Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1599

 

“Арбаян шанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01310 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Ганболд, Д.Наранцэцэг нарт холбогдох

 

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 114 844 213 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Ажил гүйцэтгэх гэрээний доголдолд 1 796 363 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 9 давхар 63 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Я.Ганболдтой барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын үнэлгээг харилцан тохирч барилгын дотор заслын ажил эхэлсэн ба уг ажлыг гэрээний хугацаанд дуусгасан. Барилгын ажил эхлэхэд хөрөнгө оруулагч Я.Ганболд нь манай ажилчид болох Солонгос иргэдийг барилга дотор байрлаж ажиллах зөвшөөрөл өгсөн. Энэ зөвшөөрөл нь 2 төрөл байдаг. Манай компани ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Я.Ганболд нь гэрээнд гарын үсэг зурдаггүй. Би гарын үсэг зуруулъя гээд өгөхөөр маргааш зурж өгнө гэж авч яваад буцааж өгөөгүй бөгөөд удахгүй зурж өгнө гэдэг байдлаар яваад байсан. Бид урьдчилгаа мөнгөө аваагүй байж ажил эхлүүлсэн. Иймээс бид шприц цацах, муруй хананд бетон цутгах багахан ажил үлдсэн бөгөөд энэ үед ажлаа зогсоосон. Хариуцагч талын инженер н.Даваанямд хэлэхэд Я.Ганболдод хэлсэн. Я.Ганболд нь “...манай ажлыг яаралтай дуусгах хэрэгтэй байна, улсын комисс хүлээж авах гээд байна” гэхэд нь “... та гэрээнд гарын үсэг зурж өгөхгүй бол ажлаа үргэлжүүлэхгүй” гэж хэлсэн. Я.Ганболд нь н.Давааням, П.Наранцэцэг хоёрт борлуулалтын өрөөнд очоод үнэлгээгээ тохироод ир гэж үүрэг өгсөн. Би тухайн үед хажууд нь байсан. Ингээд бид үнэлгээг тохиролцох үед би үлдсэн бага ажил дээр бага зэрэг буулгаж болох талаар хэлсний дагуу тохирч надаас бусад нь инженер болон н.Наранцэцэг нар гарын үсэг зурсан. Баталгаажсан тул ажлаа үргэлжлүүл гэхэд нь би жаахан ажил үлдээгээд яахав гээд дуусгасан. Би өдөр болгон ирж гэрээнд гарын үсэг зурж өгөөч гэж Я.Ганболдоос гуйдаг байсан. Сүүлд ажил дууссаны дараа тогоо тасалж биднийг хөөж эхэлсэн ба тогоо таслаад байсан учир ажлаа дуусгасан тул бид гарсан. Түүнээс хойш Я.Ганболдоос төлбөрөө төлөхийг шаардахад гарын үсэг зурсан хүмүүстэй ярь гэж өөрөө алга болсон. Албан бичгээр 4-5 удаа албан бичгээр сануулж байсан. Энэ ажлыг Я.Ганболд нь хүлээн зөвшөөрч үнэ тохирч ажил эхлэх зөвшөөрөл өгсөн. Ганцхан өөрөө л баталгаажуулаагүй байгаа. Биднийг ажлаа чанартай 100 хувь гүйцэтгэж дууслаа гэж акт үйлдэж гарын үсэг зурсан. Иймээс гэрээний төлбөр болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 114 844 213 төгрөг нэхэмжилж байна. Үүнд алданги 38 281 404 төгрөг орсон байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хоорондын байгуулсан гэрээ, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа, манайд өгсөн ажлын акт зэрэг дээр манайх 1 давхарт ажиллах зөвшөөрөлгүй бөгөөд хориглосон заалттай байдаг. Барилгын дотор хананд шприц цацсан гэж байна. Шинжээчийн дүгнэлтээр үүнийг хэн хийсэн гэдгийг тогтоох боломжгүй байна гэсэн болохоос манай ажилчид хийсэн гэж дүгнээгүй. Бид нэг давхарт ямар ч ажил хийгээгүй. Я.Ганболдын ажил хүлээж авсан акт болох гарын үсэгтэй баримтууд нь дандаа 2 дугаар давхраас дээш хамааралтай байдаг. Шавар нурж унасан нь шприц цацсан болон өөр хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болсон зүйл биш. Мөн түүнийг манай ажилчид хийгээгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр С.Дэлгэрмаатай барилгын ажил хийхээр тохиролцсон. Солонгос ажилчид ажиллуулна гэхэд нь би зөвшөөрөөгүй. Гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрөл авч ирж өг, улсын комисс хүлээж аваагүй байранд ажилчид байрлуулж болохгүй гэж хэлсэн. С.Дэлгэрмаатай зөвшилцөөнд хүрээгүй үндэслэл нь м.кв-ийн үнэ 2 500 төгрөгийн ажлыг 1 350 төгрөгөөр хийнэ гэсэн. Монгол хэл мэдэхгүй солонгос ажилчдаар шууд ажил хийлгэж эхэлсэн бөгөөд ажилчид нь миний үгэнд орохгүй, миний үүрэг болгосноос өөр байдлаар хийж байсан. Шаардлага тавихад С.Дэлгэрмаагийн үгэнд л орно гээд миний үгэнд орохгүй байсан. Анх тохирсон ажил дээр шприц гэсэн нэг ч үг байхгүй. Гэтэл С.Дэлгэрмаа нь өөрийн хүссэнээр ажлаа хийж миний хэлснээс зөрүүтэй зүйлүүд хийж байсан. Мэргэжлийн хяналтын байцаагчтай ярилцахад барилгын гадна талд цавуулаг материалаар хийж болно гэсэн. Манай барилгын ажил нь автортойгоо хэрхэн хийгдэх талаар ярилцаж байж барилгын бүх зураг төсөл батлагдсан. Хэрэв өөрчлөх шаардлага гарвал барилгын автортой ярилцаж байж шийдэгдэх асуудал. Гэтэл С.Дэлгэрмаа өөрөө дур мэдэж өөрчлөн шприц цацсан. С.Дэлгэрмаа аливаа баримт дээр надаар гарын үсэг зуруулдаггүй. Ажлаа 100 хувь хийсэн гэж өөрөө гарын үсэг зурдаг. Би С.Дэлгэрмаагийн хийсэн ажил буюу тоосго, шавар, өрлөг хэсгийг хүлээн зөвшөөрнө. Хүлээн зөвшөөрсөн ажлын баримт дээр гарын үсэг зурсан. Шприц явагдахгүй. автортой ярь гэж олон хэлсэн. Мэргэжлийн хяналтын дүгнэлт дээр барилгын гадна талд цавуулаг материал орж болно гэсэн. Нэгэнт мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч байгаа тохиолдолд гаднах цавуулгийн зүйлийг хүлээн зөвшөөрье. Солонгос ажилчид ажиллах зөвшөөрөлтэй гэрээг авч ирж өг гэхээр өгдөггүй хэрнээ жилийн дараа 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэрэгт гарган өгсөн байдаг. Бичиг баримтууд дээр миний гарын үсэгтэй баримт маш цөөхөн. Гадна талын хийх ёстой талбай нь 1371 м.кв талбай юм. Дотор талын айлуудын хананд шприц цацах ёс журам байхгүй. Өрлөг, шавар, шприцийн шавар дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрч, 6 776 000 төгрөгийш хүлээн зөвшөөрч байна. Анх ажил эхлэхэд үнэ тохирсон зүйл байхгүй. Би гэж тусдаа хүн байхад манай эхнэрийг хариуцагчаар татсан байгааг ойлгохгүй байна. Манай эхнэр барилга дээр хааяа ирж надад тусалдаг байсан. Танай эхнэр инженер гээд гарын үсэг зуруулсан байсан. Гэрээнд Д.Наранцэцэг гарын үсэг зурсан болохоор болно гэж бодож байх шиг байна. Анх тохиролцохдоо бартераар байр өгч гэрээ байгуулна гэсэн болохоос бэлэн мөнгөөр тооцоо хийнэ гэж тохиролцоогүй. С.Дэлгэрмаа бүх зүйл дээр өөрөө гарын үсэг зурсан тул тэдгээр баримтыг баталгаатай баримт гэж үзэхгүй гэжээ.

 

Хариуцагч Я.Ганболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Дэлгэрмаа нь зөвшөөрөлгүй шприц цацсанаас болж дараа жил нь давхар болгонд шавар нурсан. Хэл ам хийгээд яахав гээд би өөрөө зарим зүйлийг “Мөрөөдлийн Уул” ХХК-иар засуулсан. С.Дэлгэрмаа ажлын хөлсөнд байр авч охиндоо өгнө гэсэн байранд шприц цацсан гэдэг. Үүнийг “Мөрөөдлийн Уул” ХХК-иар янзлуулах гэхэд мөнгөө өг гэдэг. Ингээд би шинжээч томилуулах хэрэгтэй гэж бодсон. Шприц цацаж шавар нурсан асуудал нь С.Дэлгэрмаа болон “Мөрөөдлийн Уул” ХХК-ийн алиных нь буруу болохыг тогтоох зорилгоор шинжээчийн дүгнэлт хийлгэсэн. Миний ойлгосноор шприц нь даагаагүй гэж ойлгосон. Иймээс С.Дэлгэрмаагийн хийсэн ажлаас шалтгаалан шавар нурсан гэж үзэж, тухайн доголдлыг арилгахад шаардлагатай гарах зардал төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Улсын байцаагч хэмжилт хийгээд 1 796 363 төгрөг гэж гаргасан тул тэр мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би барилгын мэргэжилтэй хүн биш багш хүн. Надад барилгын ажлын талаар ямар ч ойлголт байхгүй. С.Дэлгэрмаа нь намайг барилга баригдаж буй талбайн инженер, менежер гэсэн байсан. Би аль аль нь биш. Уг барилгыг манай нөхөр барьж байсан болохоор би завтай уедээ очиж туслах зүйлд тусалж, нөхөртөө хоол хийж өгөх зэргээр очдог байсан. Ямар учиртай миний зураг аваад байсныг ойлгоогүй. Миний гарын үсэг байгаа гэх баримт дээр С.Дэлгэрмаа намайг гарын үсэг зур гэсээр байгаад зуруулсан. Ямар учиртай зүйл дээр гарын үсэг зурснаа ойлгоогүй. Би тухайн барилгын ажлын талаар ямар нэгэн ажил хийж шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн биш. Харин С.Дэлгэрмаа нь намайг барилгын талбай дээр очих болгонд “...нөхөр чинь байхгүй байгаа юм чинь чи мэдэх ёстой нөхрийнхөө өмнөөс гарын үсэг зур” гэдэг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Я.Ганболдоос 49 836 468 төгрөг. гаргуулан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 65 007 745 төгрөг гаргуулах болон Д.Наранцэцэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь заалтыг баримтлан “Арбаян шанд” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний доголдол арилгахад гарах зардалд 1 796 363 төгрөг гаргуулах тухай хариуцагч Я.Ганболдын сөрөг нэхэмжлэлийгбүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 732.171, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Я.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид 407 132 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч "Арбаян шанд" ХХК-иас 767 800 төгрөг, хариуцагч Я.Ганболдоос 1 432 220 төгрөг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д, хариуцагч Я.Ганболдоос 50 000 төгрөг гаргуулан шинжээч Ж.Цээлээд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь уг ажлын нэр төрөл, ажлын хөлсний үнэ, үнэлгээг хариуцагч Я.Ганболдтой харилцан тохиролцож, түүний олгосон 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зөвшөөрлөөр хийх ажлын нэр төрлийг заасан зөвшөөрөл, мөн хариуцагчийн барилгад орж ажиллаж болно гэсэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичигтэй зөвшөөрлөөр, хийх ажлын үнийг харилцан тохиролцож уг ажлын нэр төрөл үнэлгээ тохирсоны үндсэн дээр нэхэмжлэгч уг ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн.

Нэхэмжлэгчийг, хариуцагч Я.Ганболд нь барилгын талбайд орж ажлаа эхэлсний дараа гэрээ хийнэ гэсэн хариуцагчийн хэлснээр ажлаа хийж эхлээд 1 хоногийн дараа ажлын гэрээг баталгаажуулах тал дээр нэхэмжлэгч нь хариуцагчид барилгын ажил гүйцэтгэх гэрээг өгч баталгаажуулах зорилгоор өгөхөд, хариуцагч санаатайгаар баталгаажуулахаас зайлсхийж, хариуцагч нь хариуцлагаас мултарч гарын үсгийг зурж баталгаажуулах үүргийг эхнэртээ шилжүүлэн олны өмнө эхнэртээ миний анхны тохирсон үнэлгээг буулгаад ир гэж үүрэг өгсөн нь шүүхэд асуугдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог, хариуцагч би үнэлгээ буулгасаны дараа баталгаажуулана гээд нэхэмжлэгчид хэлсэн ч бас нотлогддог, Я.Ганболд үүргээ биелүүлээгүй байх хугацаанд гэрээт ажил дууссан байдаг.

Нэхэмжлэгчийн хийсэн бүх ажлыг хариуцагч Я.Ганболд нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №15\12 тоот “Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу дууссан бүх ажлаа 2015 оны 9 дүгээр сарын 15-наас 22-ны өдөр хүртэлх хийсэн ажлыг, 2015 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болгож актаар бүх ажлыг хүлээн авч баталгаажуулсан.

Дээрх бүх ажлуудыг ажил тус бүрээр нь хянаж шалгаж “Гэрээний дагуу ажил гүйцэтгэж дууссан барилгын ажлын акт”-ыг хүлээн авч захиалагч, хариуцагч Я.Ганболд, түүний инженер Б.Давааням нар нь гарын үсэг зурж баталгаажуулсныг өөрсдөө нотолдог.

Барилгын ажлыг захиалагч Я.Ганболд нь актаар хүлээн авч баталгаажуулж гарын үсэг зурсан бүх актыг үндэслэн ажлын тоо хэмжээг, үнэ үнэлгээг захиалагчийн талбай хариуцсан ерөнхий инженер Б.Давааням нь /2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийсэн ажлын актыг үндэслэн, актаар хийсэн ажлын нэр төрөл түүний тоо хэмжээг/ захиалагчийн инженер, гүйцэтгэгчийн ерөнхий инженерүүд хамтран үзэж шалгаж, ажлын нэр төрлөөр нь, тоо хэмжээгээр нь харилцан хяналт шалгалтаар хамтран тооцоог хийсэн 2 талын ажлын тооцоо хэмжээ, нэр төрөл нийлж бүх хийсэн ажлыг нэр төрөл тоо хэмжээгээр нь “Ажлын актаар хүлээн авсны дараах санхүүжилт олгох ажлын гүйцэтгэл”-ийг бодож нийт хийсэн ажлын авах мөнгөн дүнг захиалагч Я.Ганболдын талбай хариуцсан ерөнхий инженер Б.Давааням нь бичиж баталгаажуулан гарын үсэг зурсан байхад “шүүгч дүгнэсэн ажлын хэмжээг тохиролцоогүй бөгөөд хийсэн ажлыг актаар хүлээн авахдаа ажлын нэр төрлийг хүлээн авч, ажлын хэмжээг тодорхойлон хүлээн авч баталгаажуулаагүй ....” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Улмаар энэ хэмжээг үндэслэн ажлын гүйцэтгэлийг үнийн дүнг 78 562 809 төгрөг хэмээн тооцож,үүнээс урьдчилгаа 2 000 000 төгрөгийг хасч тооцож хариуцагч Я.Ганболдоос 76 562 809 төгрөг нэхэмжилсэн байтал шүүх урьдчилгааг дахин давхардуулан хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

Ажлын гүйцэтгэлийн хөлсийг уг барилга заслын ажилд захиалагч, хариуцагч Я.Ганболдын талбай хариуцаж ажиллаж байсан талбайн ерөнхий инженер Б.Давааням 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нотариатаар баталгаажуулан өгсөн тодорхойлолт, гэрчээр асуугдсан мэдүүлэгтээ ажлын хэмжээ,нэр төрөл, нийт ажлын хөлс 78 562 809 төгрөгийн ажлыг актаар хүлээн авч, тохиролцож хийсэн, нийт хийсэн ажил нь дууссаж дуусан ажил нь актаар, ажлын хөлсний гүйцэтгэлээр 78 562 809 гэж баталгаажуулсан болохыг дурджээ.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн боловч уг шинжээч нь механик инженер мэргэжилтэй, барилгын мэргэжлийн бус, барилгын дүрэм, норм, стандартын дагуу хэмжилтийг хийж ,түүнийгээ үндэслэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ тогтоосон төсөв нормоор, үнэ үнэлгээгээр үнэлж гаргах эрхгүй зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байх тул түүний дүгнэлтийг шүүх үндэслэн ажлын хэмжээг хасаж, захиалагч, гүйцэтгэгч 2 тал харилцан тохиролцож актаар хүлээн авч баталгаажуулсан үнэ үнэлгээг ямар нотлох баримт нормоор бодсон нотлогдохгүй, баримтгүйгээр, бууруулан тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхээс шинжээчийн ААНэгж, тусгай зөвшөөрлийг хэрэгт нотлох баримтаар авахыг сануулан тэмдэглүүлсээр байхад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгө үнэлэх хугацаа 2013 оны 12 дугаар сарын 20-наас 3 жилийн хугацаатай авч түүнээс хойш сунгуулаагүй хугацаа дууссан № 07120017 тоот дугаартай тусгай зөвшөөрөлтэй, ААН-ын № 9011115011 дугаартай гэрчилгээ дээр нь үйл ажиллагааны заалт нь “Хөрөнгө үнэлэх, сургалт явуулах, семинар явуулах” заалттай, шинжээч өөрөө механик инженер мэргэжилтэй, барилгын төсөв бодох ямар ч эрх бүхий бус хүнээр хийлгэсэн нь , захиалагч, гүйцэтгэгчийн барилгын талбай дээр хамтран гаргасан ажлын хөлсний гүйцэтгэл тооцоог анхныхаас нь дордуулан хийж гаргасан хөрөнгийн үнэлгээчний үнэлгээг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Дэд бүтцийн сайдын 2001 оны 174 дүгээр тушаалаар батлагдсан “Монгол Улсын барилгын норм ба дүрэм”-ээр улсын хэмжээнд дагаж мөрдөх барилгын ажлын тоо, хэмжээ бодох батлагдсан аргачилсан байхад шинжээч энэ аргачлалаар бодсон эсэх нь тодорхойгүй, ямар зүйлийг үндэслэн бодсоноор нотлох баримтаар гаргаж өгөхийг нэхэмжлэгч шаардсаар байтал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Шинжээч нь 2 талын маргааныг өөрөө гаргах байтал шүүхэд асуугдахдаа нийт 5 хоног ажиллахаас 3 хоног ажилласан 2 хоногийн хэмжээг хариуцагчийн инженер бодсон байсныг авсан гэсэн хүртэл ямар ч сэтгэл ханамжгүй, итгэх итгэлгүй болгож хариуцагчийн инженерээр шинжээч тооцоог хийлгэсэн байх магадалтай байгаа нь шүүхийн тэмдэглэлд шүүгчийн асуултанд хариулсан байдлаас харагддаг. Иймд анхан шатны шүүх талууд хийсэн ажлаа харилцан тохиролцож захиалагч Я.Ганболдын гарын үсгээр актаар хүлээн авч баталгаажуулан тохиролцсон ажлын тоо хэмжээгээр гаргасан 76 562 809 төгрөгийг шинжээч дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр 51 962 468 төгрөг болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул зөрүү 24 600 341 төгрөгийг хариуцагч Я.Ганболдоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Ганболд давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна.

Я.Ганболд миний бие “Арбаян шанд” ХХК-аар барилгын зарим ажлаа гүйцэтгүүлсэн бөгөөд талууд хийсэн ажил дээрээ нэгдсэн дүнд хүрээгүй тул Хөрөнгийн үнэлгээний төвийг шүүхээс шинжээчээр томилсон байдаг. Уг шинжилгээний дүгнэлт, тайлангаар манай сөрөг нэхэмжлэлд дурьдсан 1 давхрын үйлчилгээний талбайд ажил хийгдсэн гэдэг, тэр хийсэн ажил нь гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хана нурсан гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, цаг агаарын тохиромжгүй нөхцөл байдалд шприцтэй шавар цацсан байгаа нь алдаатай ажиллагаа гэдэг нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу гүйцэтгэгчийг тухайн маргаантай давхарт ажил хийснийг дүгнэсэн бөгөөд харин эхлээд өөрсдөө зардлаараа засаад тэрийгээ шаардах эрхтэй гэсэн. Мөн шууд доголдлыг арилгах зардлаа нэхэж байгаа нь буруу гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Миний хувьд үүнд маш их гомдолтой байна. Энэхүү шинжээч төсөвчиний гаргасан үнэлгээгээр л тухайн доголдол арилгах ба одоо энэхүү доголдол засагдаад хэвийн болсон. Харин ч энэ төсвөөс давсан буюу “Мөрөөдлийн Уул” гэх газраар 2 500 000 төгрөгөөр засуулсан.

Иймээс сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01310 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь хариуцагч Я.Ганболд, Д.Наранцэцэг нарт холбогдуулж барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 76 562 809 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 38 281 404 төгрөг, нийт 114 844 213 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Я.Ганболд эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарах зардалд 2 511 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанар, үнэлгээний талаар маргаж байх ба шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 6 дугаар сарын 06-ны өдрийн 512 дугаар дүгнэлтийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг ойлгоно” гэж, 15 дугаар зүйлийн 15.4.9-д “Санхүү, эдийн засгийн чиглэлээр хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.” гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно.” гэж тус тус заасан бөгөөд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд хуульд заасан ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх журамтай.

 

Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь хөрөнгийн үнэлгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас гадна Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоог тус тус шинжээчээр томилох ажиллагааг талуудын хүсэлтээр хийсэн боловч шинжээч нарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар эрх, үүрэг, хууль сануулах ажиллагаа хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг арилгаж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан шинжилгээ хийлгүүлэх тухай хэргийн оролцогчийн хүсэлт хангагдсан гэж үзэхгүй тул 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 700 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 951 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

 

                                                      ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

 С.ЭНХТӨР