Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           02           06                                       2020/ШЦТ/135

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас З овогт Б-ын Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005002830131 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны  ..... дугаар сарын ....-ны өдөр ........аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, .......хийдэд лам, ам бүл..., эхнэр ...  хүүхдийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, З овогт Б-ын Д-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж бааранд үйлчлүүлж байхдаа мөн тус бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.Л-тэй зөрж өнгөрөх явцад намайг цохилоо гэх шалтгаанаар Б.Л-ээс түлхэхэд зөрүүлж нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ: “Үгүй, гэм буруугаа ойлгож байна, маш их харамсаж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж бааранд үйлчлүүлж байхдаа мөн тус бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.Л-тэй зөрж өнгөрөх явцад намайг цохилоо гэх шалтгаанаар Б.Л-ээс түлхэхэд зөрүүлж нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

           

Хохирогч Б.Л-ийн “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр Г-ын хамт Улаанбаатар палас дотор байрлах Дурсамж бааранд 22 цагийн үед орсон. Бааранд ороод би вино уусан. Манай нөхөр 100 граммаар архи уусан. Бааранд сууж байгаад бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн юм. Бүжиглэж байгаад нэг хартал манай нөхөр Г-а байхгүй болохоор нь хардах сэтгэл төрөөд тэр хавиар хайсан боловч олоогүй. Тэгээд баарны бие засах өрөө рүү явж байтал манай нөхөр өөдөөс гараад ирсэн. Би нөхөр Г-а дээр очиж хаашаа алга болчихож байгаа юм гээд нөхөртэйгээ муудалцсан. Тэгээд нөхөртэйгээ хамт буцаад баар луу орж байтал бид хоёрын дундуур нэг эрэгтэй зөрж өнгөрөхдөө намайг ёворсон уу, цохисон уу ямар ч байсан надад өвдөлт мэдрэгдэхээр нь би чи яаж байгаа юм бэ гээд тэр залууг түлхээд авсан. Тэгтэл нөгөө залуу миний нүүр лүү 2-3 удаа цохиод авсан. Цохиулаал миний хамарнаас цус гарсан. Би тэр залууг яаж байгаа юм гэж орилсон. Тэгтэл тэр залуу над руу дахиж дайрах шинжтэй болохоор нь манай нөхөр бас хорисон. Тэгээд хамгаалагч нар тэр залууг цааш нь болгосон. Тэгээд би өөрийнхөө гар утсаар цагдаад дуудлага өгсөн.

... Энэ гэмтлийг баар луу орох гэж байхад намайг цохисон халзан толгойтой 35-40 орчим насны залуу миний нүүрэн тус газар 3 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Намайг цохисон хүнийг одоо харвал танина. Халзан толгойтой миний насны шар царайтай эрэгтэй намхавтар нуруутай эрэгтэй байсан. Өмнө нь огт таньдаггүй байсан.

            ... Ойролцоогоор 250.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний баримт байгаа. Одоо цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Ойролцоогоор нэмээд 3.000.000-5.000.000 төгрөгний эмчилгээний зардал гарна.

            ... Хохирлоо барагдуулаад авбал цаашид шүүх цагдаа гээд яваад баймааргүй байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 12-14 дүгээр хуудас/

            “...миний биед хүрээд ёворсон уу цохисон уу мэдэхгүй. Биед өвдөлт мэдрэгдэхээр нь яагаад байгаа юм гээд цээж рүү нь түлхтэл миний нүүр лүү цохичихсон. Биеийн аль хэсэгт хүрсэнийг мэдэхгүй байна.

            ... Одоо гарсан эмчилгээний зардал болон хагалгаанд орох зардлаа төлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/

 

            Гэрч Г.Г-ын “... араас нэг хүн бид хоёрын дундуур орж ирээд эхнэрийг түлхээд ёвортол эхнэр чи яагаад байгаан гээд цээж рүү нь түлхтэл нөгөө залуу эхнэрийн нүүр лүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохичихоор нь би дундуур нь орж салгатал дахиад зодох гээд дайраад байсан. Удалгүй хамт явж байгаа бололтой 2-3 эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирж уг залууг авсан. Хоорондоо огт маргаагүй. Танихгүй хүмүүс байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.М-ынын “Хэрүүл зодоон болсон. Тэр хамраа хугалуулсан гээд байгаа эгч манай бааранд шөнө яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна, нөхөртэйгээ хоёулаа орж ирсэн юм. Тэр ах эгч хоёр бие засах өрөөний үүдэнд хоорондоо нилээн маргалдсан юм. Юунаас болж гэдгийг нь мэдэхгүй. Тэр хоёр маргалдаад зогсож байгаад хоорондоо эвлэрсэн бололтой буцаад баар луу коридороор орох гэтэл тэр хоёрын хажуугаар өнгөрсөн халзан эрэгтэй хүн тэр хоёртой зөрж таараад нөгөө эгчийг тохойгоороо түлхсэн. Тэгтэл нөгөө  эмэгтэй түлхүүлээд уур нь хүрсэн бололтой тэр халзан толгойтой ахыг алгадсан. Тэгтэл нөгөө халзан эрэгтэй хүн тэр эгчийн нүүр лүү нь 2 удаа гараараа цохиод тохойгоороо 1 удаа хамар луу нь цохисон. Тэгэхээр нь би очиж голоор нь орж салгаад байж байтал гаднаас хамгаалагч нар орж ирээд тэр ахыг аваад гарсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1428 дугаартай:

            “1. Б.Л-ийн биед хамар ясны хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

            Б.Д-ийн яллагдагчаар өгсөн “... Би хажуугаар нь гараад баар луу орох гэж байхдаа эмэгтэйгийнх нь биеийг шүргэтэл нөгөө эмэгтэй над руу учиргүй үсчиж дайраад чихнээс татаад байхаар нь би нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод өөрөөсөө холдуулах гээд гарнаас нь барьж байгаад цааш нь түхтэл улам над руу дайраад байсан. Энэ үед баарны ажилтан ирж салгасан.

            ... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Л-ийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход хамар хугарсан байх. Бусад гэмтлүүд нь надтай зууралдаж байх үед үүссэн гэмтлүүд байх” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.Л-ийн “... Б-ынын Д- өөрийн миний биед хохируулсан гэмтэл түүнд гаргасан хохирол мөнгийг харилцан тохиролцож гомдол саналгүй болсон тул Б.Д-ийн хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү” /хэргийн 55 дугаар хуудас/ хүсэлт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Д- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

         

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Б-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Д- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ