Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2017/0897/З |
Дугаар | 70 |
Огноо | 2018-01-31 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 70
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Э , Х.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагч Х.Н , Ш.Э нарын 2017 оны 06 дугаар арын 30-ны өдрийн 21******* дугаартай актын 1.4, 1.6 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөрийн хэмжээг багасгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.6-д заасныг үндэслэн шийдвэрлүүлэх, тус актын 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт заасан хэсгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн өршөөлд хамруулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , О.В , хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Э , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энэрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагч Х.Н , Ш.Э нарын 2017 оны 06 дугаар арын 30-ны өдрийн 21******* дугаартай актын 1.4, 1.6 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоолгон, төлбөрийн хэмжээг багасгах, тус актын 1.1, 1.2, 1.3, 1.4-д заасан хэсгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн өршөөлд хамруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Өнгөрсөн 2014-2016 онуудад уул уурхайн салбарын эдийн засгийн хямрал нь компанийн үйл ажиллагаа, санхүүгийн чадварт сөргөөр нөлөөлсөн ба хямралын хамгийн хүнд жил болох 2016 онд захиалагч аж ахуйн нэгжүүд гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлсөө хугацаанд нь төлөхгүй удаашруулах, бүр төлөхгүй байх зэргээс хамаарч манай компани татвараа хуулийн хугацаанд төлж чадаагүй.
Хэдийгээр хугацаа хэтрүүлсэн боловч манай компани татвараа хуульд заасан хувь, хэмжээгээр төлж, хямралын үед нийгмийн хариуцлагатай байж ажилтнуудаа ажил, цалин орлоготой, компанийн үйл ажиллагааг зогсоолгүйгээр хямралыг д******* туулсныг хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар харгалзаж үзээгүй.
“М” ХХК нь эдгээр хүнд хэцүү жилүүдэд харилцагч компаниудаас авах авлагаа эд хөрөнгөөр бартер хийж буюу бэлэн мөнгөний оронд бараа материал авч байсан ба ингэхдээ тухайн бараа материалдаа НӨАТ-ыг суутган тооцож “М” ХХК-д шилжүүлж байсан ба энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа.
Гэтэл татварын улсын байцаагч нар маргаан бүхий актыг гаргахдаа уг асуудлыг харгалзахгүйгээр зөвхөн борлуулалт хийсэн мөнгөн хэлбэрээр төлбөрөө авсан мэтээр дүгнэж, торгууль, алданги ногдуулсан байна.
2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд төлсөн татварыг хасч тооцохоор заасан байдаг.
Гэтэл “М” ХХК-ийн авсан худалдан авсан бараа материалуудад төлсөн татварыг хассан эсэх нь тодорхойгүй байх тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Татварын өр үүсэхэд нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурьт арга, мөнгөн суурьт аргын ялгаа нөлөөлж байна. Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурьт аргаас хамаарч мөнгөн орлогыг бодитоор хүлээж аваагүй байхдаа татварт хүлээн зөвшөөрч тайлагнасан нь татварын өр үүсэх шалтгаан болж байна.
Татварын шалгалт хийсэн байцаагч нар нь мөнгөн суурьт арга дээр тулгуурлаж тухайн үед компанид мөнгө байсан мэтээр тооцож торгууль ногдуулж, алданги тооцож байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна.
2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар компаниуд “мөнгөн суурь”-иар нягтлан бодох бүртгэлээ хөтөлж болдог байсан ба тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Нягтлан бодох бүртгэлийн мөнгөн суурь”-ийг тодорхойлсон бөгөөд мөнгө хүлээн авсан тохиолдолд орлого, зарлагыг хүлээн зөвшөөрч бүртгэх ажиллагаа хийгдэхээр байсан.
Иймд татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар арын 30-ны өдрийн 21******* дугаартай актын 1.4, 1.6 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.
Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдан гарсан ба тус хуулийн 10 дугаар зүйлд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан захиргааны зөрчилд энэ хууль хамаарахаар заасан.
“М” ХХК-д ногдуулсан татварын акт нь захиргааны зөрчлийн нэг хэлбэр учраас дээрх хуульд хамрагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд маргаан бүхий актын 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт заасан хэсгийг өршөөлд хамруулж өгнө үү гэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 17 жилийн турш уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулж ирсэн. Монголын нүүрсний зах зээлд томоохон байр суурь эзэлдэг уул уурхайн компаниудтай гэрээгээр хамтран ажилладаг.
Нүүрсний зах зээлийн үнийн уналттай холбоотойгоор 2015-2016 онуудад эдийн засгийн хувьд хүнд жилүүд өнгөрсөн ба энэ хугацаанд манай компани үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд нягт, нямбай явуулж ирсэн.
Мөн үүсгэн байгуулагдсан цагаасаа татвартай холбоотой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хэдийгээр эдийн засгийн хямрал биднийг хүнд байдалд оруулсан ч тасралтгүй татвараа тайлагнаад явж байсан ба тухайн үед татвараа мөнгөөр төлье гэсэн ч бэлэн мөнгөгүй байсан бөгөөд уул уурхайн компаниуд өрийн сүлжээнд орчихсон, нүүрсээ экспортоор гаргачхаад эргээд хятад компаниудаасаа валютаа авч чадахгүй нөхцөл байдалд хүрч байсан.
Улмаар харилцагч байгууллага болох “Э******* т******* т*******” ХК, “Э******* р*******” ХХК-иудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Сангийн яаманд татварын хаалт хийлгэхээр хүсэлт гаргаж байсан ба эдгээр компаниуд нь нүүрс экспортолдог ба НӨАТ-ын тайланд илүү төлөлттэй байсан тул 3 тэрбум төгрөгийн татварын хаалт хийлгэсэн.
Бид уул уурхайн тоног төхөөрөмж, тос тосолгооны материал, цемент зэргийг бартераар аваад, эргүүлээд бусад компаниудад өгдөг байсан бөгөөд зарим компаниудаас нь одоог хүртэл мөнгөө авч чадаагүй, авлагын тооцоо үүсчихсэн байдалтай байгаа.
НӨАТ нь бусад татвартай харьцуулахад сар бүр тайлагнах ёстой татвар юм. Бид санхүүгийн бичиг баримтаа үндэслэн хуулийн дагуу аккруэл суурийн аргаар орлогоо тайлагнадаг ба НӨАТ-ыг тухайн нэг сард тайлагнахад татварын өртэй гардаг ба дараагийн сард НӨАТ-ын илүү төлөлттэй байх тохиолдлууд гардаг байсан.
2015-2016 онуудад НӨАТ-ыг сар бүр төлж чадаагүйгээс НӨАТ-ын өртэй байсан саруудад татварын улсын байцаагчийн актаар өндөр торгууль, алданги ногдуулсан.
Гэвч НӨАТ-ын илүү төлөлттэй саруудад илүү төлөлтийг нь баталгаажуулан тооцож татвар төлөгчдөд боломж олгоогүй байж дутуу төлөлттэй саруудад нь алданги, торгууль ногдуулж байгаа нь зохимжгүй байна гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд тус хуулийг хэрэглэх журмыг заасан ба тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заажээ.
Маргаан бүхий акт нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Хэдийгээр зөрчил гаргасан цаг хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар заасан хугацаанд хамаарч байгаа боловч энэ талаар төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас хойш гарсан учраас уг зөрчлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс НӨАТ-ыг илүү, дутуу төлсөн буюу НӨАТ-ын буцаан олголттой холбоотой тайлбар хийсэн хэдий ч эдгээр нь маргааны зүйлтэй огт хамааралгүй байна.
НӨАТ-ын буцаан холбоотой асуудлаар харьяа дүүргийнхээ Татварын албанд хандсанаар Сангийн яамнаас НӨАТ-ын буцаан олголтыг олгодог.
Маргааны гол зүйл нь тайлангийн хугацааны алданги буюу төлөх ёстой цаг хугацаандаа тайлагнасан татвараа төлөөгүйгээс үүссэн алданги, торгуультай холбоотой асуудал юм.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-т “Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж тус тус заасан.
Мөн татвар төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан хугацааны дотор татвараа төлөх ёстой.
Маргаан бүхий акт нь татвар төлөгч хуульд заасан хугацаандаа татвараа төлөөгүйгээс болж Татварын ерөнхий хуульд заасны дагуу алданги, торгууль тооцож гаргасан акт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын улсын байцаагч Х.Н , Ш.Э нарын 2017 оны 06 дугаар арын 30-ны өдрийн 21******* дугаартай актын 1.4, 1.6 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөрийн хэмжээг багасгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.6-д заасныг үндэслэн шийдвэрлүүлэх, тус актын 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт заасан хэсгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн өршөөлд хамруулах” гэж тодорхойлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд Татварын улсын байцаагч нар “М” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт бүрэн шалгалтыг хийж, 2,783,384,918.90 төгрөгийн зөрчил илрүүлж 77,554,009.20 төгрөгийн торгууль, 41,158,099.70 төгрөгийн алданги, нийт 118,712,108.9 төгрөгийн төлбөрийн акт тавьсан үйл баримт болжээ.
2014-2016 онуудад уул уурхайн салбарын эдийн засгийн хямралаас хамаарч харилцагч нар санхүүгийн хүнд байдалд орж төлбөрөө мөнгөн хэлбэрээр өгөөгүй, ажлын хөлсийг техник хэрэгсэл өгөхдөө НӨАТ-ыг суутган тооцсон байдаг. Гэтэл татварын байцаагч нар акт гаргахдаа уг асуудлыг харгалзахгүйгээр зөвхөн борлуулалт хийсэн, мөнгөн хэлбэрээр төлбөр авсан мэтээр дүгнэж торгууль, алданги ногдуулсан нь буруу гэж нэхэмжлэгч тал маргадаг.
Харин татварын хяналт шалгалтаар “М” ХХК нь хуулиар тогтоосон татвар төлөх, тайлагнах журмын дагуу улирал, жилийн тайланг үндэслэн төлөх албан татвараа өөрөө тодорхойлж, хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэж заасныг зөрчсөн гэж хариуцагч тал маргадаг.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараахь байдлаар дүгнэлээ.
“Татварын улсын байцаагч Х.Н , Ш.Э нарын 2017 оны 06 дугаар арын 30-ны өдрийн 21******* дугаартай актын 1.4, 1.6 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөрийн хэмжээг багасгаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.6-д заасныг үндэслэн шийдвэрлүүлэх” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн дутуу төлөлт болон татварын улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчилтэй маргадаггүй, зөвхөн нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурьт аргаас хамаарч мөнгөн орлогыг бодитоор хүлээж аваагүй байхдаа татварт хүлээн зөвшөөрч тайлагнасан нь татварын өр үүсэх шалтгаан болсон гэж тайлбар гаргаж байгаа болно.
Татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 21******* тоот актаар “М” ХХК-ийн 2012 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдсон төсөвт төлөх татварыг хуулийн хугацаанд төлөөгүй 285,621,400.00 төгрөг, 2013 оны 42,532,407.30 төгрөг, 2014 оны 139,674,924.20 төгрөг нийт 467,828,731.50
төгрөгийн зөрчилд 5,875,848.50 төгрөгийн торгууль, 2,822,265.50 төгрөгийн алданги нийт 8,698,114.00 төгрөг, 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдсон төсөвт төлөх татварыг хугацаанд нь төлөөгүй 435,839,402.80 төгрөг, 2016 оны 1,879,716,784.60 төгрөг нийт 2.783,384,918.80 төгрөгийн зөрчилд 71,678,160.70 төгрөгийн торгууль, 38,335,834.20 төгрөгийн алданги нийт 110,013,994.90 төгрөгийн хариуцлага ногдуулжээ.
Тус шалгалтаар 77,554,009.20 төгрөгийн торгууль, 41,158,099.70 төгрөгийн алданги, нийт 118,712,108.90 төгрөгийн төлбөрийг тус компанид ногдуулсан.
Дээрх татварын улсын байцаагч нарын акт нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татвар, алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр байна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасныг зөрчөөгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүтээгдэхүүн борлуулсан болон гүйцэтгэсэн ажлын төлбөрийг мөнгөн хэлбэрээр бус техник болон бусад бараа материал авч, татварын хаалт хийлгэсэн болох нь тогтоогдож байгаа боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “Албан татвараас чөлөөлөгдөх”, 14 дүгээр зүйлд заасан “Албан татварын хасалт хийх”, 15 дугаар зүйлд заасан “Албан татвар буцаан олгох” гэж заасан хуулийн зохицуулалтад хамаарахгүй болно.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг тухайн борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр, бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт үйлдсэн өдөр, бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдрийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно” гэж заасан нь нэхэмжлэгчийн “...татварын шалгалт хийсэн байцаагч нар нь мөнгөн суурьт арга дээр тулгуурлаж тухайн үед компанид мөнгө байсан мэтээр тооцож
торгууль ногдуулж, алданги тооцож байгаа нь бодит байдалд нийцэхгүй...” гэсэн тайлбарыг үгүйсгэж байна.
“Тус актын 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт заасан хэсгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн өршөөлд хамруулах” гэх шаардлагын тухайд: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд Татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21******* дугаартай актаар “М” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийг шалгаж, зөрчил тогтоож торгууль, алдангийн шийтгэл ногдуулсан нь захиргааны зөрчилд тооцогдоно.
Гэхдээ дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэсэн хууль хэрэглэх журмаас үзэхэд “М” ХХК-ийн захиргааны зөрчил нь эрх бүхий албан тушаалтны 2017 оны 06 дугаа сарын 30-ны өдрийн актаар тогтоосон байх тул өршөөн хэлтрүүлэх хүрээнд хамрагдахааргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1 гэж заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Э , Х.Н нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч Х.Н , Ш.Э нарын 2017 оны 06 дугаар арын 30-ны өдрийн 21******* дугаартай актын 1.4, 1.6 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, төлбөрийн хэмжээг багасгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.6-д заасныг үндэслэн шийдвэрлүүлэх, тус актын 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт заасан хэсгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн өршөөлд хамруулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ