Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 784

 

 

 

 

 

 

 

2019               09             16                                         784

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал, 

улсын яллагч: С.Цэрэндорж /томилолтоор/,

шүүгдэгч: Б.Ө-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг /ҮД:0261/,

шүүгдэгч: Б.Т-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1484/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-овогт Б-ын Ө-,

Б-овогт Б-ийн Т-нарт холбогдох эрүүгийн 2015 2602 0000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ногоо тарьдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Сургуулийн 37 дугаар гудамжны 000 тоотод оршин суух, 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Х-овогт Б-ын Ө-,

 

2. Монгол улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Хялгант суманд төрсөн, эмэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, 1-10 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын 2 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б-овогт Б-ийн Түвшинжаргал.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ө-, Б.Т- нар нь Ээгий гэх хүнтэй бүлэглэж, 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Эко”-ийн 0-дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Фитнес клубын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрлэн урсдаг хаяг самбарыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс улсын яллагч: хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг 0-дүгээр байрны 121 тоотод фитнес, гоо сайхан ажиллуулдаг юм. Манай лед гэрлэн урсдаг самбарыг 2015 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө машинтай хүн ирээд хулгайлаад авсан байсан. Тэгээд маргааш нь мэдээд цагдаад хандсан. Манай камерын бичлэгт улаан хүрэн өнгийн комби загварын машинтай хүн ирээд, аваад явж байгаа нь бичигдсэн байсан. Камерт тэр машины улсын дугаар нь харагдахгүй байсан. Лед гэрлийг 1.300.000 сая төгрөгөөр хийлгэж байсан. Ямар ч хаяг реклам хийж, ашиглах боломжтой. Тэр хулгай хийдэг машинтай адилхан машин маргааш нь манай фитнесийн газрын хажуугаар явж байгааг манай дүү Онон хараад улсын дугаарыг тэмдэглэн аваад 35-33 000-улсын дугаартай машин явж байсан гэж хэлсэн. Монголд цөөхөн явдаг машин байсан тул тэр машиныг сэжиглээд байгаа. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 22-23 тал/,

 

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хулгайлагдсан гэх эд зүйлд хийсэн “...3 м урттай 30 см өргөнтэй урсдаг лед гэрэлтэй самбар 1.000.000 төгрөг...” гэх үнэлгээ /1 хх-ийн 59 тал/,

 

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн камерийн бичлэг бүхий сиди, уг сиди бичлэгт үзлэг хийсэн: “...2015 оны 10 дугаар сарын 26-ны 02 цаг 40 минутаас 03 цаг 02 минут хүртэлх хугацааны бичлэгт үзлэг хийхэд хяналтын камер нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харуулсан камерын хяналтанд цас ороод жаахан шуурсан байдалтай, Айрон фитнес гэсэн цагаан өнгийн хаалга харагдах ба тэр хаалганы баруун талд 2 метр орчим зайд төмөр хашаа, хаалга байхгүй байна. 02 цаг 47 минутанд хар бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн уг фитнес клубын араар зүүн зүгт өнгөрч яваад 30 секундын дараа нэг эрэгтэй хүн нь буцаж яваад, 20 цаг 51 минутанд улсын дугаар нь харагдахгүй машин 2 секунд орчим зогсоод баруун зүгт яваад буцаад 03 цаг 27 секундэд нөгөө машин зүүн зүгт явж өнгөрөөд 03 цаг 01 минут 30 секундэд нөгөө машин арын багажиндаа илүү гаргаж дөрвөлжин урт хэлбэртэй зүйл ачсан байдалтай ухарч зогсоод дахин зүүн зүгт явна. Уг машин нь хойд талын улсын дугаар нь урт, комби загварын 5 хаалгатай, мөн 5 салаатай хайлшин обудтай машин байна...” гэх тэмдэглэл  /1 хх-ийн 20 тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 хх-ийн 19 тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 11-12 тал/,

Эд хөрөнгө битүүмжилэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 16-18, 70 тал/,

 

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Шүүгдэгч Б.Ө-аас: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Эко 0-байрны ертөнцийн зүгээр талд машины тавьсан байсан гэснийг шинжээч Тэмүүжин гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тэгээд Айрон фитнесс клубын хашааны гадна 35-33 УБЕ улсын дугаартай, “Тоёота румион” машинаа зүүн тийш харуулж зогсоож байгаад багажаа онгойлгож ачсан гэснийг шинжээч Тэмүүжин гэрэл зургаар бэхжүүлэн авав. Ачих үед машины багааж онгорхой байсан. Лед гэрлэн самбар хойшоо илүү гарсан байсан гэж зааж үзүүлснийг шинжээч Тэмүүжин гэрэл зургаар бэхжүүлэв.

Гэмтлийн автобусны буудал руу ертөнцийн зүгээр урдаас төв зам руу нийлдэг уулзвар буюу гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр хойд талд байх хороолол дундах замын уулзвар дээр очиж машины багаж хэр зэрэг онгорхой байсныг зааж үзүүлэхэд шинжээч Тэмүүжин гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тэгээд урд сандлаа хойш налуулан хэвтүүлсэнийг шинжээч Тэмүүжин гэрэл зургаар бэхжүүлэв. Тэгээд самбарыг урагшлуулж багажаа хаасан. Машины хойд талын суудлыг урагш нь хэвтүүлж, зүүн урд сандлыг хойш нь налуулж, урд хоёр сандлын дундуур зүүн урд сандлын баруун мөрөн дээгүүр даруулж лед самбарыг урагш нь босоо байдлаар байрлуулсан гэж заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 тал/,

 

“Ээгий гэгчид холбогдох эрүүгийн 170501707 дугаартай хэргийг Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаартай прокурорын тогтоол /1 хх-ийн 192 тал/,

 

            өмгөөлөгч Д.Энхцэцэг: 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газарт өмгөөлөгч Т.Барамсайгаас гаргаж өгсөн хүсэлт /1 хх-ийн 99-100 тал/,

 

2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 113а дугаартай “Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай”, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1098 дугаартай “Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах тухай” прокурорын тогтоол /1 хх-ийн 103-104 тал/,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1247 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж /1 хх-ийн 211-212 тал/,

 

өмгөөлөгч Д.Ганхуяг: Шүүгдэгч Б.Т-ын сэжигтнээр өгсөн “...Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 13 дугаар хороололд байдаг Жава ПС төвийн ажил тараад Ө-ын машинд нь суусан байлгүй. Тэгээд гэртээ хүргүүлсэн байхаа. Би тэр шөнө БГД 7 хороо Эко 0-байрны гадна байсан эсэхээ санахгүй, мэдэхгүй байна. Хүн гэдэг энгийн нэг өдрийг санаад байдаггүй юм. Миний ой ухаан өнөөдөр санахгүй байна” /1 хх-ийнн 45 тал/, ...Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг өнгөрөөгөөд ажил тараад манай тоглоомын газрын хариуцан ажиллуулж байсан найз Ө-аар гэр лүүгээ хүргүүлэхээр явахад эхнэрээсээ салсан гээд нэг залуу хүргээд өг гээд байсан байх тэр залуутай хамт гурвуулаа Ө-ын машинтай явсан юм. Тэгээд би ядарч байсан болохоор машины урд талын суудал дээр суугаад л унтсан. Тэгээд хаагуур явж хаана хүргэж өгсөн талаар нь санахгүй байна. Намайг тухайн үед гэрэл тавих гээд босгоод буцаагаад суулгасан гэж байгаа боловч би энэ талаар санахгүй байгаа юм...” /1 хх-ийн 119 тал/,

 

Шүүгдэгч Б.Т-ын яллагдагчаар өгсөн “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хулгай хийгээгүй. Би хулгайн хэрэгт холбогдсон, үйл явдлаа санахгүй байна. Миний энгийн нэг өдөрт ийм үйл явдал болоод байдаггүй. Тухайн шөнө Ө- машиндаа ачсан лед гэрлэн самбар ямар хэмжээтэй байсан, хаана зөөж аваачсныг мэдэхгүй байна. Би 2013 онд Ө-ын буудалд үйлчлэгчээр ажилд орж байсан. Би өдөр бүр Ө-аар гэр лүүгээ хүргүүлдэг. Миний ажил хамгийн эртдээ 23 цагт, оройтохдоо 00 цагт тардаг...” /1 хх-ийн 49-50 тал/, ...Би хулгай хийгээгүй болохоор Эрүүгийн хуулийн 145.2 дахь  хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ээгий гэх хүнийг ганц хоёр удаа л харж байсан. Нэрийг нь Ээгий гэж ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 129-130 тал/,

 

Шүүгдэгч Б.Т-ын оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 83, 136 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.   

 

   Шүүгдэгч Б.Ө-, Б.Т- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ө-, Б.Т- нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /1 хх-ийн 193-195 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас хэргийн үйл баримтыг дүгнэвэл 2015 оны 10 дугаар сарын 26 шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко 0-дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.У-ын фитнес клубын 1 сая төгрөгийн үнэ бүхий Лед гэрлэн урсдаг самбар алга болсон байна.

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө- нь “....2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуучнаар гэмтлийн эмнэлэг дээр очсон. Ээгий гэдэг хүн гэр бүлээсээ салж байгаа гэхээр нь ачиж өгсөн. Би хулгай хийгээгүй, надад тийм шаардлага байхгүй байсан...” гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Б.У-ын мэдүүлэг, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Тодруулбал, хэргийн үйл баримтыг тогтоосон гол нотлох баримт болох сиди бичлэгт буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн “...2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 02 цаг 47 минутанд хар бараан өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн уг фитнес клубын араар зүүн зүгт өнгөрч яваад 30 секундын дараа нэг эрэгтэй хүн нь буцаж яваад 20 цаг 51 минутанд улсын дугаар нь харагдахгүй машин 2 секунд орчим зогсоод баруун зүгт яваад буцаад 03 цаг 27 секундэд нөгөө машин зүүн зүгт явж өнгөрөөд 03 цаг 01 минут 30 секундэд нөгөө машин арын багажиндаа илүү гаргаж дөрвөлжин урт хэлбэртэй зүйл ачсан байдалтай ухарч зогсоод дахин зүүн зүгт явна. Уг машин нь хойд талын улсын дугаар нь урт, комби загварын 5 хаалгатай, мөн 5 салаатай хайлшин обудтай машин байна...” гэсэн тэмдэглэл, хохирогч Б.У-ын “...Тэр хулгай хийдэг машинтай адилхан машин маргааш нь манай фитнесийн газрын хажуугаар явж байгааг манай дүү Онон хараад улсын дугаарыг тэмдэглэн аваад 35-33 000-улсын дугаартай машин явж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Эко 0-байрны ертөнцийн зүгээр талд, …Айрон фитнесс клубын хашааны гадна 35-33 УБЕ улсын дугаартай, “Тоёота румион” машинаа зүүн тийш харуулж зогсоож байгаад багажаа онгойлгож ачсан. ...Ачих үед машины багаж онгорхой байсан. Лед гэрлэн самбар хойшоо илүү гарсан байсан. ...Гэмтлийн автобусны буудал руу ертөнцийн зүгээр урдаас төв зам руу нийлдэг уулзвар буюу гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр хойд талд байх хороолол дундах замын уулзвар дээр очиж ...машины хойд талын суудлыг урагш нь хэвтүүлж, зүүн урд сандлыг хойш нь налуулж, урд хоёр сандлын дундуур зүүн урд сандлын баруун мөрөн дээгүүр даруулж лед самбарыг урагш нь босоо байдлаар байрлуулсан...” гэсэн тэмдэглэл, 35-33 УБЕ Тоёота Румион тээврийн хэрэгсэл шүүгдэгч Б.Ө-ын өмчлөлд байгаа болохыг тогтоосон тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогч Б.У-ын эзэмшлийн Лед гэрлэн урсдаг самбар 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө алга болсон үйлдэлд шүүгдэгч Б.Ө- нь гэм буруутай буюу тэрээр тухайн шөнийн 2 цаг 47 минутаас 3 цаг 01 минут 30 секундийн хооронд Ээгий гэгчтэй өөрийн эзэмшлийн 35-33 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө үйлдэгджээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д “...энэ гэмт хэргийг ...машин механизм ...хэрэглэж ...үйлдсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “...энэ гэмт хэргийг ...машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус зааж, хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл 2015 оны Эрүүгийн хуулиар хүндэрч хуульчлагдсан байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул шүүгдэгч Б.Ө-ын бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин прокуророос шүүгдэгч Б.Т-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хэргийн бодит байдал, үйл баримттай нийцээгүй гэж дүгнэлээ. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т- нь хулгайн гэмт хэрэгт ямар үйлдэл, оролцоотой хамтран оролцсон болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.Т- гэмт хэрэг гарах цаг хугацаанд шүүгдэгч Б.Ө-, мөн Ээгий гэгчтэй хамт явж байсан гэдэг нь эргэлзээгүй тогтоогдож байх боловч тэдгээртэй хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ямар идэвхтэй үйлдлээр санаатай нэгдэж хамтран оролцсон гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Гэвч Б.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээс дүгнэхэд түүний үйлдэл хулгайн гэмт хэргийг нуун далдлах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Т-ыг шүүхийн хэлэлцүүлэгт “...Би өдөр ажлаас Б.Ө-, Ээгий гэгчтэй гурвуулаа гарч явсан эсэхээ санахгүй...” гэж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар “...Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 13 дугаар хороололд байдаг Жава ПС төвийн ажил тараад Ө-ын машинд нь суусан байлгүй. Тэгээд гэртээ хүргүүлсэн байхаа. Би тэр шөнө БГД 7 хороо Эко 0-байрны гадна байсан эсэхээ санахгүй, мэдэхгүй байна...” гэж, мөн “...Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг өнгөрөөгөөд ажил тараад манай тоглоомын газрын хариуцан ажиллуулж байсан найз Ө-аар гэр лүүгээ хүргүүлэхээр явахад эхнэрээсээ салсан гээд нэг залуу хүргээд өг гээд байсан байх тэр залуутай хамт гурвуулаа Ө-ын машинтай явсан юм. Тэгээд би ядарч байсан болохоор машины урд талын суудал дээр суугаад л унтсан. Тэгээд хаагуур явж хаана хүргэж өгсөн талаар нь санахгүй байна. Намайг тухайн үед гэрэл тавих гээд босгоод буцаагаад суулгасан гэж байгаа боловч би энэ талаар санахгүй байгаа юм...” гэж тус тус үйл явдлын талаар нэг бол хамт гурвуулаа яваад би унтсан учраас санахгүй, мэдэхгүй байна гэх байдлаар, нэг бол би тухайн өдөр ямар үйл явдал болсныг огт санахгүй байна гэж мэдүүлсэн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн “...03 цаг 27 секундэд нөгөө машин зүүн зүгт явж өнгөрөөд 03 цаг 01 минут 30 секундэд нөгөө машин арын багажиндаа илүү гаргаж дөрвөлжин урт хэлбэртэй зүйл ачсан байдалтай ухарч зогсоод дахин зүүн зүгт явна...” гэсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...машины хойд талын суудлыг урагш нь хэвтүүлж, зүүн урд сандлыг хойш нь налуулж, урд хоёр сандлын дундуур зүүн урд сандлын баруун мөрөн дээгүүр даруулж лед самбарыг урагш нь босоо байдлаар байрлуулсан...” гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хулгайн гэмт хэрэг шөнийн цагаар сэжигтэй, нөхцөл байдалд үйлдэгдсэн, мөн шүүгдэгч Б.Т-ыг сууж байсан суудлаас босгож, сандлыг хөдөлгөж, автомашинд эд зүйлийг багтааж ачих идэвхитэй үйлдэл хийгдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Т-ыг энэ талаар огт мэдээгүй гэж үзэх боломжгүй ба түүний өөрийн “...Хүн гэдэг энгийн нэг өдрийг санаад байдаггүй юм. ...Миний энгийн нэг өдөрт ийм үйл явдал болоод байдаггүй. Тухайн шөнө Ө- машиндаа ачсан лед гэрлэн самбар ямар хэмжээтэй байсан, хаана зөөж аваачсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээс шүүгдэгч Б.Т-ыг хулгайн гэмт хэрэг үйлдэгдснийг нуун далдалсан гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулиар тодорхойлохоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тул прокуророос шүүгдэгч Б.Т-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх зүйлчлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Ө-ын бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Эко 0-тоот байранд үйл ажиллагаа явуулдаг фитнес клубын 1 сая төгрөгийн үнэ бүхий Лед гэрлэн урсдаг самбарыг хулгайлсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Т-ын хулгайн гэмт хэрэг үйлдэгдснийг нуун далдалсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-т заасан “Гэмт хэргийг нуун далдлах” гэмт хэрэг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5-д “Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

 

            Хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.У- нь 1 сая төгрөгийн үнэ бүхий Лед гэрлэн урсдаг самбараа хулгайд алдаж эд хөрөнгөөрөө хохирсон болох нь тогтоогдсон тул хулгайн гэмт хэргийн улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

            Шүүгдэгч Б.Ө- нь “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж, Ээгий гэгчтэй бүлэглэн үйлдсэн, Ээгий гэгчид холбогдох эрүүгийн хэргийг уг хэргээс тусгаарласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул хохирогч Б.У-д учирсан дээрх хохирлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Ө- нь өөрт ногдох хохирол болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнээс гаргуулах хохирол нөхөн төлөгдсөн гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ө-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ээгий гэгчтэй бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байх учир хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Шүүгдэгч Б.Ө-т эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгч Б.Ө- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан шүүгдэгч Б.Ө-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 зүйлд зааснаар ял оногдуулж болохыг  тайлбарлаж байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди бичлэг байх ба тухайн сиди бичлэг хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр тогтлоо.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайн хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 35-33 000 улсын дугаартай, “Тоёота румион” загварын автомашиныг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан ба мөн энэ агуулгаар 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заажээ.

 

Иймд шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгчийн ...тээврийн хэрэгслийг хураахгүйгээр шийдвэрлэж өгнө үү... гэх саналыг хүлээн авах боломжгүйг тэмдэглэж, хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.Ө-ын өмчлөлийн 35-33 УБЕ улсын дугаартай, “Тоёота румион” загварын автомашиныг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон албадан гаргуулж, улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 201526022004 дугаартай хэргээс Ээгий гэгчид холбогдох 170501707 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х-овогт Б-ын Ө-ыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б-овогт Б-ийн Түвшинжаргалыг гэмт хэргийг нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б-овогт Б-ийн Түвшинжаргалд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Б.Ө-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

           5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ө-т оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын эзэмшлийн  35-33 УБЕ улсын дугаартай “Тоёота румион” загварын автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 3 ширхэг Сиди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтсугай.

 

9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

 

10. Тэнсэж, хянан харгалзсан хугацаанд шүүгдэгч Б.Ө-т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

11. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг  шүүгдэгч Б.Ө-т тайлбарласугай.

 

12. Б.Ө-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн 2015260220000 дугаартай хэргээс Ээгий гэгчид холбогдох 170501700 тоот эрүүгийн хэргийг тусгаарласан болохыг дурдсугай.

 

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

                                                                                      

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА