Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 848

 

Ё.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Гансүх, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Х.Ням-Эрдэнэ,

          шүүгдэгч Ё.Б-ийн өмгөөлөгч Н.Г,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ба,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн  даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ба-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ё.Б-т холбогдох 1706 0000 00001 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ё-ийн Б, 1974 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран гудамжны 49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Ё.Б нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн 49 тоотод төрсөн эгч Ё.Бя “ногооны мөнгө хулгайлан архи уулаа” гэх шалтгаанаар хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ё.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ё.Б-ийг хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар Ё.Б-ийг 12  жилийн хугацаагаар хорих  ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ё.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.Б-ийг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, Ё.Б-оос оршуулгын зардал нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Энэ хэргийн холбогдогч болох Ё.Б нь миний төрсөн ах юм. Хохирогч Ё.Бя нь мөн миний төрсөн эгч болно. Миний ах, эгч хоёр амьдралын боломж муутай, гэр бүл зохиож тусдаа гараагүй, ээжтэй хамт амьдардаг байсан. Ах, эгч хоёр маань намайг эмнэлэгт хэвтэж байх хойгуур архи ууж байгаад ах эгчтэй маргалдаж эгчийг түлхэж унагаагаад толгойн тус газар нь цохисноос эгч маань нас барсан. Одоо миний хувьд эгчийн маань амь насыг хохироосон ч анхан шатны шүүхээс оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял нь урт байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Миний ээж ахыг ийм өндөр хэмжээний хорих ял авсанд сэтгэл санаа болон эрүүл мэндийн хувьд асар их уй гашуутай, бие нь муу байгаа болно. Надад ахаас минь өөр хүн байхгүй тул миний гомдлыг харгалзан үзэж ахын минь эдлэх ялаас бага ч болов хасаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ё.Б-ийн өмгөөлөгч Н.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ё.Б-т анхан шатны шүүхээс хуульд заасан доод ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ё.Б нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, 49 тоотод төрсөн эгч Ё.Бя “ногооны мөнгө хулгайлан архи уулаа” гэх шалтгаанаар хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ба-ийн “...Гал тогооны өрөөний хажуугийн жижиг өрөөнд эгч Ё.Бямбасүрэн орны хажууд газар шалан дээр дээшээ харчихсан, ухаангүй хэвтэж байсан. Хажуу талынх нь орон дээр Ё.Б ах согтуу тасарчихсан бололтой унтаж байсан. Өөр хүн гэрт байгаагүй. Ё.Бящэгчийн хамарнаас нь цус гарсан, цамц нь цус болсон байсан. Өмд нь нойтон болсон, бараан өнгийн өмдтэй байсан болохоор юугаар бохирлогдож нойтон болсныг нь мэдэгдэхгүй байсан. Би “эгчээ” гэж дуудаад татсан боловч бие нь хөрч, хөшсөн, нас барсан байсан. Би айж сандраад өөрийнхөө гар утаснаас 103-т дуудлага өгсөн. Тэгээд би ах Ё.Б-ийг дуудаж сэрээгээд ахаас “юу болсон юм, эгч яагаад ийм болчихоо вэ” гэж асуусан чинь Ё.Б ах надад “мэдэхгүй байна” гэж хэлсэн. ...Би ээжийг мэдүүлэг өгч байхад хажууд нь сууж байсан. Ээж хэлэхдээ “Ё.Б ахыг эгч Ё.Бя-г зодсон” гэж байсан. Ногооны мөнгө хулгай хийж архи уулаа гээд зодоод байсан гэж хэлсэн. Талийгаач эгч “аллаа” гээд чанга орилоод байсан гэсэн, ээж “болиоч ээ” гэж хашхирсан гэж байсан. ...Аавыг өнгөрснөөс хойш сүүлийн 2 жил Ё.Б ах архи уугаад эгч Ё.Бя-г барьж аваад байдаг болсон байсан. Ё.Бя эгч, Ё.Б ах хоёр хоорондоо хэрэлдэж, муудалцаж байхыг нь би нэг удаа харж байсан ба хажууд нь байсан. Ер сонсож байхад хэрэлдэж, муудалцдаг, хоорондоо зодолддог байсан. Ээжийн тэтгэврийн мөнгө буухаар л хэрүүлж болж, ээжийн тэтгэврийн мөнгийг чи авч уулаа, надад өгсөнгүй гээд л хэрүүл маргаан болдог. Ё.Б ах эрэгтэй хүн болохоор эгчийг зодчихдог байсан юм шиг байсан. Нэг нэгнийгээ алчих гээд л байдаг байсан...” /хх-26, 27-30/,

Гэрч Н.Х-гийн “...Би энэ дэлгүүрт 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн худалдагчаар ажиллаж байна. Тэр үеэс өөрийгөө Бямбаа гэж танилцуулсан эгч манай дэлгүүрээр өдөр болгон шахам орж ирж пиво уудаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өглөө 11.00 цаг болж байхад Бя эгч орж ирээд “эгч нь өчигдөр архи уусан шартаж үхэх нь, 1 пиво авъя” гээд 0.5 литрийн шилтэй “Сэнгүүр” пиво авч дэлгүүрийн үүдэнд зогсож байгаад уусан. Түүний дараа 0.5 литрийн лаазтай “Нийслэл” пиво аваад задалж балгаад тэрийгээ энгэртээ хийгээд гарсан. Түүнээс хойш дахин орж ирээгүй. Тэрээр ээж, ахтайгаа амьдардаг. Ээжийнхээ тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй гэж ярьдаг байсан. Нэг өдөр орж ирээд “дүү нь өчигдөр орой намайг гэрт чирээд, зодоод” гэж ярьж байсан. Хамгийн сүүлд орж ирэхдээ архи нь гараагүй, халамцуу байдалтай орж ирээд гарсан...” /хх-31-33/,

Гэрч С.С-ийн “... “Саран” дэлгүүрийн хажуугаар явж байтал манай хөрш айлын Зоригоо гудамжинд таараад “манай эгч ухаан алдаад босдоггүй түргэн дуудах гэсэн утас байдаггүй” гэж хэлэхээр нь би түүнд “танай дүү Ё.Ба-д хэлье” гэхэд тэр “манайд ороодох” гэхээр нь автомашинаа оруулаадахъя гэж хэлчихээд хашаандаа ортол араас ороод ирсэн. Тэгээд нөхөр бид хоёрыг “гэртээ ороодох” гээд байхаар нь “дүүд чинь хэлье” гээд Ё.Ба-ийн эхнэр лүү утсаар хэлсэн. Дараа нь Ё.Ба-тэй ярьж “танай ах Зоригоо энд эгч ухаан алдаад сэргэхгүй байна” гээд яриад явж байна гэхэд “за би одоо очлоо” гэсэн. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 18.00 цагийн орчимд Зоригоотой таарсан...” /хх-34-36/,

Гэрч Б.Л-гийн “...2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Ё.Б нь ганцаараа архи уусан. Би эмэгтэй хүн байж архи уулаа гэж хэлсэн. Дараа нь Ё.Б гэртээ ирээд Ё.Б-г зодсон. Ё.Б Ё.Б-гээ “ногооны мөнгө хулгайлж архи уулаа” гээд зодоод байсан. Ё.Бя Ё.Б-ийг ирэхээс өмнө “ногооны мөнгө хулгайлсан” гээд уйлаад байсан. Ё.Б Ё.Б-г баруун талын нөгөө өрөөнд оруулаад зодоод байсан. Би хэвтэрт байдаг учир босч очиж чадаагүй. Ё.Б “аллаа ээжээ” гээд чанга хашхираад уйлаад байсан. Би орон дээрээсээ босч чадахгүй хэвтээгээрээ “болиоч ээ, эмэгтэй хүнийг зодохоо болиоч” гэж хашхирсан. Би “хүн аллаа” гэж орилж уйлсан боловч Ё.Б болихгүй зодоод байсан. Ё.Б архи уухаараа их агсам. Хааяа дүүтэйгээ хэрэлдээд зодолдоод байдаг юм. Хашхирч, зодолдож байгаад чимээгүй болсон. Би босч хараагүй. Би хүний дэмжлэгтэй босдог. Би өнөөдөр хоол, цай идэж уугаагүй. Ё.Бя уг нь хоол хийж өгдөг юм. Дүүгээ алчихсан байхаа, Ё.Бя орилж байгаад чимээгүй болчихсон...” /хх-37-38/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ё.Бя нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Шүүхийн химийн шинжилгээгээр цусанд нь 3.7 хувийн спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэ нь хүнд зэргийн согтолт болно. Цус нь АВО-н системээр В(III) бүлэгтэй байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна...” гэсэн 1354 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-45-47/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн богино ханцуйтай цамцнаас цус илэрсэн. Уг цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна. Бусад хувцаснаас цус илрээгүй. Дотоожноос үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй. Ё.Б нь О(I) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн 7110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62-65/,

Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын “...Ё.Б нь зөрчил гаргах үедээ удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ё.Б нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. Ё.Б нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна. Ё.Б нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Ё.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ё.Б-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Ё.Б нь хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх бичиг баримт үгүй байна. Ё.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ эмгэг согтолттой гэх шинж тэмдэг үгүй байна. Ё.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 725 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-58-60/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8, 9-15/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-17, 18-21/, шүүгдэгч Ё.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ё.Б-ийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Ё.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учруулсан гэм хорд тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ба давж заалдах шатны шүүхэд “...Миний ээж, ахыг ийм өндөр хэмжээний хорих ял авсанд сэтгэл санаа болон эрүүл мэндийн хувьд асар их уй гашуутай, бие нь муу байгаа болно. Надад ахаас минь өөр хүн байхгүй тул миний гомдлыг харгалзан үзэж ахын минь эдлэх ялаас бага ч болов хасаж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Ё.Б нь хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар алсан гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч Ё.Б-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүх хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ба-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Баийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ