Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0265

 

 

                          “М в к ББСБ” ХХК-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Галмандах, хариуцагч Т.Эрдэнэчимэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 246 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Монголжин венчур капитал ББСБ” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 246 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Монголжин венчур капитал ББСБ” ХХК-ийн гомдлоор Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Т.Эрдэнэчулуун нарын 0297424 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс 58,480,000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ногдол ашгийг хувьцаагаар олгох үед хувьцаа эзэмшигчийн хувийн эзэмшилд ямар ч хөрөнгө шилжүүлээгүй буюу Татварын ерөнхий хууль/2008/-н 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “шилжүүлсэн орлого” байхгүй байхад түүнд ногдох татварыг суутгаж, төсөвт төлөх үүргийг “Монголжин венчур капитал ББСБ” ХХК хүлээхгүй. Шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж зааснаас үзэхэд хувьцаа нь хөрөнгө биш, эрх гэдэг нь харагдаж байна. Шүүх “... хувьцаа нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан тухайн хуулийн этгээдийн хөрөнгө байх тул...” гэх эрх зүйн дүгнэлтээс харахад хувьцаа нь компанийн хөрөнгө юм бол хувьцаа эзэмшигчид ашгаас олгосон хувьцаа мөн адил компанийн хөрөнгө болно. Энэ тохиолдолд компани өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлээгүй тул зөрчил үүсэхгүй, түүнд ногдох хууль зүйн хариуцлага байхгүй гэсэн үг. Ногдол ашгийг хувьцаагаар олгох үед хувьцаа эзэмшигчид дээрх 3-н эрхийн эрх хэмжээ нэмэгдээгүй. Тухайлбал “Монголжин венчур капитал ББСБ” ХХК нь ганц хувьцаа эзэмшигчтэй, ногдол ашгаар хувьцаа олгож, хувьцааны тоо ширхэг нэмэгдсэн ч хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээ нь 100 хувь хэвээр буюу хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүй, орлого олоогүй, өгөөж хүртээгүй юм. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчийг ногдол ашгаар орлого олсон гэж үзвэл түүнд ногдол ашиг олгогч компани нь ямар хөрөнгө шилжүүлсэн эсэх талаар бодит нөхцөл байдалд дүгнэлт өгөх ёстой. Хувь нийлүүлсэн хөрөнгө /хувьцаа/, хуримтлагдсан ашиг нь тухайн компанийн эзэмшиж буй хөрөнгийн эх үүсвэрийг илэрхийлэх тоон утга бөгөөд ямар нэг хөрөнгийг шууд төлөөлөхгүй. Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297424 тоот шийтгэлийн хуудсын 260297424 тоот тэмдэглэлд 400,000,000 төгрөгийн ногдол ашгийн орлогоос суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар тайлагнаагүй, татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчил нь ...” Хувь хүний орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэг, 8 дугаар зүйл, 13 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзэн холбогдох хууль зүйн хариуцлага оногдуулсан. Гэтэл шүүх дээрх зөрчлийн шийдвэрийн үндэслэл хэсэгт Аж ахуйн нэгжийн орлогын албан тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дах хэсэг, 9 дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээд нь хуримтлагдсан ашгаасаа хувьцаа эзэмшигчид хувьцаа олгохдоо суутгал хийх ёстой байсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хувьцаа эзэмшигч нь хувь хүн бол хувь хүний орлогын албан татварын хуулиар, аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар тухайн харилцааг зохицуулдаг. Тодруулбал аж ахуйн орлогын албан татварын хуулиар зохицуулагдах харилцааны субъект нь татварын алба болон аж ахуй нэгж байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нэмэлт тайлбарын үндэслэл бүрт дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн шийдвэрийг хэрхэн зөв гэж үзсэнээ тайлбарлаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Т.Эрдэнэчулуун нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297424 дүгээр Шийтгэлийн хуудсаар “Монголжин венчур капитал ББСБ” ХХК-ийг “хувьцаа хэлбэрээр олгосон ногдол ашигт татвар суутган тооцоогүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хугацаа хоцроож төлсөн” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэгт зааснаар 40,000,000 төгрөгийн нөхөн татвар, 12,762,392.50 төгрөгийн торгууль, 6,868,820.20 төгрөгийн алданги, нийт 59,631,212.70 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Монголжин венчур капитал ББСБ” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсын “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ийн Хоёр дахь хэсгийн 1.1-д заасан “2017 онд хувьцаа эзэмшигчид хувьцаа хэлбэрээр олгосон хувьцааны ногдол ашгийн 400.000.000 төгрөгийн орлогоос суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар тайлагнаагүй, татварыг суутган авч төсөвт шилжүүлээгүй зөрчилд 40.000.000 төгрөгийн нөхөн татвар, 12.000.000 төгрөгийн торгууль, 6.480.000 төгрөгийн алданги, нийт 58.480.000 төгрөгийн төлбөр ногдуулсан”-ыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хувьцаа эзэмшигчийг ногдол ашгийн орлого олсон гэж үзэхгүй, хувьцаа нь татвар ногдох ногдол ашгийн орлого биш” гэх агуулгаар маргасан.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/  8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна”: 8.1.3 “хөрөнгийн орлого”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Хөрөнгийн орлогод дараахь орлого хамаарна”: 13.1.3 “ногдол ашгийн орлого”, 13.4-т “Энэ хуулийн 13.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь хүртээх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно”: 19.1.3 “ногдол ашгийн орлогыг дүнгээр нь” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Монголжин венчур капитал ББСБ” ХХК  нь үйл ажиллагааны хуримтлагдсан ашгаасаа 400.000.000 төгрөгийг хувьцаа хэлбэрээр, ногдол ашигт тооцон хувьцаа эзэмшигч Д.Урнаад хуваарилсан дүнгээр тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 800.000.000 төгрөг болж өөрчлөгдсөн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд үүнийг дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлвэл албан татвар ногдуулах орлогод хувьцаа хэлбэрээр олгосон 400.000.000 төгрөгийн ногдол ашиг хамаарахаар байна. Тодруулбал,

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна” гэж, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй”, 3.3-т “Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ” гэж зааснаас үзвэл “хувьцаа” нь татвар ногдох зүйлийн “тодорхой эрх” болно.

Иймд хувьцаа эзэмшигч Д.Урнаад ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх эрхийг гэрчилж буй хувьцаагаар ногдол ашиг олгосныг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 13.4-т заасан “мөнгөн бус орлого” гэж үзэх бөгөөд суутгагч болох нэхэмжлэгч “Монголжин венчур капитал ББСБ” ХХК нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална”: 26.1.1. “энэ хуулийн ...12.2, 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан орлогын дүнд 23.2.4-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх”, 26.3-т “Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Ийнхүү Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ холбогдох зохицуулалтыг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад, хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан” гэж заасан зөрчлийн шинжийг агуулж байх тул татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж зааснаар алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий акт хууль зөрчөөгүй.

Хариуцагч улсын байцаагч нар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүх  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь буруу бөгөөд зүй нь маргаан бүхий актад зөрчсөн гэж тодорхойлсон хуулийн заалт тухайн зөрчилтэй холбогдож байгаа эсэхэд дүгнэлт өгөх ёстой байжээ.

          Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “Монголжин венчур капитал ББСБ” ХХК-ийг үйл ажиллагаанаас олсон орлогодоо татвар ногдуулаагүй гэж үзээгүй, харин хувьцаа эзэмшигч М.Урнаад ногдол ашиг олгохдоо уг орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан гэж үзсэн байх тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль хэрэглэгдэхгүй.

Хэрэглэх ёсгүй хуулийг тайлбарлан хэрэглэсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болж чадахгүй байна.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 246 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 /2019.03.22-ны өдрийн хуулиар өөрчлөгдсөн/, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Монголжин венчур капитал ББСБ” ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Т.Эрдэнэчулуун нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297424 дүгээр Шийтгэлийн хуудсын 58.480.000 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

               

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                       Б.Тунгалагсайхан

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН