Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 849

 

Д.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Гансүх, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор А.Баясгалан,

          цагаатгагдсан этгээд Д.О-ын өмгөөлөгч С.Ч,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр  даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 407 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд Д.О-д холбогдох 2016 2602 2545 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Д-гийн О, 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “KCF” тэнгис кино театрын урд талын салбарт тогооч ажилтай байсан, одоо “Харгуйн хурдатгал” ХХК-д замчин ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын, 54 дүгээр байрны 35 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

Д.О нь 2016 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” баарны гадна Б.Д-т хөөгдөж, зугтааж байхдаа чулуу шидэж, толгойд зүүн чамархай ясны цөмөрсөн ил хугарал, хуйханд шарх, тархины эд болон хуйханд цус хуралт, тархины эдэд хий, цус хуралдалт буюу хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Отгонтулгыг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сиди-г хэрэгт хавсаргаж, Б.Дарханбаатарын тархины томографикийн 2 ширхэг зургийг Б.Дарханбаатарт буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогч Б.Дарханбаатарт 1.100.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, Д.О-д хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор А.Баясгалан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэрийг доор дурдсан үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1.  Хэрэгт авагдсан шүүгдэгч Д.О, гэрч Ц.Б нарын мэдүүлгээр Д.Д-ыг цохиж унагасан болох нь тогтоогдсон боловч Д.О-ыг цохисон талаар баримт хэрэгт авагдаагүй болно. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь “Шүүгдэгч нь найз Д.Д-ыг цохиж унагаан, өөрийг нь цохиж зугтах үед нь араас нь хөөсөн хохирогч Б.Д-ын бодит довтолгооны үед барьж байсан чулуугаа шидлээ шүү гэж анхааруулан арагш шидсэн гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар “Аргагүй хамгаалалт” гэдгийг “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

“Тулгарсан” гэдэг нь “Тулгарах буюу гэнэт таарах, мөргөлдөх, тулах, тулж очих, тулгардах /Монгол хэлний эх тайлбар толь/” гэсэн утгатай үйл үгнээс гаралтай гэнэт таарсан, мөргөлдсөн, тулсан, тулж очсон гэсэн утгыг илэрхийлнэ.

Харин “Бодит” гэдэг нь нүдэнд харагдахуйц, бие бүхий /Монгол хэлний тайлбар толь/ гэсэн утга илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл: шүүх Б.Д-ын үйлдлийг бодит довтолгоон гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан хуулийн шаардлагад Д.О-ын үйлдэл нийцэж байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн 2016 2602 2545 дугаартай Д.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 407 дугаартай “Цагаатгах тогтоол”-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаалгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.О-ын өмгөөлөгч С.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь бодит байдалт нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Баяголд дүүргийн прокурорын газраас Д.О-ыг  “2016 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” баарны гадна Б.Д-т хөөгдөж, зугтааж байхдаа чулуу шидэж, толгойд зүүн чамархай ясны цөмөрсөн ил хугарал, хуйханд шарх, тархины эд болон хуйханд цус хуралт, тархины эдэд хий, цус хуралдалт буюу хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас дүгнэн үзэхэд түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулаагүй байна.

Анхан шатны шүүх Д.О-д холбогдох хэргийн нотлох баримт болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэлтэй, тодорхой бөгөөд ойлгомжтой үнэлэлт, дүгнэлт өгч чадсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд хохирогч Б.Д нь шүүгдэгч Д.О-ыг цохиж улмаар зугтах үед нь араас нь хөөсөн нөхцөл байдал нь Д.Отгонтулгыг гартаа таарсан чулуугаа шидэх нөхцлийг бүрдүүлсэн нь тогтоогджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.”, 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Д.О нь өөрийнх нь эрхэнд халдсан довтолгооныг няцаах үүднээс чулуу авч шидэн Б.Дарханбаатарын биед хүнд хохирол учруулсныг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Довтолгоон бодитой байсан, заналхийлсэн, аюул нь илт, бодитой эргэлзээ төрүүлэхгүйгээр байсан үед Д.О-ын үйлдэл хийгдсэн бөгөөд анхан шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заасан ба хуулийн дээрх шаардлагад шүүгдэгч Д.О-ын үйлдэл нийцсэн байна гэж шүүх дүгнэв. Хохирогч Б.Д-ын үйлдэл нь Үндсэн хуульд заасан “хүний ...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх болон бусад эрхээ эдлэх” эрхэд нь халдсан довтолгоон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.О нь зугтаж болох байсан, бусдаас тусламж авахаар хандаж болох байсан зэрэг нь түүнийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэв” гэсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Прокуророос Д.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ үндэслэл болгосон болон яллах дүгнэлтэнд дурдагдсан гэрч Ц.Б-ийн мэдүүлэг нь Д.О-ыг хүний эрүүл мэндэд хүн хохирол санаатай учруулсан гэм буруутайг шууд хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 407 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ