Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 727

 

                                             Г.С-д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

хохирогч Н.А-н өмгөөлөгч Б.Энхтуяа,

цагаатгагдсан этгээд Г.С-н өмгөөлөгч З.Маргад,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/191 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Н.А-н өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Г.С-д холбогдох эрүүгийн 1910 02929 0091 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-н С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, “А” ХК-д агуулахын туслах ажилтан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;  

Г.С нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” спортын ордны гадаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, Н.А-н нүүрэнд гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр хүч хэрэглэн хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Н.А-н 4.231.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагаатгагдсан этгээд цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг хангаагүй тул Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Цагаатгах тогтоолд яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад үгүйсгэгдэж, улсын яллагчийн яллах гэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Цагаатгах тогтоолд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг жагсаан бичээд “...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох гэрч нарын дээрх мэдүүлгээр Г.С нь Н.А-г цохиж байхыг, эсхүл мөргөж байхыг шууд харсан гэрч байхгүйн дээр тэдний мэдүүлгээр Г.С, Н.А нар маргалдсан, улмаар заамдалцсан, барьцалдсан байсан талаарх үйл баримт огт авагдаагүй бөгөөд Г.С-г Н.А-н нүүрэнд гараараа цохиж, толгойгоороо мөргөж хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй байна. ...” гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.А-н “...Д.Б-тай муудалцахад М.Ө цаашаа гүйгээд явчихсан, эргээд 4-5 залуучуудыг дагуулаад ирсэн. Г.С байсан, бусдыг нь танихгүй, тэгээд муудалцсан. Би П.Б-г “Б” гэхэд Г.С “чи манай ахыг Б гэдэг хэн бэ” гээд маргалдаж, цуг явж байсан залуучуудынхаа голоос гарч ирээд миний нүүр лүү цохисон, бусад залуучууд нь бариад авсан, мөн голоор нь гарч ирээд мөргөсөн. ...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Д.С-н “... Н.А нь өөрөө буцаж очоод П.Б-тай маргалдсан. Энэ үед П.Б-тай 5-6 залуу хамт байсан бөгөөд Г.С гэх залуу нь П.Б-г өмөөрөөд Н.А-н нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь “та нар олуулаа байж яаж байгаа юм” гээд Н.А-г аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 315 дугаартай дүгнэлтийг ямар нотлох баримтуудаар үгүйсгэж няцааж байгаа талаар дүгнэлт хийж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогч Н.А-н өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Г.С-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг баримтлан үндэслэл муутай дүгнэлт хийж хохирогчийн эрх ашгийг хохироосон, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, Г.С нь Буянт-Ухаа спортын ордны гадна согтуугаар “Чи манай ахыг Б гэдэг хэн бэ” гэж хэлэн Н.А-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөсний улмаас Н.А-н биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл учруулсан байна. Хохирогч Н.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хууль сануулж өгсөн мэдүүлэгт “...П.Б бид 2 маргалдсан. Тэгтэл М.Ө нь 3-4 залуу дагуулж ирсэн бөгөөд тэдгээрийн нэг буюу Г.С нь “чи манай ахыг Б гэдэг хэн бэ” гээд миний нүүр лүү нэг удаа гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн... энэ үед манай ажлын С надтай хамт явсан бөгөөд намайг “за за боль, наад хүмүүс чинь олуулаа байна” гэж хэлсэн. ...” гэж хохирогч өөрөө шууд зааж байгаа мэдүүлэг,

гэрч С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж өгсөн “... 2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн үед ... А буцаж очоод Б-тай маргалдсан. Энэ үед Баярсайхантай 5-6 залуу хамт байсан бөгөөд Г.С гэх залуу нь Б-г өмөөрөөд А-н нүүр лүү нэг удаа гараараа цохисон. ...” /хх 39-40/ гэж шууд зааж байгаа мэдүүлэг,  

гэрч Н.С хууль сануулж өгсөн мэдүүлэгт “... шөнө 01 цаг өнгөрч байхад А шинэ жилдээ явчихаад ирлээ, тэгээд хүүгээ ороод ирэхээр нь уулзахад түүний нүүр нь битүү хавдсан, хувцас нь цус болчихсон байсан. ...” /хх 41-42/,

гэрч Н.Б-н “... над руу фэйсбүүкээр залгаж, манай ажлын газрын шинэ жилээр авахуулсан зургийг харуулж, Г.С, М.Ө нарын зургийг заагаад “хэн хэн бэ” гэхээр нь би “Г.С, М.Ө” гэж хэлэхэд “яасан овоо юм бэ, Г.С гээд байгаа чинь намайг зодлоо шүү дээ. Би уулзчихмаар байна, та надад дугаарыг нь өгөөч” ...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... А-н биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 315 дугаартай дүгнэлт болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, цаг хугацаа зэргээр Г.С нь А-г зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдсон байхад шүүх зөвхөн С-той хамт ажилладаг түүний дотны хүмүүсийн мэдүүлэгт хөтлөгдөн дүгнэлт хийхдээ Г.С нь А-г цохиж байхыг эсхүл мөргөж байхыг шууд харсан гэрч байхгүй, маргалдсан талаарх үйл баримт огт авагдаагүй, Г.С-г А-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй, Г.С нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцэхгүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв. 

Цагаатгагдсан этгээд Г.С-н өмгөөлөгч З.Маргад тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч, гэрч, цагаатгагдсан этгээдийн мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзэхэд цагаатгах тогтоол нь бодит байдал болон хууль зүйн үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Тухайн үед гэрч Д.С хохирогчийг гэрт нь хүргэж өгөөд харьсан гэдэг. Хохирогч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хууль сануулж өгсөн мэдүүлгүүд нь тогтворгүй, зөрүүтэй байгаа нь тухайн үед согтолтын зэрэг өндөр гарсан, хаана, юу болж байсныг сайн санахгүй байгаатай нь холбоотой гэж үзэж байна. Гэрч Н.Б, Ж.П нарыг Г.С-той хамт ажилладаг, дотно хүмүүс бөгөөд тэдгээрийн мэдүүлгийг үнэлсэн гэж байна. Тэгвэл гэрч Д.С нь хохирогчийн дотно хүн учир мөн мэдүүлгийг нь үнэлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүснэ. Иймд анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.С-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.С-г 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” спортын ордны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Н.А-н нүүрэнд гараараа цохиж, толгойгоороо мөргөх зэргээр хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гэрч М.Ө, Н.Б, Ж.П, Д.С, Б.Т, З.Б, Л.Н нарын мэдүүлгүүдээр “... Г.С нь Н.А-г цохиж байхыг, мөн мөргөж байхыг шууд хараагүй, мөн  тэдний мэдүүлгээр Г.С, Н.А нар маргалдсан, заамдалцсан, барьцалдсан байсан талаарх хэргийн үйл баримт огт авагдаагүй. ...” гэж дүгнэн, Г.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлд хамаарна.

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болж байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилгыг тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдлээр тогтоох боломжтой.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор гэрч Д.С, Н.С, Н.Б, хохирогч Н.А нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “хохирогч Н.А-н биед хөнгөн гэмтэл учирсан” талаарх дүгнэлт зэргийг хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр няцааж байгааг цагаатгах тогтоолд тодорхой заалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймээс Г.С-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийсний эцэст гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогч Н.А-н өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Г.С-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.