Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2021/0283

 

“А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч

 С.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 146 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Б-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч С.Б-ийн давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 146 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 10 дугаар зүйлийн 10.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хүчин төгөлдөр байсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг “Тамга, тэмдгийг гээгдүүлсэн” гэх үндэслэлээр дүгнэлт гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Г-ын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2003 дугаар “Хяналтын дугаарыг хүчингүйд тооцох” тухай дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэж шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуультай зөрчилдөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн газарт албан тоотоор “А” ХХК-ийн ямарваа нэгэн шилжилт хөдөлгөөн, шинээр тамга, гэрчилгээ шинээр авах зэрэг бүх үйлдэл хийхийг мөн 517,000,000 төгрөгийн татварын өрийг барагдуулах үүднээс хориг тавьсан байсныг дур мэдэн зөрчиж, хууль бус тамга хийлгэх дугаар олгосон хариуцагчийн үйлдлийн зөв, бурууг дүгнэлгүй орхигдуулан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүх хуралд компанийн төлөөлөгч би өөрөө оролцож байгааг мэдсээр байж “А” ХХК-ийг төлөөлж гуравдагч этгээдийг оролцуулж хууль зөрчиж байна гэж шүүгчид хэлж шүүх хуралд оролцохгүй гэх хүсэлт гаргасныг шийдвэрлэлгүй, шүүх хурлыг хүчээр шахам үргэлжлүүлж, өмгөөлөгч авах боломжоор хангаагүйд гомдолтой байна.

Шүүх хуралд компанийн төлөөлөгч үг хэлж оролцох, эсвэл компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үг хэлж оролцох хуультай байтал, хуулийг зөрчиж хоёулангаар нь үг хэлүүлж, хооронд нь хэрэлдүүлж, маргаан үүсгүүлэх мэтээр “А” ХХК-ийн дотоод асуудлыг хэлэлцсэн, хүч түрэмгийлсэн аястай хурал хийсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал хэвээрээ байгаа болно. Шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй.

Шүүгч нь давах шатны шүүгчдэд нөлөөлж шийдвэр гаргуулсан гэж гүтгэсэн гуравдагч этгээдийн үйлдсэн нотлох баримтыг гаргаж өгсөөр байхад энэ талаар ямар ч хариуцлага тооцолгүй орхин, шийдвэрт энэ талаар нэг ч үгээр болсон дүгнэлт хийхгүй орхиж байгаад гомдолтой байна.

Шүүх хуралд гуравдагч этгээдийг оролцуулж болохгүй хууль зөрчинө гээд байхад гуравдагч этгээдэд хариуцлага тооцохын оронд, шүүх хуралд оролцох зөвшөөрөл олгож , хэрүүл маргаан үүсгүүлж байгааг хуйвалдаантай үйлдэл гэж хардаж, гомдож байна.

Шүүгч: нэхэмжлэгчийг үг дуугарч тайлбар хэлэх эрхийг хорьж, гуравдагч этгээдээр хүссэн цагт нь дуугарсан үг бүгдийг хүлээн авч байгааг эрх тэгш байдлаар хандах шаардлагыг тавихад шүүгчийн туслахаасаа нэхэмжлэгчийн үг хэлэх эрхийг хассан билүү гэхэд, шүүгчийн туслах үг хэлэх эрхийг нь та хорьсон гэж толгой дохин зөвшөөрч байх үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин шүүх хурал явуулж, шударга биш шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн нэхэмжлэлийг хүчингүй болгосон шалтгаан нь Монгол Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа иргэний хэргийн маргааны эцсийн шийдвэрийг харна гэж нөлөөнд автаж байгаа шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргасан боловч шүүгчийг солих шалтгаан байхгүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн эсрэг хууль бус шийдвэр дахин гаргасан гэж хардаж, гомдож байна.

Нэхэмжлэгчийг тус компанийн хувьцаа эзэмшигч болохыг нотлох баримтаар тогтоосон мөртлөө нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хэний буруу шийдвэр болохыг тогтоолгүй дахин буруу шийдвэр гаргасан шүүгчийг томилж байгааг хардаж, гомдож байна.

Гуравдагч этгээдийн Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн “Тамгаа гээгдүүлсэн” гэх хүсэлтийн захирлын гарын үсгийг дуурайлгаж, хуурамчаар үйлдсэн болох нь илт харагдаж байх тул шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан боловч шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангалгүй орхисонд гомдолтой байна. Учрыг тайлбарлаагүй нууц хэвээр үлдсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаан, нэхэмжлэгчийн хууль ёсны хүсэлтүүдийг хангаж, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 146 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч иргэн С.Б-аас гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянав.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул “шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар  “А” ХХК-ийн хүчин төгөлдөр байсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг “тамга, тэмдгийг гээгдүүлсэн” гэх үндэслэлээр дүгнэлт гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Г-ын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2003 дугаар “Хяналтын дугаарыг хүчингүйд тооцох” тухай дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах гэж тодруулсан бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан байна.

Давж заалдах гомдолд: “Шүүх хуралд компанийн төлөөлөгч би өөрөө оролцож байгааг мэдсээр байж А ХХК-ийг төлөөлж гуравдагч этгээдийг оролцуулж хууль зөрчиж байна гэж шүүгчид хэлж шүүх хуралд оролцохгүй гэх хүсэлт гаргасныг шийдвэрлэлгүй, шүүх хурлыг хүчээр шахам үргэлжлүүлж, өмгөөлөгч авах боломжоор хангаагүйд гомдолтой байна. Шүүх хүралд компанийн төлөөлөгч үг хэлж оролцох, эсвэл компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үг хэлж оролцох хуультай байтал, хуулийг зөрчиж хоёулангаар нь үг хэлүүлж, хооронд нь хэрэлдүүлж, маргаан үүсгүүлэх мэтээр “А” ХХК-ийн дотоод асуудлыг хэлэлцсэн, хүч түрэмгийлсэн аястай хурал хийсэнд гомдолтой байна” гэжээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэлээс үзэхэд “А” гэдэг оноосон нэр бүхий хуулийн этгээд болох нэхэмжлэл гаргаагүй, харин иргэн С.Б гаргасан байх бөгөөд тэрээр нэхэмжлэлдээ компанийн 20 хувийн хувьцааг эзэмшдэг гэдгээ тодорхойлжээ. Ямарваа нэгэн компанийн хувь эзэмшдэг иргэн нэхэмжлэл гаргасныг тухайн хуулийн этгээд нэхэмжлэл гаргасан гэж  үзэх боломжгүй. Иймд нэг хуулийн этгээдийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээр оролцуулсан гэдэг нь үндэслэлгүй.

Мөн  гуравдагч этгээдийн төлөөлөгчийг давуу эрх эдлүүлсэн, чөлөөтэй яриулсан, нэхэмжлэгчийг хориглосон гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байх боловч энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эдэлбэл зохих эрхээ эдлэх боломжоор хангаж ирсэн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэл анх 2019 оны 05 сард гарсан, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, энэ бүх хугацаанд нэхэмжлэгчийн эрхийг хангаж ирсэн байна. Иймд өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ. Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан захиргааны акт болох дүгнэлтийн улмаас нэхэмжлэгч иргэн С.Б-ийн түүнчлэн хувьцаа эзэмшигч С.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Хэрвээ хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл хохирол учруулсан компанитайгаа Иргэний хэргийн шүүхээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх, учруулсан хохирлыг арилгуулах эрх нь нээлттэй.

Гуравдагч этгээдийн Улсын Бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн “Тамгаа гээгдүүлсэн” гэх хүсэлтийн захирлын гарын үсгийг дуурайлгаж хуурамчаар үйлдсэн болох нь илт харагдаж байх тул шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан боловч шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангалгүй орхисонд гомдолтой байна гэж давж заалдах гомдолд дурьджээ. Энэхүү хүсэлтийг 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 2808 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэгэнт өмнө нь гарч шийдвэрлэгдсэн нөхцөл байдлыг зааж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Б-ийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                   ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР