Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01077

 

“А Ш”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00395 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 691 дүгээр магадлалтай,

“А Ш”ХХК-ний нэхэмжлэлтэй

Я.Г, Д.Ннарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 114 844 213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаа, хариуцагч нарын өмгөөлөгчийн О.Чулуунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 9 давхар 63 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Я.Гтой харилцан тохирч, ажлаа гэрээний хугацаанд хийж дуусгасан. Бид үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө төлөхгүй байна. Иймээс гэрээний төлбөр болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 114 844 213 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагч Д.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх С.Дэлгэрмаа ирж уулзаад, барилгын заслын ажлыг чинь хийе гэснийг зөвшөөрсөн. Барилгын ажлын ид үе дуусаж байгаа учраас үнэ хөлсөө С.Дэлгэрмаад ашигтайгаар тохирсон. Анх тохиролцохдоо бартераар байр өгч гэрээ байгуулна гэсэн болохоос бэлэн мөнгөөр тооцоо хийнэ гэж тохироогүй. Нэхэмжлэгч ажлаа дутуу хийснийг өөр компаниар хийлгэж дуусгасан. Мөн миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн цацах ёсгүй хананд шприцтэй шавар цацсан, гэрээнд би гарын үсэг зураагүй, ажлын тооцооны үнэлгээн дээр намайг төлөөлөх эрхгүй этгээд, эхнэр Д.Нээр гарын үсэг зуруулсныг зөвшөөрөхгүй. Нэгэнт ажил хийсэн нь үнэн болохоор 31 000 000 төгрөгт эвлэрч болно. Алданги төлөхгүй. Нэхэмжлэгч бүх зүйл дээр өөрөө гарын үсэг зурсан тул тэдгээр баримтыг баталгаатай баримт гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00395 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Гоос 31 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “А Ш”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 83 844 213 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731 171 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 55 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 312 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 691 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 102/ШШ2018/00395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.1 гэж, нэмж, 31 000 000 төгрөгийг гэснийг 48 836 558 төгрөгийг гэж, 83 844 213 төгрөгийг гэснийг 66 007 655 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.Гын сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 312 950 төгрөгийг гэснийг 402 132 төгрөгийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 760 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаа хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалд “...Б.Давааням, Д.Ннарт захиалагчийг төлөөлөн гэрээний нөхцлийг ажил гүйцэтгэгчтэй тохиролцох эрхийг Я.Гоос олгосон баримт авагдаагүй тул ажил гүйцэтгэгчийг захиалагчтай ажлын хөлс, үнэлгээг тохиролцсоноо үндэслэн хөлс шаардсан гэж үзэх боломжгүй... Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016 оны 6-р сарын 06-ны өдрийн дүгнэлтээр ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын хэмжээ, байдал үнэлгээг нарийвчлан гаргасныг ИХШХШтухай хуулийн 38.5 дах хэсэгт заасан нотлох чадвараа алдсан гэх үндэслэлгүй ...уг шинжээчийн дүгнэлтээр 51 962 468 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж тогтоосныг тусгай мэдлэг бүхий этгээдээс гаргасан бодит байдалд нийцсэн баримт гэж үнэлэх боломжтой...” гэж дүгнэн 48 836 558 төгрөгийг Я.Гоос гаргуулан шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 196.1.2-т “.... талууд тохиролцсон бол ... гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно...” гэж заажээ. Хариуцагч Я.Г нь анх үнэ ханшаа зөвшөөрснөөр ажил эхлэх зөвшөөрөл олгосон болон тохирсон бүх ажлаа гүйцэтгэж дууссан ажлыг 100% дуусан гэж актаар хүлээж авч бүх актууд дээр хөрөнгө оруулагч гэх Я.Г өөрөө гарын үсэг зурсан бөгөөд энэ байдал нь түүнийг ажлын тоо хэмжээ, анх тохиролцсон үнэлгээг зөвшөөрснөө илэрхийлсэн баримт бичиг үйлдсэнийг нотлож байна. Учир нь Я.Г ажлын үнэлгээг тохиролцоогүй байж ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өөрөө эхлэж үнэ үнэлгээгээ амаар тохирсон учраас ажил эхлэх зөвшөөрөл өгсөн гэж ойлгогдож байна. Тэгээд ч нэг талаас байгууллага ажиллаж олон хүний өмнө үүрэг хүлээсэн байхад анх үнэ хөлсөө тохиролцоогүй ажил эхлэх үндэслэлгүй юм. Байгууллага нь Я.Гтой үнэ ханш тохиролцсон учраас энэ олон хоног, олон хүмүүсийг Я.Гын бичгээр өгсөн зөвшөөрлөөр ажиллуулсан ч ажлаа бүрэн дуусгасны дараа Я.Г нь тохиролцсон бүх ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээн авч, чанартай хугацаанд нь 100% хийж дуусгасан гэж ажлыг хүлээн авсан бүх актанд Я.Г өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан нь үнэ тохирсныг хүлээн зөвшөөрснөө Я.Г өөрөө давхар нотлож байгааг шүүх ойлгохгүй байна. Хэрэв үнэлгээг тохиролцоогүй, чанаргүй ажил гүйцэтгэсэн гэж үзсэн юм бол ажил хүлээн авсан актанд гарын үсэг зурахын оронд хуульд заасны дагуу үнэлгээгээ тохиролцох, ажлын доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах ёстой байтал ингээгүй нь тухайн үед Я.Г нь мөнгийг чинь бүрэн өгнө, сайн ажиллаж байна, миний зогссон байсан ажлыг маш сайн хийж өглөө мөнгө баараагүй өгнө, надад итгэ гэж итгэл үнэмшил төрүүлж аргалж байгаад ажлаа хийлгэчихээд сүүлд төлбөр төлөх үедээ ингэж заль гаргаж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үед нийслэлийн МХГаас уг барилгыг хазайлттай гээд зогсоосон байсан барилгаа эхлүүлж Я.Г нь манай ажилчдын хөлс хөдөлмөр шингээж цалин хөлсөө огт аваагүй хийсэн ажлын үр дүнд Я.Г барилгаа 100% ашиглалтанд хулээлгэн өгч , барилгаас ашиг үр шимийн хүртээд орон сууцаа 100% зарж борлуулаад 2 жил болж байгаа. Барилгын ажилчид л энэ их ажлыг хийж байж л энэ хүн барилгаа ашиглалтанд оруулан шүүдээ. Түүнээс биш ганц Я.Г гэдэг хүн 9 давхар орон сууц барьж хийж чадахгүй ажилчдын хөлс хүчээр босгож авснаа ухаарч хөлс мөнгийг нь өгөх тал дээр анхаарахгүй ажилчдын хөлсийг 3 жил өгөхийг хүсэхгүй аль болох шүүхээр бага мөнгө гаргуулж ажилчдын хөдөлмөрийн хөлсийг мөлжих увайгүй санаа өвөрлөж 3 жилийг өнгөрүүллээ. Энэ хооронд хүний амьдралд янз бүрийн зовлон гардаг ч мөнгөө нэхэхээр Я.Г би мэдэхгүй эхнэр Д.Нмэднэ гэж хариулт хэлдэг. Эхнэр Д.Ннь би мэдэхгүй Я.Г мэднэ гэж хоорондоо бүлэглэн хий гүйлгэж зовоож нэг ч төгрөг өгдөггүй. Хөрөнгө оруулагч нэртэй Я.Г нь өөрийнхөө бусдийн өмнө хүлээсэн хариуцлагын асуудалд бусдыг буруутгаж, нэхэмжлэгчийн олон ажилчид анх тохирсон үнэлгээт ажилдаа үүргээ хүлээн тохирсон үнэлгээт ажлаа хугацаандаа 100% чанартай хийж хүлээлгэн өгсөөр байтал ажлыг нь чанартай 100% хийж өгсөн ажилчдыг нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болгоод байгаа нь ойлгомжгүй байна. Харин анх тохирсон ажлын хөлс үнэ үнэлгээг, бичгээр гэрээ дээр үнэ ханшаа бичиж гарын үсэг зурах тал дээр Я.Г хариуцлагагүй хандаж олон удаа гүйцэтгэгч байгууллага хэлээд шаардаад, ажлаа ч хүртэл зогсоогоод байхад гэрээ болгоныг Я.Г өөрөө гардаж хүлээн авчихаад хуурч маргааш зураад ирье гээд таг болчихдаг Я.Г нь бидэнд мөнгө өгнөө зүгээр л ажлаа дуусгачих гэж ямар нэгэн итгэл үнэмшил төрүүлж маргааш зурна, маргааш зурна гэж олон удаа хойш тавьж заль хэрэглэж ажлаа дуусгуулж зугтаад гэрээнд гарын үсэг зураагүйн Я.Гын хариуцлагагүй мөнгө өгөхгүй гэсэн хууль бус, бусдын олон ажилчдын хөдөлмөрийн хөлсийг мөлжсөн заль хэрэглэсэн санаа байна гэж үзэхээр байна. Я.Г нь олон ажилчдын мөнгийг ажлаа дуусгачихаад өгөхгүй 3 жил болж байна. Я.Гын ажилд манай ажилчид маш сайн ажиллаж чанартайгаар хүлээлгэн өгч, ямар ч доголдол гаргаагүй ажиллаж хүлээлгэн өгч, хүлээн авсан нь Я.Гын актан дээр гарын үсэг зурсанаар, бүх ажлыг актаар хүлээн авснаар нотлогдож байгаа. Ийм учраас Я.Г нь Иргэний хуулийн 352.4-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байх тул ажлын үнэлгээг тохироогүй, чанаргүй хийсэн гэж маргаж нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 2015 оны 10-р сарын 05 -ны өдрийн “Гэрээний дагуу гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан акт”, “Санхүүжилт олгох ажлын тоо хэмжээ гүйцэтгэлийн дүн” хэмээх талуудын тохиролцсон актад хийсэн ажлын нэр төрөл, түүний тоо хэмжээг тохирч, хариуцагч талаас Д.Н, Б.Давааням нар гарын үсэг зурсан бөгөөд энэ байдлаа шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө Я.Гын өөрийнх нь хариуцсан барилгын талбайд албан ёсны инженер байсан тул уг ажлыг хүлээн авах, хийсэн ажлын гүйцэтгэл гаргах, гаргасан гүйцэтгэлдээ гарын үсгээ зурах нь талбай хариуцсан инженер хүний үүрэг нь байдаг ба харин анх ажилд оруулахдаа байгууллага хувь хун бүр л анх үнэлгээг нь тохирч, ажлын талбайд оруулж ажиллуулах зөвшөөрөл өгдөг, анхны үнэлгээг тохирсон Я.Г нь өөрөө бичгээр нотлож гарын үсэг өгсөн байсан зөвшөөрөлтэй байдаг. Түүнээс биш аль байгууллагад ямар ч үнэлгээ тохироогүй хэн нэгэн байгууллага, хүн барилгын талбайд орж ирж дур мэдэн барилгын ажил хийдэггүй. Харин “А Ш” нь анх барилгын талбайд Я.Гын зөвшөөрлийн бичигтэй орж ирж, Я.Г ч гэсэн ажлыг нь хамт явж зааж өгснөөр, үнэлгээгээ тохирч ажил эхлэх зөвшөөрөлтэй гэж үзэхээр байсан албан бичигтэй учир ажлыг зааж хийлгэж эхэлсэн. Харин “А Ш”ын ажилчдад дийлэнх ажлаа хийж дуусгаж байх үедээ Я.Г нь ажлын хөлс өгөхгүй, гэрээг баталгаажуулахгүй байсан учир тэд ажлын хөлсөө гэрээгээ баталгаажуулж байж ажиллана гээд хийж байсан ажлаа хэдхэн л цаг түр зогсоосон. Б.Давааням би энэ байдлыг Я.Г даргад хэлэхэд Я.Г, эхнэр Б.Наранцэцэгийн хамт барилгын талбай дээр ирж Я.Г миний ажлыг та бүхэн сайн хийж байгаа ажил зогсоож болохгүй, би гэрээн дээр гарын үсэг зурна, харин ажлын хөлсөө миний анхны тохиролцсон үнэнээс буулгаад ир гэж өөрсдийн инженерүүд, гүйцэтгэгч байгууллагын захирал С.Дэлгэрмаа, менежер Э.Энхчимэг, эхнэр Д.Н, инженер Б.Давааням бид 4-т хэлсэн миний тохиролцсон анхны үнэнээс буулгаад ир гэж бид хоёрт өрөөндөө орж хэлж өгсөн үүрэг даалгавар, зөвшөөрлөөр гарын үсэг зурсан гэдгээ тайлбарлан нотлож мэдүулсэн болно гэжээ. Инженер Б.Давааням, Д.Ннь С.Дэлгэрмаа захирал 100% дууссан ажлынхаа үнэлгээг буулгахгүй, харин дуусаагүй ажлын үнэлгээг буулгаж болно гэж хэлсэн, тэгээд бид буцаж ирж Я.Год болсон асуудлыг хэлж, С.Дэлгэрмаа гэрээг Я.Г өгч, Я.Г зөвшөөрч гэрээг хүлээн авч, зогссон байсан ажлаа ““А Ш” ХХК нь дахин ажлаа үргэлжлүүлэн дуусгасан гэдэг. Инженер Б.Давааням нь үнэ ханшийн хувьд тухайн үед байгуулага, хүмүүс хийдэг л үнэ ханш гэдгийг хэлсэн байдаг нь шүүхэд нотлогддог. Гэвч тухайн үед манай байгууллага нь 2016 оны 9, 10, 11, 12 сарын БХТөөс гаргадаг үнэ ханшийн судалгаагаар, байгууллагууд хийдэг үнэ ханшаас доогуур 2 тал харилцан тохиролцож боломжийн үнэ ханшаар, Я.Гоос мөнгөө авахын тул анхны үнэ ханшаа дахин буулган байж хийж ажлыг дуусгасан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар анх солилцоход Я.Г өөрөө байлцаж гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх тул ажилчиддаа итгэмжлэл өгөөд байх шаардлагагүй тул Б.Давааням, Д.Ннарыг төлөөлөх эрхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Улмаар инженер Б.Давааням нь би инженер хүний хийх үүргээ биелүүлж Я.Гын хийж гүйцэтгэсэн бүх төрлийн ажлыг Я.Г нь дуусан ажлын актаар 100% чанартай хийжээ гэж Я.Г өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан хийсэн ажлыг хүлээн авсан актын дагуу ажлын нэр төрлийг актаар Я.Г хүлээн авч гэрээнд гарын үсэг, хэмжээг Я.Гын хүлээн авсан актыг үндэслэн ажлын гүйцэтгэлийн үнийн дүн 78. 562.809 төгрөг хэмээн 2 тал хамтран бодит тооцож гаргасан үүнээс урьдчилгаа 2.000.000 төгрөгийг хасч, нийт ажлын үнэлгээг 76.562.809 төгрөг хэмээн тооцсон нь үнэн болно гэж нотлож байдаг. Харин хамтран 2 тал гаргасан эцсийн дүнгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилгаанд авсан 2.000.000 хасч тооцсон байтал шүүх дахин хасч тооцоод байгаа нь үндэслэлгүй байна. Ажлын гүйцэтгэлийн хөлсийг уг барилга заслын ажилд талбайн инженерээр ажиллаж байсан Б.Давааням 2016 оны 10-р сарын 11-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт, гэрчээр асуугдсан мэдүүлэгтээ ажлын хэмжээ, нэр төрөл, нийт ажлын хөлс Я.Гтой тохиролцсны дагуу ажлын актыг хүлээн авсан, гэрээний дахин хийсэн үнэ ханшийг инженер хэний хийх ажил тул уг нотлох актыг үндэслэн нийт 78.562.809 төгрөгний ажил уг барилгад Я.Гтой тохиролцож хийсэн нь үнэн, уг бүх ажлыг Я.Г актаар баталгаажуулсныг инженер би бодит газар дээр 2 талын хүмүүстэй олон удаа хэмжиж хамтран актыг үндэслэн тооцож гаргасан болохыг нотариатаар баталгаажуулснаа шүүхэд гаргаж өгч нотлож дурьджээ. Хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн боловч уг шинжээч механик инженер мэргэжилтэй, барилгын тоо хэмжээ бодох төсөв тооцоо гаргах эрх бүхий мэргэжлийн байгууллагаас тогтмол олгодог төсөв бодох эрхгүй байсан нь эрх бүхий барилгын төрийн байгуулагаас шүүхэд ирсэн албан бичгээр нотлох баримтаар нотлогддог. Уг шинжээч нь барилгын дүрэм, норм, стандартын дагуу барилгын ажлын тоо хэмжээг, хэмжилтийг хийж түүнийгээ үндэслэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг гаргах эрх бүхий байгууллагаас албан ёсоор мэргэжлийн барилгын инженерүүдэд олгодог төсөвчний эрхгүй зөвхөн хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй ч тэр эрх нь хөрөнгийн үнэлгээ хийх хэмжээнд байх тул түүний юуг үндэслэн барилгын тоо хэмжээ төсөв гаргасан нь, юуг үндэслэж нотлож гаргасанг нотолгоо баримтгүйгээр дүгнэсэн дүгнэлтээр үндэслэн барилгын ажлын хэмжээг тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Дэд сайдын 2001 оны 174-р тушаалаар батлагдсан " МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ"-ээр барилгын ажлын тоо, хэмжээ бодох аргачилсан зааврын 11-ийн 2-т шавардлагын ажлын хэмжээг бодох талаар зааварласан байхад шинжээч энэ аргачлалаар бодсон эсэх нь тодорхойгүй байх ямарч нотлох баримт үндэслээгүй нь нотолгоо баримтаар хэрэгт авагдаагүйгээр харагдаж байна. Харин бидний тухайн барилга дээр, тухайн цагт 2 талын инженерүүд хамтран хийсэн хэмжилт нь яг бодит тоо хэмжээ, гаргасан үнэ үнэлгээ үнэн зөв байгаа болно гэдгийг шүүхэд би олон удаа нотлон хэлж байсан. Иймд иргэн Я.Г нь өөрийн гарын үсэг зурж баталгаажуулан бүх хийсэн ажлыг тоо хэмжээгээр нь 100% актаар хүлээн авсан бүх ажлын хэмжээн дээрээ маргаагүй, анхны үнэ ханш буулгаад ир гэж явуулсанг ч инженерүүд нь нотлож хэлж ажлаа үргэлжлүүлэн хийлгэж дуусгасан байдаг тул бидний хооронд үнэ ханшаа харилцан тохиролцож орсонг нотлож байгаа тул захиалагчийн инженер Б.Давааням, Д.Н, гүйцэтгэгчийн инженерүүдийн гаргасан ажлын гүйцэтгэлээр тоо хэмжээ, урьдчилгаа хасагдаад эцсийн дүн болох 76 562 809 төгрөгийг авах нь үнэн бодит шударга байдалд нийцэж байгаа бодит тооцоо юм гэж үзэж бид ажилчдынхаа хийсэн ажлын хөлсийг л бүрэн авах хүсэлтэй байгааг шүүх хангаж өгнө үү. Иймд шийдвэр, магадлалаар шийдвэрлэж өгсөн 48 836 558 төгрөг дээр + нэмж (76 562 809 - 48 836 558 = зөрүү болох 27.726 .251) 48. 836.558 + 27, 726.251 төгрөг болох нийт 76 562 809 төгрөгийг гаргаж өгнө үү. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож тохиролцсон ажлын тоо хэмжээ болох 76 562 809 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчснөөс гадна зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв тодорхойлсон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын талаарх бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3, 118.5-д заасан зохицуулалттай нийцээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан зарим үндэслэлийг хүлээн авах боломжтой байна.

Нэхэмжлэгч “А Ш” ХХК нь хариуцагч Я.Г, Д.Ннарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 114 844 213 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Я.Г нэхэмжлэлээс 31 000 000 төгрөгийг зөвшөөрч, Д.Ннэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

  1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Нт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхисон, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч Д.Нт холбогдох нэхэмжлэлээс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. Дээрх зөрчил нь нэхэмжлэлийг бүрэн шийдвэрлэж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл болно.

2. Маргаанд ач холбогдол бүхий үйл баримт бодитой тогтоогдоогүй байна.

Зохигч нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 9 давхар, 63 айлын орон сууцны барилгын доторх 12, 24-ийн хананы өрлөг, замаск, шавар зэрэг дотор заслын ажлыг гүйцэтгэх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болон түүний хүчин төгөлдөр байдлын талаар, хариуцагч Я.Гоос ажлын хөлсөд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.

Харин “А Ш” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, гүйцэтгэсэн ажлын хөлсний үнэлгээ зэрэг нь зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч “А Ш” ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэж, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэхэд хүлээлгэн өгсөн гэж ажлын хөлсөд 76 562 809 төгрөгийг алданги 38 281 104 төгрөгийн хамт нийт 114 844 213 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Я.Г маргааны зүйлийн талаар мэтгэлцэхдээ нэхэмжлэгчийг ажлаа дутуу орхиж явсан, ажил хүлээлцсэн актад гарын үсэг зурсан, талбай хариуцсан инженер Б.Давааням, иргэн Д.Ннарыг төлөөлөх эрхгүй этгээд гэснээс гадна 24 927 500 төгрөгийн ажлын хөлс төлөх тооцоо гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг 31 000 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрнө гэсэн тайлбар гаргажээ. 

Анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлээс 31 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шинжээч Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтийг үндэслэн тооцоог гаргаж, 48 836 558 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 

Хоёр шатны шүүх дээрх байдлаар зөрүүтэй дүгнэлт хийхдээ гэрээний талууд шпрецтэй шавар хийснээс бусад гүйцэтгэсэн ажлын  нэр, төрлийн талаар маргаагүй боловч өрлөг, ханын шавар, хана өрсөн, шпрецтэй шавар хийсэн, бетон шал гараар цутгасан, хар замаск хийсэн барилгын талбайн хэмжээг өөр өөрөөр гаргасан байхад тодруулаагүй, хэрэгт байгаа баримтын хүрээнд энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй болохыг анхаараагүй нь алдаатай болжээ. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг бүх талаас харьцуулж, бүрэн дүүрэн үнэлээгүй, давж заалдах шатны шүүх шинжээчийн үнэлгээг баримтлахдаа уг дүгнэлтэд 2, 3 дугаар давхарыг оруулаагүй /2 дугаар хавтас хх-172/ буюу тухайн барилгад хийсэн ажлын хэмжээг бүрэн тогтоогоогүй болохыг анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцсэнгүй.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь нэхэмжлэгч болон хариуцагчаас хийсэн ажлын хэмжээг зөрүүтэй тодорхойлсон учраас газар дээр нь талуудын хамт очиж хэмжсэн гэж тайландаа тусгасан байх боловч 2, 3 дугаар давхарын ажлыг нэхэмжлэгчээс өөр этгээд гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр орхигдуулжээ. Нэхэмжлэгч энэ талаар эсэргүүцэж маргаж байх тул шинжээч талбайн хэмжээг эргэлзээгүй тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

Зохигчийн тайлбараас үзэхэд тэдгээрийн хэн аль нь анх тохирсон ажлын хөлсний хэмжээг багасгасан гэх боловч энэ хөлсний хэмжээг өөр өөрөөр тодорхойлж, мэтгэлцжээ. Хоёр шатны шүүх Д.Н, Давааням нар хариуцагч Я.Гыг төлөөлөх эрхтэй эсэх талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий дүгнээгүй, ажлын хөлсний үнэлгээг талуудын гаргасан баримт, нотолгооны хүрээнд тогтоогдох боломжтой эсэхийг бүрэн эрхийн хүрээнд дүгнэж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн уг маргааныг хянан шийдвэрлэхэд гүйцэтгэсэн ажлын үр дүн, ажлын хөлсний үнэлгээний талаар зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хэрэгт байгаа баримтын хэмжээнд өгөх боломжгүй байдал тогтоогджээ.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00395 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 691 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 296 581 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

                     ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА