Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 260

 

                            Д.Батцоож, Ц.Батмөнх нарт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгч Ц.Батмөнх,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлалтай, Д.Батцоож, Ц.Батмөнх нарт холбогдох эрүүгийн 201414000421 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Батмөнх, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Даш овогт Доржсүрэнгийн Батцоож нь Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жунтон овогт Цэндийн Батмөнх нь Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод худалдан авсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Батцоожийг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн, бусдад худалдаж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, Ц.Батмөнхийг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Батцоожид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Ц.Батмөнхийг 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ц.Батмөнхөд оногдуулсан 1 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.036 шоо метр шинэс модыг улсын орлого болгож, 2 ширхэг сидиг хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Батмөнхөөс 1.672.228 төгрөг 50 мөнгө, Д.Батцоожоос 2.228 төгрөг 50 мөнгө гаргуулж Байгаль хамгаалах санд олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Батмөнх, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, шүүгдэгч Ц.Батмөнх нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Батцоож нь мод бэлтгэсэн, Батмөнх захиалсан гэдэг байдлыг урьд өдөр нь, 2 хоногийн өмнө гэж өөр өөрөөр, бусад нөхцөл байдалд тааруулж янз бүрээр мэдүүлдэг ба Батмөнх мод захиалсан, худалдан авсан гэх нөхцөл байдал нотлогдож тогтоогдоогүй. Хэрэгт хэд хэдэн гомдол, хүсэлт, тайлбар байгааг хэргийн нотлох баримттай харьцуулан судалж үзэхийг хүсч байна. Ц.Батмөнхийг үйлдээгүй хэрэгт хилсээр шийтгэсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Ц.Батмөнхөд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Батмөнх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Батцоож баригдаад ирэхээр төлбөр төлүүлчих хүн хайж намайг сонгон гүтгэж байна. Батцоожийн зорилго бол төлбөр төлүүлэх хүн байсан. Батцоож адгийн зарга арав хоног, чи өмгөөлөгч авах мөнгөө надад өгчих гэж байсан. Сүүлдээ мөнгө төлөхгүй бол чамайг чирнэ гэж дарамталж над руу 70 гаруй удаа залгаж, ярианы бичлэгийг тасдаж сидинд буулгасан. Батцоож Булган аймагт хууль бус модны хэрэгтэй байж байгаад 2014 оны 7 сард прокурор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэ хэрэг 2014 оны 5 сард гарсан. Манай эхнэр цагдаад шилжүүлж өгөөч, байгаль орчин дээр хяналтын камер шүүж өгөөч, энэ хэрэгт манайх ямар ч хамаа байхгүй гэж хүсэлт гарган удаа дараа очсон. Гэтэл цагдаагийн газар хэргийг дарж байгаад Батцоожийн Булган аймаг дахь хэрэг дууссаны дараа 8 сарын 26-нд гаргаж ирсэн. Батцоожийн найз Алтаншагай гэх мөрдөн байцаагч “та хоёр мөнгөө хоорондоо тохир, чи төлбөрөө төлчих юм бол гайгүй сална, эсвэл мөнгөө надад хадгалуулвал мэдүүлгийг нь өөрчилнө” гэж хэлж байсан. Миний өмгөөлөгч Ю.Ганбат ажлаа хялбаршуулах зорилгоор төлбөр төлөх юм бол хурдан сална гээд, Батцоож удаа дараа залгаж “мөнгө өгөхгүй бол чамайг чирнэ, миний мэдүүлэг чамд гай болно шүү, хугацаагаа бодсон ч мөнгө төл” гээд байхаар нь өөрт байсан моторгүй амжиргаа цагаан, гар хийцийн хөрөө рамыг ав гэж хэлсэн. Дараа нь өмгөөлөгчөө солиод Р.Нямцэрэн өмгөөлөгчид энэ тухай хэлтэл хэрэг хийгээгүй байж юу төлөх гээд байгаа юм гэсэн. Булган аймаг болон энэ хэрэгт холбогдсон машин гэрч Золбоогийнх, Батцоож энэ 2 бол хамтрагчид, хамаатнууд. Машинаа хураалгахгүйн тулд Батцоож хэргийг ганцаараа дааж хамтарч хулгай хийгээд нэг нь үүрээд нөгөө нь гэрч хийж байна. Золбоо, Батцоож нар тухайн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүй нойтон модонд явж удаа дараа зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байсан. Аймгийн шүүхэд гаргасан гомдлыг хүлээж авсангүй анхан шатны тогтоолыг хэвээр үлдээлээ. Би ямар ч мөнгө Батцоожид өгөөгүй, бид 2 уулзаагүй Золбоо ахыгаа өмөөрч худал мэдүүлэгч өгч байна. Үнэнбат нь Батмөнхөөс мөнгө авсан талаар юу ч хэлдэггүй “бид таксины мөнгөгүй байсан учир мууцалдаж Батцоож, Золбоо хоёрыг л чадах зорилгоор модыг нь илчилсэн” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэрэгт учир нь олдохгүй зүйл маш олон байна. Батцоож мод хийсэн газраа зааж чаддаггүй, Согоотын ам гэдэг газрыг анхны шүүх хурал дээр бүүр мэдэхгүй байсан. Учир нь Батцоож Согоотын ам биш Булган аймгаас мод хийсэн. Булганаас хийсэн гэхээр хэрэг хүндэрнэ гэж худал хэлээд байна. Өөрийгөө аврахын тулд үнэлгээ өндөр газар болох Согоот гэж гүтгээд мөнгөө надаар төлүүлэх санаатай байна. Тухайн өдөр гэртээ байсан манай эхнэрийн мэдүүлгийг авч хэлэлцэхгүй, намайг мөнгө авсан гэж худал гүтгэж байна. Үүнийг сайн шалгах хэрэгтэй, модны хоёр хулгайч нэг нь хэргээ үүрээд нөгөө нь гэрч хийж байгааг та бүхэн сайтар тунгаан шударгаар шүүж, дахин мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг “... Батцоож нь 2014 оны 5 дугаар сард Орхон аймаг Жаргалант сумын нутаг Согоот гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай 59 ширхэг буюу 3.036 м3 хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 3.344.457 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Батмөнх нь 2014 оны 5 дугаар сард Батцоожоос хэрэглээний 3.036 м3 мод бэлтгэж өгөхийг захиалж, худалдаж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч Золбоо, Үнэнбат, Эрдэнэ, шинжээч Цогбаатар нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Модыг Батмөнхийн хашаанд буулгасны дараа шалгалт явж байна гэсэн сургаар хойд талын хашаанд зөөж оруулсан болох нь Золбоо, Үнэнбат нарын мэдүүлгээр Батмөнхийн үйлдсэн хэрэг нотлогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Шүүх шүүгдэгч Д.Батцоож нь ойн тухай хууль тогтоомж зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэн бусдад худалдаж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Батмөнх нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн үйл баримтыг дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх”, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, 296.2 дахь хэсэгт заасан “... шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэр хэмжээ, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шалтгааныг шүүгдэгч тус бүрээр тодорхойлж, хэргийн талаарх үйл баримтыг нэгтгэн дүгнэсэн” байх шаардлагыг тус тус зөрчсөн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батцоожийг улсын яллагч яллаагүй, яллах дүгнэлтэд дурдаагүй хэрэгт буюу Эрүүгийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бие даасан шинж “худалдсан” гэх үйлдэлд гэм буруутайд тооцож сонсгосон ялыг хүндрүүлэн эрх зүйн байдлыг нь дордуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчжээ.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Д.Батцоожийг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа “... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэл мөн болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан “Ц.Батмөнхийг цагаатгуулах” тухай гомдлыг хянан хэлэлцээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол,  Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж, хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Д.Батцоож, Ц.Батмөнх нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ,

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Т.УРАНЦЭЦЭГ

   ШҮҮГЧ                                                                            Б.ЦОГТ