Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 956

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүгдэгч Т.Г , түүний өмгөөлөгч С.Батцэрэн ҮД:/2280/ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ц овогт Т-ын Г  холбогдох эрүүгийн 190503897000 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Дэнжийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, /РД: 00000000/, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00 дгуаартай магадлалаар мөн зүйл ангийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 00 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгйин хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 00 дугаартай магадлалаар 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000 дугаартай прокурорын тоглоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн эрүүгйин 20162603000 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Ц овогт Т-ын Г  .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Т.Г  нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 7 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хороо,  0 дугаар хорооллын урд талын автобусны буудлаас автобусанд суух гэж байсан иргэн С.С-ийн өмсөж явсан хантаазны баруун талын халааснаас Самсунг эс-8 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш 503.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Г ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Г  нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо,  0 дугаар хорооллын урд талын автобусны буудлаас автобусанд суух гэж байсан иргэн С.С-ийн өмсөж явсан хантаазны баруун талын халааснаас Самсунг эс-8 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 503.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө 07 цаг 10 минутын орчим хичээлдээ явах гээд Баянгол дүүргийн  0 дугаар хорооллын урд талын автобусны буудлаас Ч:42 чиглэлийн автобусанд суух гэж байгаад шатаар өгсөх хооронд өмсөж явсан хантаазны баруун талын халааснаасаа гар утсаа алдаад цагдаагийн байгууллагад хандах болсон. Самсунг эс-8 плас загварын шаргал өнгөтэй гар утас байсан. ...Би алдсан гар утсаа олоод авчихсан болохоор гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/,

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянгол дүүргийн  0 дугаар хороолол орчим халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд болох Т-ын Г   явж байсан. Тухайн үед дуудаж шалгаж үзэхэд “Самсунг эс-8 плас” загварын гар утас гарч ирсэн. Би тухайн эд зүйлийг хураан авч ...хохирогч С.С утсаар холбогдож та гар утсаа алдсан байна, ирж гар утсаа аваарай гэхэд тухайн үед хөдөө байна гээд ирээгүй. Утсаа алдсанаас хойш 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ээж Б.Б нь ирж өргөдөл гаргаж өгсөн. ...Баянгол дүүргийн 0 дугаар хорооны урд талын автобусны буудал байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 22 тал/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25-26 тал/

“Дамно” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн: “...Тус үнэлэгдэж буй Самсунг Эс-8 плюс загварын гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 503.000 /таван зуун гурван мянга/-р үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/

 

Шүүгдэгч Т.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 07 цаг 30 минутаас 08 цагийн хооронд 10 дугаар хорооллын урд талын автобусны буудлаас автобусанд суух гэж байхдаа урд явж байсан эмэгтэйн баруун талын халааснаас Самсунг галакси эс-8 загварын гар утсыг авчихсан юм. Би тухайн үед миний урд явж байсан эмэгтэйг цув өмссөн байсан гэж харж байсан. Одоо бодоход хантааз өмссөн нэг охин байсан санагдаж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/

 

Хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 75-76 тал/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Ж.Д : “...Манай нөхөр Т.Г  нь эцэг эхээс 4-үүлээ байдаг. Миний нөхөр айлын бага. Т.Г  нь элдэв янзын ааш зан гаргаад байдаггүй, даруу төлөв зантай. Миний нөхөр Т.Г  нь уншиж бичиж чаддаггүй. Одоогоор ажил хийхгүй гэртээ байдаг. Бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаа. Бид хоёр дундаасаа нэг хүүтэй. Миний хүү хоёр настай. Надаар овоглодог. Бид хоёр хамтран амьдраад 5 жил болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/, гэрч Э.Т

: “...Миний дүү Т.Г  нь ах, эгч нарынхаа хажууд хэзээ ч архи уусан байдалтай байдаггүй, их ухаантай, их цэвэрч, нямбай байдаг. Би  дүүгээ хэрэг хийсэн гэдэгт итгэхгүй байна. Ах, дүү нараараа бид нар байнга уулзаж байдаг. Миний дүү хүүхдээ тэврээд л ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/, Т.Г ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 тал, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 35 тал/, шүүхийн шийдвэрийн хуулбарууд /хх-ийн 40-51/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

 Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.Г  нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өглөөний 7-8 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хороо,  0 дугаар хорооллын урд талын автобусны буудлаас автобусанд суух гэж байхдаа урдаа явж байсан иргэн С.С-ийн өмсөж явсан хантаазны баруун талын халааснаас Самсунг эс-8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон.

 

Мөн хулгайн эд зүйл болох Самсунг эс-8 плас загварын гар утас нь 503.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 27-28 дахь талд авагдсан Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Т.Г ын бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, хууль бусаар буюу эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол буюу 503.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Т.Г  нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Г ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Г оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 11-13, 19-20 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г , түүний өмгөөлөгч С.Батцэрэн нар “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг биет байдлаар буцааж өгсөн. Прокурорын гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Г оос хулгайн эд зүйл болох гар утсыг хураан авч, хохирогч С.С хүлээлгэн өгсөн нь эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Г  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.  

 

Шүүгдэгч Т.Г  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Г од талуудын тохиролцсон ялын саналын хүрээнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Т.Г од шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

   Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Т-ын Г  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г од 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Г од мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Г  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА