Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 191

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

хохирогч Н.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

гэрч Н.Баасанжав, Ж.Пүрэвдорж, Л.Нэргүйбаатар,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч З.Маргад,

нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Г-н С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910029290091 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд болвсролтой, кино найруулагч мэргэжилтэй, “АПУ” ХХК-д агуулахын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-н С /РД: ТГ93052310/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Г.С нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” спортын ордны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.А-гийн нүүрэнд гараараа цохиж, толгойгоороо мөргөх зэргээр хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Н.А: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Буянт-Ухаа цогцолборт болсон, би орой 17 цагийн үед очоод дотогшоо 18 цагийн орчим орж, босоо хүлээн авалтанд оролцсон, үйл ажиллагаа дуусаад 00 цаг өнгөрөөгөөр гарсан. Гарч яваад шатан дээр Н.Баасанжав ахтай таарсан, юм яриад зогсож байхад М.Өнөболд гараад ирсэн, М.Өнөболд намайг “энэ хэн бэ” гэж Н.Баасанжав ахаас асуухад Н.Баасанжав ах “манайд ажиллаж байсан залуу” гэхэд М.Өнөболд “чи юу вэ” гээд намайг бариад авсан, тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан, тэгээд тэндээс хувцасаа аваад Б.Тэлмүүнтэй хамт гарсан. Гадаа гарахад М.Өнөболд гараад ир, уулзья гэсэн. ...Д.Баярсайхантай муудалцахад М.Өнөболд цаашаа гүйгээд явчихсан, эргээд 4-5 залуучуудыг дагуулаад ирсэн, Г.С- байсан, бусдыг нь танихгүй, тэгээд муудалцсан, би П.Баярсайханыг “Баярсайхаан” гэхэд чи Г.С- “чи манай ахыг Баярсайхаан гэдэг хэн бэ” гээд маргалдсан, цуг явж байсан залуучуудынхаа голоос гарч ирээд миний нүүр рүү цохисон, бусад залуучууд нь бариад авсан, мөн голоос нь гарч ирээд мөргөсөн. Эмчилгээний зардалд нийтдээ 4,231,000 төгрөг нэхэмжилж байна, гомдолтой...” гэв.

 

Гэрч Н.Баасанжав: “...2017 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн Н.А-тай хамт ажилласнаас хойш мэддэг болсон. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цайны цагаар Н.А- над руу видео колл хийгээд “Юу байна Бааска ах, дүү нь зодоон хийгээд тэндээс гараад муудсан байна, энэ хоёр залуу хэн бэ” гээд зураг явуулаад Г.С-, М.Өнөболд нарыг асуусан, эд нартай муудсан гэж хэлсэн, Н.А- М.Өнөболд хоёр муудалцахаар нь салгасан гэж хэлсэн. Тухайн үед би согтууруулах ундаа бага хэрэглэсэн байсан учир согтолт гайгүй байсан. ...М.Өнөболдтой Н.А- маргалдсан, би дундуур нь орж салгасан, тэр үед Н.А-гийн биед гэмтэл байгаагүй...” гэв.

 

Гэрч Ж.Пүрэвдорж: “...Шинэ жилийн арга хэмжээ тараад П.Баярсайхан, Л.Нэргүйбаатар, Г.С- нартай хамт зогсож байхад хохирогч гээд байгаа Н.А- хашгираад “Баярсайхаан, хангамжийхан хэзээ ийм болчихсон юм бэ, П.Баярсайхаан та нарыг бүгдийг чинь ажилгүй болгоно” гээд хашгираад байсан, Н.А-г Энхсайхан даргын хүүхэд гэж байсан. Хүнтэй барилцахгүй мөртлөө орилоод яваад байсан. Н.А-г ганцаараа зогсож байхад нэг хүн ирсэн, тэр нь найз нь гэж байсан, найзыгаа аваач гэж хэлээд бид нар явчихсан. ...Н.А-тай зайтай зогсож байсан, гадуур хувцасгүй, нимгэн цамцтай байсан, ордны гадна талын гэрэл асаалттай, өөрөөр гэрэлгүй байсан. Тэнд зодоон болоогүй, зодоон болохыг хараагүй. Бид нар шинэ жилийн арга хэмжээ дууссанаас хойш 20 орчим минутын дараа таксинд суусан, гадаа Г.С-, Л.Нэргүйбаатар нартай хамт байсан, тэр хоёроос огт салаагүй, Г.С-той хамт байхад Н.А-тай маргалдаж байхыг хараагүй...” гэв.

 

Гэрч Л.Нэргүйбаатар: “...Тухайн өдөр байгууллагын ёолк болоод шөнө 00 цаг өнгөрч байхад тарсан, тэгээд Ж.Пүрэвдоржийн төрсөн өдөр болох гээд бид нар цугтаа төрсөн өдөрт Ж.Пүрэвдорж, Г.С-, М.Өнөболд, Ч.Ганхөлөг нарын хамт гарсан. Шинэ жил болсон газрын гадаа шатан дээр олон хүн бужигнаад маргаан болж байсан, тэр маргаанд бид оролцоогүй...” гэв.

 

Шүүгдэгч Г.С: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай шинэ жил Буянт-Ухаа цогцолборт болсон, би 12 цагт очсон, 14 цагаас босоо хүлээн авалт болсон, тэнд байх хугацаандаа буюу 4-8 цагийн хооронд 250 граммын аягаар 4 аяга пиво уусан, би архи уудаггүй. Арга хэмжээ дуусаад явах гээд хувцасаа аваад гарсан, Н.Баасанжав гээд ах Үнэнтөгстэй барьцалдсан байсан, ингэж болохгүй гээд салгах гэж байхад Лхагважав ах ирсэн, Лхагважав ах Н.Баасанжав ахыг алгадаад аваад явсан, тамхи татдаг цэгийн орчим Ж.Пүрэвдорж, Л.Нэргүйбаатар нар зогсож байсан, би тамхины цэг дээр тамхи татчихаад Ж.Пүрэвдорж, Л.Нэргүйбаатар, М.Өнөболд, Ч.Ганхөлөг нарын хамт доошоо буусан. “П.Баярсайхаан” гээд нэг хүн хашгирсан, эргээд харахад нэг залуу байсан нь Н.А-. Н.А- хэл амаар доромжилсон, “ажлаас чинь халуулна” гэж хашгираад байхаар нь би эргэж хараад “чи яах гээд байгаа юм бэ, зайлаач” гэхэд Ж.Пүрэвдорж яах гээд байгаа юм бэ, явья гээд бид гурав цаашаа хороолол явах гээд таксинд суусан. Би Н.А-гийн биед ямар нэгэн байдлаар хүрээгүй, цохиогүй. Л.Нэргүйбаатар, Ж.Пүрэвдорж нартай хамт хороолол явсан, тэнд очоод салсан, ордны гадаа олон хүн байсан, цагдаа нар ч байсан. Н.А- нилээн хол байсан учир хэр зэрэг согтуу байсныг нь мэдэхгүй, орилоод яваад байсан болохоор согтуу л байсан байх, Н.А-гаас хоёр орчим метрын зайнаас би эргэж хараад зайлаарай гэж хэлсэн, бусдаараа би цохиогүй, Н.А- нилээн согтолттой байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 17 цагаас Буянт-Ухаа спортын ордон дээр манай “АПУ” ХХК-ийн шинэ жилийн баярын арга хэмжээ эхэлсэн. Ингээд шинэ жил тарах гээд шөнийн 00 цаг өнгөрч байхад би урд нь хамт ажилладаг байсан Н.Баасанжав ахтай шатан дээр таараад юм яриад зогсож байтал М.Өнөболд гэгч залуу намайг “энэ хэн бэ, яах гэж байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл Н.Баасанжав ах түүнд хандан “надтай цуг ажилладаг байсан, дүү байгаа юм аа” гэсэн. Тэгэхээр нь би тоглоод Н.Баасанжав ахыг бид хоёрын хэн нь сайн дүү чинь юм бэ гэхэд М.Өнөболд намайг заамдаж авахаар нь би ч гэсэн түүнийг заамдсан. Тэгтэл Н.Баасанжав, Б.Тэлмүүн ах болон тухайн ордны харуул нар бид хоёрыг салгасан. Энэ үед М.Өнөболд гэгч нь намайг пивоны шилээр цохих гэж байгаад тухайн шилээ газар унагаасан. Тэгтэл тэр шил нь хагарсан бөгөөд М.Өнөболд намайг түлхэхэд би тэр хагарсан шилэн дээр нь гараараа дарж унасан. Тэгээд би өлгүүр орж хувцасаа авчихаад ордноос гарч явтал М.Өнөболд ганцаараа зогсож байсан бөгөөд намайг нааш ир уулзья гэхээр нь чи надтай уулзаж яадаг юм гээд бид хоёр маргалдаж ордны хашаанаас гарч автомашины зогсоолын ойролцоо очоод дахин заамдалцаж авсан. Энэ үед урд нь надтай хамт ажилладаг байсан П.Баярсайхан хүрч ирээд салгасан бөгөөд юу болсон талаар асуухад нь болсон зүйлийг хэлсэн. Тэгтэл П.Баярсайхан нь М.Өнөболд чинь манай дүү шүү дээ гэхээр нь би танай дүү байхаараа яадаг юм гээд П.Баярсайхан бид хоёр маргалдсан. Тэгтэл М.Өнөболд нь 3-4 залуу дагуулж ирсэн бөгөөд тэдгээрийн нэг буюу Г.С- гэгч нь “чи манай ахыг Баярсайхан гэдэг хэн бэ” гээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн. ...Энэ үед манай ажлын Саруултөгс надтай хамт явсан бөгөөд намайг “заза боль боль, наад хүмүүс чинь олуулаа байна” гэж хэлсэн...” /хх-ийн 20-22, 23-24/ гэсэн,

 

Гэрч М.Өнөболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Баасанжав ахын машинаас гадуур хувцасаа авах гээд хамт заалнаас гарсан. Тэгтэл хоёр залуу таарч Н.Баасанжав ахтай юм ярьсан бөгөөд нэг залуу нь намайг чи юу юм бэ гэхээр нь би хамт яваа юм гэхэд хоёулаа үзэх үү гээд байсан. Тэгтэл Н.Баасанжав ах больцгоо гэж салгачихаад яваад өгсөн. ...Би гадаа үүдэн дээр Н.Баасанжав ахыг хүлээгээд байж байхад над руу томроод дайраад байсан залуугийн ах нь гэх хүнтэй таарахаар нь түүнээс уучлалт гуйсан юм. Ингээд нөгөө залуугаас уучлалт гуйх гэтэл тэрээр над руу агсараад байсан, тэгтэл П.Баярсайхан ах боль боль, чи яв гээд намайг явуулсан. Тэгээд Пүүжээ ах намайг Г.С-, Ч.Ганхөлөг, Л.Нэргүйбаатар, Ж.Пүрэвдорж нарын хамт таксинд суулгасан...” /хх-ийн 30-31/ гэсэн,

 

Гэрч П.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ...шинэ жил дуусч байхад хэнийг нь санахгүй байна М.Өнөболд нэг хүнтэй маргалдаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь заалны коридорт очиход манай эхнэрийн дүү М.Өнөболд нь надтай урд нь цуг ажиллаж байсан Н.А-тай маргалдаад зогсож байсан бөгөөд хүмүүс тэр хоёрыг салгаж байсан. Би тэгээд М.Өнөболдыг аваад гадаа гарахад Н.А- нь наадах чинь хэн юм бэ гэхээр нь манай дүү байгаа юм гэж хэлсэн. Би дүү М.Өнөболдод хандан хүмүүстэй битгий маргалд, уучлалт гуй гэхэд М.Өнөболд Н.А-гаас уучлалт гуйсан, тэгэхэд Н.А- нь чи хэн юм, ажлаас чинь халуулна гээд агсарсан. Тэгэхээр нь би салгаад М.Өнөболдыг цааш нь явуулсан. ...Тэгээд шатаар буугаад явж байтал Н.А- таараад юм ярья гэхээр нь уулзтал тэрээр “тэр залуу чинь хэн юм, ямар том юм бэ” гэхээр нь манай эхнэрийн дүү байгаа юм гэсэн. Тэгтэл тэрээр намайг хавирахаар нь би мөрөн дээр нь гараараа дарж үлдээд түүнийг цааш нь түлхсэн. Тэгээд Н.А-тай хамт явсан найзад нь хандан наад найзыгаа ав гэж хэлчихээд явсан. Тэгээд би спортын ордны хашааны хаалгаар гараад найз Байцаатай таарахад араас Н.А- татаад “хоёулаа уулзаадхья” гэхээр нь би түүнтэй хашааны гадна уулзахад тэрээр “чи том болчихсон юм уу, дүү гээд байгаа шээсийг чинь ална шүү” гээд над руу салаавч гаргахаар нь би гарыг нь холдуулж, цааш нь түлхсэн. Тэгээд хамт явсан найзад нь энийгээ ав гэж хэлсэн. Тэгтэл Ж.Пүрэвдорж, Л.Нэргүйбаатар хоёр өөдөөс ирээд намайг өмөөрч Н.А-тай Ж.Пүрэвдорж хэрэлдээд байхаар нь би тэр хоёрыг аваад цагдаагийн хажууд очиход Ука, М.Өнөболд, жижиг Пүүжээ, Бямбаа нар байсан. Тэгтэл өмнө нь цуг ажиллаж байсан Анхбаяртай таарсан бөгөөд би түүнд хандан Н.А- намайг ингэлээ гээд болсон явдлыг хэлэхэд тэрээр Н.А-тай уулзчихаад ирсэн бөгөөд Н.А-г нилээн муудчихаж гэж хэлсэн. Тэгээд Анхбаяр таксинд явахаар болж Бямбаа, Ж.Пүрэвдорж, М.Өнөболд, Г.С- нар суугаад авсан...” /хх-ийн 32-33/ гэсэн,

 

Гэрч Н.Баасанжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагын шинэ жил Буянт-Ухаа спорт ордонд болсон. Тэгээд 23 цаг өнгөрч байхад шатан дээр Б.Тэмүүлэн, Н.А- хоёртой таарсан бөгөөд энэ үед М.Өнөболд надаас машинд тавьсан хувцасаа авах гээд хамт зогсож байсан. Тэгтэл Н.А- надаас М.Өнөболдыг хэн юм бэ гэж асуухаар нь манай ажлын залуу гэхэд М.Өнөболдыг инээгээд байна уу гээд Н.А- нь дайраад байхаар нь би боль боль гээд салгасан.

...Над руу фейсбүүкээр залгаж манай ажлын газрынхны шинэ жилээр авхуулсан зургийг харуулж Г.С-, М.Өнөболд нарын зургийг зааж хэн хэн гэдэг юм бэ гэхээр нь би Г.С-, М.Өнөболд гэж хэлэхэд яасан овоо юм бэ, Г.С- гээд байгаа чинь намайг зодчихлоо шүү дээ, би уулзчихмаар байна, та надад дугаарыг нь өгөөч гэхээр нь би өгөөгүй...” /хх-ийн 34-35, 36/ гэсэн,

 

Гэрч Ж.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны ...шөнийн 02 цаг өнгөрч байхад ордноос М.Өнөболдын хамт гараад явж байхад автомашины зогсоолын ойролцоо ажлын П.Баярсайхан, Г.С-, Ч.Ганхөлөг нартай тааралдсан бөгөөд энэ үед одоо зодуулсан гээд байгаа залуу, түүний найз гээд өндөр залуу нар зогсож байсан. Тэгтэл Н.А- гэх залуу нь П.Баярсайханыг хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгэхээр нь би П.Баярсайханыг боль боль гээд такси бариад Г.С-, Ч.Ганхөлөг, М.Өнөболд, Л.Нэргүйбаатар нарын хамт хороолол руу явсан...” /хх-ийн 37-38/ гэсэн,

 

Гэрч Д.Саруултөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнийн 02 цагийн үед ордноос гарч яваад үүдэн дээр найз Н.А-тай таарсан бөгөөд тэрээр Баярсайхантай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би Н.А-г аваад явсан. Тэгээд спортын ордны хашаанаас гараад явж байтал Н.А- нь өөрөө буцаж очоод П.Баярсайхантай маргалдсан. Энэ үед П.Баярсайхантай 5-6 залуу хамт байсан бөгөөд Г.С- гэх залуу нь П.Баярсайханыг өмөөрөөд Н.А-гийн нүүр рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь та нар олуулаа байж яаж байгаа юм гээд Н.А-г аваад явсан...” /хх-ийн 39-40/ гэсэн,

 

Гэрч Н.Сувдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад миний хүү Н.А- нь шинэ жилдээ явчихаад ирсэн. Тэгээд хүүгээ ороод ирэхээр нь түүнтэй уулзахад түүний нүүр нь битүү хавдчихсан, хувцас нь цус болчихсон байсан...” /хх-ийн 41-42/ гэсэн,

 

Гэрч Б.Тэлмүүн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнө 00 цаг өнгөрч байхад буюу үйл ажиллагаа тарж байхад би хувцасаа авах гээд өлгүүр рүү явж байх замд шатан дээр хуурай дүү Н.А- нь Н.Баасанжав ах, мөн Өөнөө гэх залуугийн хамт зогсож байсан. Тэгээд Н.А- нь Өөнөө гэх залуутай маргалдаад байхаар нь би салгаад аваад явах гэтэл Н.Баасанжав ах заза энэ хоёр зүгээр байх, хоёулаа явья гээд хувцасаа авах гээд явтал шил хагарах чимээ гарсан. Тэгэхээр нь буцаад Н.А- дээр очиход тэрээр Өөнөө гэх залуутай заамдалцсан байсан. Би тэр хоёрыг салгахад Өөнөө гэх залуу цаашаа яваад өгсөн. ...Тэгээд би араас нь удалгүй гарахад Өөнөө гэх залуу нэг танихгүй залуугийн хамт ирээд надаас уучлалт гуйгаад явсан...” /хх-ийн 43-44/ гэсэн,

 

Гэрч Ч.Ганхөлөг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны ...шөнийн 02 цаг өнгөрч байхад ...би ордноос гарч явахад үүдэнд хамт ажилладаг Бямбаатай таарсан, тэрээр намайг энд хороолол явах гэж буй машин байна, чи сууж явахгүй юм уу гэсэн. Тухайн үед би нилээн согтолттой байсан, намайг машинд Бямбаа суулгаж өгсөн. Би тухайн машины урд, арын суудал дээр М.Өнөболд, Г.С-, Ж.Пүрэвдорж, тэгээд нэг хүн сууж явсан...” /хх-ийн 45-46/ гэсэн,

 

Гэрч З.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны ...шөнийн 01 цагийн үед би ордноос гарч явахад хашаан дотор Г.С-, Л.Нэргүйбаатар, М.Өнөболд болон манай ажлын газрын залуучууд байсан. Би тэр гурваас өөр хэн хэн байсныг санахгүй байна. Тэгтэл Ч.Ганхөлөг явж байхаар нь би түүнийг зүс таних таксинд явж байсан Анхбаярын машинд суулгаж өгөөд явуулсан. Ямар ч байсан би тэд нарт такси олж өгөөд М.Өнөболд, Г.С-, Ч.Ганхөлөг нарыг суулгаад явуулсан...” /хх-ийн 47-48/ гэсэн,

 

Гэрч Л.Нэргүйбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны ...шөнийн 01 цаг өнгөрч байхад би ажлынхаа Г.С-, Ч.Ганхөлөг, М.Өнөболд, Н.Баасанжав, Бат-Эрдэнэ, Лхагважав нарын хамт ордноос гарч явсан. Тэгээд ордны гадаа Г.С-, Ж.Пүрэвдорж нарын хамт явах гээд зогсож байсан бөгөөд энэ хооронд хүмүүс явцгааж байсан. Тэгтэл ордноос зүс таних Н.А- нэг танихгүй залуугийн хамт согтуу гарч ирээд бид нар дээр ирээд М.Өнөболд чинь хаана байна гэсэн. Энэ үед П.Баярсайхан гарч ирсэн бөгөөд Н.А-г согтсон байна, яв гэхэд тэрээр чи М.Өнөболдтой ямар холбоотой юм бэ гэхэд П.Баярсайхан нь миний дүү байгаа юм аа гэж хэлсэн. Тэгтэл М.Өнөболд ирсэн бөгөөд П.Баярсайхан нь М.Өнөболдыг Н.А-гаас уучлалт гуй гэхэд М.Өнөболд уучлалт гуйсан. Тэгтэл Н.А- нь агсараад л байгаад байсан. Ингээд би таксинд би М.Өнөболд, Ч.Ганхөлөг, Г.С, Ж.Пүрэвдорж нартай сууж шууд хороолол явсан...” /хх-ийн 49-50/ гэсэн,

 

Шинжээч Б.Ундармаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н.А-гийн биед учирсан хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг байдалд үүссэн, бүгдээрээ хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. ...Зүүн гарын алганы шарх бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” /хх-ийн 59-60/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагын шинэ жил Буянт-Ухаа спортын ордонд болсон. Шөнийн 00 цагт тарсан, би хувцасаа аваад гадагшаа гарахад манай албаны жолооч Н.Баасанжав, М.Өнөболд нар хоорондоо муудалцаад барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг салгаад байж байхад Лхагважав ах ирж дүү Н.Баасанжавыгаа авсан. Энэ үед манай албаны Л.Нэргүйбаатар, Ж.Пүрэвдорж хоёр хаалган дээр зогсож байхаар нь би очиж уулзсан. Тэгтэл шатан дээр манай албаны М.Өнөболд, хүргэн ах П.Баярсайхантай зогсож байсан. Тэгтэл М.Өнөболд хувцасаа авах гэж дотогш орсон, харин би П.Баярсайхан, Ж.Пүрэвдорж, Л.Нэргүйбаатар нарын хамт автомашины зогсоол руу такси барих гээд явсан. Ингээд хашаанаас гарах гээд явж байхад П.Баярсайхаан гээд нэг хүн орилсон бөгөөд эргээд харахад хоёр эрэгтэй хүн араас ирж байсан. Тэгтэл тэр хоёр залуутай П.Баярсайхан өөдөөс нь очиж уулзчихаад ирсэн. Тэгтэл тэр хоёр залуу араас нь дагаж ирээд “Баярсайхаан, М.Өнөболд дүүгээ дагуулаад ир, үзчихье” гээд араас дагаад явсан. Ингээд арай хийж такси олоод би М.Өнөболд, Ч.Ганхөлөг, Л.Нэргүйбаатар, Ж.Пүрэвдорж нарын хамт явсан. П.Баярсайхан М.Өнөболдыг суулгаж өгчихөөд өөрөө үлдсэн. Учир нь тэрээр манайхаас өөр албаны хүн байгаа юм...” /хх-ийн 68-69/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №315 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Н.А-гийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын алганы шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх зүүн гарын алганы шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 54-56/ гэсэн дүгнэлт,

- Өргөдөл /хх-ийн 4-5/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-9/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 12-19/,  

- Шүүгдэгч Г.С-ын хувийн байдалтай холбоотой гэрч Б.Нямхишигийн мэдүүлэг /хх-ийн 51-52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 75/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.С 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” спортын ордны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.А-гийн нүүрэнд гараараа цохиж, толгойгоороо мөргөх зэргээр хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараах үндэслэлээр Г.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Өнөболд “...2019 оны 12 дугаар сарын 12-ны орой ...заалнаас гарахад хоёр залуу таарч Н.Баасанжав ахтай юм ярьсан бөгөөд нэг залуу нь намайг чи юу юм бэ гэхээр нь би хамт яваа юм гэхэд хоёулаа үзэх үү гээд байсан. Тэгтэл Н.Баасанжав ах больцгоо гэж салгачихаад яваад өгсөн. ...Тэгээд Пүүжээ ах намайг Г.С-, Ч.Ганхөлөг, Л.Нэргүйбаатар, Ж.Пүрэвдорж нарын хамт таксинд суулгасан...” /хх-ийн 30-31/ гэсэн, гэрч П.Баярсайхан “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ж.Пүрэвдорж, Л.Нэргүйбаатар нар өөдөөс ирээд намайг өмөөрч Н.А-тай Ж.Пүрэвдорж хэрэлдээд байхаар нь би тэр хоёрыг аваад цагдаагийн хажууд очиход Ука, М.Өнөболд, жижиг Пүүжээ, Бямбаа нар байсан. Тэгтэл өмнө нь цуг ажиллаж байсан Анхбаяртай таарсан бөгөөд би түүнд хандан Н.А- намайг ингэлээ гээд болсон явдлыг хэлэхэд тэрээр Н.А-тай уулзчихаад ирсэн бөгөөд Н.А-г нилээн муудчихаж гэж хэлсэн. Тэгээд Анхбаяр таксинд явахаар болж Бямбаа, Ж.Пүрэвдорж, М.Өнөболд, Г.С- нар суугаад авсан...” /хх-ийн 32-33/ гэсэн, гэрч Н.Баасанжав “...2019 оны 12 дугаар сарын 12-ны орой ...Н.А- надаас М.Өнөболдыг хэн юм бэ гэж асуухаар нь манай ажлын залуу гэхэд М.Өнөболдыг инээгээд байна уу гээд Н.А- нь дайраад байхаар нь би боль боль гээд салгасан. ...Над руу фейсбүүкээр залгаж манай ажлын газрынхны шинэ жилээр авхуулсан зургийг харуулж Г.С-, М.Өнөболд нарын зургийг зааж хэн хэн гэдэг юм бэ гэхээр нь би Г.С-, М.Өнөболд гэж хэлэхэд яасан овоо юм бэ, Г.С- гээд байгаа чинь намайг зодчихлоо, би уулзчихмаар байна...” /хх-ийн 34-35, 36/ гэсэн, гэрч Ж.Пүрэвдорж “...2019 оны 12 дугаар сарын 12-ны ...шөнийн 02 цаг өнгөрч байхад ордноос М.Өнөболдын хамт гараад явж байхад автомашины зогсоолын ойролцоо ажлын П.Баярсайхан, Г.С-, Ч.Ганхөлөг нартай тааралдсан бөгөөд энэ үед одоо зодуулсан гээд байгаа залуу, түүний найз гээд өндөр залуу нар зогсож байсан. Тэгтэл Н.А- гэх залуу нь П.Баярсайханыг хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгэхээр нь би П.Баярсайханыг боль боль гээд такси бариад Г.С-, Ч.Ганхөлөг, М.Өнөболд, Л.Нэргүйбаатар нарын хамт хороолол руу явсан...” /хх-ийн 37-38/ гэсэн, гэрч Д.Саруултөгс “...Шөнийн 02 цагийн үед ордноос гарч яваад үүдэн дээр найз Н.А-тай таарсан бөгөөд тэрээр П.Баярсайхантай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би Н.А-г аваад явсан. Тэгээд спортын ордны хашаанаас гараад явж байтал Н.А- нь өөрөө буцаж очоод П.Баярсайхантай маргалдсан. Энэ үед П.Баярсайханыг Г.С- гэх залуу нь өмөөрөөд Н.А-гийн нүүр рүү нэг удаа гараараа цохьсон...” /хх-ийн 39-40/ гэсэн, гэрч Б.Тэлмүүн “...Үйл ажиллагаа тарж байхад би хувцасаа авах гээд өлгүүр рүү явж байх замд шатан дээр хуурай дүү Н.А- нь Н.Баасанжав ах, мөн Өөнөө гэх залуугийн хамт зогсож байсан. Тэгээд Н.А- нь Өөнөө гэх залуутай маргалдаад байхаар нь би салгаад аваад явах гэтэл Н.Баасанжав ах за за энэ хоёр зүгээр байх, хоёулаа явья гээд хувцасаа авах гээд явтал шил хагарах чимээ гарсан. Тэгэхээр нь буцаад Н.А- дээр очиход тэрээр Өөнөө гэх залуутай заамдалцсан байсан. Би тэр хоёрыг салгахад Өөнөө гэх залуу цаашаа яваад өгсөн...” /хх-ийн 43-44/ гэсэн, гэрч З.Бямбадорж “...2019 оны 12 дугаар сарын 12-ны ...шөнийн 01 цагийн үед би ордноос гарч явахад хашаан дотор Г.С-, Л.Нэргүйбаатар, М.Өнөболд болон манай ажлын газрын залуучууд байсан. Би тэр гурваас өөр хэн хэн байсныг санахгүй байна. Тэгтэл Ч.Ганхөлөг явж байхаар нь би түүнийг зүс таних таксинд явж байсан Анхбаярын машинд суулгаж өгөөд явуулсан. Ямар ч байсан би тэд нарт такси олж өгөөд М.Өнөболд, Г.С-, Ч.Ганхөлөг нарыг суулгаад явуулсан...” /хх-ийн 47-48/ гэсэн, гэрч Л.Нэргүйбаатар “...2019 оны 12 дугаар сарын 12-ны ...шөнийн 01 цаг өнгөрч байхад би ажлынхаа Г.С-, Ч.Ганхөлөг, М.Өнөболд, Н.Баасанжав, Бат-Эрдэнэ, Лхагважав нарын хамт ордноос гарч явсан. ...Ордноос зүс таних Н.А- нэг танихгүй залуугийн хамт согтуу гарч ирээд бид нар дээр ирээд М.Өнөболд чинь хаана байна гэсэн. Энэ үед П.Баярсайхан гарч ирээд Н.А-г согтсон байна, яв гэхэд тэрээр чи М.Өнөболдтой ямар холбоотой юм бэ гэхэд П.Баярсайхан нь миний дүү байгаа юм аа гэж хэлсэн. Тэгтэл М.Өнөболд ирсэн бөгөөд П.Баярсайхан нь М.Өнөболдыг Н.А-гаас уучлалт гуй гэхэд М.Өнөболд уучлалт гуйсан. Тэгтэл Н.А- нь агсараад л байгаад байсан. Ингээд би таксинд би М.Өнөболд, Ч.Ганхөлөг, Г.С-, Ж.Пүрэвдорж нартай сууж шууд хороолол явсан...” /хх-ийн 49-50/ гэсэн, Г.С- “...2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 00 цагт би хувцасаа аваад гадагшаа гарахад манай албаны жолооч Н.Баасанжав, М.Өнөболд нар хоорондоо муудалцаад барьцалдаад зогсож байсан. Энэ үед манай албаны Л.Нэргүйбаатар, Ж.Пүрэвдорж хоёр хаалган дээр зогсож байхаар нь би очиж уулзсан. Тэгтэл шатан дээр манай албаны М.Өнөболд, хүргэн ах П.Баярсайхантай зогсож байсан. Тэгтэл М.Өнөболд хувцасаа авах гэж дотогш орсон, харин би П.Баярсайхан, Ж.Пүрэвдорж, Л.Нэргүйбаатар нарын хамт автомашины зогсоол руу такси барих гээд явсан. Ингээд хашаанаас гарах гээд явж байхад “П.Баярсайхаан” гээд нэг хүн орилсон бөгөөд эргээд харахад хоёр эрэгтэй хүн араас ирж байсан. П.Баярсайхан тэр хоёр залуутай өөдөөс нь очиж уулзчихаад ирсэн. Тэгтэл тэр хоёр залуу араас нь дагаж ирээд “Баярсайхаан, М.Өнөболд дүүгээ дагуулаад ир, үзчихье” гээд араас дагаад явсан. Ингээд арай хийж такси олоод би М.Өнөболд, Ч.Ганхөлөг, Л.Нэргүйбаатар, Ж.Пүрэвдорж нарын хамт явсан...” /хх-ийн 68-69/ гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Н.Баасанжавын “...2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цайны цагаар Н.А- над руу видео колл хийгээд “Юу байна Бааска ах, дүү нь зодоон хийгээд тэндээс гараад муудсан байна, энэ хоёр залуу хэн бэ” гээд зураг явуулаад Г.С-, М.Өнөболд нарыг асуусан, эд нартай муудсан гэж хэлсэн, Н.А- М.Өнөболд хоёр муудалцахаар нь салгасан гэж хэлсэн. ...М.Өнөболдтой Н.А- маргалдсан, би дундуур нь орж салгасан, тэр үед Н.А-гийн биед гэмтэл байгаагүй...”, гэрч Ж.Пүрэвдоржийн “...Шинэ жилийн арга хэмжээ тараад П.Баярсайхан, Л.Нэргүйбаатар, Г.С- нартай хамт зогсож байхад хохирогч гээд байгаа Н.А- хашгираад “Баярсайхаан, хангамжийхан хэзээ ийм болчихсон юм бэ, П.Баярсайхаан та нарыг бүгдийг чинь ажилгүй болгоно” гээд хашгираад байсан, Н.А-г Энхсайхан даргын хүүхэд гэж байсан. Хүнтэй барилцахгүй мөртлөө орилоод яваад байсан. ...Ордны гадаа зодоон болоогүй, зодоон болохыг хараагүй. Бид нар шинэ жилийн арга хэмжээ дууссанаас хойш 20 орчим минутын дараа таксинд суусан, гадаа Г.С-, Л.Нэргүйбаатар нартай хамт байсан, тэр хоёроос огт салаагүй, Г.С-той хамт байхад Н.А-тай маргалдаж байхыг хараагүй...”, гэрч Л.Нэргүйбаатарын “...Тухайн өдөр байгууллагын ёолк болоод шөнө 00 цаг өнгөрч байхад тарсан, тэгээд Ж.Пүрэвдоржийн төрсөн өдөр болох гээд бид нар цугтаа төрсөн өдөрт Ж.Пүрэвдорж, Г.С-, М.Өнөболд, Ч.Ганхөлөг нарын хамт гарсан. Шинэ жил болсон газрын гадаа шатан дээр олон хүн бужигнаад маргаан болж байсан, тэр маргаанд бид оролцоогүй...” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “АПУ” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” спортын ордонд болж, шөнийн 00 цагийн орчим арга хэмжээ дууссан. Арга хэмжээ дуусаж, хүмүүс тарж байхад “Буянт-Ухаа” цогцолборын гадаа Н.А- нь П.Баярсайхан, М.Өнөболд нартай хэд хэдэн удаа маргаан үүсгэсэн, улмаар шатан дээр П.Баярсайханы хадам дүү Б.Өнөболдтой заамдалцсан байсныг Н.Баасанжав, Б.Тэлмүүн нар салгасан, П.Баярсайхан хадам дүү М.Өнөболдыг бусадтай маргалдлаа, эвлэр гэж Н.А-гаас уучлал гуйлгахад Н.А- нь М.Өнөболдтой маргалдсандаа уурсаж, П.Баярсайханы дүү гэдгээр нь П.Баярсайхантай маргаан үүсгэхээр оргилж, хашгиран явсан бөгөөд энэ үйл явдалтай зэрэгцээд Г.С-, Л.Нэргүйбаатар, Ж.Пүрэвдорж, Ч.Ганхөлөг нар унаа хүлээн зогсож байхад тэдэнтэй хамт нэг унаагаар явахаар М.Өнөболдыг ирэхэд Н.А- хэн нэгэнтэй маргаан үүсгэхээр орилж хашгиран Н.Баярсайхан, М.Өнөболд нарыг хайж явахад Г.С- нь Н.А-г явуулахаар “зайлаач” гэж хэлсэн үйл явдал болсон байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох гэрч нарын дээрх мэдүүлгээр Г.С- нь Н.А-г цохиж байхыг, эсхүл мөргөж байхыг шууд харсан гэрч байхгүйн дээр тэдний мэдүүлгээр Г.С-, Н.А- нар маргалдсан, улмаар заамдалцсан, барьцалдсан байсан талаарх үйл баримт огт авагдаагүй бөгөөд Г.С- Н.А-гийн нүүрэнд гараараа цохиж, толгойгоороо мөргөж хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Г.С- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинж үгүй байх тул Г.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.С цагаатгав.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас Г.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар санал гаргасныг шүүх дээрх үндэслэлээр хүлээж аваагүй болно.

 

Г.С-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогч Н.А-гийн 4,231,000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн 1910029290091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.С цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааы зардал, төлбөргүй, Г.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Г-н С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г-н С- цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Н.А-гийн 4,231,000 /дөрвөн сая хоёр зуун гучин нэгэн мянга/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Эрүүгийн 1910029290091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагаатгагдсан этгээд цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР