Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1337

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Шинэ өргөө хотхон 609 дүгээр байр 14 тоотод оршин суух, Бэйл овогт Бадамрайгийн Энхцэцэг /РД:ПВ87032200/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Яармаг Наадамчдын гудамж 602 дугаар байр 8 тоотод оршин суух, Боржигон овогт Галсангийн Отгонтөгс /РД:ЧТ83061301/-т холбогдох

Түрээсийн төлбөрт 440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхцэцэг миний бие Г.Отгонтөгстэй 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хотхон 627 дугаар байрны 2 тоот байрыг сарын 300,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай хөлслөхөөр гэрээ байгуулж, 3 сарын төлбөр нийт 900,000 төгрөг, барьцаа 300,000 төгрөг нийт 1,200,000 төгрөг өгөөд хөлсөлж эхэлсэн. Гэтэл хөлслөгч Г.Отгонтөгс нь  1 сарын дараа гэнэт би байраа хөлслөхөө больсон. Хэтэрхий багаар хөлсөлсөн байна гээд надад 600,000 төгрөгийг маань эргүүлж өгөөд барьцаа 300,000 төгрөгийг өгөөгүй. Би гарахдаа тогны мөнгийг төлсөн бөгөөд усны мөнгө төлөх гэсэн тоолуурын заалт ирээгүй байна гэсэн. Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байрнаас гарсан. Гэтэл барьцаа мөнгийг маань буцааж өгөхгүй чи 6 өдөр илүү суусан гэсэн. Иргэний хууль болон гэрээндээ гэрээг цуцлахаас 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан байхад гэнэт 3 сарын гэрээ хийсэн  байхад байрнаас гар гэж хөөсөн тул дараагийн байрыг хайж их зардал гаргасан. Тухайн үед түрээсийн байр хямд байсан бөгөөд оюутнууд ихээр ирсэн болон хүйтэрсэнтэй холбогдуулан байрны түрээсийн үнэ нэмэгдсэн. Иймд хариуцагчаас барьцаа мөнгө 300,000 төгрөг, байрны түрээсийн мөнгөний зөрүү хохирол 140,000 төгрөг нийт 440,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Отгонтөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Отгонтөс би өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ өргөө хорооллын 627-2 тоотын 38 м.кв бүхий 1 өрөө хүн амьдраагүй шинэ орон сууцыг гомдол мэдүүлэгч Энхцэцэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-нд түрээслүүлэх гэрээ байгуулан түрээслүүлсэн. Анх 2016 оны 8 дугаар сарын 6-нд тус байрыг 400,000 төгрөгөөр түрээслүүлэх тухай интернэтэд зар тавьсан тухайн үед Энхцэцэг нь би түрээслэж сууя, угаасаа байр 300,000 төгрөг байдаг гэж худал ярин нялх хүүхэдтэй битгий хүнд түрээслүүлээч гэж өрөвдөлтэй ярьж өдөрт 3-4 удаа утасдаж гуйгаад Отгонтөгс би 100,000 төгрөгөөр түрээсийг хямдруулан суулгахаар болж зарыг хаасан. Тухайн үед байрыг 400,000 төгрөгөөр түрээслье гэж 4,5 хүн ярьсан ч нялх хүүхэдтэй би найдвартай гээд дахин дахин гуйгаад байхаар нь бусад хүмүүсийг суулгаагүй. Гэтэл хөдөөнөөс ирж чаддаггүй дараа 7 хоног гэсээр байгаад 9 сарын 1 болтол бас худал ярьж хүний цаг мөнгөөр хохироон хүлээлгэсэн. Манай нөхөр өөр хүнд түрээслүүл хэлсэн ярьсандаа байдаггүй худалч хүүхэн байна гэж хэлж байсан ч хүлээсэн. Тэгээд Энхцэцэгийн нөхөр гэх залуу 8 дугаар сарын 26-нд эд хогшилоо тавих газар байдаггүй танайд тавьчихья гээд орой залгаж юмнуудаа манайд тавьсан. Анх байр түрээслүүлэх тухайд би өөрийн өмчлөлийн байрыг ажлын байр болгох санаатай авсан, хөрөнгө оруулалт ороод ирвэл хэзээ ч гаргаж магадгүй үгүй бол цаашид түрээслүүлээд байж болно гэхэд Энхцэцэг за за манайх ч бас өөр байранд 11 сард орно гэж байсан. Түрээсийн гэрээний хувьд төлбөрийг 3 сараар хийх гэрээ байсан ба тус гэрээний гэрээ цуцлах зүйл заалт нь хүмүүсийг хохироох учир нэг ч утга байхгүй ба түрээсийн гэрээг цуцлах зүйл заалтыг мөн тусгаж өгсөн байсан. Ингээд байрандаа ороод байх хугацаанд 10 сард тоног төхөөрөмж ирэх боллоо  энэ сараа дуусгаад гараарай гэж 9 сарын 12-нд хэлэхэд за за тэгье гэсэн  ба үлдэгдэл 2 сарын төлбөр болох 600,000 төгрөгийг буцаан олгосон. 9 дүгээр сарын 29-нд тоолуурын заалтуудаа контор руу явуулсан уу гэхэд мартсан байна гэж хэлсэн. Заалтуудаа ч явуулаагүй төлбөрүүдээ огт төлөөгүй. Их найдваргүй хариуцлагагүй хүмүүс нь тухайн үед мэдэгдэж байсан. Ингээд 10 дугаар сарын 1-ний өглөө за юу болж байна гээд очиход өөрөөр чинь тоглосон тоглож байна гэж бодсон юун нүүх бид нар хаашаа явахын гээд өөрийн гэрт байгаа мэт хэл амаар доромжилсон. Байрны төлбөрүүдээ ч төлөөгүй. Түрээсийн төлбөрүүдийг буцааж өгсөн ч Энхцэцэгийнх 9 дүгээр сарын 30-нд байрыг суллаж өгөөгүй 10 сарын 6-ны шөнө 20 цагт дүүгээ манайх руу явуулж ирж уулз гэж хэлүүлсэн ба байраа үзэхэд маш бохир хогтой, баас ханхалсан, гал тогооны угаалтуураас ус алдаад тавилганы суурь нь бөмбийж салсан, ханын гарнез болон паркетан шал 2 хуруу доошоо сууж цөмөрсөн, ариун цэврийн өрөө хатсан баас 00-н гадар шал тэр чигтээ шаралсан шээс, баас шээсээ ч угаагаагүй нийтийн жорлон шиг болгосон байрыг надад хүлээлгэж ч өгөөгүй шөнө болсон хойно албаар харагдах орчин муу үед түлхүүр өгсөнийг маргааш нь би мэдсэн. Шээс баасны өмхий үнэрийг нь арилгаж цэвэрлэж 2 бүтэн 500 мл-тай нянгийн эсрэг агааржуулагч дуусгаж хлорминаар угаагаад өмхий үнэр нь арилахгүй 3 долоо хоног үнэртэй лаа асаасан. Цонхыг онгойлгож цэвэрлэсэн салсан гарнез цөмөрсөн шалыг засварчин дуудаж мөнгө өгч засуулсан. Үүнээс болж ажлаа эхлүүлж чадаагүй. Тухайн үед юнивишнээс утасдахад ямар ч төлбөр төлөөгүй, танайх төлбөр барагдуултал манай үйлчилгээг авах эрхгүй гэж хэлсэн. Энхцэцэг нь 9 сарын ашиглалтын зардал дулаан ус хог цэвэрлэгээ засвар үйлчилгээ гэх мэт 80,000 төгрөг, Юнивишн тавиулсан төхөөрөмж 70,000 төгрөг, сарын хураамж 29,900 төгрөг, 10 сарын 1-нээс 6-ныг хүртэлх түрээсийн төблөр 100,000 төгрөг, ашиглалтын зардал 50,000 төгрөг тус тус өгөөгүй. Энэ төлбөрөө өгөхийг асуухад намайг хэл амаар доромжилсон. Нялх хүүхдийн минь дэргэд нөхөр нь гэх залуу утсаар удаа дараа намайг доромжилсон. Би энэ хүмүүсээс мөнгө нэхэж шүүхэд хандах байтал, хүнийг залилж мэхлээд доромжлоод сурчихсан энэ хүмүүс гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. үүнээс болж маш их сэтгэл санааны дарамтанд орж, хийх байсан ажлуудаа хийж чадалгүй өмгөөллийн газруудаар явахад хүрч байна. Энэ үед санхүүгийн хичээл заах байсан газрын саналыг цуцалсан /120,000 төгрөг/, санхүүгийн баримтууд шалгах байсан гэрээт ажлыг хойшлууллаа /500,000 төгрөг/. Үүнээс үүдсэн 620,000 төгрөгийн орлогыг хэн надад өгөх вэ, доромжлуулаад унтаж чадаагүй 5 хоногийн нойрыг энэ хүмүүс нөхөж өгөх үү, өөрийн өмч хөрөнгөндөө суулгаад байрны төлбөр болон интернэт утас кабелийн зардлыг би төлөх үү, миний бие маш их гомдолтой байна. Энэхүү асуудлыг үнэн зөв шударгаар шүүн тунгааж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь хариуцагч Г.Отгонтөгст холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь хариуцагч Г.Отгонтөгсөөс орон сууц хөлслөх гэрээний дагуу өгсөн барьцаа төлбөр 300,000 төгрөг, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан хохирол 140,000 төгрөг нийт 440,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч Г.Отгонтөгс анх орон сууц түрээслүүлэх үед  хөрөнгө оруулалт ороод ирвэл хэзээ ч орон сууцнаасаа гаргаж магадгүй үгүй бол цаашид түрээслүүлээд байж болно гэдгээ хэлсэн, мөн  9 сарын ашиглалтын зардал 80,000 төгрөг, Юнивишн тавиулсан төхөөрөмж 70,000 төгрөг, сарын хураамж 29,900 төгрөг, 10 сарын 1-нээс 6-ыг хүртэлх түрээсийн төблөр 100,000 төгрөг, ашиглалтын зардал 50,000 төгрөг тус тус өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-ээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 627-2 тоот 1 өрөө орон сууцыг 3 сарын хугацаатайгаар, нэг сарын төлбөр 300,000 төгрөгөөр тооцож, төлбөрийг улирлаар хийхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна./ХХ-4 хуудас/

Хариуцагч Г.Отгонтөгс нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г нэхэмжлэгчтэй байгуулсан ба шүүхэд ашиглалтын зардалтай холбогдох нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй мөн хариуцагч ашиглалтын зардлыг төлөөгүй тул барьцаа төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа боловч татгалзлаа нотлоогүй байх тул нэхэмжлэгчээс орон сууц хөлслөх гэрээний дагуу авсан барьцаа 300,000 төгрөгийг буцаан төлөх нь хуульд нийцнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт заасан үүрэг болох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул 140,000 төгрөгийн хохирол учирсан гэх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байх тул шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй болно. /ХХ-5 хуудас/

 

  Хариуцагч Г.Отгонтөгс нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтээ 2016 оны 12 сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн ба шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Иймд нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн нэхэмжлэлийн  шаардлагаас 300,000 төгрөгийг хангаж, нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хохирол болох 140,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 302 дүгээр зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Отгонтөгсөөс 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9650  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

           ШҮҮГЧ                          Ц.ОЮУНБИЛЭГ