Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 832

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Э.Дт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                        

            прокурор Ш.Хосбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Э.Дт холбогдох 1711000000020 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон тайж овгийн Эрдэнэчимэгийн Э.Д, Улаанбаатар хотод 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 31-44 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УЗ95112837/

Э.Д нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Цагаан байр”-ны орчимд Б.Атай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сБ.Аулж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хохирогч Б.А нь Э.Дт зодуулснаас болж сэтгэл санаа айдастай болсон учраас эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч баримтаар нэхэмжилсэн бодит хохирол тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Дыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээ шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтыг зөрчиж, шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Э.Дт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчснөөс шийтгэх тогтоол нь үндэслэлтэй болж чадаагүй байна.  

1. Хавтаст хэргээс үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Б.Аг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогчоор тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй байх тул шүүх үүнийг тодруулж, хохирогчийг хуулийн дагуу тогтоох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Э.Дын хүсэлт /хх-60, 61/-ээр 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн байх боловч уг хэлэлцүүлгийн тэмдэглэлд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэж бичжээ. /хх-66/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны нэг хэсэг байхаар хуульчилсан байхад урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн мэтээр тэмдэглэл үйлдэгдсэн нь хууль бус болжээ.

3. Шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх, Э.Дт торгох ял оногдуулахдаа уг ялын хэмжээний талаар дүгнэлт хийгээгүйн гадна уг ялын биелэгдэх хугацааг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтуудыг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан учир шүүх заавал хэрэгжүүлэх зохицуулалт биш гэж үзэж болох ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол мөнгөн төлбөр, ... барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ... хийх”-ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгахаар хуульчилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол ... сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж,... болно.”, 160.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.2-т заасан дагуу ... ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сБ.Аулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. дэх хэсэгт “Ялтан төлбөл зохих торгуулийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй, ... бол хорих ялаар солих тухай саналаа эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.” гэж торгох ялыг биелүүлэх журмыг тогтоосон.

Шүүхээс торгох ялыг биелүүлэх тодорхой хугацаа заагаагүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дээрх хугацаа үйлчлэх бөгөөд нийтдээ 120 хоногийн дотор биелүүлээгүй бол хорих ялаар солих үндэслэл болохоор хуульчилсан байна. Иймээс торгох ялыг биелүүлэх хугацааг шүүхийн шийтгэх тогтоолд заахгүй орхих нь хууль зүйн үр дагавар үүсгэхээр байх тул анхан шатны шүүх торгох ял оногдуулсан тохиолдолд мөнгөн төлбөрийг ямар хугацаанд биелүүлэхийг тогтоолдоо заах, эсхүл хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзвэл үндэслэлээ дүгнэж байх нь хуульд нийцнэ.    

Мөн прокурорын эсэргүүцэлд “... хохирогч Б.Агийн хохирлын талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтыг зөрчиж, шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын шаардлагыг хангаагүй...” гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцэл болон энэ магадлалд заасан үндэслэлээр Э.Дт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч, Э.Дт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН