Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0203

 

“С н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, өмгөөлөгч Ч.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 143 дугаар шийдвэртэй, “С н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С н” ХХК-ийн гаргасан “нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/2385 дугаар газрын зөрчил  арилгах тухай захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т захиргааны байгууллагаас өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан шийдвэр нь илт хууль бус байхаар хуульчилсан. Б.Б-ийн эзэмшлийн газар дээр барилга барьсан эсэх асуудал нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т “... болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх” гэж заасны дагуу зөвхөн шүүхийн буюу Иргэний шүүхийн харьяаллын маргаан юм. Тус шүүхийн шийдвэрт дурдсанчлан мэдэгдэлд тусгасан агуулга бүхий Б.Б-ийн нэхэмжлэлтэй “С н” ХХК-д холбогдох “Газар чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Захиргааны байгууллагаас тэр дотроо нийслэлийн Засаг даргаас өөр бусад этгээдийн хооронд үүссэн газар чөлөөлүүлэх гомдлыг иргэний хэргийн маргаан гэсэн хариу өгдөг ч Б.Б-ийн гомдлыг хүлээн авч үндэслэлгүйгээр ямар ч судалгаа, нотлох баримтгүйгээр “С н” ХХК нь хууль зөрчсөн байна, Б.Б-ийн эзэмшлийн газрыг чөлөөл гэсэн мэдэгдэл гаргасан байдаг. Бодит байдал дээр Б.Б-ийн хэзээ гаргасан, ямар гомдлыг үндэслэн мэдэгдэл гаргасан, мэдэгдэл гаргахаас өмнө хэрхэн хүлээн авч, ямар үндэслэлээр шийдвэрлэсэн зэрэг асуудлыг тусгасан бүртгэл хяналтын карт ч байхгүй. Үүнээс харахад нийслэлийн Засаг дарга нь төрөөс газрын асуудлаар баримталдаг газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн зарчмыг зөрчсөн, ялгавартай хандсан, хэт нэг талыг барьж чиг үүрэгт нь үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаас үзвэл маргааны талууд нь газар эзэмшигчид байх, тэдгээрт захиргааны байгууллагаас газрыг давхцуулан олгосон маргаан нь хамаарахаар хуульчилсан бөгөөд манай компани нь Хан-Уул дүүргийн тус хороонд газар эзэмших эрхтэй гэж маргасан зүйлгүй, нөгөөтэйгүүр маргаан бүхий актаар манай компанийн газар эзэмших эрхтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсээгүй. Харин үл хөдлөх эд хөрөнгө болох ХТП барилгыг буулгахаар буюу нэхэмжлэгчийн эдийн баялгийн эрхийг хөндсөн иргэний эрх зүйн харилцааг зохицуулан захиргааны акт гарсан учир хариуцагч нь чиг үүрэгтээ үл хамаарах асуудлаар мэдэгдэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Тус газарт ХТП давхцуулан барьсан эсэх, барилгыг буулгах, газрыг чөлөөлөх зэрэг асуудал бол иргэний эрх зүйн харилцаа тиймдээ ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд явж байна.

Мөн маргаан бүхий акт нь Б.Б-ийн эзэмшлийн газрыг чөлөөл гэсэн агуулгатай байдаг. Харин 2013-2015 оны хооронд Б.Б нь ХТП баригдсан газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан эсэх нь хавтас хэргийн материалаар тогтоогдоогүй. Гэтэл шүүхийн шийдвэрт “С н” ХХК нь Б.Б-ийн эзэмшил газарт ХТП барьсан болох нь нотлогдсон гэж дүгнэсэн байна. Б.Б нь 2005 онд газар эзэмшиж байсан гэх гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг байхгүй, 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 6006/0141 дугаар нэгж талбар бүхий 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байх хэдий ч тус гэрчилгээнд заасан нэгж талбар бүхий кадастрын зураг байдаггүй. Үүнээс үзвэл “С н” ХХК нь 2013-2015 оны хооронд ХТП бүхий барилга барих үед иргэн Б.Б газраа хууль ёсны дагуу эзэмшиж байсан эсэх нь эргэлзээтэй байна. Тухайн үед хэн нэгнээс миний эзэмшлийн газар дээр барилга барьсан гэсэн асуудлаар шаардлага гаргаагүй, төрийн эрх бүхий байгууллагаас ч тус газарт ХТП барихыг зөвшөөрч зураг төслийг батлан газар дээр нь очиж үзлэг хийн хүлээн авсан байдаг. Тухайн ХТП барих зөвшөөрлийг олгосон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7-д “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны тов байгууллагад гаргаж өгөх”, хот байгуулалтын кадастрт үндэслэн хот байгуулалт, зураг төслийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хяналт тавих бүрэн эрх олгогдсон төрийн байгууллага юм.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. ”, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 9.6-д зааснаар газар эзэмшигч нь “кадастрын зураг”-ийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр эзэмших, ашиглах газрын хил заагийг газарт шилжүүлэн, эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх, солбицолжуулах ажлыг гүйцэтгэсний дараа хүлээн авч газрын мэдээллийн санд бүртгэх эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөхөөр, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний Нийтлэг үндэслэлд дурдсанаар кадастрын зураг нь гэрээний салшгүй хэсэг болох, кадастрын зураггүй бол гэрээг хүчингүйд тооцохоор тусгаснаас үзвэл иргэн Б.Б нь хууль тогтоомжид заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй, эзэмшиж буй газрын эргэлтийн цэгийг баталгаажуулсан кадастрын зураггүйгээр өдийг хүрсэн байна. Учир нь 2005 оноос эзэмшсэн гэх Б.Б-ийн эзэмшлийн газрын хил зааг хаагуур байгаа, өнөөдрийн байдлаар кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн эсэх асуудал тодорхойгүй хэвээр байна. Шүүхийн шийдвэрт дурдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичиг бол Б.Б 2018 оны 10 сард анх нэгж талбарын 18643309572360 дугаар бүхий газрыг эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн гэсэн баримт бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж зааснаар тус нэгж талбар бүхий газар эзэмших гэрчилгээ, гэрээ Б.Б-д байх ёстой. Гэвч хавтас хэрэгт тус нэгж талбар бүхий газрыг Б.Б эзэмших эрхтэй гэсэн гэрээ гэрчилгээ байхгүй байна. Мөн 2008 оны гэрчилгээ, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2019 оны 02 дугаар сарын А/101 дугаар захирамжуудаас Б.Б нь 6006/0141 нэгж талбар бүхий газар эзэмшдэг болох нь харагдаж байхад 2018 онд анх эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн 18643309572360 дугаар бүхий газрыг 2005 оноос хойш Б.Б-ийн эзэмшсэн газар гэж үзэх үндэслэлгүй.

Б.Б-ийн 2013-2015 онд эзэмшиж байсан газрын кадастрын зургийг сансрын зурагтай давхцуулсан тохиолдолд тус хэргийн бодит үнэн тогтоогдохоос 2018 онд эзэмших эрхтэй болсон газрын кадастрын зургийг 2005-2019 оны сансрын зурагтай давхцуулан 2015 онд “С н” ХХК газар эзэмших эрхийг нь зөрчин, ХТП давхцуулан барьсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Б.Б нь хуулийн дагуу газар эзэмших үүргээ биелүүлээгүйгээс тус хэрэгт 2005, 2008, 2019 оны захирамжаар эзэмшиж буй гэх 6006/0141 дугаар нэгж талбар бүхий газрын кадастрын зургийг сансрын зурагтай давхцуулсан нотлох баримтыг холбогдох төрийн байгууллагаас гаргуулах ямар ч боломжгүй байсан. Үүнийг Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13/712 дугаар албан бичгээс харж болохоор байна.

Цахилгааны эх үүсвэр ХТП барих, буулгах асуудал бол хуулийн дагуу байнгын хяналт шалгалт, нарийн норм нормативын дагуу явагддаг ажиллагаа. Тухайн үедээ ХТП барилгыг ашиглалтад оруулснаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хэрэгжүүлсэн хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу 32 айл цахилгааны эх үүсвэр шийдэгдсэн байдаг. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаа холбоотой, залгамж чанартай явагддаг байтал өмнөх нийслэлийн Засаг даргын хийсэн ажиллагаа, Мэргэжлийн хяналтын газрын зөрчил шалган шийдвэрлэсэн байдал, ХТП байгууламжийг буулгах ажиллагаа хийгдэх боломжтой эсэх, Б.Б-ийн газар хаагуур бий эсэхийг ч нягтлалгүй 32 айлын цахилгааны эх үүсвэрийг буулга гэсэн шийдвэр гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар тус ХТП-г буулгах эрх хэмжээ хууль тогтоомжийн дагуу манай байгууллагад олгогдоогүй.

Манай компанийн хувьд 2013 онд “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх” зөвшөөрлийг авсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2015/63 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар ашиглалтад оруулсан. Тус ХТП-г барихдаа манай компанийн зүгээс Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204 дүгээр тогтоолын хавсралт “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тус барилга, байгууламжийн байршлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /Одоогийн Хот байгуулалт, хөгжлийн газар/-тай зөвшилцөн, ХТП-д засвар үйлчилгээ хийх машин механизм орох гарах гарцыг тооцоолон одоогийн байршилд барих зөвшөөрөл авсан. ХТП барих техникийн нөхцөлийн 9-т “Дор дурдсан техникийн даалгавар, хууль дүрмийг мөрдөх”, 9.1-т “Дэд өртөө болон 6 кв-ын кабель шугамын байршлын зургийг эрх бүхий байгууллагаар хийлгэн, Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраар батлуулж, мэдээллийн санд оруулсан байх, схем, холболт, хүчин чадлыг тус компаниар хянуулах” гэж тусгасан. Хот байгуулалт мэдээллийн хэлтсийн геодезийн инженер нь “Улсын нэгдсэн санд байр зүйн зургийн тоон мэдээллийг шилжүүлэх, Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийн актыг хянаж, хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, Улсын болон орон нутгийн хөрөнгөөр баригдах барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газарт зөв шилжүүлсэн байдалд геодезийн хэмжилтээр шалгах, хот байгуулалтын үеийн геодезийн хэмжилт явуулах, байр зүйн тоон зургийг стандартын дагуу хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, баяжуулах”  чиг үүрэгтэй. Мөн Газрын кадастрын геодезийн хяналтын инженер нь “барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийн хүрээнд хяналт тавих, ашиглалтад оруулах, хот байгуулалт, газрын харилцаа, барилгажилтын зөрчлийг арилгах талаар албан шаардлага гаргах Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр барих, өргөтгөх, шинэчлэх барилга байгууламж, дэд бүтцийн чиглэлээр тусгасан ажлуудад геодези, кадастрын хяналт тавих ажлыг зохион байгуулах, ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд холбогдох хууль, норм дүрэм, стандарт, эрх зүйн актын заалтын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөл олгох шийдвэр гаргах” чиг үүрэгтэй бөгөөд ХТП-г барих газрын байршлын зураг төсөл, шугам сүлжээний гүйцэтгэлийн зургийг зөвшөөрч гарын үсэг зурсан захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас манай компанийн ХТП-г барих бүхий л ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн болох нь тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор хуульчилсан хэдий ч сонсох ажиллагаа хийгдээгүй. Сонсох ажиллагаа хийгдсэн бол манай компанийн зүгээс тус ХТП-г зөвшөөрлийн дагуу барьсан, хуулийн дагуу бичиг баримтуудыг бүрдүүлсэн болох чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг нотолсноор маргаан бүхий акт гарахгүй байх боломжтой байсан.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 516 дугаар тогтоолын Хянавал хэсэг, хавтас хэрэгт мэдэгдэх ажиллагаа хийсэн нотлох баримт ирүүлээгүй зэргээр тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” зааснаас үзвэл хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй хаяглагдсан этгээд болох “С н” ХХК-д мэдэгдэх ёстой.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.5.1-т зааснаас бусад тохиолдолд тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заахаар хуульчилсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тус захирамжийг гаргахдаа захиргааны байгууллагаас яаж судалсан, ямар гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, бодит нөхцөл байдлыг тогтоосон, маргаан бүхий актын үндэслэл нотлогдсон аливаа баримт материал байдаггүй.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...

Актын хувьд нэхэмжлэл гаргахдаа илт хууль бус болох талдаа илүү зөрчилтэй гэж үзсэн болно. Нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад бид илт хууль болох, хүчингүй болгох аль аль агуулгаар нь фактын хувьд мэтгэлцсэн. Хүчингүй болгох үндэслэл байсаар атал илт хууль бус болох шинж акт алга байна гээд энэхүү шийдвэр шиг шийдвэл захиргааны хууль бус “халдлага” хэвээр үлдэж байгаа юм.

ХТП барих үед Б.Б маргаан бүхий газрын эзэмшигч биш байсан. Б.Б-ийн хувьд 2008 оны газрын захирамж байсан боловч кадастрын зураг байгаагүй, мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан. ХТП 2014 онд баригдсан. Б.Б-ийн хувьд 2018 онд мэдээллийн санд газраа бүртгүүлсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шүүхэд ирүүлсэн албан тоотоос үзэхэд Б.Б 2018 онд кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд оруулсан байдаг. Хэрэгт авагдсан 2018 оны кадастр нь Б.Б-ийн 2008 оны газрын гэрчилгээний нэгж талбарын дугаараас өөр буюу зөрдөг. Үүнээс үзэхэд ХТП барих үед газар Б.Б-ийн эзэмшил байсан гэж Газрын тухай хууль тогтоомжийн дагуу үзэхгүй. Учир нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, газрын кадастр нь гэрээний бүрдэл, салшгүй хэсэг байна гэж заасан байдаг. Тухайн үед Б.Б кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд оруулаагүй учраас ХТП барих эрх олгосон төрийн эрх бүхий байгууллага газрыг судалж үзэхэд хэний ч нэр дээр бүртгэлгүй байсан байна.

Хэрэв бусдын газар дээр ХТП барьсан нь хууль бус гэж үзвэл хохирогч нь Б.Б биш харин төр байх ёстой. Б.Б 2018 онд газраа мэдээллийн санд оруулчихдаа 2019 оноос эхлэн гомдол маргаан өрнүүлж эхэлсэн. Харин 2008 оноос 2019 оныг хүртэл, мөн биднийг барилга барьж байх явцад ямар ч зарга хийгээгүй, харсаар л байсан. Учир нь газар түүний эзэмшилд хууль ёсны дагуу олгогдоогүй байсан. Б.Б хожим буюу 2018 онд газрыг мэдээллийн санд оруулсны дараа миний газар дээр ХТП барилаа гэж маргах нь үндэслэлгүй. Иймд ХТП нь Б.Б-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Шүүх захиргааны актад тавигдах шаардлагыг эс хайхран тоохгүй орхиж байгаагаас захиргааны байгууллагыг хуулийн дэг журамд оруулах, үйлдэл, үйл ажиллагаа нь хүний эрх зөрчигдөх гэдгээс урьдчилан сэргийлэх зорилгыг буюу эрх зүйт төрийн зорилгыг хангуулахгүй, сул орхигдуулж байна. Маргаан бүхий акт нь гарахдаа Засаг дарга иж бүрэн нотлох баримт бүрдүүлж нягтлан шалгаад, тэдгээр баримтаа үндэслэн, захиргааны актын ард хавсаргаад актаа гаргах ёстой. Энэ талаар Захиргааны ерөнхий 40 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан. Иймд Засаг дарга акт гаргах бодит нөхцөл байдлыг судлах буюу тухайн үед газар Б.Б-ийн нэр дээр байсан байна уу, байсан бол ямар эргэлтийн цэг, координат, кадастраар ХТП давхцаж байна вэ, “С н” ХХК ХТП барихдаа ямар зөвшөөрөл авсан юм, газрын асуудал дээр ямар албан тушаалтан хяналт тавьсан байна гээд бүгдийг шалгаад баримтжуулан тэдгээрийг актдаа хавсаргах ёстой байсан.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “... зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан ... бол ... хугацаатай мэдэгдэл өгнө” гэсэн байдаг. Гэтэл бид зохих зөвшөөрөлтэйгээр барьсан. ХТП барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2013 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан. Энд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалтын хяналтын албаны дарга гарын үсэг зурсан. ХТП барилгын ажлын зураг буюу зураг төслийг тусгай зөвшөөрөл бүхий компаниар үйлдүүлж түүнийг Нийслэлийн барилга хот байгуулалтын төлөвлөлтийн мэргэжилтэн, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн геодезийн инженер, Газрын кадастрын геодезийн хяналтын инженер тус тус хянаж, гарын үсэг зурж баталсан. Мөн зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөс экспертийн хяналт, магадлал хийсэн. ХТП-г 2015 онд улсын комисс хүлээж авсан. Өөрөөр хэлбэл тухайн үед Б.Б энэ газраа мэдээллийн санд оруулж, хууль ёсоор кадастрын зураг хийлгээгүй байсан учир ХТП барих, эхлүүлэх, түүнийг хүлээж авах үед хэний ч газартай давхцаагүй байсан учраас бариулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

        ХЯНАВАЛ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу хэргийг хянав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С н” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/2385 дугаар Газрын зөрчил арилгах тухай захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан” гэж тайлбарласантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

“С н” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 700 м.кв газартаа 32 айлын орон сууц болон цахилгааны дэд станц барихаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авсан боловч, зөвхөн 32 айлын орон сууцны барилгыг өөрийн эзэмшлийн газарт барьж, цахилгааны дэд станцыг Б.Б-ийн эзэмшлийн газарт барьсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Геодези зураг зүйн газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/1805, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2/95 дугаар албан бичгийн хавсралт зургуудаар нотлогдсон байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.1-д “Нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.5-д “Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасантай нийцсэн, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” гэж, 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.1.2-т “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэж заасан.  Нийслэлийн Засаг даргаас дээрх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд “С н” ХХК нь Б.Б-ийн эзэмшил газар дээр зөвшөөрөлгүй цахилгааны дэд станц барьсан асуудлыг шалгаж, газрын зөрчил арилгуулахаар тус компанид мэдэгдэл өгснийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “... өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан” гэх маргасан нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” гэж, 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.1.2-т “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэж заасан тул Нийслэлийн Засаг даргыг эрх хэмжээгүй этгээд гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” шинжийг Засаг даргын мэдэгдэл агуулаагүй байна. Энэ үндэслэлийг “манай компанид цахилгааны дэд станц буулгах тусгай зөвшөөрөлгүй” гэсэн агуулгаар гаргаж байна. Мэдэгдлийг биелүүлэхийн тулд тухайн компанийн хувьцаа эзэмшигч, захирал өөрөө биечлэн буулгах шаардлагагүй бөгөөд шаардлагатай зөвшөөрөл, мэргэжил, туршлага бүхий этгээдээр ч гүйцэтгүүлэх боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлийг нэхэмжлэгч дурьдаад тухайн орон сууцны 32 айл гэрэл цахилгаангүй болно, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй гэж маргаж байна.  Мэдэгдэл нь шууд утгаараа иргэдийн цахилгааны хэрэглээг түдгэлзүүлсэн захиргааны акт биш юм. Гагцхүү уг мэдэгдлийн үр дагаварт цахилгааны дэд станцаа шилжүүлэн байрлуулахыг шаардлага нэхэмжлэгчид үүсэж байгаа  бөгөөд үнэхээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд санаа тавьж буй бол энэхүү ажлыг аль болох иргэдэд чирэгдэлгүй гүйцэтгэх шаардлагатай.

Энэхүү мэдэгдлийг нь илт хууль бус гэж тооцлоо ч, мөн хүчингүй болгож шийдвэрлэлээ ч гэсэн иргэн Б.Б-ийн газрыг эзэмших, ашиглах эрх “С н” ХХК д үүсэхгүй юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ. “С н” ХХК-н тухайд хамгаалагдах хууль ёсны эрх, ашиг сонирхол, сэргэх эрх үгүй байна.

Нэхэмжлэгч компанийн зүгээс иргэн Б.Б-д газар эзэмшүүлсэнтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Ийнхүү ямар ч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байтлаа иргэн Б.Б-д газар эзэмшүүлсэн нь буруу, газар нь хаана байгаа нь тодорхойгүй гэх мэтээр тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Нөгөө талаар цаг хугацааны хувьд нийслэлийн Засаг даргын 2005 оны 399 дүгээр захирамжаар Б.Б-д Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 176006/0141 дугаар бүхий газар 700 м.кв газар эзэмших эрх олгосон, харин түүнээс 1 жилийн дараа буюу 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар захирамжаар Л.Төмөрбаатарт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 6006/0145 дугаар бүхий 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн болох нь тогтоогджээ. Энэхүү иргэн Л.Төмөрбаатарт эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийг  бүтэн 6 жилийн дараа Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар захирамжаар “С н” ХХК-д орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн болох нь мөн тогтоогдсон байна. Дээрх байдлаас дүгнэхэд иргэн Б.Б-ийн зүгээс “С н” ХХК-н газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байх тул иргэн Б.Б-г буруутгах, түүний газар эзэмших эрхийг хууль бус гэж дүгнэх, уг дүгнэлтэд үндэслэн “С н” ХХК-н үйлдлийг зөвтгөх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР