Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 115

 

 

 

 

     2020          01           23                                           2020/ДШМ/115                     

                                  

О.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                  

            прокурор Д.Агар ,

            яллагдагч О.Т-, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЗ/1552 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2019 оны 12 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Т-д холбогдох 1903006900389 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ийн Т-, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1980 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газрын тосны инженер мэргэжилтэй, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд Газрын тосны хэлтсийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, охины хамт амьдардаг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, “Нарны зам” гудамжны 00 дүгээр байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

О.Т- нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Голомт банкны урд замд 95-46 УНБ улсын дугаартай “Toyota рrius” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас О.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... хэрэгт авагдсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч О.Т-н өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Э.Ганбат нарын гаргасан хүсэлтийг хүлээж авах үндэслэлтэй. Учир нь өмгөөлөгч Д.Бум-Аюуш прокурорын шатанд Б.О-ийн биед учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасныг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байна. Гэтэл хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд яллагдагчийн өмгөөлөгч нарын “...Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргасны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хүсэлт гаргасныг хүлээж аваагүй. Одоо мөрдөн шалгах ажиллагаанд буцаах байдлаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж байгаа үндэслэл нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн баримт материал авах, тодруулж шинжээч нараас мэдүүлэг авах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна...” гэх хүсэлтийг хүлээн авч, дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр байхаар бичигдсэн байна.” гэж заасан. Гэтэл шүүгчийн захирамжид ямар ажиллагаа хийх талаар, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар дурдаагүй.

            Яллагдагч О.Т-, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7272 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг прокурор хангаж шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах бус, дүгнэлттэй холбогдуулан шинжээчээс дүгнэлтийн талаар тодруулах, мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7272 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойгүй, бүрэн биш, шинэ нөхцөл байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогоогүй. Хэрэв эргэлзээтэй, тодорхойгүй байвал дүгнэлт гаргасан шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулан гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Яллагдагч О.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Яллагдагч О.Т-н өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжид шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэсгээс гадна, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангах үүргийн хүрээнд хүсэлтийг хүлээн авчихаад түүнийг биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж болох боловч шинжээч эмчийг шүүх хуралдаанд оруулах, дахин шинжилгээ хийх асуудлууд нь тусдаа зохицуулалтууд юм. Бидний зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Үүнийг прокурор хүлээж авсан атлаа ажиллагаа хийгээгүй тул анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Нарийн мэргэжлийн дүрс оношилгооны шинжээч эмч томилж эдгээр гэмтлүүд нь цаг хугацааны хувьд хэзээ үүссэнийг тогтоох шаардлагатай. Хохирогч Б.О-ийн хувьд гэмтэл авсан хөлөндөө яс ургалт, уйланхайтай байсан. Энэ нь гэмтлийн улмаас үүссэн эсэхийг тогтоосны эцэст хохирол, төлбөрийн асуудал яригдах ёстой...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байх тул хэрэгт цугларсан нотлох баримтууд болон яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн яллагдагч О.Т-н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Хохирогч Б.О-т учирсан гэмтлийн талаар гарсан эргэлзээтэй гэх асуудлуудыг дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулж, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Д.Бум-Аюушийн дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг прокурор хангаж шийдвэрлэсэн атлаа тодорхой ажиллагаа хийгээгүй алдаа гаргасан байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогчид учирсан гэмтлийн талаар дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч О.Т-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1552 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.Т-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцтэл яллагдагч О.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН