Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0216

 

Г.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 121 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Ц-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 121 дүгээр шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 19 дүгээр зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.1, 18.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ц-аас гаргасан “Улсын бүртгэгч Г.Алтайгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20040649 дүгээр шийдвэрийг илт хууль бусал тооцон хүчингүй болгож, тус компанийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “... Нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчдийн удаа дараагийн хурлын зарыг “Мастер хайндс” ХХК-ийн хувьцаа эзэшчиг В.К.Ковалёвт түүний компанид бүртгэлтэй Монгол Улсад оршин суух /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, гадаадын мэргэжилтний 4 дүгээр байр 24 тоот/, мөн оршин сууж байсан хаягаар /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Монгол Улс дахь Оросын холбооны улсын худалдааны төлөөлөгчийн газрын байр, “Мастер хайндс” ХХК, захирал Ковалёвт.В.К/ нь тус тус Монгол Улсын албан ёсны шуудангаар хүргүүлсэн бөгөөд холбогдох нотлох баримт болох 2 шуудангийн дугтуйг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хуралдаанд эг баримтыг нь алга байна гээд судлаагүй болно.

Компанийн гүйцэтгэх захирал компанийн хаягийг өөрийн оршин сууж байсан хаягаар бүртгүүлсэн байсан тул хаягийн давхардал гарсан болно.

“Мастер хайндс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ковалёвт.В.К нь сүүлийн жилүүдэд компанитай харилцаа холбоогоо тасалсан нь үнэн бөгөөд нэхэмжлэгч өөрийнхөө боломжийн хүрээнд харилцаа холбоо тогтоох оролдлого хийсэн бөгөөд компанийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хуулийн дагуу компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх арга замыг сонгон эрх бүхий байгууллагад хандсан болно.

Иймд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Г.Ц-т хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцсон ба 2021  оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр холбогдох баримтыг хавсарган шүүхэд хүсэлт хүргүүлсэн байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч өмгөөлөгч оролцуулахгүй талаар шүүхэд хүсэлт гаргаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр би оролцоогүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй үндэслэл байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу” гэв.  

ХЯНАВАЛ:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 121 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хянаад, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл улсын бүртгэлд “Мастерхайндс” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчдээр Г.Ц, В.К.Ковалёв, гүйцэтгэх удирдлагаар В.К.Ковалёвийг бүртгэсэн байх бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Ц 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах тухай санал, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шийдвэр гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас  хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааныг дахин товлож, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарган, гүйцэтгэх захирлаар Г.Ц-ыг томилон, уг шийдвэрийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргажээ.    

Энэхүү өргөдлийг улсын бүртгэлийн байгууллага хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20040649 дүгээр шийдвэрээр “... 50 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, гадаадын иргэн В.К.Ковалёвт хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай санал шаардлагыг албан ёсоор мэдэгдсэн эсэх, хүлээн авсан эсэх нь нотлогдохгүй байх тул компанийн өөрчлөлтийг хүлээн авахаас татгалзан” шийдвэрлэсэн байна.

Компанийн тухай хуулийн 61.1-д “Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна”, 61.1.2-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан”, 61.2-д “Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Эндээс үзвэл Г.Ц нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар гүйцэтгэх удирдлагад санал гаргасан боловч энэ талаарх санал нь гүйцэтгэх удирдлагад очсон эсэх нь тодорхойгүй, гүйцэтгэх удирдлагаас гаргасан шийдвэр байхгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 18.1.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-д “Үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.2-д “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “Энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заажээ.

Тодруулбал, улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч шалгаад, холбогдох баримт дутуу, зөрчилтэй, бүрэн бус зэрэг шалтгаан илэрвэл бүртгэхээс татгалзах үүрэгтэй байна.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчдийн удаа дараагийн хурлын зарыг “Мастер хайндс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.К.Ковалёвт 2 хаягаар, албан ёсны шуудангаар хүргүүлсэн” гэж тайлбарлаж байх боловч гүйцэтгэх удирдлагад хуралдааны зар очсон нь тогтоогдсонгүй.

Иймд хариуцагч Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчим, түүнчлэн хуульд заасан үүргийнхээ хүрээнд өргөдлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь зөв, уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулаагүй” гэж маргаж байх боловч  энэхүү гомдол нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Өргөдөл гаргагч нь энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно” гэж заасан байх тул маргаан бүхий захиргааны актад заасан үндэслэл арилсан тохиолдолд дахин улсын бүртгэлийн байгууллагад хандахад шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 121 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

           ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР