Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 850

 

 

 

 

 

 

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч Г.Г- /цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Ганбат

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2016 2501 4109 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих  ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, /РД:/;

Г.Г- нь 2016 оны 11 дүгээр сарын 5-наас 9-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн-Алтан-Өлгийн задгайд оршин суух Г.Б-ын байшинд хууль бусаар нэвтэрч зурагт, хөөрөг, зөөврийн компьютер, савхин хүрэм, интернэтийн төхөөрөмж зэргийг хулгайлсан гэмт хэргийг,

давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний 1-3 тоотод оршин суух М.Эын гэрээс мөнгө аяга, гар утас, зөөврийн комьпютер, монетон бөгж, хувцас зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Г-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-т Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн  2.1  болгон өөрчилж, түүнийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон  байранд  нэвтэрч бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Г-ийг 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Г-ийн цагдан хоригдсон нийт 141 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Г-өөс 1.770.000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Гомбын  Б-д /РД:НР80110871/, 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянган/ төгрөг гаргуулж Мандарваагийн Э-т /РД:ЖЭ62123125/, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг гаргуулж Авирмэдийн  Баасанд /РД:ДЮ77090251/ тус тус олгуулахаар, шүүхийн шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Г-т урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би хохирогч Г.Б-, М.Э нарын гэрт нэвтэрч хулгай хийхдээ ганцаараа хийгээгүй. Хишигбаяр гэх хүнтэй хамтарч хулгай хийсэн. Хишигбаяр нь Г.Б-ын гэрийг зааж, намайг уруу татаж цуг гэрт нь нэвтэрч хулгай хийсэн. Хишигбаяр нь мөрдөн байцаалтад байх хугацаандаа намайг ганцаараа хэргээ хүлээчих, би бүх хохирлыг төлнө, чи хохиролгүй хэргээр тэнсэн харгалзах ял авна гэж ятгасаар би хэргээ ганцаараа хүлээсэн. Гэтэл Хишигбаяр хохирол төлөөгүй. Хэргийг ганцаараа хүлээсэн нь миний хохирлын хэмжээнд өөрчлөлт орж, хохирол төлж чадахгүйд хүрсэн. Уг хулгай хийсэн зүйлүүдийг би ганцаараа авч явах боломжгүй, Хишигбаяртай хамт хулгай хийсэн нь үнэн болно. Хулгай хийсэн эд зүйлсийг буцааж өгөхөд, иж бүрэн суурин компьютерээс хулгана, гар, процессор, чанга яригч, дунд гарын мөнгө аяга, мөн зурагт гэх мэт зүйлийг Хишигбаярт байсан учир эрүүгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Би Хишигбаяртай хамт хулгай хийсэн эд зүйлүүдээ бас хүлээлгэж өгсөн. Зарж борлуулж үрсэн зүйлүүдийг бид хоёр хамт явж, зардаг байсан. Ломбарданд Хишигбаяр нь эхнэрийнхээ бичиг баримтаар тавьдаг байсан. Иймээс Хишигбаяртай хамт хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Мөн хохирогч Г.Б-ын хөөргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөөрөгний үнэлгээг дахин хийлгэж өгнө үү. Би бусадтай хулгай хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гаргасан алдаандаа гэмшиж байх тул миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа миний бие Г.Г-тэй уулзаж анхан шатны шүүх түүнд хамгийн бага ял шийтгэл оногдуулсан учраас давж заалдах гомдол гаргавал эрх зүйн байдал нь дордоно гэдэг байдлаар зөвлөгөө өгснийг тэрээр хүлээн авсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв. 

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэрэгт шалгавал зохих зүйлийг шалгаж тогтоосон. Мөрдөн байцаалтын шатанд Г.Г-ийн давж заалдах гомдолд дурдсан асуудал буюу Хишигбаярыг шалгахад тэрээр бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй учраас түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдсэн. Хөөрөгний үнэлгээ хөөрөгний материал, хийцээс шалтгаалдаг учраас Г.Г-ийн давж заалдах гомдолд дурдсанаар хөөргийг дахин үнэлэх боломжгүй, харин хохирогчийн мэдүүлэгт үндэслэн бодитой үнэлгээ гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Г.Г-ийн гэм буруугийн үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдал нь дээрдэхээр байх тул түүнд сонсгосон хуулийн зүйл хэсгийг өөрчлөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг ... орон байр, ...нд нэвтэрч үйлдсэн, ... бол ... хоёроос таван жил хүртэл хорих ял шийтгэнэ.” гэж заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т “хүн байнга амьдрах, ... орон байр, ... агуулахад нэвтэрч; ... үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь хүндэрсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

2. Г.Г-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх ба Г.Г- нь хянан харгалзах  хугацаандаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 5-наас 9-ний өдрийн хооронд болон 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр давтан үйлдлээр бусдын эд зүйл зүйл хулгайлсан нь тогтоогдож байхад хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд түүний дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нөхцөл байдал, хорих ялыг сэргээн эдлүүлэхгүй орхисон талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад “шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн ... үндэслэлийг ... эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт ... тусгана.” гэснийг зөрчсөн гэж үзнэ. Хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл уг ялыг сэргээн эдлүүлэх журмыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойлгох бөгөөд мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж оногдуулах учиртай.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, Г.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй орхисныг дурьдах нь зүйтэй.