Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 000022

 

                                  Д.Батцоож, Ц.Батмөнх нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 142/2014/0225/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Шүүгдэгч                                            Ц.Батмөнх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч               Р.Нямцэрэн, Р.Бямбажав

            Нарийн бичгийн дарга                   О.Шинэцэцэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74А дугаар шийтгэх тогтоолтой Д.Батцоож, Ц.Батмөнх нарт холбогдох, 201414000421 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Батмөнх, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 12-07 тоотод оршин суух, ДЕ-84070114 регистрийн дугаартай, Даш овогт Доржсүрэнгийн Батцоож,

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 19-37 тоотод оршин суух, ГЮ-81121977 регистрийн дугаартай, Жунтон овогт Цэндийн Батмөнх.

 

Шүүгдэгч Д.Батцоож нь 2014 оны 05 дугаар сард Орхон аймгийн Жаргалант сумын Согоотын ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.036 м3 хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэн тээвэрлэн ойн санд 3.344.457 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Батмөнх нь 2014 оны 05 дугаар сард Д.Батцоожийг хэрэглээний мод бэлтгэж өгөхийг захиалж 3.036 м3 мод бэлтгүүлж худалдаж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74А дугаар шийтгэх тогтоолоор:

 

Даш овгийн Доржсүрэнгийн Батцоожийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жунтон овгийн Цэндийн Батмөнхийг зөвшөөрөлгүй мод худалдан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1., Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д зааснаар шүүгдэгч Д.Батцоожид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1.д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1., Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөд  оногдуулсан Д.Батцоожид 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаас өршөөн хэлтрүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ц.Батмөнхөөс 1.672.227 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга хоёр зуун хорих долоо/ төгрөг гаргуулж Байгаль хамгаалах санд олгож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4., 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3.036 шоо метр шинэс модыг улсын орлого болгож, 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Батцоож нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

 

Шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Батмөнх  давж заалдах гомдолдоо:

 

Цэнд овогтой Батмөнх намайг 2014 оны 05 дугаар сард ажил дээр байхад Батцоож мод авах уу? гэж байсан би авахгүй гэсэн гэтэл дараа нь дахин залгаад танай хашаанд буулгаад орой авна гэхээр нь би зөвшөөрөөгүй гэтэл Батцоож Хяналтын алба, Байгаль орчны хамтарсан шалгалт гарчихсан байна би модтой хөдөлж болохгүй байна. Гээд надаас гуйгаад байсан үгүй гэхэд тэгүүл танай арын айлын хашаа онгорхой байна оруулаад буулгалаа гэхээр нь би эзнээс нь асууж байж больё эзэнгүй айлын хашаанд буулгаж болохгүй ээ учир нь тэр айл манайхыг буулгасан гэж бодох байх тэгээд би арын айлын Эрдэнээ өвөөтэй утсаар ярьж энд нэг залуу мод түр танай хашаанд буулгаад орой авъя гэнэ гэхэд Эрдэнээ өвөө тэг тэг гэсэн. Гэтэл Батцоож хамт явсан гүрүүшиг Үнэнбаттай муудалдаж Үнэнбат шууд байгаль орчны байцаагчийн хувийн гар утас руу залгаж дуудлага өгсөн байна лээ. Батцоож мод нь баригдаад ирэхээр төлбөр мөнгө төлүүлчих хүн хайж намайг сонгон гүтгэж байна. Батцоожийн зорилго бол төлбөр төлүүлэх хүн байсан. Батцоож адгийн зарга арав хоног чи өмгөөлөгч авах мөнгөө надад өгчих гэж байсан. Сүүлдээ мөнгө төлөхгүй бол чамайг чирнэ гэж дарамталсан. Батцоож надруу 70 гаруй удаа залгаж дарамталж 1, 2 удаагийн яриан дундуурах бичлэгийг тастаж СD-нд буулгасан байсан. Батцоож Орхон аймагт хаана юу хийхээ үнэхээр мэддэг залуу байна лээ. Булган аймагт хууль бус модны хэрэгтэй байж байгаад 2014 оны 07 сард хэрэг нь прокурор дээрээс хэрэгсэхгүй болсон. Гэтэл энэ хэрэг 2014 оны 05 сард гарсан. Манай эхнэр цагдаад шилжүүлж өгөөч байгаль орчин дээр хяналтын камер шүүж өгөөч энэ хэрэгт манайх ямар ч хамаа байхгүй гэж хүсэлт гарган удаа дараа очсон. Гэтэл Цагдаагийн газар энэ хэргийг дарж байгаад Батцоожийн Булган аймаг дахь хэргийг дуусгах гэж хүлээж дууссаны дараа 08 дугаар сарын 26-нд гаргаж ирсэн.

 

Батцоожийн найз Алтаншагай гэх мөрдөн байцаагчид энэ хэргийг даалгасан байсан. Алтаншагай байцаагч та хоёр мөнгөө хоорондоо тохир чи төлбөрөө төлчих юм бол гайгүй сална эсвэл мөнгөө надад хадгалуулвал мэдүүлгийг нь өөрчилнө гэж хэлж байсан. Миний өмгөөлөгч Ю.Ганбат нь ажлаа хялбаршуулах зорилгоор төлбөр төлөх юм бол хурдан сална гэж байсан. Батцоож удаа дараа залгаж мөнгө өгөхгүй бол чамайг чирнэ миний мэдүүлэг чамд гай болно шүү хугацаагаа бодсон ч мөнгө л төл гэж байсан. Тэгэхээр нь би өөрт байсан моторгүй амжиргаа цагаан, гар хийцний хороо, рам хоёрыг л ав гэж хэлсэн. Дараа нь өмгөөлөгчөө солиод Р.Нямцэрэн өмгөөлөгчид энэ тухай хэлтэл хэрэг хийгээгүй байж юу төлөх гээд байгаа юм бэ гэсэн. Би энэ хэрэгт ямар ч хамаагүй болохоор хуулийн дагуу явна гээд өмгөөлөгч авсан. Булган аймагт хэрэгт холбогдсон машин энэ хэрэгт холбогдсон машин гэрч Золбоогийн машин Золбоо яагаад Батцоожид хууль бус модонд машинаа ашиглуулаад байна гэтэл энэ хоёр бол хамтрагчид, хамаатнууд машинаа хураалгахгүйн тулд Батцоож хэргийг ганцаараа дааж байна. Хамтарч хулгай хийгээд нэг нь үүрээд нөгөө нь гэрч хийж байна. Орхон аймгийн Байгаль орчны газарт Золбоо, Батцоож нар тухай тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүй нойтон модонд явж удаа дараа зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байсан юм байна лээ. Архаг хулгайч нарын арганд орж намайг гүтгэж байна.

 

Гэрч гэх Золбоогийн 2014 оны 05 дугаар сарын эхэн үед манай хамаатны ах Батцоож намайг Батмөнхийн гэрт мод буулгах хэрэгтэй байна гэхээр нь би Батцоожийг дагаад явсан. Батцоож бид хоёр миний машинд ачсан модыг Батмөнхийн хашаанд буулгасан. Батмөнхийн хашаанд мод буулгаснаас хойш 2-3 хоногийн дараа Батцоожтой хамт байхад Батмөнх, Батцоожийн гар утас руу залгаад байгаль орчноос шалгалт ирэх гээд байна, нөгөө модоо өөр хашаанд буулгах хэрэгтэй байна гэхээр нь Батцоож бид хоёр Батмөнхийн гэрлүү явж байхад Үнэнбаттай таараад Үнэнбатыг аваад Батмөнхийн гэрт очсон. Бид гурав хамт ачаад Батмөнхийн ар талын хашаанд буулгасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ үндэслэж тогтоол гаргалаа. Тэгвэл тухайн мод манай арын хашаанд буусан тэр өдрөө байгаль орчны байцаагчид баригдан явсан юм.

 

Орхон аймгийн Байгаль орчны газрын байцаагч Чинбат хэрэг гарсан өдрийн яг урд өдөр Батмөнхийн хашаанд шалгалтаар очиход ямар ч мод байгаагүй гэсэн байдаг. Батцоож зарим мэдүүлэгтээ би 50 гаруй мод ачиж ирсэн бүгд миний мод гэнэ заримдаа 20 нь минийх үлдсэн нь Батмөнхийн мод гэдэг. Энэ хоёр залуу дуртай үедээ мэдүүлгээ өөрчилж шүүх хуралд ордог. Би ямар ч, мөнгө Батцоожид өгөөгүй бид хоёр уулзаагүй Золбоо ахыгаа өмөөрч худал мэдүүлэг өгч байна.

 

Үнэнбат Батмөнхөөс мөнгө авсан талаар юу ч хэлдэггүй бид таксины мөнгөгүй байсан учир муудалдаж Батцоож, Золбоо хоёрыг л чадах зорилгоор модыг нь илчилсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэрэгт учир нь олдохгүй зүйл маш олон. Батцоож мод хийсэн газраа зааж чаддаггүй Согоотын ам гэдэг газрыг анхны шүүх хурал дээр бүүр мэдэхгүй байсан. Очоод маяти мод хийсэн газраа зааж чадахгүй байсан. Учир нь Батцоож Согоотын ам биш Булган аймгаас мод хийсэн юм байна лээ. Булганаас хийсэн гэх юм бол хэрэг хүндэрнэ гэж худал хэлээд байна. Өөрийгөө аврахын тулд үнэлгээ өндөр газар болох Согоот гэж гүтгээд мөнгөө надаар төлүүлэх санаатай байна.

 

Тухайн өдөр гэртээ байсан манай эхнэрийн мэдүүлгийг авч хэлэлцэхгүй байна. Намайг мөнгө авсан гэж худал гүтгэж байна. Үүнийг сайн шалгах хэрэгтэй модны хоёр хулгайч нэг нь хэргээ үүрээд нөгөө нь гэрч хийж байна та бүхэн үүнийг сайтар тунгаан үнэн зөвийг олон шударгаар шүүж өгнө үү.

 

Дахин мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Энэ хэргээс болж миний бие сэтгэл санаа болон эд материалын хохирол амссан. Би маш их гомдолтой байна ямар ч буруугүй хүнийг гүтгэн гүжирдэж байна гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Батмөнхийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдах гомдолдоо:

 

М.Батцоож, Ц.Батмөнх нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1.д заасан хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны 74А тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Энэ хэрэг анхан шатны шүүхээр 4 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа, хяналтын шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдэж байна. Шүүхийн эдгээр бүх шатанд Д.Батцоож хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ хүлээдэг бөгөөд Ц.Батмөнх үгүйсгэдэг юм. Хэрэг дахин дахин шийдвэрлэгдэж байгаа нь шүүхийн тогтоол, магадлалын дүгнэлт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг чанд баримтлахгүй байгаа, Ц.Батмөнхийг гэм буруутайд болон гэм буруугүйд тооцохдоо яллах болон цагаатгах нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүх тодорхойлоогүй шийдвэр гаргасантай холбоотой байдаг. Энэ алдааг дахин давтах ёсгүй байтал анхан шатны шүүх аанай л өмнөх байдлаар хандсан болох нь гомдлын дараах үндэслэлүүдээс ойлгогдоно гэж үзэж байна.

 

Шүүхийн тогтоолд Ц.Батмөнхийг хууль бусаар бэлтгэсэн модыг худалдан авсан гэх үйлдлийг модыг 300.000 төгрөгөөр худалдан авсан, өөрийн хашаанаасаа арын хашаанд зөөлгүүлж буулгасан болох нь Ш.Эрдэнээ, Ш.Үнэнбат, Б.Золбоо нарын мэдүүлэг, дуу бичлэгийн хуурцаг, Д.Батцоожийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж дүгнэжээ. Үүнийг хэрэгт байгаа нотлох баримтуудыг харьцуулан нарийвчлан авч үзье.

 

а. Эсрэг сонирхолтой яллагдагч, шүүгдэгч Д.Батцоожийн мэдүүлгээр болон түүний төрсөн дүү /Б.Золбоо өөрөө мэдүүлэг өгөхдөө ингэж илэрхийлсэн байгаа/ Б.Золбоо нарын мэдүүлгээр Ц.Батмөнхийн гэм бурууг тогтоох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарчим нийцэхгүй.

 

б. Ц.Батмөнх нь Золбоогоос модыг худалдан авсан, төлбөр төлснийг батлах ямар ч нотлох баримт байхгүй. Д.Батцоож эхлээд Ц.Батмөнхийн эхнэр Баярмаагаар 200.000 төгрөг шууд авсан гэж мэдүүлсэн ба Үнэнбат, Золбоо, Шижирбат нартай “Оргилуун” буудалд архи уугаад буудлын хөлсөнд төлөх мөнгө гүйгээс маргалдан Үнэнбатыг орхиод явсан учраас Үнэнбат Байгаль орчны байцаагчид мэдээлэл өгсөн нь тогтоогдсон. Энэ байдал нотлогдоод ирэхээр маргааш нь аюулгүйн тойргийн тэнд очиж Ц.Батмөнхөөс 200.000 төгрөг авсан болж хувирч, үүнийгээ дүү Б.Золбоогоороо гэрчлүүлсэн байдаг. Гэтэл шүүх 300.000 төгрөгөөр модыг худалдан авсан гэж дүгнэсэн нь таамаглалын шинжтэй байна. Д.Батцоож модьг 600.000 төгрөгөөр, 300.000 төгрөгөөр өгч авахаар Ц.Батмөнхтэй тохирсон гэж хуурамч гэрчүүдийнхээ мэдүүлэгт тохируулж өөрөөр мэдүүлдэг.

 

в. Модыг анх Шижирбаттай хамт явж бэлтгэсэн гэж Д.Батцоож мэдүүлсэн ба үүнийг нь Шижирбат үгүйсгэхээр ганцаараа явж бэлтгэсэн болж улмаар Үнэнбат, Золбоо нартай Батмөнхийн хашаанаас ачсан гэж мэдүүлдэг. Хуурамч гэрчүүд нь зөрж Үнэнбат урьд шөнө буулгасан гэх модыг ачсан гэдэг бол Золбоо 2-3 хоногийн өмнө буулгасан модыг ачсан гэж зөрүүтэй мэдүүлдэг. Гэрч Үнэнбатыг дахин асуулгахаар хүсэлт гаргахад мөрдөн байцаагч олдоогүй гэх тодорхойлолт бичиж хэрэгт хийдэг ба шүүх хуралдаанд оролцуулах гэхэд хаягтаа байхгүй гэж хэлсэн байдаг. Ц.Батмөнх хаягаар нь явж очиход Үнэнбат байсан гэдэг ба “ Би Батцоожид нээнтэгтэй учир яалт ч үгүй худлаа мэдүүлэг өгсөн, одоо шүүхэд очмооргүй байна, та нар түүгээр учраа ол” гэсэн гэж Ц.Батмөнх мэдүүлж байгааг шалгаж нягтлах боломжгүй буюу шаардлагагүй байдгийн учир юу вэ.

 

г. Эрдэнээгийн мэдүүлгийн хувьд Д.Батцоожийн гуйлтаар Ц.Батмөнх түүн рүү ярьж “Танай хашаанд мод буулгаад орой авъя” гэж ярьснаа өөрөө баталдаг бөгөөд энэ нь Батмөнх хууль бусаар бэлтгэсэн модыг худалдан авсан гэх нотолгоо болохгүй юм.

 

д. Энэ хэргийн талаар өгсөн БОГ, МХГ-ын мэдээллийг Цагдаагийн байгууллага дарж, улмаар уг мэдээллийг устгаж, /мэдээлэл ирсэн, олдоогүй шалгагдаагүй баримт хэрэгт би/ улмаар энэ хугацаанд буюу энэ асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө 2015 оны 07 дугаар сарын 02-оос эхлэн Д.Батцоож нь Ц.Батмөнх рүү ярьж “Хэрэгт татах, төлбөр хариуцуулах" талаар 70 гаруй удаагийн хандалт хийж, улмаар түүнийгээ бичлэг болгон хадгалж, хожим Ц.Батмөнхийг буруутай болгох нотлох баримт сэлт болгон гаргаж өгсөн байдалд шүүх дүгнэлт өгөх ёстой. Дээрх бичлэгийг шүүх залхууралгүй бүгдийг сонсож хэн хэн рүүгээ хэрхэн хандаж, асуудал тавьж байгаа агуулгад бүхэлд нь дүгнэлт өгөх учиртай. Шийтгэх тогтоолд хуурцаг бичигдсэн ярианы агуулга, хандлагад биш хуурцаг гэдэг эд зүйлээр нотолгоо болгосон нь илт буруу.

 

3.Шүүх Ц.Батмөнх, гэрч Баярмаа нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Ц.Батмөнхийг гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэстэй гэж дүгнэжээ. Ингэхдээ:

 

А. Шүүх дараах гэрчүүдийн мэдүүлэг буюу Ц.Батмөнхийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримтыг яагаад үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

 

Гэрч Буянаагийн мэдүүлэгт Батмөнхийн эхнэр “ Батмөнхийн эхнэр байгаль орчны хүмүүст цагаан мяатитай хүмүүс буулгасан ах дүү хоёр байдаг” гэж хэлж байсан гэх мэдүүлэг ,

 

Гэрч Нямсүрэнгийн мэдүүлэгт Батмөнхийн эхнэр Даариймаа /Баярмаагийн нэрийг ташаарсан/ маргааш нь Байгаль орчны газар дээр ирээд тэр моднуудын талаар тайлбарлахдаа “манай хойд талын хашаанд буусан мод манай мод биш. Цагаан машинтай хүмүүс ирээд эхлээд манай хашаанд түр буулгая гэхээр нь зөвшөөрөөгүй, тэгээд арын эзэнгүй айлд буулгасан байгаа, би машиных нь дугаарыг мэднэ, та нар камераа шүүгээрэй” гэж хэлээд явсан гэх мэдүүлэг,

 

Гэрч Чулуунцэцэгийн “Батмөнхийг хотоос машин авчирсан гэхээр нь тэднийд очсон, Баярмаа хүүхэдтэйгээ байсан, хашаанд нойтон мод байгаагүй, Үнэнбат гэх залуу 10 мянган төгрөг гуйж аваад гарсан, гадаа нь машинтай хэлэн залуу мод авах уу гээд зогсож байсан” гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Чинбатын нууцалсан дугаараас “Өглөө үүрээр Батмөнхийн арын хашаанд нойтон мод буулаа” гэсэн мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг,

 

-Гэрч Чинбат, Баярмаа нарыг нүүрэлдүүлэн байцаахад гэрч Чинбатын “намайг 5 дугаар сарын эхээр Батмөнхийн хашааг шалгах гэхэд эзэнгүй, нохой нь сул байхаар нь хажуу талын айлын хашаагаар ороод хөрөө рамыг нь  харахад бүтээлэгтэй, хашаанд нь ямар ч мод байгаагүй, маргааш нь Хабитатын 10 дугаар гудамжинд нойтон мод буулаа гэх мэдээллээр очиход Батмөнхийн хашаанд мод байгаагүй, арын хашаа руу нь машин орсон мөр байхаар нь ороход мод байсан” гэсэн мэдүүлэг буюу нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.,  79 дүгээр зүйлийн 79.4.т заасныг зөрчсөн гэж дүгнээгүй атлаа үнэлэхгүй байгаа нь шүүх хэт яллах талыг барьж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж байгааг харуулна.

 

Б. Ц.Батмөнх нь “Батцоож тэр үед Булган аймагт модны хэрэгт шалгагдаж байсан юм билээ. Тэгээд энэ хэрэг нь илэрвэл давтан үйлдэл болох учраас манай руу ирж надаас гуйж айлд буулгуулаад намайг гүтгэж байна” гэсний дагуу байдлыг судлахад яг тэр үед Д.Батцоож Булган аймагт модны асуудлаар шалгагдаж байсныг нотлох баримтыг өмгөөлөгч би өгсөн нь хэрэгт байгаа. Д.Батцоож мод огтолсон гэх газраа яг зааж чадахгүй байгаа нь илт эргэлзээтэй. Хэрэв ингэж заасан бол ёзоороор нь тухайн төрлийн мод таарах эсэх, ойрхон газраас хурдан хугацаанд ганцхан шөнөөр бэлтгэсэн гэх /59 модыг ганц хүн ууланд хөрөөдөж унагаад, мөчирлөж цагаалаад, машин байх газарт зөөж хүргээд, үзүүр ёзоорыг тайраад, ачаад ирэх/ бодит боломжид дүгнэлт өгөх боломжтой юм.

 

В. Гар утасны бичлэгээс хийсэн хуурцагны бичлэгт Батмөнхийн гэм бурууг үгүйсгэх цөөнгүй яриа байхад шүүх ганцхан Д.Батцоожид ашигтай буюу түүнийхийг үнэн гэдэг талаас нь үнэлж байгаагийнхаа учрыг заах ёстой.

 

Г. Аливаа эд зүйлийг худалдах, худалдан авах гэдэг хоёр талд харилцаа юм. Гэтэл Д.Батцоожийг хууль бусаар мод бэлтгэж, худалдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1.д заасан гэмт хэргийн бие даасан бүрэлдэхүүнээр яллаагүй, ял халдаагаагүй атлаа Ц.Батмөнхийг түүнээс хууль бус мод худалдан авсан гэж яллаж, ял оноосон нь хууль бус байна. Энэ тохиолдолд хууль бус мод худалдсан гээд байгаа Д.Батцоожийг энэ ял хариуцлагаас чөлөөлсөн, эсхүл Ц.Батмөнх өөр этгээдээс уг модыг худалдан авсан гэхдээ тэрхүү худалдсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон тохиолдолд л Ц.Батмөнхөд дангаар нь ял халдаах боломжтой юм.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд заасан нэмэгдэл ялыг ийм хэрэгт заавал хэрэглэх заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Улсын дугаар, бүртгэлтэй тухайн тээврийн хэрэгслийг шүүх шууд хураах ба иргэд хоорондоо солилцсон, зарсан бол холбогдох тооцоогоо иргэний журмаар хийх учиртай.

 

6. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан үнэлж дүгнэхээ хялбарчилж удаа дараагийн яллах дүгнэлтэд бичсэн гэрчүүдийн мэдүүлгийг тэр чигээр нь бичиж шийдвэрээ гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 95.2-т заасныг зөрчиж улмаар мөн хуулийн 318, 319-д заасан нөхцөлийг бий болгож байна.

 

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийг удирдлага болгон 74А шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Ц.Батмөнхөд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгана уу гэжээ.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

        

          Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

 

            Шүүгдэгч Д.Батцоож нь 2014 оны 05 дугаар сард Орхон аймгийн Жаргалант сумын “Согоотын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.036 м3 хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

            Шүүгдэгч Ц.Батмөнх нь 2014 оны 05 дугаар сард Д.Батцоожийн ойн тухай хууль тогтоомж зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр  бэлтгэсэн нойтон шинэс модыг худалдан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

            Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдсон Жаргалант сумын байгаль хамгаалагч Б.Мягмарын ...2014 оны 05 дугаар сард манай Жаргалант сумын “Согоотын ам” гэх газраас хүн зохих зөвшөөрөлгүй нойтон мод бэлтгэсэн  байсан..., мод бэлтгэсэн хүн ойн санд учруулсан хохирлоо бүрэн гүйцэд нөхөн төлчих юм бол гомдол санал гээд байх юм байхгүй... гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Ш.Үнэнбатын ...Би 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэр хорооллын эцсийн буудал дээр байж байсан чинь Батцоож ирээд өчигдөр шөнө Батмөнхийн хашаанд буусан модыг аваад ар талын айлын хашаа руу нь буулгах хэрэгтэй байна, ачилцах хүн олдохгүй байна..., замаараа Золбоог аваад гурвуулаа хамт Батмөнхийн гэрт очоод модыг нь ачаад зөөгөөд өгье гэхээр нь би зөвшөөрөөд замаараа Золбоог гэрээс нь аваад бид гурав Золбоогийн ачааны машинтай Батмөнхийн гэрт очсон чинь Батмөнхийн хөрөө раманд нэлээд олон тооны нойтон мод байхаар нь Батцоож, Золбоо бид гурав Золбоогийн ачааны машинаар хоёр хувааж ачаад Батмөнхийн арын айлын хашаанд буулгасан..., ...Тухайн өдөр Батмөнхийн хөрөө раман дотор яг хэдэн тооны мод байсан эсэхийг нарийн тоолж үзээгүй..., би 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчны ажилтан Чинбат руу утсаар ярьж Батмөнхийн хөрөө рамнаас нойтон мод зөөгөөд ар талын айлд нь буулгасан, та нар шалгаарай гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Ш.Эрдэнийн ...Би өдрийг нь санахгүй байна. 2014 оны 05 дугаар сард Батмөнх над руу гар утсаараа яриад өвөө танай хашаанд мод буулгаад удахгүй авчихъя гэхээр нь би Батмөнхөд хариу өгөөгүй утсаа салгасан. Орой гэртээ ирсэн чинь манай хашааны баруун урд буланд нилээд олон тооны нойтон мод буулгасан байхаар нь гэр бүлийн хүнээсээ энэ ямар учиртай мод юм бэ гэхэд өглөө дэлгүүр орчихоод гэртээ ирсэн чинь энэ моднуудыг манай хашаанд буулгасан байна гэхээр нь би шууд Батмөнхийн мод байна гэж ойлгосон..., Байгаль орчны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд “модны зөвшөөрөл, бичиг баримт байна уу, энэ мод хэний мод юм... гэхээр нь урд айлын Батмөнх гэдэг залуугийн мод байх, Батмөнх над руу гар утсаар яриад манай хашаанд мод түр буулгаад буцаагаад авах талаар ярьж байсан гэсэн чинь нөгөө хүмүүс намайг энэ модтой холбоотой гээд дайраад байхаар нь би уурлаад тэр хүмүүстэй хэрэлдэж маргалдсан..., Батмөнхийн гэрт хүн байгаагүй..., Маргааш нь Байгаль орчноос хүмүүс ирээд манай хашаанд байсан моднуудыг ачаад явсан..., Батмөнх яагаад манай хашаанд буулгах гээд байсан талаараа хэлээгүй.., Тэр моднууд нойтон моднууд байсан... гэсэн мэдүүлэг,

  

            Гэрч Т.Нямсүрэнгийн ...2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Байгаль орчны газрын байгаль хамгаалагч Чинбатын хамт Их залуу багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Чинбат ахын гар утсанд дуудлага ирээд  “Их залуу Хапитатын 10 дугаар гудамжинд байдаг хөрөө рамтай Батмөнх гэдэг хүний хашаанд нойтон мод буусан байгаа очоод шалгаад өгөөч” гэхээр нь Чинбат ах бид хоёр хапитатын 10б- 8 тоотод очсон чинь эзэнгүй байшин байсан бөгөөд ардаа хөрөө рам ажиллуулдаг айл байсан..., Батмөнхийн арын айлын хашааны хаалга нь онгорхой хашааны баруун урд буланд 2 метрийн урттай олон тооны нойтон мод буусан байхаар нь гэрт нь байсан эрэгтэй, эмэгтэй хоёр настай хүнтэй уулзаад “энэ хэний мод вэ зөвшөөрөл байгаа юу” гэхэд нөгөө хүмүүс манай урд хашааны Батмөнхийн мод байгаа юм..., Бид хоёрыг байхгүй хойгуур манай хашаанд буулгасан байна гэхээр нь би тэр хоёр хүнээс Батмөнхийн гар утны дугаарыг авч залгахад утсаа авахгүй байсан..., Тэгсэн нөгөө өвөө Батмөнхийн гар утас луу залгаад чи энэ модныхоо учрыг ирж олооч байгаль орчны болон мэргэжлийн хяналтын хүмүүс ирсэн шалгаад байна яах гэж биднийг байхгүйд манай хашаанд мод буулгасан юм гээд загнаад байсан..., Би дахин Батмөнх рүү залгахад гар утас нь дуудаж байгаад авахгүй утсаа салгасан... гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч З.Чинбатын ...2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Нямсүрэнгийн хамт Их залуу багаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад миний гар утсанд нууцалсан дугаараас дуудлага ирээд “Хапитатын 10 дугаар гудамжинд Батмөнхийн хашааны харалдаа ногоон хаалганд үүрээр нойтон мод буулаа та нар очиж шалгаач” гэхээр нь Батмөнхийг рам ажиллуулдаг болохоор нь тэднийд буусан юм байх гээд очиход гэрт нь хүн байгаагүй..., Нямсүрэн бид хоёр нөгөө хашааг нь хайгаад явж байсан чинь утсаар хэлсэн хүн дахин залгаад олсон уу гэхээр нь дахин заалгахад яг Батмөнхийн ар талын урагшаа харсан ногоон хаалгатай айл байгаа гэхээр нь очиход хашааны баруун урд буланд олон тооны нойтон мод буусан байсан..., Гэрээс нь настай эрэгтэй хүн гарч ирэхээр нь мод зохих зөвшөөрөлтэй эсэх талаар асуухад би энэ модыг мэдэхгүй намайг байхгүй байхад манай хашаанд буулгасан байсан гээд.., тэр өвгөн Нямсүрэнтэй хэрэлдээд байсан..., тэгээд  Нямсүрэнгийн хажууд гар утсаараа модны эзэнтэй яриад байх шиг байсан... гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Б.Золбоогийн ...Би 2014 оны 05 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Батцоож намайг гэртээ байж байхад хоёулаа нэг айлд очоод энэ моднуудыг буулгаад ирье гэхээр нь би Батцоожоос юун мод юм гэсэн чинь зүгээрээ хүн захиалсан мод гэж хэлсэн..., Батцоож бид хоёр миний машинтай Их залуу Хапитатад гэр нь байдаг хашаандаа хөрөө рам ажиллуулдаг Батмөнх гэдэг залуугийн гэрт очоод нөгөө моднуудаа хашаанд нь буулгасан..., Тэгсэн хоёр, гурав хоногийн дараа Батцоож нөгөө айлд буулгасан модыг өөр газар буулгах хэрэгтэй байна хоёулаа очоод буулгаад өгчихье Батмөнх бид хоёрын дунд ярьсан яриа байгаа гэхээр нь би зөвшөөрөөд замаасаа Үнэнбат гэдэг найзыгаа аваад нөгөө мод буулгасан айлд очсон чинь Батмөнх өөрөө байсан бөгөөд байгаль орчноос шалгалт ирэх гээд байна манай ар талын айлын хашаа  руу буулгаад өгөөч гэхээр нь Батцоож Үнэнбат бид гурав Батмөнхийн хөрөө рамнаас өөрийнх нь болон бидний буулгасан моднуудтай нийлүүлээд 50 гаруй ширхэг модыг ачаад арын айлынх нь хашаанд буулгаж өгөөд явсан..., 90-07 ОРХ улсын дугаартай “Маяти” маркийн машин нь миний эзэмшлийн машин байсан бөгөөд надад мөнгөний хэрэг гараад хүнд худалдсан..., Энэ машиныг Батцоож бид хоёрын хэн нь ч хамаагүй унаад явдаг болохоор би зөвшөөрөлгүй модонд явсан гэдгийг мэдээгүй..., Хэрэв мэдсэн бол машинаа өгөхгүй байсан..., Эхлээд зөвшөөрөлгүй модонд явсныг нь мэдээгүй сүүлд Батмөнхийг Байгаль орчны хүмүүс шалгах гээд байна нөгөө модоо өөр газар буулгаад өгөөч гэхээр нь Батцоожтой буулгасан мод зөвшөөрөлгүй байсан юм байна гэдгийг мэдсэн...Батцоож Батмөнхийн машинаас гарч ирээд миний машинд суухдаа Батмөнхөөс 200.000 төгрөг авлаа үлдэх 100.000 төгрөгийг нь дараа өгнө гэнэ гэж ярьж байсан..., гэртээ харих замдаа дэлгүүр орж тамхи авахдаа надад Батмөнхөөс авсан гэх 200.000 төгрөгийг үзүүлсэн... гэсэн мэдүүлэг,

 

            -Гэрч Б.Баярмаагийн ...2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр Батмөнх өглөө ажилдаа явахдаа цэцэрлэгийн хүүхдээ аваад явсан..., Би том хүүтэйгээ гэртээ байж байтал цагаан “Маяти” машинтай мод ачсан залуу ирсэн бөгөөд тэнд зүс мэдэх мод зардаг залуу байсан..., Бас нэг танихгүй залуу, Үнэнбат гэдэг таньдаг залуу байсан..., Тэд ачсан модоо бүтээсэн байсан..., Манайх хөрөө рам ажиллуулдаг болохоор модыг нь үзэхэд бичиг, баримтгүй нойтон мод байхаар нь авахгүй хөрөөнд оруулах боломжгүй гэж хэлсэн...,Тэгсэн тэр залуу манай гадаа байгаад байсан..., Би модыг буулгаж болохгүй гэхэд тэд манай хаалгыг дахин дахин нүдээд байсан..., Ойр хавийнхаа таньдаг айлд ч хамаагүй буулгуулчих модны шалгалт яваад байна гээд гуйгаад байсан..., Намайг хүүхдээ хичээлд явуулахаар гарахад Батцоож машинтайгаа манай харалдаа ард талын айлын хашаа руу ороод модоо буулгаж байсан... гэсэн мэдүүлэг,

 

            -Шинжээчийн 2014-08-22-ны өдрийн 4 дугаартай :

 

            “...Ойн санд учруулсан хохирлын хэмжээг 1.114.819 төгрөгөөр тогтоолоо..., Байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1.д заасныг  үндэслэн Ойн санд учирсан хохирлыг Ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.114.819 төгрөгийг х 3= 3.344.457 төгрөг нөхөн төлүүлнэ”... гэсэн  дүгнэлт болон  

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2014-09-01-ний өдөр 2 метрийн урттай, 59 ширхэг нойтон мод хураан авсан тухай тэмдэглэл, Д.Батцоож, Ц.Батмөнх нарын ярьсан гэх ярианы бичлэгтэй гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

            Шүүгдэгч Д.Батцоож нь хамгаалалтын бүсийн ойгоос хэрэглээний мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх ба шүүгдэгч Ц.Батмөнх нь Д.Батцоожоос дээрх модыг худалдан авахдаа гарал үүслийн бичиг, төлбөр хураамжийг төлсөн баримтыг шаардан авалгүйгээр хөрөө рамныхаа хашаанд буулгуулж мэдсээр байж худалдан авсны улмаас байгаль орчинд учруулсан хохирол 1.114.819 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд заасны дагуу ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.344.457 төгрөгийн хохирол улсад нөхөн төлүүлж, ойг ашиглах, хамгаалах тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул хууль бусаар бэлтгэсэн модыг хурааж, учруулсан хохирлын хэмжээгээр нь эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

 

            Д.Батцоожийн зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэн ирсэн нойтон “шинэс” модыг Ц.Батмөнх нь худалдаж авсан болох нь Д.Батцоожийн “...Батмөнхтэй тохирч модонд явсан..., Батмөнх модыг худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Золбоогийн “...Ц.Батмөнхийн хашаанд модыг буулгаад шалгалт ирэх сургаар модыг өөр айлын хашаанд буулгасан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Эрдэнийн “...Батмөнх миний гар утсаар яриад танай хашаанд мод буулгаад удахгүй авчихъя...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Үнэнбатын “...Батмөнхийн хашаанд буулгасан модыг арын айлын хашаанд нь зөөж буулгасан...” гэсэн мэдүүлэг  зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Батмөнх нь дээрх модыг худалдан авсан болох нь нотлогдож тогтоогджээ.

 

            Гэрч, яллагдагч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу  цуглуулж, бэхжигдсэн  байх бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх ба анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Батмөнхийн гаргасан  “...би гэмт хэрэг үйлдээгүй..., дахин шалгуулах хүсэлтэй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү... гэсэн, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан  “...Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Ц.Батмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 74А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Батмөнх, түүний  өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.