Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2018/0001

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.П-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/202, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/607 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2017 оны 3 сарын 07-ны өдрөөс хойшхи цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах, хууль бус захирамжаас болж учирсан гэм хор болох эрүүл мэндийн байдал хүндэрч эмчилгээ, мэс засал хийлгэсэн зардал, хууль зүйн туслалцаа авсан зардал нийт 3.000.000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Миний бие Б.П нь Баянхонгор аймгийн хүүхдүүдийн боловсрол, тэдгээрийн ирээдүйн төлөө боловсролын салбарт тасралтгүй 34 жил ажиллаж залуу нас, ажил амьдарлаа энэ л салбарт зориулсан.

Энэ салбарт ажиллаж байгаад 2014 онд Баянхонгор аймагт 11 дүгээр цэцэрлэг шинээр үүсгэн байгуулагдаж тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт зарласны дагуу зохих шалгалтанд орж тэнцэн, Баянхонгор аймгийн засаг даргын 2014 оны 01 сарын 06 -ны өдөр 11 дугаартай захирамжаар 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан юм.

Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/202 тоот захирамжаар намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.

Би шинээр үүсгэн байгуулагдсан 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 105 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт, нийгмийн хэрэгцээ шаардлагаар 180-200 гаруй хүүхдийг хүлээн авах боломжийг бүрдүүлж сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд болгонд хүргэхийн төлөө чадах чинээгээрээ ажиллаж байсан.

Манай цэцэрлэг шинээр байгуулагдсан учраас боловсон хүчин, бүтэц орон тооны хувьд 24 хүнээс 80 хувь нь урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байгаагүй хүмүүс байсан бөгөөд үлдсэн 20 хувь нь хүүхдийн байгууллагад олон жил ажиллаж байгаагүй, дадлага туршлага багатай байсан учраас энэ хамт олныг би 3 жилийн хугацаанд удирдан чиглүүлж дадлага, хандлагыг төлөвшүүлэн баг хамт олонтойгоо гар нийлэн хүүхдийн төлөө ажилладаг сайхан хамт олон болгосныг манай аль ч багш мэднэ.

Цэцэрлэг бүр өөрийн боломжид түшиглэн оюуны спорт болон даамаар хөгжүүлэхээр үзэл ажлын төлөвлөгөөгөө боловсруулан, багш нараа судлаач багш болгох зорилт тавин ажилласнаар манай цэцэрлэгийн 4 хүүхэд 2017 онд улсаас даамны зэрэг хүртсэн.

Мөн манай цэцэрлэгийн хамт олон багаараа сүүлийн 3 жилд орон нутаг, аймгийн чанартай ажил мэргэжлийн уралдаанд эхний 3 байрыг тогтмол эзлэх болсон нь манай хамт олны бахархал юм. Энэ мэтчилэн би эрхэлсэн ажилдаа эзэн болохын тулд маш их хичээл зүтгэл гарган ажиллаж байсан.

Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн шуурхай хуралдаан дээр иргэдээс өргөдөл гомдол ирсэн гэх үндэслэлээр намайг буруутгаж олны өмнө дайрч доромжилсон. Түүний дараа цэцэрлэгийн эрхлэгч нар Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах хурал дээр ч мөн л дарамталж, үндэслэлгүйгээр удаа дараа доромжилж, 2017 оны 03 сарын 07-ны өдөр дотоод аудитын шалгалтын дүнгийн хурал дээр ч өмнөх зүйлээ дахин ярьж доромжилж миний нэр төрд халдаж байсан.

Намайг удаа дараа шахаанд оруулж, дарамталж, доромжилж байгаад ажлаас халсан. Би тэр үед маш их цочролд орж тархинд цус харван биеийн байдал хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгийн байгууллага миний амийг аврахын тулд тархины маш хүнд мэс заслыг хийсэн. Одоо ч дахин мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлсээр байгаа ч биеийн байдал улам дордож байна.

Би сурган хүмүүжүүлэгч хүний хувьд ажил үүргээ чанар стандартад нийцүүлэн, ямар нэгэн алдаа эндэгдэлгүйгээр, чин сэтгэлээсээ гүйцэтгэж явахад өөрийн үзэмжээр дур мэдэн шийдвэр гаргаж, ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсний улмаас би эрүүл мэндийн хувьд ч эрх, эрх чөлөөнийхөө хувьд ч маш их хохирол амсаад байгаадаа туйлын гомдолтой байна.

Энэ захирамжийг гаргахдаа надаас ямар нэгэн байдлаар асуугаагүй, тайлбар аваагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй шууд л намайг ажлаас чөлөөлсөн.

Тус захирамжийг гаргахдаа иргэдээс ирүүлсэн гомдол, Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн шалгалтын дүн, Захиргааны ерөнхий хуулийн 27,93,94 дүгээр зүйлүүдийг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн нь хэт нэг талыг барьсан хууль бус захирамж болсон.

Надад ямар нэгэн тайлбар өгөх боломж олгоогүй, дотоод аудитын хорооны хуралдаанаас гаргасан дүгнэлтэд ямар нэгэн хариу тайлбар гаргах боломжгүй нөхцөл байдал гаргасан.

Засаг даргын энэ шийдвэр нь Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг илтэд зөрчсөн хууль бус захирамж болсон.

Би 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 17 цаг 30 минутын үед ажил дээрээ өрөөндөө байж байхад *******, *******, гэх хүмүүс таныг ажлаас чөлөөлсөн захирамж гарсан гэж орж ирээд шууд уншиж танилцуулсан. Энэ захирамж гарснаас болж сэтгэл санааны хүнд байдалд орсон бөгөөд 2017 оны 03 сарын 13,14-ний өдөр ажлаа хүлээлцсэн тэр шөнөө сэтгэл санааны хүнд байдалд орж тархинд даралт харвасан.

Одоо хотод тархины хүнд хагалгаанд орж биеийн байдал маш хүнд байна. Хүнийг хууль бус тушаал гарган ажлаас чөлөөлж, ажил амьдралаас нь салгаж улмаар үүнээс болж миний эрүүл мэндэд хүнд хохирол учирч хотод очин тархины хүнд хагалгаанд орсон, одоо дахин хүнд хагалгаанд орохоор болж маш их хохирол учирч байгаад үнэхээр гомдолтой байна.

Энэ захирамжаас болж эрүүл мэндээрээ хохирсон төдийгүй, цалингаараа, нийгмийн даатгалын шимтгэлээрээ, эрүүл мэндийн даатгалаараа хүртэл хохирсон. Би сард 711 200 төгрөгний цалин авдаг байсан.

Би хууль зүйн мэдлэг дутмаг төдийгүй, аймгийн хамгийн том албан тушаалтны эсрэг зарга үүсгэж байгаа учраас өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага гарч өмгөөллийн “Энх Уран Итгэл” ХХНөхөрлөлд хандан хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулсан. Энэ зардлаа ч гэсэн нэхэмжилнэ. Намайг ажлаас чөлөөлсөн энэ захирамж гараагүй бол би дээрх зардлуудыг гаргахгүй байсан. Иймд дараахи нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/202 дугаартай захирамж нь хууль бус тул түүнийг хүчингүй болгуулах, намайг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 03 сарын 07-ны өдрөөс хойшхи цалин гаргуулах, тухайн цалинтай холбоотой нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах, тухайн хууль бус захирамжаас болж учирсан гэм хор болох эрүүл мэндийн байдал хүндэрч эмчилгээ, мэс засал хийлгэсэн зардал, хууль зүйн туслалцаа авсан зардал нийт 3.000.000 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан тайлбартаа: Б.П миний бие хэргийн материалтай танилцаад ихэд цочирдлоо. Баянхонгор сумын 7 дугаар багт байрлах 11 дүгээр цэцэрлэг 2014 онд ашиглалтанд ороод сүүлийн 3 жилийн хугацаанд /хичээлийн жил/ сум, аймагтаа ажил үйлсээрээ шалгарч, тэргүүлж, манлайлж явсан. Хэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Эрхлэгч байсан миний хувьд хамт олноо хүндэтгэж байна. Харин иргэд, ард олноос ирсэн өргөдөл, гомдлын үнэн зөвийг дэнслүүлэн байж, нийгэмд ил тодоор мэдээлж байх нь удирдах дээд байгууллагын албан ажлыг хийж буй хүний эрхэм ёс зүй, хариуцлага байж гэмээ нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байх ёстой гэж боддог. Гэвч Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг, 19 дүгээр зүйлийн 3-т заасныг тодорхой зөрчсөн үйлдэл болсон байна.

Өөрийн биеийг Улаанбаатар хот руу явж шинжилгээ хийлгэхээр 2 удаа дээд байгууллагад өргөдөл өгсөн боловч чөлөө олгоогүйн улмаас өвчин хүндэрч, ажлын тодорхой чадвар буурч, эдийн засгийн маш их хохирол амсаж, эрүүл мэнд хүндэрсэн. Манай цэцэрлэгт 2017 онд /2 удаа/ Аудитын газрын төлөвлөгөөт шалгалт, дотоодын явцын аудит тус тус орж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан. Хөгжлийн төлөө түүчээлж байгаа байгууллага, хөдөлмөрийн явцад хөгжиж, төлөвшиж байгаа шинэ хамт олныг болон удирдлагаар ханган ажиллаж байсан жирийн эмэгтэйд боломж олгож, хэлэх үгийг маань сонсож, манай байгууллагын ажилтай биечлэн танилцаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие Б.П нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан захирамж хүчингүй болгуулах, ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, хууль бус актын улмаас өөрт учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай Захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа билээ.

Тус хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд 2017 оны 04 сарын 07-ны өдөр өгснөөс хойш хариуцагч талаас шалтгаалан өнөөдрийг хүртэл тус асуудал шийдвэрлэгдээгүй байна.Энэ хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд өгснөөс хойш хариуцагч тал нь миний ажиллаж байсан байгууллага руу өөрийн эрх мэдлээ ашиглан ямар нэгэн байдлаар шалгалт оруулах, цагдаад өгч шалгуулах, зэргээр төрийн байгууллагуудын хүчийг миний эсрэг ашиглан үйл ажиллагаа явуулж байна.

Уг нь намайг ажиллаж байх хугацаанд 2016 онд төрийн аудитын газраас манай байгууллагад хяналт шалгалт хийгээд зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан, дахин дотоод аудитын газраас шалгалт орж "бага эрсдэлтэй" гэж дүгнэлт гаргасан байхад хариуцагч талаас ганцхан намайг ажлаас чөлөөлснөө баталгаажуулах гэж Дотоод аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг хяналт шалгалтын байгууллагад заавар чиглэл өгч өмнө нь шалгаснаас өөр хүмүүсийг оруулж надаас ямар нэгэн байдлаар өө хайх, алдаа олох гэж өмнөх хийж байсан ажлыг бүгдийг нь шалгуулж байгаа сурагтай байна.Энэ мэтчилэн төрийн бүхэл бүтэн албыг хүмүүсийг ажилгүй болгохын тулд ажиллуулж байна. Ажлаас чөлөөлөгдснөөс хойш би одоог хүртэл маш их хохирч стрессээс шалтгаалан даралт харваж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, маш их хэмжээний эмчилгээ хийлгэсэн, улмаар гэр бүлийн хүнтэй үзэл бодлын зөрчилдөөн үүсч хамтран амьдрах ямар ч боломжгүй болоод байна.

Ямар нэгэн өрхийн орлоггүй болж, ганцаараа айлын байр түрээслэн гурван настай хүүхэдтэйгээ хоёулахнаа маш хүнд байна. Энэ нь шинээр томилогдсон гэх эрхлэгчийн албан бичгээс харагдаж байна.

Төрийн эрх мэдэлтэн хүний энэ мэт увайгүй үйлдлээс болж миний гэр бүл, үр хүүхдүүд минь хүртэл надад итгэхгүй байдалд хүрч манай нөхөр хүртэл удаа дараагийн худлаа зүйлээс болж надаас ичиж явдаг байх. Энэ мэт байдал нь надад бас дахин хохирол учруулж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж байна.

Мөн энэ нэхэмжлэлээ шийдүүлэх гэж байх хугацаанд Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2017 оны 08 сарын 29-ний өдөр Б/607 тоот захирамж гаргаж миний ажлын байран дээр Э.Т гэх хүнийг 2017 оны 09 сарын 04-ний өдрөөс эхлэн томилжээ.

Асуудал шүүх дээр шийдвэрлэгдээгүй байхад миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж дахин өөр хүнийг миний ажлын байран дээр томилсон байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Дээрхи захирамжийг гаргахдаа надад мэдэгдээгүй, шүүх дээр асуудал шийдвэрлэгдээгүй байхад шийдвэрлэгдсэн мэтээр миний ажлын байран дээр хүн томилсон нь миний ажил чөлөөтэй сонгох эрх, хөдөлмөрлөх эрх зэрэг эрхийг зөрчиж байна. Энэ захирамжийг гаргаснаараа Баянхонгор аймгийн Засаг дарга нь намайг үзэл бодлоор минь ялгаварлаж, ардчилсан намын үед томилогдсон гэх дотоод шалтгаанаар намайг 2014 цэцэрлэгт орсон учраас ажлаас чөлөөлсөн гэж ойлгогдохоор байна. Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 29-ний өдрийн Б/607 тоот захирамж нь хууль бус, намайг үзэл бодлоор ялгаварласан, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчсөн, тус захиргааны актанд барих ёстой Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжийн зохих зүйл заалтыг бариагүй хууль бус юм. Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 29-ний өдрийн Б/607 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч Б.П-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Баянхонгор аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч Б.П-гийн ажлыг авах гэсэн олон удаагийн үйлдэл хийж, төрийн хяналт шалгалтын байгууллагыг удаа дараа энэ цэцэрлэг рүү оруулж нэхэмжлэгчид сэтгэл санааны болон бусад байдлаар дарамт шахалт үзүүлсэн нөхцөл байдлууд тогтоогддог. Үүний улмаас 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр урьдчилсан байдлаар сонсох ажиллагаа хийлгүйгээр шууд ажлаас чөлөөлөх тухай захирамжийг гарган, тухайн захирамжийг ажилтнаараа хүргүүлсэн байдаг. Тухайн захирамжийг гардаж авсан өдрийн маргааш орой нь нэхэмжлэгч тархиндаа цус харван хүнд хагалгаанд орсон. Эрүүл мэндийн шалтгаанаасаа болоод өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Баянхонгор аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалтыг үндэслэсэн. Бусад заалт нь иргэдээс ирсэн гомдол, Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ дотоод аудитын шалгалтын дүн, Захиргааны ерөнхий хуулийн 27, 94 дүгээр зүйл заалтуудыг үндэслэн захирамжаа гаргасан. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт нь ерөнхий зохицуулалтын асуудлыг зохицуулсан байдаг. Тухайлбал тухайн аймаг нийслэлд байгаа төсвийн байгууллагын удирдлагыг төрийн зохих байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр сонгон шалгаруулалтыг үндэслэн ажилд томилж чөлөөлнө гэсэн агуулгатай зүйл заалтыг баримтлан Б.П-г ажлаас чөлөөлсөн. Үүнийг Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дугаар зүйлд аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох тэдгээрийн үр дүнгийн хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалтыг зөрчсөн. Баянхонгор аймгийн боловсролын газартай зөвшилцсөн зүйл байхгүй. Зөвшилцөл гэдэг нь бичгээр заавал санал солилцсон байхыг ойлгоно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27, 93, 94 дүгээр зүйл заалтуудыг үндэслэсэн нь бусдын хөдөлмөрлөх харилцааг зөрчих, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл байхгүй. Цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, зөвхөн нийтлэг ерөнхий зүйл заалтыг баримталсан нь Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/202 тоот захирамж нь хууль бус байх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ захирамж гарснаараа Б.П-гийн хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн. Мөн эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд буцаан томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цэцэрлэгийн эрхлэгчийг хийж байх явцдаа олон зүйлийг тухайн цэцэрлэгт хийсэн байдаг. Тухайн байгууллагын зарим ажилтан шүүхэд мэдүүлэг өгөхдөө дарамталдаг байсан ч энэ зүй ёсны тавих шаардлага байсан. Иймд Б.П-г өмнө нь эрхэлж байсан 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Б.П нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цалин авч чадахгүй, хөдөлмөр эрхэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Цалин авч чадахгүй, хөдөлмөр эрхэлж чадахгүй нөхцөл байдал нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/202 тоот хууль бус захирамжтай шууд холбоотой байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид холбогдох цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл эс үйлдлийн улмаас иргэнд хохирол учруулсан бол тухайн хохирлыг төрийн байгууллагаас гаргуулна гэж заасан. Б.П-гийн хувьд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажил хүлээлцсэн. Тэр шөнөдөө даралт харваж эмнэлэгт хүргэгдсэн. Тархины артер судасны цүлхэн хагарсны улмаас тархиндаа хүнд мэс засал хийлгэсэн байдаг. Үүнээс болж эмчилгээний зардал гарсан байдаг. Нэхэмжлэгч талаас зөвхөн тухайн үед гарсан 3.000.000 хохирлыг нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлд зааснаар гэм хорын хохирлыг гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

“Тус шүүхэд ирүүлсэн Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.П нь Аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б/202 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн дэвтрийн бичилтийг хийлгэхийг даалгах, Захирамжаас болж учирсан гэм хор болох эрүүл мэндийн байдал хүндэрч мэс засал хийлгэсэн, хууль зүйн туслалцаа авсны зардал нийт 3000000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

1. Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.П нь ажиллах хугацаандаа удаа дараа зөрчил гаргасан нь Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Б.Пгийн талаар төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70440001 тоот утсанд ирсэн иргэдийн гомдол, Аймгийн Засаг дарга *******д 11 дүгээр цэцэрлэгийн хамт олноос ирүүлсэн өргөдөл зэрэгтэй хобогдуулан гомдолд дурдсан асуудлыг шалгах ажлын хэсгийг Засаг даргын 2016 оны А/171 тоот захирамжаар томилсон. Ажлын хэсгийн дүгнэлтээр Б.Пг хамт олноо дарамталдаг, ажлын байрны дарамт, шахалт үзүүлдэг, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг ганцаарчлан дуудаж хэл амаар доромжилдог, ажил дүгнэхдээ өөрийгөө дэмждэг хүмүүсийг хувь ахиулан урамшуулж, ялгаварладаг, шинээр ажилд орж байгаа хүн, шинэ хүүхдийн ар гэрээс мөнгө авдаг гэх мэтчилэн ихээхэн зөрчил гаргаж байсан нь тогтоогдсон.

2. Иргэн өөрийн ажил албан тушаалаа ашиглан 800000 төгрөгийг авч ажилд авсан, энэ мөнгөнөөс болж ямар нэгэн шалтгаангүйгээр хэд хэдэн удаа ажилд авч, ажлаас халсан, эцэг эхчүүдээс тэгшитгэж мөнгө хураасан байдаг. Энэ асуудлыг Цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулж дээрх үйлдэл бүр нь тогтоогдсон байх боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Иймд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул би Аймгийн прокурорт дахин гомдол гаргаж байгаа.

3. Мөн өөрийн цэцэрлэгийн ажилчдаас хуримтлал нэрээр сар бүр 35000-40000 төгрөгийг хурааж, эдийн засгийн дарамт учруулж байсан зэрэг албан тушаалтны ёс зүйг зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Б.П-гийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Б.П нь шүүхэд өргөдөл өгснөөс хойш төрийн байгууллагын хүчийг ашиглан ямар нэгэн байдлаар шалгалт оруулах, цагдаад өгч шалгуулж байна гэжээ.

Б.П-гийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл ажлаас чөлөөгдөхөөс өмнө ирсэн ба түүний дагуу аймгийн Засаг Даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийгдсэн ба шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Энэ зөрчлийн талаар шалгах эрх бүхий байгууллагад хандан шалгуулсан. Түүнээс ямар ч үндэслэлгүйгээр шалгуулсан асуудал огт байхгүй. Засаг даргын зүгээс Мэргэжлийн хяналтын газарт үүрэг чиглэл өгсөн зүйлгүй. Мэргэжлийн хяналтын газар нь өөрийн үйл ажиллагаагаа хууль дүрэмд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлдэг. Аймгийн Засаг Даргын Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр Б.П нь ажлын байрны дарамт үзүүлдэг, хүүхдүүдээс шинэ орсон гэж 35 000, бусад хүүхдүүдээс 10 000 төгрөг тэгшитгэж мөнгө хураасан зэрэг зөрчил илэрсэн ба энэ нь Санхүүгийн хяналт аудитын албаны хийсэн шалгалтаар батлагдсан тул Аудитын хорооны тогтоолоор Б.П-г ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон. Иймд Б.Пгийн гаргасан зөрчлийн талаар аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны хурлаас гаргасан тогтоолыг хэрэгжүүлж, ажлаас чөлөөлсөн байна. Нэгэнт Б.П-г ажлаас чөлөөлсөн тул төрийн үйлчилгээ тасралтгүй хэвийн явагдах учиртай тул 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр Э.Тг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/202 дугаар “Б.Пг ажлаас чөлөөлөх тухай“ захирамж гаргаж Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1. 10 дахь хэсгийн ...” хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлнө”... гэсэн заалтыг баримтлан шийдвэр гаргасан, өөр ямар нэгэн хуулийн заалт баримтлаагүй нь хуулийг буруу хэрэглэсэн, нарийвчилсан хуулийн заалтыг баримталж шийдвэрлээгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй байна гэж үзлээ.

Цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д ...“аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө”... гэж заасан хуулийн заалтыг баримтлаагүй нь хууль зөрчсөн байна. Мөн Б.П нь Баянхонгор аймгийн Засаг даргатай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор амйгийн Засаг дарга, Боловсрол соёл, урлагийн газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн гэрээний биелэлт, 11 дүгээр цэцэрлэгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан зэргээр тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлалгүйгээр “Б.П-г ажлаас чөлөөлөх тухай“ захирамж гаргаж шийдвэрлэсэн нь буруу байна.

2017 онд хариуцагч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дэх хэсэгт зааснаар …” Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.”...гэж үзэж хөдөлмөрийн гэрээг сунгагдсан гэж үзлээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга, Боловсрол соёлын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг “B “ гэж үнэлсэн атлаа ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан ...”Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.”... гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг “B “ гэж үнэлсэн нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/202 дугаар “ Б.Пг ажлаас чөлөөлөх тухай “ захирамж гаргахдаа Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газраас санал аваагүй болох нь “Баянхонгор аймгийн боловсрол соёлын газрын 2017 оны ирсэн 273, явсан 145 бичиг баримтыг бүртгэлтэй тулган шүүж үзэхэд Б.П-г ажлаас чөлөөлөх тухай албан бичиг ирээгүй, ирсэн явсан бичгийн бүртгэлд байхгүй байх бөгөөд 2016 оны бичиг баримтыг аймгийн аудит шалгахаар авч явсан, одоогоор байхгүй боловч манайд Засаг даргаас Б.П-г ажлаас чөлөөлөх тухай бичиг ирээгүй, манай байгууллагаас явуулсан бичиг байхгүй гэсэн Баянхонгор аймгийн боловсрол соёлын газрын бичиг хэргийн ажилтны яриаг тэмдэглэж авсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Энэ нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “…аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө...” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Хариуцагч тал 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр Боловсрол соёлын газрын дарга ******* Б.П-г ажлаас чөлөөлөх тухай хэлэлцсэн учир Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газраас санал авсан гэж үзэж байна гэх боловч Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд ...”шийдвэрлэсэн нь: Засаг дарга ******* –Эрхлэгчийн тайланг сонслоо. Мэргэжлийн байгууллаас үр дүнгийн гэрээний биелэлтийг гаргаж ирүүлсэн. Эрхлэгч “B” үнэлэгдсэн байна. Эрхлэгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор үр дүнгийн гэрээг цуцлах асуудал үүсвэл зөвшилцөх үйл ажиллагаа гэж ойлгож болох уу гэхэд Боловсрол соёл урлагийн газрын дарга ******* “Болно” ...гэж хариулсан байх бөгөөд энэ хуралдаанаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй, харин нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлэлцэж “B” гэж үнэлсэн хуралдаан байна гэж үзлээ.

Иймд хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө санал аваагүй байна гэж дүгнэлээ .

Хариуцагч тайлбартаа ...”нэхэмжлэгчийг хамт олноо дарамталдаг, цэцэрлэгийн ажилчдаас 35000-40000 төгрөгийг хурааж эдийн засгийн дарамт үзүүлдэг”... гэснийг шүүх үгүйсгээгүй бөгөөд хариуцагч захиргааны акт гаргахдаа хамт олноо дарамталдаг, албан тушаалтны ёс зүйг зөрчсөн гэдэгт дүгнэлт хийж, хуулийн зүйл заалт баримтлаагүй байна. Иргэн Б.П нь өөрийн ажил албан тушаалаа ашиглан 800000 төгрөг хувьдаа авч энэ мөнгөнөөсөө болоод удаа дараа халж байсан гэсэн тайлбар гаргасан байх боловч Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *******, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол, Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай ” тогтоолуудыг тус тус гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/607 дугаар захирамжаар Э.Т-г албан тушаалд шилжүүлэн томилохдоо Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5. а дахь хэсэгт ...” нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биeийн тамир, спортын талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион байгуулах”..., 29 дүгээр зйүлийн 29.1.5. г дэх хэсэгт ...”хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллагууд эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харъяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт тавих бүрэн эрхийг хэргэжүүлэх”..., 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт ...”хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”..., 30.1.17 дахь хэсэгт ...” хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”..., Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1 хэсэгт заасан ...” төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллана гэсэн “...хуулийн заалтыг баримталсан байх бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн, нарийвчилсан хуулийн заалтыг баримталж шийдвэрлээгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй байна гэж үзлээ.

Гуравдагч этгээд Э.Т-г 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилохдоо Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д ...“аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө”... гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Нийгмийн даатгалын ******* дугаартай дэвтэр, Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.П-гийн сүүлийн нэг жилийн цалингийн хураангуй жагсаалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.П нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 9 сар 19 хоног ажилгүй байсан бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин 6459303 /зургаан сая дөрвөн зуун тавин есөн мянга гурван зуун гурван/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.П-д олгох нь зүйтэй байна.

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны 1198 дугаартай “Шинжээчийн дүгнэлтийн” 2 дахь хэсэгт зааснаар “Баянхонгор аймгийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/202 дугаар “Б.Пг ажлаас чөлөөлөх тухай“ захирамж гаргаж нэхэмжлэгчид мэдэгдсэнээр, нэхэмжлэгч сэтгэл санааны хямралд орж, өвчин үүсч хохирол учирсан, мөн хууль зүйн туслалцаа авсан зардал 500000 төгрөг, нийт хохирол 3000000 төгрөгийг” хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Э.Тг шүүхэд тайлбар гаргаж ирүүлэхийг шүүх удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцуулахаар мэдэгдсэн боловч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 114 дугаар албан бичгээр ...”тус цэцэрлэгийн шинэ жилийн өглөөлгийн үйл ажиллагаа зохион байгуулах дотоод ажилтай тул шүүх хуралдаанд оролцохгүй”... гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/202 дугаар “ Б.Пг ажлаас чөлөөлөх тухай “, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/607 дугаар “Э.Тг албан тушаал шилжүүлэн томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Б.П-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Б.П-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.П-гийн ажилгүй байсан 9 /есөн/ cap 19 /арван ес/ хоногийн цалин 6459303 /зургаан сая дөрвөн зуун тавин есөн мянга гурван зуун гурван/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.П-д олгосугай.

4. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “хууль бус захирамжаас болж учирсан гэм хор болох эрүүл мэндийн байдал хүндэрч эмчилгээ, мэс засал хийлгэсэн зардал, хууль зүйн туслалцаа авсан зардал нийт 3.000.000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    С.САЙНБИЛЭГ