Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0190

 

У.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэртэй, У.С-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.С-ын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэн У.С миний хууль ёсоор амьдарч буй газарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч У.С шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. У.С би маргаан бүхий газарт амьдрахдаа үер усны үеэр гэрээ буулгаад бусад үед гэрээ барьж амьдардаг байсан тухайгаа нэхэмжлэлдээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр байнга хэлж байсан. Хавтаст хэрэгт авагдсан агаар сансрын зургаас 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хашаа барьж амьдарч байсан нь тодорхой харагдаж байгаа болно.

Илтгэгч шүүгч хэргийг бүхэлд нь судлалгүйгээр, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь үзлэг хийх явцад ч тодорхой харагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ Баянзүрх дүүргийн газрын алба, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны зүгээс нэхэмжлэгч болон маргаан бүхий газрын ойр орчмын айлуудын хүсэлтийг огт хүлээн авахгүйгээр хөөдөг байсан тухай нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд зөндөө тайлбарлаж хэлж байсан. Гэтэл угаасаа бичгээр гаргасан гомдлыг хүлээн авдаггүй байсан гэж маргаад байхад Баянзүрх дүүргийн газрын албанд үзлэг хийж байгаа нь ойлгомжгүй, хэт нэг талыг нотлох гэсэн зорилгоор хийгдэж байгаа нь харагдаж байгаа юм.

Хэрэгт авагдсан агаар сансрын зураг, гэрчүүдийн мэдүүлгээр У.С миний бие маргаан бүхий газар дээр бодитоо амьдарч, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр бусад айлуудтайгаа хамтран хэрэгжүүлж байсан нь хангалттай тогтоогдож байгаа. Мөн анхан шатны шүүхээс 2007-2015 он хүртэлх Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны хэсгийг ахлагч нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан атлаа, гэрчийн мэдүүлэг аваагүй, захирамжийн биелэлт хангах талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна. Шүүхийн үндэслэл болгож байгаа 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтын хоёр дахь хэсгийн 3 дугаартай хэсэг нь маргаан бүхий газарт эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай биш бөгөөд тус хэсгийн газрын байршил хэсэгт Мод үржүүлгийн газрын урд талд гэж тодорхой заасан байна. Энэ газар маргаан бүхий газраас 2 км орчим урд зүгт үерийн далангийн урд байрладаг ихээхэн хэмжээний мод болон хүнсний нөгөө тариалдаг газар юм. Мөн дугаар 16-д заасан хэсэг нь хамааралгүй бөгөөд хариуцагчийн зүгээс зааж тодорхойлж байсан газраас тэс өөр газрыг шүүх өөрийн санаачилгаар мөн үзэж байгаад гомдолтой байна. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрлэдэггүйд гомдолтой байна.

Гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй тухайд:

Гуравдагч этгээд 2014 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших үед:

1.Маргаан бүхий газар нь усны хамгаалалтын бүсэд байсан бөгөөд энэ үндэслэлээр болон үерийн усны аюултай бүс гэж ойр орчмын нэг ч айлд газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгож байгаагүй.

2.Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд 2017 оноос эхэлж газар эзэмшүүлэх ажил эхэлсэн. 2005-2016 оны байдлаар тухайн газарт Б.М-аас өөр ямар ч айл, иргэнд газар эзэмших эрх олгож байгаагүй.

3.Б.М нь тухайн хороонд оршин суудаггүй мөн маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй бөгөөд 1 ширхэг ч шон хатгаж үзээгүй.

4.Шүүхэд хүсэлт гаргах хүртэл газрын төлбөрөө нэг ч удаа төлж байгаагүй.

5.Газар эзэмшүүлэх гэрээгээ байгуулж байгаагүй байхад хариуцагчийн зүгээс газар эзэмших эрх олгосон нь хууль бус байгаа юм.

Иймд нэгэнт хууль бусаар газар эзэмших эрх олж авсан тул хууль ёсны эрх ашиг сонирхол Б.М-ын хувьд яригдахгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Б.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм.

Маргаан бүхий газарт 2007 оноос хойш амьдарч, арчилж хамгаалж ирсэн. Тодруулбал, гэр хашаа амьдарч, ихээхэн хэмжээний шороо асгаж, газрыг өндөрлөн үерийн усанд автуулахгүй байх арга хэмжээг авсан, мөн газар доогуур гэрлийн утас татсан, өнөөдрийг хүртэл байгаа болно. Мөн 2 ч удаа хорооны Засаг дарга болон хөршүүдтэйгээ нийлж үерийн далан барих ажилд гар бие оролцож, хураамж төлбөр төлж ирсэн. Учир нь хорооны зүгээс үерийн далан барьчихвал газар эзэмшүүлэх эрхийг дүүргээс олгохоор шийдвэрлэж байгаа гэсний дагуу оролцож байсан. Газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр удаа дараа хүсэлт гаргаж байсан бөгөөд хүсэлтийг Баянзүрх дүүргийн газрын алба болон Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо огт хүлээн авдаггүй байсан. Хориотой газар ямар юмны чинь хүсэлт гаргах бэ? Яаралтай газраа чөлөөл, үер усанд автвал бид хариуцахгүй шүү гээд биднийг хөөгөөд гаргачихдаг байсан. Энэ талаар олон гэрчүүд мэдүүлсэн. Шүүхээс нотлох баримт цуглуулах эрх, үүргийнхээ хувьд тэр хавьд амьдардаг захын нэг айлаас ороод асуухад бүгд дээрх нөхцөл байдлыг хэлнэ. Иргэн бид олон жил амьдарсан газраа авч чадахгүй байхад хаа хамаагүй өөр газар амьдардаг, мөнгөтэй баян хүмүүс дураараа бусдын газрыг завшин авч байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч У.С Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэн У.С миний хууль ёсоор амьдарч буй газарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...2007 оноос хойш амьдарч байсан, удаа дараа газар эзэмших хүсэлт гаргаад байхад уг газрыг олгоогүй атлаа гуравдагч этгээдэд тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...У.С тухайн газрыг эзэмших хүсэлтээ Б.М-аас өмнө гаргаж байгаагүй бөгөөд хариуцагч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Б.М-т маргаж буй газрыг эзэмшүүлсэн гэж тус тус тайлбарлан маргажээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/585 дугаар захирамжаар олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа болон шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсч хүсэлтээ ирүүлсэн 457 иргэнд 270930 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дотор гуравдагч этгээд Б.М-т тус дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Шархад 60-1007 тоот 700 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн 000577609 дугаартай гэрчилгээг түүнд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг үүсгэж, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэрийг гаргахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч У.С-ын газар эзэмших эрх маргаж буй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/585 дугаар захирамжийн улмаас зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Учир нь тухайн газарт С нь амьдардаг гэж өөрөө тайлбарлах боловч тэрээр ямар нэгэн зөвшөөрөл аваагүй өөрийнх нь тайлбарлаж буйгаар ойлговол өөрөө дур мэдэн тухайн газарт буусан, хашаа барьсан гэх ажээ. Энэ нь түүнд ямар нэгэн давуу байдал, давуу эрх үүсгэхгүй юм. Харин ч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Хууль зөрчсөн аливаа үйлдлээ өөрийн нэхэмжлэлийн үндэслэл болгож, улмаар өөрийн эрхийг зөрчсөн мэтээр тайлбарлах нь үндэслэлгүй.

Нөгөө талаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т зааснаар энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах эрхийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно., 31 дүгээр зүйлийн 31.1-д Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна., 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасны дагуу хариуцагч дээрх эрх хэмжээнийхээ хүрээнд гуравдагч этгээдэд маргаж буй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

У.С-ын эзэмших ёстой гэж маргаж буй газар гуравдагч этгээд Б.М-ын эзэмшил газартай давхцалтай болох нь Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3/470 дугаар албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байх бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч маргаж буй газрыг 2007 оноос хойш эзэмшиж, ашиглаж байсан, хариуцагч У.С-ын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа гуравдагч этгээдэд уг газрыг эзэмшүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчид бичгээр хүсэлт гаргаагүй гэдгээ давж заалдах гомдолдоо дурдсан, энэ нь шүүхийн үзлэгээр давхар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Шархад 60-1007 тоот 700 м.кв газрыг бодитоор 2007 оноос хойш эзэмшиж ашиглаж байсан гэх боловч тус хорооны 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар албан бичгийн хавсралт хүн, амын өрхийн бүртгэлийн дэвтэр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/2049 дүгээр албан бичиг, түүний хавсралтаар үгүйсгэгдэж байна.

Нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй гэдэг нь тогтоогдохгүй байхад түүний давж заалдах гомдолдоо гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь тухайн хороонд эхнээсээ амьдарч байсан иргэн биш бөгөөд орон нутгаас хотод шилжин ирсэн, түүний иргэний үнэмлэхийн хаяг нь өөр бөгөөд тэрээр иргэний үнэмлэхийн хаяг дээрээ амьдарч байгаад хөдөө орон нутгаас олон хамаатан садан ирээд /10 гаруй хүн болоод/ дээрх шалтгааны улмаас тухайн газарт амьдарч байгаа гэж тайлбарлаж байна. Энэхүү тайлбараар нь тухайн газарт он удаан жил амьдарсан, он удаан жил амьдарсан газрыг нь өөр этгээдэд эзэмшүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байгааг нэмж дурдав.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгчийн нэрийг Ц.С гэх байдлаар техникийн алдаа гаргаж бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.ОЮУМАА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР