Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/589

 

Б.Д, Ч.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Ч.Жийн өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Д, Ч.Ж нарт холбогдох 2008001970072 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Бийн Д, 2000 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зэвсгийн нярав-засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Төгрөг сум, 5 дугаар багийн Баян гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжны 1 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,

            2. Б овгийн Чийн Ж, 2000 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8а дугаар байрны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Д, Ч.Ж нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Эрчим хүчний 1 дүгээр байрны гадаа зогсоолд байрлуулсан Н.Мийн эзэмшлийн 17-95 УБЗ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас иргэн Н.Мд 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор домкрат, дорцов, түлхүүр хэрэглэсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

            мөн 2020 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 4 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-60 дугаар байрны гадаа зогсоолд байрлуулсан иргэн З.Дгийн эзэмшлийн 95-36 УБХ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн 600.000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор домкрат, дорцов, түлхүүр хэрэглэн үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Ч.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд, шүүгдэгч Ч.Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008001970072 дугаартай хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгч Б.Дийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ч.Жийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж, Б овгийн Бийн Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг зохион байгуулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, Б овгийн Чийн Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус бүр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Дд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Жөд 1 жилийн хугацаагаар хорих ял тус бүр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Ч.Ж нарт оногдуулсан хорих ялыг тус бүрд нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг домкрат, нэг ширхэг 14-ийн дорцов, нэг ширхэг 12-ын түлхүүрийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д, Ч.Ж нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “тайлбар” хэсэгт зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж хуульчлан заасан. Автомашины домкрат, дорцов зэрэг нь дээрх тайлбарт заасан аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтаар бүтээгдсэн эд зүйлийн шинжийг хангахгүйгээс гадна шүүгдэгч нар нь дээрх эд зүйлийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг биш, харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хялбарчлах зорилгоор ашигласан болох нь тогтоогдсон байхад прокуророос шүүгдэгч нарыг “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн шүүхээс уг шинжээр гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээр маргаагүй, хийсэн хэрэгтээ үнэн санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөргүй. Анхан шатны шүүхээс Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно . “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгө хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тодорхойлсон нь Б.Д хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн домкрат, дорцов түлхүүр нь “тусгайлан бэлтгэсэн” гэх зүйлд хамаарахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж ашиглалтын тусгай шинж чанарын өөрчилсний улмаас бусдад аюул учруулж болохуйц болсон эд зүйл” гэж тайлбарлажээ. Б.Дд 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зүйлчлэл тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ч.Жийн өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хийсэн гэм буруугийн дүгнэлтэд “Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалтгүй гэсэн хэрэглээний шинжээр нь бүх гэмт хэрэгт адилтган зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэж дүгнэх нь өрөөсгөл болох бөгөөд эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийн төрөл, гэмт хэрэг нэг бүрийн онцлог, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал, гэмт хэрэгтэнд ашиг тусаа өгч, гэмт хэргээ төгсгөхөд нь бодит нөлөө үзүүлсэн зэрэг байдлаас хамаарч зэвсгийн талаарх хууль зүйн дүгнэлт гэмт хэрэг тус бүрд ялгамжтай байх ёстой. Мөн хууль тогтоогч “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж ... эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн ... эд зүйл хэрэгслийг ойлгоно” хэмээн хуульчилсан тайлбар хийсэн байх тул “бусдын эд хөрөнгөөс зарим хэсгийг салган авч, хохирол учруулахаар тусгайлан бэлдэн авч очсон багажийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамааруулна” гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж юуг ойлгох талаар тодорхой тайлбарлаж өгсөн бөгөөд энэ хуульд өөрөөр тайлбарласан ямар нэг тайлбар байхгүй. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт нэг ижилхэн ухагдахуунаар ойлгож хэрэглэх ёстой. Хэрэг үйлдэхэд ашигласан домкрат, дорцов, түлхүүр нь үйлдвэрээсээ өргөх, эргүүлж тайлах, чангалах зориулалттай багажны төрөлд хамаарах эд зүйлс бөгөөд ямар нэг байдлаар өөрсдөө зохион бүтээгээгүй, засч тохируулаагүй, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй юм. Миний үйлчлүүлэгч нарын хувьд анх удаа гэмт үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Дөнгөж 19 настай залуучууд бөгөөд анхан шатны шүүх хэрэг үйлдэхэд ашигласан домкрат, дорцов, түлхүүрийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд” тооцолгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлээр хөнгөрүүлэн зүйлчилсэн бол хорихоос өөр төрлийн ял авах бүрэн боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 зүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчлан заасан байх бөгөөд дээрх залууст нийгэмших, өөрийнхөө буруутай үйлдлийг ухамсарлуулах боломжийг шүүхээс олгоогүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн 2008001970072 дугаартай хэргийг бүхэлд нь хянаж, эргэлзээ бүхий байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтнуудад ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Ч.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул шүүхээс нэг удаа боломж олгохыг хүсэж байна. ...” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын дүгнэлтийг дэмжин шүүх хуралд оролцож байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “тайлбар” хэсэгт зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, учрах саадыг арилгаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэн, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл болгон зөвтгөх боломжтой. Прокуророос Ч.Жийн үйлдэлд яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус баримтлан яллах дүгнэлт үйлдсэн. Ч.Жийн үйлдлийг бусадтай бүлэглэн гүйцэтгэгчийн үүргээр оролцсон гэж хамтран оролцооны хэлбэрийг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэл, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Д, Ч.Ж нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Эрчим хүчний 1 дүгээр байрны гадаа зогсоолд байрлуулсан, хохирогч Н.Мийн эзэмшлийн 17-95 УБЗ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Мд 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

мөн 2020 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 4 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-60 дугаар байрны гадаа зогсоолд байрлуулсан, хохирогч З.Дгийн эзэмшлийн 95-36 УБХ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн 600.000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Н.Мийн “...Би ... Эрчим хүчний 1 дүгээр байрны хажууд өөрийн эзэмшлийн 17-95 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орсон. ...Орой 23 цагийн үед манай эхнэр машинаа шалгахад зүгээр байсан гэсэн. Тэгээд маргааш нь ... миний машины яндан байхгүй байсан. ...” /1хх 37-38/,

хохирогч З.Дгийн “...Би ... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-60 дугаар байрны ард өөрийн эзэмшлийн 95-36 УБХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орсон. ...Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас яриад “танай машины нүүрсэн янданг урд шөнө хүмүүс хулгайлж байгаад баригдлаа” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад машин дээрээ очиход манай машины доод нүүрсэн янданг тайлчихсан байсан. ...” /1хх 135-136/,

гэрч Д.Эрдэнэ-Очирын “...Би ... эргүүлийн офицер, ахмад Б.Бат-Эрдэнийн хамт ... эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад 95-36 УБХ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын машины жолооч талын гол хэсэгт улаан өнгийн домкрат байхаар нь би машинаас буугаад шалгах гэтэл уг машины урд талаас хар бараан хувцастай нэг хүн босоод гүйсэн. ...Машин доогуур харсан чинь нэг хүн хэвтэж байхаар нь эргүүлийн офицер ахмад Т.Бат-Эрдэнэд ... хэлчихээд, зугтаасан хүний араас гүйсэн чинь гүйцээгүй. ...Ахмад Б.Бат-Эрдэнэ машины нүүрсэн яндан хулгай хийж байсан Б.Д гэх хүнийг саатуулан машины нүүрсэн янданг тайлахад ашиглаж байсай улаан өнгийн домкрат, 12, 14-ийн хэмжээтэй түлхүүрийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. ...” /1хх 120/,

гэрч Т.Бат-Эрдэнийн “...Би эргүүлийн цагдаа, дэд ахлагч Д.Эрдэнэ-Очирын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3/60 дугаар байрны хойд талд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад манай жолооч Д.Эрдэнэ-Очир “машины хажуу талыг домкратсан байна” гэж хэлээд машинаас буусан юм. Ингээд 95-36 УБХ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын машины урд талаас хар бараан хувцастай нэг хүн босоод гүйсэн. ...Жолооч Д.Эрдэнэ-Очир хойноос нь гүйсэн тэр хүнийг нь барьж авч чадаагүй. ...Би машин доор хэвтэж байсан машины нүүрсэн яндан хулгай хийж байсан Б.Д гэх хүнийг саатуулан, машины нүүрсэн янданг тайлахад ашиглаж байсан улаан өнгийн домкрат, 12, 14-ийн хэмжээтэй түлхүүрийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. ...” /1хх 122/,

Б.Дийн яллагдагчаар өгсөн “...Би машины нүүрсэн янданг өөрийн гэрт байсан аав Батзоригийн машины домакрат, дорцов, 12-ын түлхүүрийг нууцаар авч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан юм. Би яндан зарсан мөнгөнөөс 150.000 төгрөгийг Жөд өгсөн. ...” /1хх 153-154/,

Ч.Жийн яллагдагчаар өгсөн “...Эрчим хүчний 1 дүгээр байрны гадаа ... зогсоолд байрлуулсан байсан 17-95 УБЗ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн доогуур манай найз Б.Д орж, машины янданг бүхлээр нь салгасан. Тэгээд бид хоёр 62 дугаар сургуулийн хажуугийн ухсан нүхэнд нүүрсэн яндангаа нуучихаад ... маргааш нь манай найз Д хулгай хийсэн нүүрсэн янданг 300.000 төгрөгөөр зараад, надад 150.000 төгрөг бэлнээр өгчихөөд дахиж уулзаагүй. Тэгээд ... 2020 оны 01 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3/60 дугаар байрны урд зогсоолд байсан “Toyota Prius 20” загварын машины нүүрсэн янданг хулгай хийж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан. ...” /1хх 72-73/ гэх мэдүүлгүүд,

Эргүүлийн офицер, ахмад Б.Бат-Эрдэнийн “...Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Бат-Эрдэнэ би, эргүүлийн цагдаа жолооч Д.Эрдэнэ-Очирын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-60-н айлын гадаа “Toyota Prius” загварын 95-36 УБХ улсын дугаартай авто машины нүүрсэн янданг хулгайлж байсныг илрүүлэн Б.Д гэгчийг домакрат, 12, 14-ийн хэмжээтэй түлхүүрийн хамт ... хүлээлгэн өгсөн. ....” гэх илтгэх хуудас /1хх 85/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-5, 86-88/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 66-67, 76-79, 111-112/, Домкрат, дорцов, түлхүүрэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 94-97/, “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 26-28, 124-126/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмч хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

Учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн зэрэг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн аль байдлаар хамааруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ч.Ж, Б.Д нарын хохирогч Н.Мийн эзэмшлийн 17-95 УБЗ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг домкрат, дорцов, түлхүүр хэрэглэн хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.Ж, Б.Д нар нь хохирогч З.Дгийн эзэмшлийн 95-36 УБХ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг авах санаа зорилготой байсан тогтоогдсон хэдий ч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас Ч.Ж, Б.Д нарын хохирогч З.Дгийн эзэмшлийн 95-36 УБХ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлахыг завдсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

Прокуророос Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Ч.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж /1хх 214-218/ ирүүлснийг анхан шатны шүүх Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ч.Жийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус өөрчилжээ.

Шүүгдэгч Ч.Ж, Б.Д нар нь машины нүүрсэн яндан хулгайлах талаар ярьж тохиролцож хулгайлсан ба улмаар нүүрсэн яданг 300.000 төгрөгөөр зарж, 150.000 төгрөгөөр тэнцүү хувааж авсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шатанд тодорхой мэдүүлсээр байтал тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйл, 3.5 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан зүйлчлэлийг өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокурор Д.Отгонбаярын бичсэн “...Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “тайлбар” хэсэгт зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж хуульчлан заасан. Автомашины домкрат, дорцов зэрэг нь дээрх тайлбарт заасан аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтаар бүтээгдсэн эд зүйлийн шинжийг хангахгүйгээс гадна шүүгдэгч нар нь дээрх эд зүйлийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг биш, харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хялбарчлах зорилгоор ашигласан болох нь тогтоогдсон байхад прокуророос шүүгдэгч нарыг “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн шүүхээс уг шинжээр гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг,

мөн шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Л.Батаагийн “...Б.Д нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээр маргаагүй, хийсэн хэрэгтээ үнэн санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөргүй. Анхан шатны шүүхээс Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. ... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...”,

шүүгдэгч Ч.Жийн өмгөөлөгч Б.Баттулгын “...Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж юуг ойлгох талаар тодорхой тайлбарлаж өгсөн бөгөөд энэ хуульд өөрөөр тайлбарласан ямар нэг тайлбар байхгүй. ...Хэрэг үйлдэхэд ашигласан домкрат, дорцов, түлхүүр нь үйлдвэрээсээ өргөх, эргүүлж тайлах, чангалах зориулалттай багажны төрөлд хамаарах эд зүйлс бөгөөд ямар нэг байдлаар өөрсдөө зохион бүтээгээгүй, засч тохируулаагүй, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй юм. ... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн 2008001970072 дугаартай хэргийг бүхэлд нь хянаж, эргэлзээ бүхий байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтнуудад ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий тус тус давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Харин тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэлд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч Б.Д, Ч.Ж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэнтэй нийцэх юм.

 Иймд прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Ч.Жийн өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан аргасан давж заалдах гомдлуудыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд, шүүгдэгч Ч.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Шүүгдэгч Ч.Ж, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Боржигон овгийн Батзоригийн Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг зохион байгуулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, Боржигон овгийн Чинзоригийн Жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.” гэснийг “шүүгдэгч Ч.Ж, Б.Д нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Дд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Жөд 1 жилийн хугацаагаар хорих ял тус бүр шийтгэж” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ч.Ж, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг тус бүр хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчилж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ж, Б.Д нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Ж, Б.Д нар тус бүр 57 хоног цагдан хоригдсоныг дурдаж, тэдгээрийг нэн даруй суллан, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ