Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүнжидмаагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2016/01251/и |
Дугаар | 30 |
Огноо | 2017-02-06 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 30
Ч.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/01251/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1642 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Боржигон овогтой Ч-гийн Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Саадитрейд” ХХК-д холбогдох
“Гэм хорын хохиролд 29.255.381 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид, Л.Пагамсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Б-аас:
Улаанбаатар хотод “Саадитрейд” ХХК-д 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2004 оны 12 дугаар сарын 19-нд үйлдвэрлэлийн осолд орж нуруу болон хөлөндөө хүнд гэмтэл авсан ба Улсын Мэргэжлийн хяналтын газраас 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдвэрлэлийн осол гэж дүгнэлт гаргасан. 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 22 дугаар шийтгэх тогтоолоор компани гэм буруутай нь тогтоогдсон. Дээрх гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэсэн акт гарч группт орсон. Эрүүл болгох бүхий л эмчилгээ, сувилгааг хийлгэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу “Саадитрейд” ХХК-аас тухайн үеийн эмчилгээний зардал авсан боловч нөхөн төлбөр аваагүй.
Сүүлийн жилүүдэд нуруу болон хөл дагаж өвдөх, улмаар явж чадахгүй хүндрэл, бэрхшээл улам ихэссэний улмаас зайлшгүй шаардлагатай эмчилгээ хийлгэхээс аргагүй байдалд хүрч олон эмнэлгийн байгууллагуудыг судалсны үндсэн дээр БНСУ-д нуруундаа мэс засал хийлгэсэн.
Эмчилгээний зардал 14.549.070 вон х 1.74 =25.315.381 төгрөг, тийзний зардал 2.400.000 төгрөг, нийт 28.588.326 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан 9 сарын олговор /нэг сарын 168.000 төгрөг/ 1.512.000 төгрөг, орчуулгын төлбөр 28.000 төгрөг нийт 29.255.381 төгрөгийг “Саадитрейд” ХХК-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид, Л.Пагамсүрэн нараас:
2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Бороо гоулд” ХХК-ийн талбайд болсон ослоос хойш “Саадитрейд” ХХК нь Ч.Б-т 5 041 000 төгрөг, үүнээс 1 743 260 төгрөг нь баримтаар нотлогдсон эмчилгээний төлбөрт үлдэгдэл 3 294 740 төгрөг нь тусламж байдаг. 2006 онд тусламж болгон 5 000 000 төгрөг, 2009 оны шүүхийн шийдвэрийн дагуу 7 832 877 төгрөг нийт 17 873 877 төгрөгийг Ч.Б-т эмчилгээний зардал, тусламж, цалингийн зөрүүнд олгосон байна. Мөн 2011 онд Ч.Б-ын өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний санал болгосон зуучлагчийн тусламжтайгаар эвлэрлийн гэрээ байгуулан түүнд эмчилгээний зардал, цалингийн зөрүүд 8 000 000 төгрөгийг гэрээний дагуу “Саадитрейд” ХХК-аас олгосон. “Саадитрейд” ХХК нь эмчилгээний зардлыг төлсөн байтал 5 жилийн дараа эмчилгээний төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 2011 онд байгуулсан эвлэрлийн гэрээгээр Ч.Б- нь өөрөө сайн дураараа цаашид шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээсээ татгалзсан тул Ч.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргажээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1642 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Саадитрейд” ХХК-аас 21 255 381 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-т олгож, 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нь 8.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264.226 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид, Л.Пагамсүрэн нар давж заалдсан гомдолдоо:
“Саадитрейд” ХХК-аас 21.255.381 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүх тусгайлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэм хорын шалтгаант холбоог нотлоогүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй ба хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаагүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн тус шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.Б- эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 29.255.381 төгрөгийг хариуцагч “Саадитрейд” ХХК-аас гаргуулах, хариуцагч эмчилгээний зардал гэж тооцож өгсөн 8.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Саадитрейд” ХХК нь Ч.Б-тай 2011 онд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч өөрөө сайн дураараа цаашид шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээсээ татгалзсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч “Саадитрейд” ХХК-аас 21.255.381 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-т олгож, 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нь 8.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчид төлөх төлбөр дуусгавар болсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар нөхөн төлбөр 1.512.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчийг хуурамч баримт бүрдүүлсэн гэж хариуцагч тал гомдол гаргаж маргасан.
Хэргийг бүхэлд нь хянахад нэхэмжлэгч Ч.Б- “Саадитрейд” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон, ажил олгогч “Саадитрейд” ХХК гэм буруутай болох нь тогтоогдож, ослын улмаас Ч.Б- нь 2005 оноос хойш хөдөлмөрийн чадвараа алдаж Хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт нь 60 хувь гэж тогтоогдож тахир дутуугийн групптэй бөгөөд 2016 онд БНСУ-ын “Наноори” эмнэлэгт мэс заслын эмчилгээ хийлгэсэн, урьд жилүүдэд хариуцагчаас цалингийн зөрүү болон эмчилгээний зардал, тэтгэмж авч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлаа шаардах эрхтэй.
“Саадитрейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжидийн хүсэлтээр шүүх шинжээч томилсны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1276 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Б- гомдол гаргасныг үндэслэн шүүх дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1431 дугаар дүгнэлт гарсан ба энэхүү дүгнэлтийн талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь ослын улмаас мэс засал хийлгэсэн гэж шүүх дүгнэж эмчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжгүй бөгөөд агуулга нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8.000.000 төгрөгийг татгалзсан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэл гэж хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.
Зохигчдын хооронд 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэх хуульд заасан эрхийг хязгаарласан нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан...гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүй хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах...зарчимд нийцээгүй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар нөхөн төлбөр 1.512.000 төгрөгийг нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар дуусгавар болсон гэж хариуцагч гомдол гарсан боловч энэхүү хугацаа гэм хорын хохиролд хамаарахгүй учраас гомдлыг хүлээн авах боломжгүй.
Гэхдээ нэхэмжлэгч нь гэм хорын хохирлын дүнгээс 8.000.000 төгрөгийг хасч тооцсон талаар гомдол гаргаагүй, нөхөн төлбөрийн 1.512.000 төгрөг нь 8.000.000 төгрөгийн дүнд орж тооцогдоогүй болохыг нэхэмжлэгч нь нотлоогүй тул нөхөн төлбөр 1.512.000 төгрөгийг зохигчдын авч өгөлцсөн 8.000.000 төгрөгийн дүнд оруулж тооцох нь зөв юм.
Хариуцагч тал нэхэмжлэгчийг хуурамч баримт бүрдүүлсэн гэж гомдол гаргасан боловч үүнийг няцаасан нотлох баримтыг гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах”, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт “татгалзлын үндэслэлээ нотолж, нотлох баримт гаргах” гэж заасан үүргээ биелүүлж татгалзсан үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байна.
Иймд нөхөн төлбөр 1.512.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгээс хасч тооцох, сөрөг нэхэмжлэл гэж үзэж татгалзлыг баталж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг зөвтгөх, энэ хэрэгт нотлох баримтаар гаргуулж авсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой С.Баярмаад холбогдох 20514224 тоот эрүүгийн хэргийг мөн шүүхэд буцаахаар нэмэлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын:
“21 255 381 төгрөг” гэснийг “19.743.381 төгрөг” гэж, “8.000.000 төгрөг” гэснийг “9.512.000 төгрөг” гэж,
3 дахь заалтыг “хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг түүнд буцаан олгож,...хариуцагчаас 256.667 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж,
2 дахь хүчингүй болгож, “Энэ хэрэгт нотлох баримтаар гаргуулж авсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой С.Баярмаад холбогдох 20514224 тоот эрүүгийн хэргийг мөн шүүхэд буцаасугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264.226 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
С.ОЮУНЦЭЦЭГ