Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0264

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Л.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Ж.Б нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 65 хоногийн олговор 3.331.188 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгон” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дутуу үнэлэн, буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Л.Б-г Хөхморьт сумын эрүүл мэндийн төвийн эмчлэгч их эмчээр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр томилсон бөгөөд ажилд томилогдсон тушаал шийдвэрийг гардаж авсан атлаа шүүхийн хэлэлцүүлэгт аваагүй гэж худал хэлж тайлбарласан, ажилд томилсон тушаалыг авснаас хойш ажилдаа огт ирэхгүй, ажлаа тасалж байгаа нь төрийн албыг цалгардуулж, үл ойшоож байгаа нь мэдлэг, мэргэшил, ёс зүйн хувьд уг ажил албан тушаалд тэнцэхгүй болсныг харуулж байгаа бөгөөд Л.Б-г өөр ажилд томилсон шийдвэрийг гардуулсан талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх бүрдүүлэлгүйгээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Л.Б-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг зөрчсөн байх бөгөөд цалин олговрыг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх тохиолдолд төрд хохирол учирсан байхыг, мөн төрийн жинхэнэ албан хаагч байх шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Нэхэмжлэгч Л.Б төрийн жинхэнэ  албан хаагч биш, төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд Л.Б-г төрийн албанаас чөлөөлөөгүй, албан тушаал бууруулсан учир шууд хариуцагч Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй олгож өгнө үү” гэв.

 Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “... Л.Б-г 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хөхморьт сумын Засаг даргын Б/20 тоот тушаалын дагуу албан тушаал бууруулсан. Энэ нь эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасны дагуу Эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөх томилохыг Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөнө гэж байгаа. Албан тушаал бууруулна гэж байхгүй.

Албан тушаал бууруулж байгааг захиргааны ерөнхий хуульд ёс зүйн зөрчил болон төрийн албаны тухай хуулийн дагуу тушаал бууруулсан байсан. Ёс зүйн болон мэргэжлийн хувьд алдаа гаргасан гэж Л.Б-г албан тушаал бууруулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, холбогдох өөрчлөлтийг орууллаа.

             Л.Б-аас Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:   

Маргаан бүхий захиргааны актаар “Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2, Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/40 дүгээр акт, 01/37 дугаар албан шаардлагыг тус тус үндэслэн Л.Б-г албан тушаал бууруулан” шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д “Хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 45.1.2-д “Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Л.Б-г тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байх бөгөөд 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээд түүнийг “А” үнэлсэн, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хөхморьт сумын Засаг даргын Б/05 дугаар захирамжаар “Л.Б-д жирэмсэн, амаржсаны амралт эдлүүлэх, 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар “Л.Б-г ажилд томилох”, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны Б/19 дүгээр захирамжаар “... 3 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгосон” үйл баримтууд тогтоогдож байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтад “90 – 100” оноотой бол “А буюу Маш сайн”, Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 3.7-д “90-100 хувь бол үр дүнгийн үнэлгээ бүрэн хангалттай, урамшуулал тооцох хувь 11-20” байна гэж тус тус заасан. 

Эндээс үзвэл, нэхэмжлэгч Л.Б нь ажиллаж байх хугацаандаа “А” буюу “маш сайн” гэж дүгнэсэн тул албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалттай биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэхэд хангалттай гэж үзэхээр байна.

Мөн Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/40 дүгээр актад “Ажилчдад олгосон цалингийн урьдчилгаанаас 400.0 мянган төгрөгийг төлүүлээгүй, эмийн санчид 40 хувийн цалин олгодог, үндсэн орон тоо биш байтал 499.3 мянган төгрөгийн үр дүнгийн урамшууллыг олгосон, ажилчдын амралтын цалинг үндсэн цалинтай давхардуулан 688.2 мянган төгрөгийг олгосон, байгууллагын дарга бүтэн жилийн турш 1,345.6 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал авсан, жолоочийн тооцоо бодоогүй, шатахуун түгээх станцад 101.5 мянган төгрөгийн шатахууны үнийг илүү шилжүүлсэн боловч авлагаар тайлагнаагүй, тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй 7,959.6 мянган төгрөгийн 1 ширхэг А3-469 машины эд хариуцагч нь тодорхойгүй, бодитоор байхгүй”;

01/37 дугаар албан шаардлагад “Даргын тушаал шийдвэргүйгээр ажилчдад 14,606.8 мянган төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон, хугацаа дууссан үндэслэлээр 122.1 мянган төгрөгийн эмийг акталж устгасан, худалдан авах ажиллагаа зохион байгуулалгүйгээр 20,928.6 мянган төгрөгийн шатахууныг бэлтгэсэн, байгууллагын дансанд бүртгэлтэй бодитоор байгаа 5 мотоциклыг гэрчилгээжүүлээгүй” гэх зөрчлүүдийг гарсан гэж үзэн, 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор зөрчлүүдийг арилгаж, биелэлтийг ирүүлэхийг даалгажээ.

Нэхэмжлэгч Л.Б нь дээрх акт, албан шаардлагын дагуу, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын тайлан, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 84 дүгээр албан бичгээр буюу тогтоосон хугацаанд, зөрчлийг арилгасан талаар Төрийн аудитын газарт хариу хүргүүлсэн нь холбогдох баримтуудаар нотлогдож  байна гэж үзлээ.

Мөн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулж, тайлбар, баримт гаргаж өгөх, оролцогчийн эрхээ хамгаалах боломжийг хангаагүй, бусад хуульд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаагүй байна.  

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасан боловч Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын  2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр албан бичгээс үзвэл дээрх хуулийн заалтыг биелүүлэн ажиллаагүй болох нь тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Л.Б-г албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:      

Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч хариуцагчаас гаргуулсан нь буруу байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй юм.    

Иймд анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нотлох баримтыг бүрэн үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн буруу заалт баримталсан байх тул холбогдох өөрчлөлтийг оруулан шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 11.4 гэснийг 11.3” гэж, 2 дахь заалтад “... хариуцагчаас гэснийг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

           ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР