Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 524

 

 

 

 

 

 

  2020             4              28                                          2020/ДШМ/524

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор С.Цэрэндорж,                              

шүүгдэгч Г.Б,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Маралын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Бд холбогдох 2005000110050 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ганбатын Б, 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “.......” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Дэнж 2 дугаар гудамжны 37 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Жалгын ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, /РД:.../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

            Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастл” шөнийн цэнгээний газарт иргэн С.Мөнхтөвшинтэй “бүжиглэж байхдаа түлхлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2 удаа мөргөж, дух ясны гадна ялтсын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хананд зөрүүгүй далд хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Ганбатын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийг 720 нэгжтэй тэнцэх хэмжээний 720.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Г.Бээс 2.238.254 төгрөг гаргуулж хохирогч С.Мөнхтөвшинд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Марал бичсэн эсэргүүцэлдээ: "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгана гэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэснийг баримтлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн” гэжээ.

 

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгуулийн ялын биелэгдэх хугацааг тодорхой зааж өгөөгүй гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд биелүүлэх талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж өгөх ёстой байсан. Мөн торгуулийн ял биелэгдэх хугацааг зааж өгөөгүй байгаа нь шүүхийн шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой байх зарчмыг хангаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу торгуулийн ялыг биелүүлэх эсэх нь эргэлзээтэй байна. Прокурорын зүгээс шүүх хуралдаанд прокурор А.Маралын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялын хугацааг тогтоож өгнө үү. Цаашлаад шүүгдэгчийн эрх зүйн байдал болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид шийтгэх тогтоолыг биелүүлэхэд тодорхой ойлгомжтой эргэлзээ төрүүлэхээргүй байна” гэв.

 

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирол барагдуулахдаа цалингийн зээл авсан бөгөөд давхар торгуулийн мөнгийг зээлж авсан байгаа. Торгуулийн мөнгөө өнөөдөр ч төлөхөд бэлэн байгаа” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастл” шөнийн цэнгээний газарт иргэн С.Мөнхтөвшинтэй “бүжиглэж байхдаа түлхлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2 удаа мөргөж, дух ясны гадна ялтсын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хананд зөрүүгүй далд хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Мөнхтүвшингийн “...би 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Кастл” шөнийн цэнгээний газрын гадаа очиход манай найз Болд-Эрдэнэ нэг найзтайгаа машин дотор пиво уугаад сууж байсан. Тэгээд Болд-Эрдэнэ бид хоёр “Кастл” шөнийн цэнгээний газар бүжиглэх гэж орсон. Бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад нэг залуу миний араас бие рүү түлхээд байсан. Би тухайн үед анзаараагүй бүжиглэж байгаад дахиад түлхээд байхаар нь эргээд харахад тэр залуу намайг харж зогсож байснаа үгийн зөрүүгүй нүүр рүү буюу хамар, зүүн нүд рүү 2 удаа мөргөсөн. Би өөдөөс нь огт эсэргүүцэл үзүүлээгүй. ...” /хх 16-17/,

гэрч Э.Хишигбатын “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 цагаас 23 цаг хүртэл манай байгууллагын шинэ жил болсон. Шинэ жил тараад би ажлынхаа 7, 8 залуучуудтай “Кастл” нэртэй шөнийн цэнгээний газар орсон. ...би хажуу талын ширээн дээр очиж пиво уугаад зогсож байхад бүжгийн талбай дээр бужигнаан болоод байхаар нь яваад очиход Биүгүүн болон нөгөө залуу хоёр салсан байсан. Б уг залууг мөргөсөн байсан.” /хх 70-71/ гэх мэдүүлгүүд,

хохирогч С.Мөнхтөвшингийн биед дух ясны гадна ялтсын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хананд зөрүүгүй далд хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдхийн няцрал бүхий гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 697 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27-28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13/, хохирлын баримтууд /хх 33-34, 95-108/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Бий хохирогч С.Мөнхтөвшингийн нүүрэн тус газарт нь 2 удаа мөргөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Бий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна.

Прокурор А.Маралын бичсэн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгана гэж заасан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ял биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийж байвал зохино.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах нь зүйтэй.  

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Г.Бий хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурор А.Маралын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 720.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ