Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 311

 

Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/01337 дугаар шийдвэртэй,                     

Нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Отгонтөгст холбогдох

Түрээсийн төлбөрт 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Б.Энхцэцэг миний бие Г.Отгонтөгстэй 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хотхон 627 дугаар байрны 2 тоот байрыг сарын 300 000 төгрөгөөр 3 сарын хугацаатай хөлслөхөөр гэрээ байгуулж, 3 сарын төлбөр нийт 900 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийг өгсөн. Гэтэл 1 сарын дараа гэнэт хөлслөгч Г.Отгонтөгс нь “Би байраа хөлслөхөө больсон. Хэтэрхий багаар хөлсөлсөн байна” гээд надад 600 000 төгрөгийг маань эргүүлж өгөөд дэнчингийн 300 000 төгрөгийг өгөөгүй. Би гарахдаа тогны мөнгийг төлсөн бөгөөд усны мөнгө төлөх гэсэн тоолуурын заалт ирээгүй байна гэсэн. Би 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байрнаас гарсан. Иргэний хууль болон гэрээндээ гэрээг цуцлахаас 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан байхад гэнэт 3 сарын гэрээ хийсэн байхад байрнаас гар гэж хөөсөн тул дараагийн байрыг хайж их зардал гаргасан. Тухайн үед түрээсийн байр хямд байсан бөгөөд оюутнууд ихээр ирсэнтэй холбогдон байрны түрээсийн үнэ нэмэгдсэн. Иймд хариуцагчаас барьцаа мөнгө 300 000 төгрөг, байрны түрээсийн мөнгөний зөрүү хохирол 140 000 төгрөг, нийт 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Отгонтөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Отгонтөгс би өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ төө хорооллын 627-2 тоотын 38 м.кв бүхий 1 өрөө хүн амьдраагүй шинэ орон сууцыг Б.Энхцэцэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан хөлсөлсөн. Түрээсийн гэрээний хувьд төлбөрийг 3 сараар хийх гэрээ байсан ба тус гэрээ цуцлах зүйл заалт нь хүмүүсийг хохирсон нэг ч утга байхгүй, түрээсийн гэрээг цуцлах зүйл заалтыг мөн тусгаж өгсөн байсан. Нэхэмжлэгч байрны төлбөрүүдээ ч төлөөгүй. Б.Энхцэцэг нь 9 сарын ашиглалтын зардал дулаан ус хог цэвэрлэгээ засвар үйлчилгээ гэх мэт 80 000 төгрөг, Юнивишн тавиулсан төхөөрөмж 70 000 төгрөг сарын хураамж 29 900 төгрөг, 10 дугаар сарын 1-нээс 6-ныг хүртэлх түрээсийн төлбөр 100 000 төгрөг, ашиглалтын зардал 50 000 төгрөг тус тус өгөөгүй. Энэхүү асуудлыг үнэн зөв шударгаар шүүн тунгааж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дүгээр зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Отгонтөгсөөс 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч б.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 140 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г.Отгонтөгс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Б.Энхцэцэг нь манай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хотхоны 627 дугаар байрны 2 тоот 1 өрөө шинэ байранд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг дуустал гэрээ байгуулж амьдарсан. Б.Энхцэцэгээс байрны түрээсийг сарын 300 000 төгрөгөөр тооцож 3 сарын түрээс 900 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөг нийт 1 200 000 төгрөг авсан 10 дугаар сарын 6-ны өдөр байр суллаж өгсөн. Ингээд 600 000 төгрөгийг түүнд буцааж өгсөн ба үлдэгдэл 300 000 төгрөгийг 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийг дуустал амьдарсан 11 хоногийн төлбөр, байранд ус алдсаны улмаас гэмтсэн гэмтэл, орон сууцыг бохирдуулсны нөхөн төлбөр болон зарим ашиглалтын зардалд суутгаж авч үлдсэн болно. Г.Отгонтөгс миний нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотолгоо гаргаж өгөөгүй, шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба анхан шатны шүүх огт харгалзаж үзэхгүйгээр шүүх хурлыг хийж, нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайн үед Г.Отгонтөгс миний бие жирэмсэн байсан ба жирэмсний хүндрэлтэй, эрүүл мэндийн хувьд маш хүнд хэвтрийн дэглэмтэй байсан, нөгөөтэйгүүр түрээслэгч талаас надруу элдвээр дайрч, хэл амаар доромжлох зэрэг үйлдэл гаргаж байсан. Миний бие уг хэрэгт эрүүл мэндийн хувьд оролцох боломжгүй тул хурлыг хойшлуулах талаар мэдэгдэж, цаашид өмгөөлөгч авах, холбогдох нотлох баримтуудаа шүүхэд өгөхөөр бүрдүүлж байсан боловч хариуцагч миний хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзахгүйгээр шүүх хурлыг хийж шийдвэрлэсэн. Иймд хариуцагч миний шүүх хуралд оролцох боломжгүй байсан хүндэтгэх шалтгааныг харгалзан нотлох баримтаа гаргаж шүүхэд мэтгэлцэх, өмгөөлөгч авах нөхцөл бололцоогоор хангаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2016/01337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд холбогдох хуулийн зүйл заалтыг оновчтой бармитлаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь хариуцагч Г.Отгонтөгст холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний дэнчинд тавьсан 300 000 төгрөг, хохиролд 140 000 төгрөг нийт 440 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, уг гэрээгээр Г.Отгонтөгсийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 627-2 тоот 1 өрөө орон сууцыг 3 сарын хугацаатайгаар нэг сарын 300 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 3 сарын хөлс 900 000 төгрөг, дэнчинд 300 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөгийг хариуцагчид, гэрээ цуцлагдан 600 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 4 дүгээр тал/

Иргэний хуулийн 233 дугааар зүйлийн 233.1 дэх хэсэгт “Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авах тал дэнчинг буцааж өгнө” гэж заасан талуудын хоорондын гэрээ цуцлагдсан нь тогтоогдсон тул хариуцагч Г.Отгонтөгс нь дэнчингийн 300 000 төгрөгийг хариуцагч Б.Энхцэцэгт буцаан төлөх үүрэгтэй.

Хариуцагч Г.Отгонтөгс нь дэнчинг өөртөө үлдээх хуульд заасан эдгээр үндэслэл байгааг баримтаар нотлож чадаагүй тул 300 000 төгрөгийн нэхэмжлэгч нэхэмжлэлийг хангасан нь зөв болно.

Харин нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь дэнчин авсан этгээдийн хувьд Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар дэнчингийн мөнгийг гэрээний үүрэгт эсхүл нөгөө талын үүргийн зөрчлөөс учирсан хохиролд суутган авснаас бусад тохиолдолд дэнчингийн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хөлсөлсөн байрнаасаа гаргаснаас шалтгаалан илүү үнэтэй байр хөлсөлж хохирсон гэсэн үндэслэлээр хохиролд 140 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэн гэрээг цуцлагдсан тохиолдолд хохирлоо нөгөө талаас шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” байдаг бөгөөд нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь хариуцагчийн зүгээс гэрээ цуцалсантай холбоотойгоор илүү үнэтэй байр хөлсөлж хохирсон талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 183/Ш32016/06547 тоот захирамжаар шүүх хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 15.00 цагт хийхээр товлож, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хариуцагч Г.Отонтөгст шүүх хуралдааныг товыг мэдэгдэж, шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн байна.

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Түүнчлэн харицагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байгаагаа нотолсон баримтыг хэрэгт байхгүй, энэ тухайгаа анхан шатны шүүхэд мэдэгдсэн талаарх баримт байхгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдолдоо хавсарган ирүүлсэн эмнэлгийн бичгийг үндэслэн анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүйг залруулан өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 183/ШШ2016/01337 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэг” гэж, “нэхэмжлэлийн шаардлагын үлдэх       140 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсний өмнө “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж нэмж шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Отгонтөгсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давжзаалдах гомдол гаргахдаа Г.Отгонтөгсөөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                            

                                             ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА        

                                                                                            Ц.ИЧИНХОРЛОО