуусах хүртэлх баримтад иж бүрэн шалгалт хийсэн.
Шалгалтаар Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн мэдээлэл /2013 оны 04 дүгээр сарын 15-ны 26/898 тоот албан бичигт/-д Дархан наран сүлд ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 30 өдөр 012340416 тоот Нэмэгдсэн өртгийн падаанд 22727300 төгрөгийг хий бичүүлэн авч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан. Саран жим ХХК нь 2011 онд 535165700 төгрөгийн борлуулалтын орлоготой, 2012 онд 73278800 төгрөгийн орлоготой нийт 609044500 төгрөгийн орлогыг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж татвар ногдуулан төлсөн байна. Тус компанитай холбоотой мэдээллийг Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1235 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд 15 байрыг нийт 865680000 төгрөгөөр худалдан борлуулсан гэрээ ирүүлсэн.
Уг мэдээллийг үндэслэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан борлуулалтын орлого 227188700 төгрөгийн дутуу, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 224730300 төгрөгийн орлого дутуу нь шалгалтаар нотлогдсон тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл "8.1 Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно: 8.1.1 Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого" гэсэн заалтыг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл "Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ" 7.1.1 "Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, 74.1 74.2 74.3-т заасны дагуу нөхөн татвар, алданги, торгууль нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйл, 17.2, 17.1.1, 17.1.2-д заасны дагуу нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан болно гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар Саран жим ХХК-д 68,474.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг 23,282.3 мянган төгрөгөөр бууруулж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн "ТОГТООХ" хэсгийн 1 дэх заалтыг "Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3,17 дугаар зүйлийн 17.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар "Саран жим" ХХК-д 68,474.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг 21,009.6 мянган төгрөгөөр бууруулсугай" гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39 тоот шийдвэр болон 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “… “Саран жим” ХХК 2012 онд орон сууц захиалан бариулж худалдсан орлогыг 621,480.3 мянган төгрөгөөр тайлагнасан нь Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 09 сарын 02-ны өдрийн 1235 дугаар албан бичгээр ирүүлсэн "Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт"-д захиалагч нарт 15 байрыг нийт 865,680.0 төгрөгөөр худалдсан талаарх баримтаас зөрсөн гэж үзэн ААНОАТ-ын тайланд тусгасан борлуулалтын орлогыг 227,188.7 төгрөгөөр буруулж тайлагнасан, 224,730.3 мянган төгрөгийн НӨАТ-ыг дутуу төлсөн гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
ААНОАТ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ, 6.1.1-д энгийн харьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг, 6.1.2-д ногдол ашиг, ашгийн хуваарлалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй, 6.1.3-д аж ахуй нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог гэж заажээ. Саранжим ХХК-ийн үүсгэн байгуулах шийдвэр болон дүрмээр Саран Жим ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, 1 гишүүнтэй, өөрөөр хэлбэл М.Цацрал тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд компанийн бүх эрх, үүргийг өөрийн нэрийн өмнөөс хариуцахаар зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ хамаарал бүхий этгээд гэж тодорхойлсон Саран Жим компанийн захирал М.Цацралын гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүсийг тус компанийн хамаарал бүхий этгээд гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т энэ хуулийн 8.1.1-т заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно, 14.4-т Зээлийн хөрөнгөөр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэгт оруулж тооцох бөгөөд түүнийг ашиглалтанд оруулсан үеэс заалийн хүүд төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэсний дагуу хасагдах ёстой, татвар ногдох орлого биш "гэсэн боловч маргаан бүхий актаар зээлийн хүүд төлсөн төлбөрт татвар ногдуулаагүй, харин Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан "үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 "Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа" гэсний дагуу Саран жим ХХК-ийн захиалан бариулсан орон сууцыг бусдад худалдсан орлого тодорхойлох ёстой гэж үзэж Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, 74.1, 74.2, 74.3-т заасны дагуу нөхөн татвар, алданги, .торгууль нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйл, 17.2,17.1.1, 17.1.2-д заасны дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 227, 188.7 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 22,473,3 мянган төгрөгийн нөхөн татвар 11,236,5 мянган төгрөгийн торгууль, 67,4 мянган төгрөгийн хүү ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзлээ.
Маргаан бүхий актаар тогтоосон зөрчилд ногдуулсан хариуцлага /торгууль, алданги, хүү/ нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент - байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т "Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ" гэж зааснаар татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар Саран жим ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж, нийт 68,474,2 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 11,236,5 мянган төгрөгийн торгууль, 67,4 мянган төгрөгийн хүү, маргаан бүхий актаар тогтоосон 22,727,3 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас хий бичилттэй падаанаар хасалт хийсэн зөрчлийг хүчингүй болгосонтой холбогдуулан уг зөрчилд ногдуулсан 3,155,4 мянган төгрөг, нийт 23,282,3 мянган төгрөгийн хариуцлагыг актаар тогтоосон төлбөрөөс бууруулж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ.
Гэтэл "Саран Жим" ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай компани бөгөөд ийнхүү тус үүсгэн байгуулагч болох М.Цацрал миний бие компанийхаа захирлын ажлыг өөрөө гүйцэтгэдэг болно. Улмаар манай "Саран Жим" ХХК нь Улаанбаатар хот, БГД-ийн 6-р хороо, 10-р хорооллын "Бэгдү" хотхонд 15 айлын орон сууцны захиалагчаар ажилласан бөгөөд ийнхүү тус 15 айлын орон сууцны барилга маань ашиглалтанд орох үед өөрийн болон нөхрийн ар гэрийхэнд тодорхой метр квадрат байруудыг тухайн үеийн өртгөөр нь тооцон өгсөн болно. Тухайлбал:
• Нөхөр Э.Ганболорын эмээ болох Бадамгаравын Цэнд-Аюуш /ЧЛ46040361/-д 35 мкв талбай бүхий 1 өрөө байр
• Нөхөр Э.Ганболорын дүү болох Э.Одбаяр /ЧЛ87102071/-Д 45,7 мкв талбай бүхий 2 өрөө байр
• Өөрийн ээж болох Х.Эрдэнэцэцэг /УС54061809/-Д 61 мкв талбай бүхий 3 өрөө байр
• Өөрийн ах болох М.Цэнгэл /ЧЛ76031176/-Д 46,5 мкв талбай бүхий 2 өрөө байр
• Мөн өөрөө нөхөр Э.Ганболор /ЧК79020514/-ын хамт 155мкв талбай бүхий 5 өрөө байрыг тус тус өөрсдийн гэр бүлдээ авсан болно.
Өөрөөр хэлбэл нийт 1,384 м.квадрат талбайтай 15 айлын орон сууц нь 618 476 600 /зургаан зуун арван найман сая дөрвөн зуун далан зургаан мянга зургаан зуу/-и төгрөгийн өртөгтэйгээр боссон бөгөөд 1м.кв нь 449,050 /дөрвөн зуун дөчин есөн мянга тавь/-н төгрөгийн өртөгтэй болно.
"Саран Жим" ХХК-ын захирал М.Цацрал миний бие өөрийн болон нөхрийн аав ээж, ах дүү нарт дээрх орон сууцуудыг зах зээлийн өртгөөр нь тооцон шилжүүлсэн бөгөөд тухайн барилгыг баригдахад зориулж дээрх хүмүүсээс шилжүүлсэн орон сууцын өртөгтэй дүйцэхүйц мөнгийг өмнө нь “Саран жим” ХХК нь зээлж авч байсан нь тус компанийн холбогдох тайлан баланс-д тусгагдсан болно.
Өөрөөр хэлбэл “Саран жим” ХХК нь уг 263987 тоот актанд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дээрх хүмүүст зах зээлийн үнээр зарж борлуулан ашиг олоогүй учир Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан "үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого" олсон гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.
Учир нь тус Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Энэ хуулийн 8.1.1-т заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно" гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 14.4-т "Зээлийн хөрөнгөөр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэгт оруулж тооцох бөгөөд түүнийг ашиглалтад оруулсан үеэс зээлийн хүүд төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно" гэж тус тус заасан байна.
ТЕГ-ын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 7.5 дах заалтыг “Саран жим” ХХК нь зөрчиж хамаарал бүхий этгээдүүдэд орон сууцыг өөрийн өртгөөр нь зарсан нь буруу, хууль зөрчсөн хэмээн дүгнэхдээ нэгд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хоёрт өмчлөгчийн эрхэнд хөндлөнгөөс халдаж, эрхийг нь үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.
Тиймээс ийнхүү Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч нарын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актыг хүчингүй болгох нь үндэслэлтэй юм.
Шүүх тус гаргасан шийдвэртээ Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Аж ахуй нэгжийн албан татварын 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 263987 тоот актаар “Саран жим” ХХК-д 68,472.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсаныг 23,282.3 мянган төгрөгөөр бууруулсугай гэж шийдвэрлэсэн нь төрийн эрх мэдэл бүхий байгууллагын хэт нэг талд хандсан буюу хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Мөн магадлалын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байх тул 2016 оны 01 дүгээр сарын 13-ны 39 дүгээр шийдвэр болон 2016 оны 03 дугаар сарын 23-ны 186 дугаар магдалалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Цэрэнлхам, Х.Батхишиг нар “Саран жим” ХХК-ийн 2008-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 263987 дугаар актаар 2012 онд “... “Дархан наран сүлд” ХХК-иас ... 22,727.3 мянган төгрөгийн НӨАТ-ын падаан хий бичүүлэн авч ... албан татвар ногдох орлогыг бууруулсан”, “...227,188.7 мянган төгрөгийн орон сууц борлуулсан орлогыг аж ахуйн нэгжийн албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдуулж төсөвт төлөөгүй”, “... 224, 730.3 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй” гэх зөрчлүүдийг дурдан, “...нийт 47,464.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 18.734.0 мянган төгрөгийн торгууль, 2,208.2 мянган төгрөгийн алданги, 67.4 мянган төгрөгийн хүү ногдуулах”-аар тогтоосон, нэхэмжлэгч хариуцагч нар актаар тогтоосон төлбөрийн хэмжээ, тооцоолол зөв, буруу эсэх талаар маргаагүй, нэхэмжлэгч “... бараа материал худалдан авч, ... нэмэгдсэн өртгийн албан татварын ... падаан авсан, ... падааныг хуурамч гэдгийг тогтоолгоогүй, хуурамч болох нь /манай компанитай/ холбогдох эсэх талаар дүгнэлт хийгээгүй, ... үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээр борлуулж, ашиг олоогүй, ... зээл, зээлийн хүүнд өөрийн /гэр бүлийн/ хүмүүст өртгөөр нь тооцон шилжүүлсэн ... /байхад/ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, өмчлөгчийн эрхэнд хөндлөнгөөс халдсан” гэж, хариуцагч “... Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн мэдээллээр ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд 22,727.3 мянган төгрөгийг хий бичүүлэн авсан нь /тогтоогдсон/, ... ҮХЭХ-ийн бүртгэлийн хэлтэст ... 15 байрыг нийт 865,680.0 мянган төгрөгөөр худалдан борлуулсан баримт ирүүлсэн ... /-ийг үндэслэн/ албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд ... нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан ... нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заажээ.
Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан зэргээс нэгтгэн үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.
Нэхэмжлэгч “Саран жим” ХХК нь “2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Дархан наран сүлд” ХХК-иас 22,727.3 мянган төгрөгийн арматурыг бэлэн мөнгөөр худалдан авсан” гэх боловч “Саран жим” ХХК-иас уг гүйлгээ гарсан, төлбөр тооцоо хийснийг нотолсон баримт байхгүй, хэрэгт авагдсан “Дархан наран сүлд” ХХК-иас 22,727.3 мянган төгрөгийн үнэ бүхий “арматурын” борлуулалтанд “Саран жим” ХХК-нд бичиж олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын 0012340416 дугаартай падаан, “Дархан наран сүлд” ХХК-ийн дугааргүй кассын орлогын ордер зэрэг нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна.
Иймд, хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгч “Саран жим” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын Бэгдү хотхонд 15 айлын орон сууцны барилгыг захиалан бариулсан, уг байрны 15 орон сууцны өмчлөх эрх нь нэр бүхий иргэдийн нэр дээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
Нэхэмжлэгч “Саран жим” ХХК-ийн захирал М.Цацралаас “...уг орон сууцны /таван/ байрыг өөрийн гэр бүлийн гишүүдэд өөрийн өртгөөр нь, ... зээл, зээлийн хүүнд бодож өгсөн... орлого олоогүй” гэх боловч, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талаас ийнхүү “...өөрийн өртгөөр нь өгсөн”, “... зээл, зээлийн хүүнд тооцсон”-ыг нотлох гэрээ болон бусад санхүүгийн анхан шатны баримтуудыг татварын хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарын маргаан бүхий актаар “... орлогыг татварын тайланд дутуу тусгасан” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө /үнэн зөв/ тодорхойлно”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл ...хөтөлнө”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал.../-ыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй/”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заасан, “Саран жим” ХХК-иас “...орон сууцыг зээл, зээлийн хүүнд бодож, өртгөөр нь өгсөн” нь баримтаар нотлогдохгүй байхад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “... үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцох” зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Саран жим” ХХК нь уг таван орон сууцыг “бусдад худалдаж, орлого олоогүй”-гээ өөрөө баримтаар нотлоогүй тул хариуцагч татварын улсын байцаагч нарын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн маргаан бүхий 263987 дугаар актаар “...орлогоо ... тайланд дутуу тусгасан” гэж үзсэн нь зөв байна.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Саран жим” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА