| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2017/0706/э |
| Дугаар | 833 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 833
Ц.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Даваасүрэн,
шүүгдэгч Ц.Бы өмгөөлөгч Д.Наранцэцэг,
хохирогч П.Х, түүний өмгөөлөгч П.Эрдэнэбат,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Бд холбогдох 1706023680132 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Цэцгээгийн Ц.Б, Улаанбаатар хотод 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гранат” ресторанд жолооч ажилтай гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 39-600 тоотод оршин суух хаягтай,
2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн. /регистрийн дугаар: ЦЕ74111811/
Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Гранат” ресторанд П.Хыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч П.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Бы миний эрх чөлөөнд халдсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгах явцдаа хохирогч надаас ганцхан удаа тайлбар авах төдийгөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хязгаарлаж, өөрийн эрүүл мэндийн талаарх нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг хангаагүй ба хэргийг прокурорт шилжүүлсэн талаар ч огт мэдэгдээгүй.
Миний бие нь хэргийг цагдаагийн байгууллага огт дуудахгүй болохоор лавлахад прокурорт шилжүүлээд удаж байна гэсэн хариу сонсоод Баянзүрх дүүргийн прокурор очиход мөн мэдэгдэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх мөн надад шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хуралдааныг хийж шүүгдэгчийн талд хэт үйлчилсэн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.
Хэрэг бүртгэлтийн шатанд шүдээ хугалуулсандаа гомдолтой гэсэн тайлбар өгсөн байсан ч миний хохирлоо барагдуулах хүсэлтэй гэснийг маань ч үл тоомсорлож хууль шүүхийн өмнө ижил тэгш байх зарчмыг хэрэг бүртгэлт, прокурор, анхан шатны шүүх уландаа гишгэлээ. Өөрийн эрх ашгийг хуулийн байгууллагын өмнө тайлбарлаж, шүүх хуралдаанд эрх ашгаа хамгаалуулж өмгөөлөгчтэй оролцож мэтгэлцэх зарчмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Гэтэл Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тодорхой хуульчилсан байна. Хохирогч миний танил талгүй, эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулсан, шүүгч нь хохирогч миний мэтгэлцэх эрхийг хаан боогдуулсанд гомдолтой байна.
Прокурорын шатанд ч, шүүх хуралдаанд ч хохирогчийн байр суурийг огт сонсохгүйгээр асуудлыг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийг шүүх илт санаатай зөрчсөн. Энэ нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг нотолж байна.
Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зэрэг эрхүүдийг маань хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хангаагүй нь прокурор П.Даваасүрэн, шүүгч Э.Чингис нар нь хараат бусаар энэхүү хэргийг шийдвэрлэсэн гэдэгт эргэлзэж байна.
Мөн прокурор П.Даваасүрэн нь өөрийн тогтоолдоо хохирогч төлбөр нэхэмжлээгүй гэсэн үндэслэл дурьдсан нь шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оноох гэсэн атгаг санаа гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл миний бие нь үүдэн шүдгүй явж байгаа бөгөөд миний эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхгүйгээр гэмт этгээдийн эрх ашгийг хамгаалан хууль бус шийдвэр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцож, 3,000,000 төгрөгийг тэднээс нөхөн төлүүлж өгнө үү.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 хэсгийг прокурор зөрчиж, Ц.Бд хүлээлгэх хариуцлагын талаарх саналаа болон надад хэргийг танилцуулаагүй. Хэргийг шийдвэрлэхдээ намайг оролцуулалгүй миний эрхийг зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буруутай этгээдүүдээс миний хохирлыг барагдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч П.Хын өмгөөлөгч П.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Ц.Бд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх явцад П.Хын хамт мөрдөн байцаагч дээр очиж, өмгөөлөгчөөр оролцох хүсэлтээ илэрхийлэхэд завгүй гэсэн хариу хэлээд оролцуулаагүй. Түүнээс хойш хэрэг ямар шатанд явж байгааг огт мэдээгүй. Хохирогч анхан шатны шүүхэд очиж уулзахдаа “шүүхийн шийдвэр гарсан” болохыг мэдсэн.
Ингэж хохирогчийн эрхийг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэж заасан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өмгөөлүүлэх, хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөх” зэрэг эрхийг нь ноцтой зөрчлөө.
П.Х тэрээр шүдээ засуулахад эмчилгээний зардал нь харилцан адилгүй үнэ ханштай байгаа учраас шүүгдэгч Ц.Баас эмчилгээний зардлаа тохиролцоод авах хүсэлтээ илэрхийлсэн боловч хүлээж аваагүй.
Иймд хохирогчийн эрхийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Бы өмгөөлөгч Д.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” талаар тусгайлан заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч өөрөө эрхээ хэрэгжүүлэхийн тулд үүргээ биелүүлэх ёстой. Хохирогч шүдээ засуулахад үнэ нь харилцан адилгүй байдаг тул 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч баримтаар хохирол нэхэмжилсэн зүйл хэрэгт байхгүй. Би үйлчлүүлэгчийгээ хохирогчтой эвлэр, хохирлыг төл гэж хэлэх ёс зүй өмгөөлөгчийн хувьд байхгүй. Ц.Бы хувьд хохирлын талаар баримт байгаа тохиолдолд төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхэд хохирогч оролцох хүсэлтээ илэрхийлсэн бол оролцуулахаар хуульд заасан. Тэгэхээр анхан шатны шүүх хохирогчийн эрхийг зөрчөөд хэргийг шийдвэрлэсэн зүйл байхгүй. Хэрэг гарснаас хойш давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад хохирогч өөрийнхөө төлөө явж баримтаа гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл үндэслэлгүйгээр хохирол нэхэмжилж байна. Хэргийн бодит байдлын хувьд хохирогч эхэлж, Ц.Бы араас цохиж, хэрэг маргаан гаргасан байдаг. Хэрэв хохирол байгаа бол жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан.” гэв.
Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар шалгаж, шийдвэрлүүлсэн. Уг зүйлд хохирогч ялын саналтай танилцах хүсэлт гаргасан бол түүнийг танилцуулахаар байгаа. Гэтэл хохирогчийн зүгээс энэ талаар хүсэлт гаргаагүй учир яллагдагчид танилцуулаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй учир шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийн зүгээс хохирлын баримтаа хэрэг шалгах хугацаанд гаргаж өгөх боломжит хугацаа байсаар байхад гаргаж өгөөгүй. Ц.Бы хувьд хохирлын талаар баримт гаргаж өгөх юм бол хохирлыг төлнө гэдгээ мөрдөн байцаалт, шүүхийн шатанд илэрхийлж байсан. Хохирогчийн зүгээс хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байгааг дурьдах нь зүйтэй. Мөн өмгөөлөгчийн эрхээр хангаагүй гэж байна. Өмгөөлөгчтэй оролцох хүсэлт хэрэгт байхгүй. Хэрэв өмгөөлөгчтэй мөрдөн байцаагч дээр очсныг хүлээж аваагүй асуудал байгаа бол прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ц.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хасч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ хохирогч П.Хт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох,...” гэж заасан хүний эрхийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрхтэй:” гэсний 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болох боловч мөн зүйлийн 6 дахь хэсэгт зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хянан шийдвэрлэхээр заасан учраас шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод заавал мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж байх нь зүйтэй.
Иймд хохирогч П.Хын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧИД Ш.БАТ-ЭРДЭНЭ
М.ПҮРЭВСҮРЭН