Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0146

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.б

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: А ХХК-ийн хүчин төгөлдөр байсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг тамга, тэмдгийг гээгдүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах -ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар зүйлийн Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгч С.б, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Га, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн миний хувьд А ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр бүргүүлж, гүйцэтгэх захирлаар томилогдохдоо тус компанид нийтдээ 266,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг.

Ийнхүү өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотойгоор компанийн өдөр тутмын үйл ажиллагаа болон гадаад дотоодын байгууллагад шууд төлөөлөх, үйл ажиллагааг удирдах эрхтэйгээр буюу 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн өгсөн итгэмжлэл, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/14 дугаар итгэмжлэлээр тус тус ...А ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш, 10 хувийн хувьцаа эзэмшигч С. гарын үсэг зурах бүрэн эрхийг итгэмжлэн олгосон байдаг-ийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15/11 дүгээр Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр-ээр Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3, 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтуудыг үндэслэн компанийг удирдах гүйцэтгэх захирлаар компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч Саовогтой Б-г томилсугай гэж,

Уг шийдвэрийн 2 дахь заалтаар Компанийн гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн хувьцаанаас бусад өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, санхүү өмч хөрөнгө, ашигт малтмалын газруудыг эргэлтэд оруулах болон шаардлагатай бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээн, бие даан шийдвэр гарган ажиллахыг зөвшөөрсүгэй,

4 дэх заалтаар Компанийн нэр дээрх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ж******* багийн нутагт орших МҮ-******* дугаартай ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий лиценз, газрыг хувьцаа эзэмшигч С.бд эзэмшүүлсүгэй гэж шийдвэрлэн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн байдаг.

Үүнээс хойш компанийн үйл ажиллагааг хэвийн явуулж, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/01 тоот Хамтран ажиллах гэрээ-г МКАТ ХХК-тай байгуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын А******* нэртэй газарт орших МҮ-******* дугаартай 101.71 гектар талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 25 гектар талбайд олборлолт явуулж, дайргыг худалдан борлуулах-аар болж үйл ажиллагааг хэвийн явагдаж, гэрээгээ албан ёсоор байгуулсан байдаг.

Гэтэл компанийн зарим хувьцаа эзэмшигч нар нь хариуцагч байгууллагад бичиг баримт бүрдүүлэн А ХХК-ийн тамга, тэмдгийг гээгдүүлсэн гэх үндэслэлээр шинээр хяналтын дугаар олгож, хэвийн үйл ажиллагааг шууд саад учруулсан шийдвэр гаргасан нь хувьцаа эзэмшигч иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маш ноцтойгоор зөрчиж байна.

Тодруулбал, компанийн гүйцэтгэх удирдлага болох хувьцаа эзэмшигч миний бие үйл ажиллагаагаа хэвийн явуулж, тамга, тэмдгээ ашиглаж байхад гээгдүүлсэн гэх үндэслэлээр төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргаж байгаа нь компанийн төлөөлөн үйл ажиллагааг явуулж байсан миний хувьд байгуулсан гэрээ, контракт үгүй болж, ихээхэн хэмжээний өр төлбөрт унах асуудал үүсэж, бодитоор өмнө нь хариуцагч байгууллагаас олгосон тамга, тэмдэг хяналтын дугаар хэвийн ашиглагдаж байхад уг зүйлийг шалгаж тогтоогоогүй, энэ асуудлыг шийдвэрлэх талаар нэхэмжлэгч надад мэдэгдэх сонсох ажиллагааг хийгээгүй нь Захиргаан ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан тусгай зарчмуудыг зөрчсөн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д Тамга, тэмдэг устсан, түүнийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно гэж заасныг тус тус зөрчсөн тул А ХХК-ийн хүчин төгөлдөр байсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг тамга тэмдгийг гээгдүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Га шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компаниас 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18/55 дугаар албан бичгээр компанийн тамга гээгдүүлсэн тул холбогдох журмын дагуу нөхөн олгож өгнө үү гэх хүсэлт, 2019 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн 01 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 5******* дугаартай А ХХК-ийн тамга, тэмдэг гээгдүүлсэн тул хүчингүйд тооцсон 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 176 /6019/ Өдрийн сонины зар, зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлэн өгснөөр хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2003 дугаар дүгнэлтээр А ХХК-ийн тамганы хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, дахин тамганы хяналтын дугаар олгохоор шийдвэрлэж мөн Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-д Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж 500.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалаар баталсан Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох, журмын 5.2.6-д тамга, тэмдэг устгасан, эсхүл хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлт, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, оногдуулсан торгох шийтгэлийн хуудас /төлбөрийн баримт/-ын хуулбар, гэж заасныг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 118270191 дугаар бүхий тамгын хяналтын дугаар олгосон байна.Хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2003 дугаар дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.5-д хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 47 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1-т Улсын байцаагч дараах эрх эдэлнэ гэж, мөн дүрмийн 2.1.3-т Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах, гэж заасныг үндэслэсэн гаргасан нь хууль тогтоомжид нийцсэн байна.

Иймд С.Б-ийн А ХХК-ийн тамга, тэмдэг гээгдүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.бгийн гаргасан нэхэмжлэл нь илт үндэслэлгүй хүмүүсийн цаг зав барсан хууль бус нэхэмжлэл байна. С.б нь урд нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан ба тэндээс Үндэслэлгүй гэж шүүх хүлээж аваагүй болно. Мөн С.б нь манай компанийн тамга, гэрчилгээ, лиценз, дүрэм зэргийг захирал Шаийн хүү Ш.Баын гэрээс 2016 онд архи ууж сууж байгаад согтоогоод компанийн бүх зүйлсийг авахаар С.бтай холбогдоход надад байхгүй хаячихсан гэсэн тул үүнийг нь захирал Ш-д хэлэн зохих журмын дагуу тамгаа 2018 оны 09 дүгээр сард нөхөн авсан. Ингээд явж байтал С.б нь 2018 оны 12 сард бидний хамтарч ажиллаж байсан Тийс хишиг арвин ХХК-д би энэ компанийн захирал нь наад ажлаа зогсоо гээд албан бичиг бичээд нөгөө байхгүй Хаясан гээд байсан тамгаа дарсан байсан. Тэгэхээр нь А ХХК-ийн бичиг баримт эд зүйлсийг түүнээс хураан авхуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандсан. Улмаар миний гомдол хүсэлтийн дагуу тухайн эд зүйлсийг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл гарч хураан авах гэсэн боловч с.бгийн гэрээс манай бичиг баримт эд зүйлс олдоогүй. Сая 2020 оны 6 дугаар сард дахин дээрх хураан авах ажиллагааг УЕПГ-аас миний гомдол хүсэлтийн дагуу явуулснаар компанийнхаа эд зүйлсийг С.бгаас авлаа. Тамга гэрчилгээ 2-ыг нь бид нөхөн авсан байсан учир ном журмын дагуу устгуулахаар УБЕГ-д хандахаар боллоо.

С.б нь манай тамга тэмдэг бичиг баримт лиценз зэргийг авч явснаар манай компанийг дампууруулсан бид ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Харин С.б манай бичиг баримт тамга гэрчилгээг ашиглан Оюу толгой ХХК-тай 2 тэрбумын гэрээ хийж энэ мөнгөө авахаар К******* банканд хууль бусаар данс нээсэн байна. Мөн бас л өөрийгөө захирал гэж итгүүлэн олон зуун сая төгрөгийн чулуу хулгай хийж бусдад заран их хэмжээний ашиг олсон зэрэг 6-н төрлийн хэргүүдэд шалгагдаж байгаа ба эхний ээлжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллагдагчаар татагдсан байгаа болно.

С.б А ХХК-ийн тамга гэрчилгээ зэргийг эзэмших ямар ч эрхгүй бөгөөд энэ талаар гомдол ч гаргах эрхгүй, зүгээр л бидний ажилд саад учруулах гэж энэ тэнд үндэслэлгүй гомдол гаргаж явдаг хүн иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа А ХХК-ийн хүчин төгөлдөр байсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг тамга, тэмдгийг гээгдүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах гэж гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А ХХК-ний хүчин төгөлдөр байсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг тамга, тэмдгийг гээгдүүлсэн гэх үндэслэлээр дүгнэлт гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Г-хын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2003 дугаар хяналтын дугаарыг хүчингүйд тооцох тухай дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах гэж тодруулсан байна.

Нэхэмжлэгч С.б нь А ХХК-ийн тамганы хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, дахин хяналтын дугаар олгосон хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой буюу маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтээр тамганы хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, хяналтын дугаар олгосон хариуцагчийн үйл ажиллагаатай холбогдуулж хууль болон журам зөрчсөн талаар маргасан байх ба шүүх маргасан үйл баримтын хүрээнд буюу нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

А ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18/55 дугаар албан бичгээр компанийн тамга гээгдүүлсэн тул холбогдох журмын дагуу нөхөн олгож өгнө үү гэх хүсэлтээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан байна.

А ХХК нь тамгаа гээгдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18/55 дугаар хүсэлт, Өдрийн сонин-ийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 176 /6019/ дугаарт тамгыг хүчингүй болгуулах зар зэргээр нотлогдож байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/-ын 10 дугаар зүйлийн 10.5-д Хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.3-д Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах, гэж тус тус заасны дагуу хяналтын улсын байцаагчаас 2018 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 2003 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан нь хуульд нийцсэн байна.

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалаар баталсан Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмын 5.2.6-д тамга, тэмдэг устгасан, эсхүл хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлт, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, оногдуулсан торгох шийтгэлийн хуудас /төлбөрийн баримт/-ын хуулбар зэргийг хавсаргах гэж заасны дагуу А ХХК нь дээрх баримт материалыг хүсэлтийн хамт бүрэн гаргаж өгсөн байх бөгөөд улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тамга тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу шийтгэлийн хуудас ногдуулсан нь хуульд нийцсэн байх бөгөөд А ХХК-аас шийтгэлийн хуудсаар ногдуулсан 500.000 мянган төгрөгийг төлж барагдуулсан байна.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д Тамга, тэмдэг устсан, түүнийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно гэж заасны дагуу хариуцагч улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч нь А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож дахин хяналтын дугаар олгохоор шийдвэрлэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн байна. Түүнчлэн хяналтын улсын байцаагч хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын үнэн эсэхийг шалгах үүрэггүй байна.

Дээрхээс дүгнэж үзвэл хяналтын улсын байцаагчийн гаргасан үйлдэл нь хууль журамд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 10 дугаар зүйлийн 10.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ний хүчин төгөлдөр байсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг тамга, тэмдгийг гээгдүүлсэн гэх үндэслэлээр дүгнэлт гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Гын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2003 дугаар хяналтын дугаарыг хүчингүйд тооцох тухай дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ