Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0267

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч Б.Д , Ч.Ж , тэдний өмгөөлөгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б  овгийн Б.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд, Б  овгийн Ч.Ж ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00197 0072 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б  овгийн Б.Д , Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зэвсгийн нярав-засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл дөрөв, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Төгрөг сум, 5 дугаар багийн Баян гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын .. дүгээр гудамжны ... тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар......., эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Б  овгийн Ч.Ж , Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл гурав, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ......, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ..... дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулсан байсан Н.М ийн эзэмшлийн .... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Pruis-20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас иргэн Н.М д 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор данхраад, дорцоов, түлхүүр хэрэглэсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ....дугаар байрны гадна талын зогсоолд байрлуулсан байсан иргэн З.Д гийн эзэмшлийн ....улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Pruis-20” загварын тээврийн хэрэгслийн 600,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор данхраад, дорцоов, түлхүүр хэрэглэн үйлдэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр:

“шүүгдэгч Б  овгийн Б.Д , Б  овгийн Ч.Ж  нар урьдчилан үгсэн тохиролцож, шүүгдэгч Б.Д ийн санаачилснаар,

- 2019 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ..... дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулсан байсан Н.М ийн эзэмшлийн .... улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Toyota” загварын “Pruis-20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг шүүгдэгч Б.Д  гараар гүйцэтгэх боломжгүй учрах саадыг арилгах зорилгоор урьдаас бэлтгэн авч очсон нэг ширхэг данхраад, нэг ширхэг 14-ийн дорцоов, нэг ширхэг 12-ын түлхүүр ашиглан тайлж, шүүгдэгч Ч.Ж  хүн харах байдлаар дэмжлэг үзүүлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж, хохирогч Н.М д 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ....дугаар байрны гадна талын зогсоолд байрлуулсан байсан З.Д гийн эзэмшлийн ....улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Toyota” загварын “Pruis-20” маркийн тээврийн хэрэгслийн 600,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг Б.Д  гараар гүйцэтгэх боломжгүй учрах саадыг арилгах зорилгоор урьдаас бэлтгэн авч очсон нэг ширхэг данхраад, нэг ширхэг 14-ийн дорцоов, нэг ширхэг 12-ын түлхүүр ашиглан тайлж, шүүгдэгч Ч.Ж  хүн харах байдлаар дэмжлэг үзүүлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэж байгаад цагдаа нарт үйлдэл дээрээ баригдсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

            1. Шүүгдэгч Б.Д ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Би энэ гэмт хэргийг үйлдэх талаар санал гаргаж бид хоёр харилцан тохиролцсон. Тэгээд би багажаа бэлдэж, мөн нүүрсэн янданг тайлж авсан, харин энэ үед Ж  хүн хараад зогсож байсан. Би гагнуурын ажил хийдэг учраас нүүрсэн яндан тайлахад данхраад, 14-ийн дорцоов, 12-ын түлхүүр байхад л болно гэдгийг мэддэг учраас хулгай хийхдээ авч явсан юм. Янданг 300,000 төгрөгөөр зарсан бөгөөд бид хоёр мөнгийг тэнцүү хувааж авсан...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Ч.Ж ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ гэмт хэргийг үйлдэх саналыг Д  гаргасан, мөн тэрээр янданг тайлж авсан, харин би тэр үед хүн харж тусалсан бөгөөд яндан зарсан мөнгийг бид хоёр 150, 150 мянгаар хувааж авсан...” гэсэн мэдүүлэг;

3. Иргэн Н.М өөс 2019 оны 12 дугаар 31-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..автомашины нүүрсэн яндан хулгайд алдсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-5 дугаар хуудас);

4. Хохирогч Н.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ..... дүгээр байрны хажууд өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орсон. Орой 23 цагийн үед манай эхнэр гарч ирээд машинаа шалгахад зүгээр байсан гэсэн. Маргааш нь 14 цагийн үед гадагшаа гарах гээд машинаа асаасан чинь сонин дуугараад байхаар нь харсан чинь миний машины яндан байхгүй байсан. Миний машины нүүрсэн яндан нь уг машиныг худалдан авахад байсан. Одоо 700,000 төгрөгөөр зарагдаж байна лээ, би тухайн үнээр нь үнэлж байна....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас);

5. Гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү Ч.Ж  2019 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө, 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө гэртээ хоёр удаа ирж хоноогүй, найз Б.Д тэй уулзсан гэж өөрөө надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);

6. Гэрч Р.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай гэрийн хашаан дахь чингэлэгт данхраад, 14-ийн дорцоов, 12-ын түлхүүр байдаг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас);

7. Хулгайд алдагдсан нүүрсэн янданг 600,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 115 тоот дүгнэлт (хх-ийн 26-28 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Ч.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 31 дүгээр байрны гадаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн үед найз Д тэй уулзаад байж байтал  тэрээр “надад мөнгөний хэрэг гараад байна, хоёулаа машины нүүрсэн яндан хулгайлах уу” гэхээр нь би эхлээд зөвшөөрөөгүй. Тэгээд надаас гуйгаад “зүгээр андаа цагдаад баригдахгүй” гэхээр нь би зөвшөөрсөн. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед гэрийнхээ ойролцоо байдаг  “Moнroлиaнc” нэртэй pc тоглоомын газар байж байтал Д  ногоон цүнхтэй нүүрсэн яндан тайлах багажийг авчирч надад өгсөн. Тэгээд орой 22 цагийн үед Д  “Монголианс" нэртэй pc тоглоомын газарт ирээд хамт тоглож байгаад 2019 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 03 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын ..... дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулсан байсан .... улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Toyota Pruis-20” загварын тээврийн хэрэгслийн доогуур Д  орж, машины янданг бүхлээр нь салгасан. Тэгээд бид хоёр 62 дугаар сургуулийн хажуугийн ухсан нүхэнд нүүрсэн яндангаа нуучхаад буцаад pc тоглоомын газарт орж хоносон. Маргааш нь Д  хулгай хийсэн нүүрсэн янданг 300,000 төгрөгөөр зараад, надад 150,000 төгрөг бэлнээр өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн үед “Монголианс” нэртэй pc тоглоомын газарт уулзаад байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3/60 дугаар байрны урд зогсоолд байсан “Toyota Pruis-20” машины нүүрсэн янданг хулгай хийж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Машины нүүрсэн янданг хулгай хийх санааг манай найз Д  гаргасан. Манай найз данхраад, дорцоов, түлхүүрийг гэрээсээ авчирч, мөн нүүрсэн янданг тайлсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 72-73 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Ч.Ж ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 76-79 дүгээр хуудас), цагдаагийн байгууллагын эргүүлийн Дуулгат 10-аас 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн “....улсын дугаартай тээврийн хэрэгслийг үл таних хүн хулгайлахыг завдсан...” тухай гэмт хэргийн талаарх мэдээлэл, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 84 дүгээр хуудас);

10. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Б ийн: “...Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Б  би, эргүүлийн цагдаа жолооч Д.Э ын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 04 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-60-н айлын гадна Приус маркын ....улсын дугаартай автомашины нүүрсэн янданг хулгайлж байсныг илрүүлэн Б.Д  гэгчийг данхраад, 12, 14-ийн хэмжээтэй түлхүүрийн хамт Дуулгат 10-т хүлээлгэн өгсөн. Жич: Хамт байсан этгээд нь зугтсан...” гэсэн илтгэх хуудас (хх-ийн 85 дугаар хуудас);

11. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 86-88 дугаар хуудас), шүүгдэгч Б.Д ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 1 ширхэг өргөгч данхраад, 1 ширхэг 14-ийн дорцоов, 1 ширхэг 12-ын түлхүүр зэрэг эд зүйлсийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тухайн эд зүйлсэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 92-97 дугаар хуудас);

12. Гэрч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дуулгат-112 чиглэлийн автомашин дээр эргүүлийн офицер, ахмад Б.Б ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3/60 дугаар байрны хойд талд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад ....улсын дугаартай Приус-20 маркийн машины жолооч талын гол хэсэгт улаан өнгийн данхраад байхаар нь би машинаасаа буугаад шалгах гэтэл машины урд талаас хар бараан хувцастай нэг хүн гүйсэн. Тэгэхээр нь машин доогуур харсан чинь өөр нэг хүн хэвтэж байхаар нь эргүүлийн офицер ахмад Т.Б д хэлчхээд зугтсан хүний араас гүйсэн боловч гүйцээгүй. Буцаад машин дээрээ ирэхэд ахмад Т.Б  машины нүүрсэн яндан хулгай хийж байсан Б.Д  гэх хүнийг саатуулан түүний ашиглаж байсан улаан өнгийн данхраад, 12, 14-ийн хэмжээтэй түлхүүрийн хамт жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Тухайн үед хоёулаа явж байсны нэг нь зугтаасан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 120 дугаар хуудас);

13. Гэрч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дуулгат-112 чиглэлийн автомашин дээр эргүүлийн цагдаа, дэд ахлагч Д.Э ын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3/60 дугаар байрны хойд талд үүрэг гүйцэтгээд явж байхад манай жолооч Д.Э  машины хажуу талыг данхраадсан байна гэж хэлээд машинаас буусан. Гэтэл ....улсын дугаартай Приус-20 маркийн машины урд талаас хар бараан хувцастай нэг хүн гүйсэн, жолооч Д.Э  хойноос нь гүйсэн боловч барьж авч чадаагүй. Би машин доор хэвтээд машины нүүрсэн яндан хулгай хийж байсан Б.Д  гэх хүнийг саатуулан машины нүүрсэн янданг тайлахад ашиглаж байсан улаан өнгийн данхраад, 12, 14-ийн хэмжээтэй түлхүүрийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 122 дугаар хуудас);

14. “Toyota Pruis-20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 600,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 114 тоот дүгнэлт (хх-ийн 124-126 дүгээр хуудас);

15. Хохирогч З.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ....дугаар байрны ард талд өөрийн эзэмшлийн ....улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Pruis-20” маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орсон. Өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас яриад танай машины нүүрсэн янданг урд шөнө хүмүүс хулгайлж байгаад баригдлаа гэж хэлэхээр нь би машин дээрээ очиход манай машины доод нүүрсэн янданг тайлчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 135-136 дугаар хуудас);

16. Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би машины нүүрсэн яндан хулгай хийх санааг анх гаргасан. Би машины нүүрсэн янданг өөрийн гэрт байсан аав Б ийн машины данхраад, дорцоов, 12-ын түлхүүрийг нууцаар авч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан. Би яндан зарсан мөнгөнөөсөө 150,000 төгрөгийг Ж өд өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 153-154 дүгээр хуудас);

17. Шүүгдэгч Б.Д ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 74 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 71 дүгээр хуудас), шүүгдэгч Ч.Ж ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 184 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 181 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б  гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй боловч өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл дээр маргаж байна. Өөрөөр хэлбэл прокурорын зүйлчлэлийг тохироогүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасны дагуу мэтгэлцэж  оролцож байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хууль тогтоогч тайлбарлан өгсөн байна. Шүүгдэгч нарын ашигласан данхраад, түлхүүр нь аливаа биетийг гэмтээх, устгах, биеэ хамгаалах дохио өгөх зэвсэг гэж үзэх боломжгүй. Дээрх эд зүйлс нь техникийн засвар үйлчилгээнд зориулж хийсэн бөгөөд шүүгдэгч нар тусгайлан хийж бэлтгэсэн, зохион бүтээсэн, тохируулж тааруулсан үйлдэл тогтоогдохгүй байна. Ийм учраас прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож хэргийн зүйлчлэлийг  хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтэд дурдсан “шүүгдэгч нар тусгайлан зэвсгийн чанартай зүйл бэлтгэсэн, зохион бүтээсэн, тохируулж тааруулсан зүйл тогтоогдохгүй байх тул зүйлчлэл хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай хууль хэрэглээний мэтгэлцээнийг шүүх дараах байдлаар няцаан үгүйсгэж байна. Үүнд:

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлсийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалтгүй гэсэн хэрэглээний шинжээр нь бүх гэмт хэрэгт адилтган зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэж дүгнэх нь өрөөсгөл болох бөгөөд эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийн төрөл, гэмт хэрэг нэг бүрийн онцлог, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал, гэмт хэрэгтэнд ашиг тусаа өгч гэмт хэргээ төгсгөхөд нь бодит нөлөө үзүүлсэн зэрэг байдлаас хамаарч зэвсгийн талаарх хууль зүйн дүгнэлт гэмт хэрэг тус бүрд ялгамжтай байх ёстой.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ нэг ширхэг данхраад, нэг ширхэг 14-ийн дорцоов, нэг ширхэг 12-ын түлхүүрийг тусгайлан бэлдэж, хэргийн газарт авч очсон, тэгээд ашигласан, үр дүнд нь нүүрсэн янданг тайлж авч чадсан буюу гэмт хэргээ төгсгөх боломжтой болсон байна. Эсрэгээрээ тэдэнд эдгээр эд зүйлс байгаагүй сэн бол тэд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэж буй 2 удаагийн үргэлжилсэн үйлдэлтэй автомашины нүүрсэн яндан хулгайлсан гэмт хэргийг үйлдэж чадахгүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, гараар үйлдэх боломжгүй, эсхүл хүч дутах үед биеийн хүчийг нэмэгдүүлэх, үйлдлээ хялбаршуулах зорилгоор данхраад, дорцоов, түлхүүр ашигласан байх бөгөөд эдгээр багажгүйгээр тээврийн хэрэгслийг дээш өргөх, нүүрсэн янданг тайлж авах боломжгүй тул учрах саадыг арилгах зорилгоор ашигласан гэж үзнэ.

Мөн энэ талаар шүүгдэгч Б.Д  шүүх хуралдаанд “...Би гагнуурын ажил хийдэг учраас нүүрсэн яндан тайлахад данхраад, 14-ийн дорцоов, 12-ын түлхүүр байхад л болно гэдгийг мэддэг учраас хулгай хийхдээ авч явсан юм...” гэж мэдүүлсэн нь тэд эдгээр багажийг тусгайлан бэлдэж авч очсон болохыг нотолж байна.

Хуулийг тайлбарлан хэрэглэх тухайд, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн хүрээнд хууль тогтоогчоос баталсан тайлбарыг ямар нэгэн логик дүгнэлтгүйгээр, гэмт хэрэг үйлдэгдэхэд хэрхэн нөлөөлснийг харгалзаж үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт үг, үсгийн хувьд тайлбарлан хэрэглэх нь зохисгүй.

Нөгөө талаас, хууль тогтоогч “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж ... эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн ... эд зүйл, хэрэгслийг ойлгоно” хэмээн хуульчилсан тайлбар хийсэн байх тул бусдын эд хөрөнгөөс зарим хэсгийг салган авч хохирол учруулахаар тусгайлан бэлдэж авч очсон багажийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамааруулна.

Иймд шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нарыг учрах саадыг арилгах зорилгоор данхраад, дорцоов, түлхүүрийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн үед төгсдөг онцлогтой боловч мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” хэмээн хэд хэдэн удаагийн үргэлжилсэн хулгайлах үйлдлийг нэг зүйлчилж, нэг ял оногдуулахаар хуульчилсан тул шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нарын хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлийн эхнийх нь төгссөн учир бүхэлдээ төгссөн нэг гэмт хэрэг болно.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол ... таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж зааснаар шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нарын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг цагдаа нарт баригдсан үеэр тооцно.

Прокурор үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдох хоёр удаагийн үйлдлийг тус тусад зүйлчилж, хоёр удаа ял халдаахаар төлөвлөсөн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн байх тул шүүгдэгч нарын үргэлжилсэн хоёр үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцон нэг зүйлчилж, шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан ярьж тохирсон байх бөгөөд шүүгдэгч Б.Д  нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, мөн гардан гүйцэтгэсэн байгааг, шүүгдэгч Ч.Ж  нь урьдчилан тохиролцсоны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэх явцад хүн харах байдлаар дэмжлэг үзүүлсэн байгааг тус бүр харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Гуравдугаар бүлэг дэх тохирох зүйл, хэсэг, заалтыг зөвтгөн журамлахаар байна.

Шүүх гэмт хэргийн зүйлчлэлийг ийнхүү өөрчлөхөөр дүгнэсэн нь прокурорын хоёр гэмт хэрэг хэмээн зүйлчилснийг нэг гэмт хэрэг болгон зүйлчилж буй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнд хамаарах бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг зөвтгөсөн нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг зохион байгуулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Ж ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд холбогдох зүйл, хэсэг, заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хоёр удаагийн үйлдлийн 2 ширхэг машины нүүрсэн янданг нийт 1,200,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу 1,200,000 төгрөгөөр тогтоосон болно.

Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн авсан гэдгээ илэрхийлсэн баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан тул шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нар нь гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Харин шүүгдэгч нар гэмт хэргийг хамтарч үйлдэх талаар урьдчилан тохиролцсон байх тул тэднийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ч.Ж өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг данхраад, 1 ширхэг 14-н дорцоов, 1 ширхэг 12-н түлхүүрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус тус гаргаж байна..” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б  эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх саналтай байна. Мөн энэ хэргийн хувьд шүүгдэгч нар нь 20 нас хүрэх гэж байгаа манай улсын залуу иргэд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд “шүүх 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж шүүхэд эрх олгосон заалт байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж дээрх заалтыг хэрэглэж өгөөч гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж 1 жил болгон багасгаж, дээрх зүйл ангиар 6 сарын хугацаагаар ял шийтгэлийг оноож өгөөч гэж хүсэж байна...” гэв.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх нэмэлт дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, учирсан хохирлын талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй. Иймд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй, энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал...” гэв.

Шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлийн хувьд хууль хэрэглээний мэтгэлцээн явуулсныг шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгосонгүй. Учир нь, шүүгдэгч нар хэргийн үйл баримтын талаар зөрөөгүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдсан үнэн зөв мэдүүлэг өгч байсныг шүүх харгалзан үзсэн болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д д нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Ж өд нэг жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх үр нөлөөтэй хэмээн дүгнэлээ.

Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг данхраад, нэг ширхэг 14-ийн дорцоов, нэг ширхэг 12-ын түлхүүрийг өртөг шингэсэн, цаашид зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой хэмээн дүгнэж, эдгээр эд мөрийн баримтыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд, шүүгдэгч Ч.Ж ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00197 0072 дугаартай хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгч Б.Д ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ч.Ж ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Б  овгийн Б.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг зохион байгуулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, Б  овгийн Ч.Ж ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д д нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Ж өд нэг жилийн хугацаагаар хорих ял тус бүр шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нарт оногдуулсан хорих ялыг тус бүрд нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг данхраад, нэг ширхэг 14-ийн дорцоов, нэг ширхэг 12-ын түлхүүрийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д , Ч.Ж  нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА