Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1333

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Д.Туяана,

шүүгдэгч Ц.Ч , түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Туяанагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан Ц.Ч т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00000 0655 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 3, эх, ахын хамт, Баянхонгор аймгийн Баянхонгор сум ... дугаар баг ..... тоотод оршин суух, урьд

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 зааснаар 1 жил хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

            - Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил сарын хорих ялаар,  

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1238 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 5 жил 3 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн суллагдсан,

Б овгийн Ц.Ч  /РД:....../

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Ч  нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ......тоотод оршин суух Ц.Г ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт, 22 кг хонины мах, зурагтын суваг хүлээн авагчийн удирдлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 407.000 /дөрвөн зуун долоон мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

- Г.Д тай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ..... гудамжны ..... тоотод байрлах иргэн Н.Б ийн монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /1хх217/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх218-222/, хохирогч Ц.Г ийн мэдүүлэг /1хх239-241/, гэрч Ц.Н ын мэдүүлэг /1хх242-243/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01/22 шинжээчийн дүгнэлт /1хх246/, “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай үнэлгээ /2хх5/, хохирогч Н.Б ийн мэдүүлэг /1хх150/, иргэний нэхэмжлэгч Ц.Г ын мэдүүлэг /1хх19/, Барьцаат зээлийн гэрээ /1хх141/, гэрч М.Э ийн мэдүүлэг /1хх28/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх4-5/, эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх143/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх14-15/, “Тулгуур стандарт” ХХК-иас эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх12/ шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /2хх31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх14/, шийтгэх тогтоолын хуулбарууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Ц.Ч ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 30 минутанд  гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх217/

             - 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх218-222/

             - Хохирогч Ц.Г ийн  “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ......тоот хашаанд монгол гэрт эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг юм. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хамгийн сүүлд гэрээсээ өглөө 08 цаг гээд би зах руу ажил руугаа явсан. Ажилдаа явахдаа гэрээ цоожлоод явсан. Тэгээд орой 20 цаг гэхэд манай дүү Н  гэртээ очсон чинь гэрийн хаалганы цоожийг газар аваад гэрийн гадна хаалганы хажууд тавьчихсан, гэр дотор зуухан дээр цаас асаасан бололтой гэмээр үнс болсон, 32 инчийн зурагт байхгүй болсон байсан гэсэн. Аав, ээж бид гурав дүүгийн араас удалгүй орж ирсэн. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан. Зурагтнаас гадна 22 кг хонины мах, МNBC суваг хүлээн авагчийн удирдлага алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх239-241/

             - Гэрч Ц.Н ын “...Би аав Ц , ээж Ц , ах Г болон 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулаг .... тоот хашаанд монгол гэрт амьдардаг. Манай гэрээс 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, хөргөгчинд байсан хонины ойролцоогоор 22 кг мах, МNBC зурагтын суваг хүлээн авагчийн удирдлага алдагдсан байсан. Өөр зүйл алдагдаагүй. Ц.Ч  гэдэг хүнийг танихгүй ээ. Манайд тийм хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1хх242-243/,

            - 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01/022 дугаартай шинжээчийн дүгнэлт: 2017 оны 12-р сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг .... тоотод хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 3 ширхэг гарын мөрүүдийн 1, 2 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 3 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь МN005210011691 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэсэн Ц овогтой Ч ийн зүүн гарын алганы хээнүүдтэй, 2 гэж дугаарласан гарын мөр нь МN000210000838 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэсэн Ц  овогтой Гзүүн гарын алганы хээнүүдтэй тус тус таарч тохирч байна. /1хх246/

- Хохирогч Ц.Г ийн гэрээс алдагдсан эд зүйлсийг 407.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт  /2хх5-7/

2. Хохирогч Н.Б ийн “...2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ..... гудамж ..... тоотод байх гэрээсээ өглөө эрт 06 цаг 30 минут гэж байхад гарсан ба намайг гэрээсээ гарахад манай дүү Б гэрт ганцаараа үлдсэн ба эхнэр М  бид хоёр гэрээсээ хамт өглөө гарсан юм. Тэгээд манай дүү Б гэрээсээ 10 цаг өнгөрч байхад хичээлдээ явахаар гэрийн хаалгыг тав хийгээд Хятадын цагаан өнгийн цоожоор цоожлоод явсан. 18 цаг өнгөрч байхад эхнэр М  бид хоёр гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой гэрийн хаалга онгорхой хаалганы даруулсан тавыг хажуу тийш нь нугалж хөшөөд гэрт хулгай ороод манай гэрийн хойморьт мөлхөө тавиур дээр байсан ТСЛ маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх150/

- Иргэний нэхэмжлэгч Ц.Г ын “...2017-04-19-ний өдөр М.Э  гэх хүнээс иргэний бичиг баримтыг үндэслэн ажил явдал гарчихлаа гээд тэр хөгшин хүн гуйгаад байсан. Наана нь 30 гаруй насны 2 залуу хамт явсан. Нэг залуу нь надад хэлэхдээ манай аав байгаа юм аа ажил явдал гарчихлаа мөнгөний хэрэг байна гээд байхаар нь 150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй барьцаанд авсан” гэсэн мэдүүлэг /1хх19/

- Барьцаат зээлийн гэрээ /1хх141/

- Гэрч М.Э ийн “...Би өөрийн Тоёота Платз маркийн машинтайгаа халтууранд явж байсан юм. Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Шинэдавхараас Өндөр насангийн орчмоос хоёр 30 гаран настай эрэгтэй хүнийг аваад машиндаа суулгасан чинь 5 дугаар хорооны гэр хороолол дундуур явж байгаад нэг улаан хашаатай айлын гадаа зогсоод нэг нь ах дүү нь эхнэртэйгээ хэрэлдчихсэн гэрээс юм аа аваад гараад ирье гээд нөгөө хоёр залуу машинаас буусан. Удалгүй нөгөө хоёр гэрээсээ зурагтаа барьж гарч ирээд түц машин орж иргэний үнэмлэхний хуулбар авна тэгэхгүй бол ломбард авахгүй гээд лабарторын эсрэг талд байдаг “Сүү” ХХК-ийн түц машин дээр ирсэн. Мөнгө байхгүй гээд надад байсан ганц 1000 төгрөгийг аваад лавлагаа авах гэсэн боловч нөгөө түц машин нь мөнгө уншихгүй байсан. Буцаад гэрлүүгээ явна гээд байхаар нь миний машины бензин дууслаа гэсэн чинь намайг бичиг баримтаараа ломбарданд зурагт тавиад өг, та мөнгөө ав гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд 21 дүгээр хорооллын автобусны буудлын ард байдаг нэг ломбард руу орсон. Нөгөө хоёрын 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг тавьж өгөөд унааны 10.000 төгрөг аваад салсан өөр зүйл бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх28/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх4-5/

- Эд зүйлийн үнэлгээнд “...32 инчийн ТСЛ маркийн лсд зурагт 400.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1хх143/

- “Тулгуур стандарт” ХХК-иас эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх11/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх12/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хяналтын камерын бичлэгт 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 53 минутанд Ч  нь гэрч М.Э ийн хамт орж ирсэн байх бөгөөд хулгай хийсэн зурагтыг ломбардны ширээн дээр асааж тавьсан байдалтай байв...” /1хх14-15/

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ц.Ч :

Шүүгдэгч Ц.Ч , түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд:

1. Шүүгдэгч Ц.Ч  нь Г.Д тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ..... гудамжны ..... тоотод байрлах иргэн Н.Б ийн монгол гэрийн хаалганы цоожны цүүг төмрөөр хөшиж эвдэн, 32 инчийн ТСЛ маркийн зурагтыг авсан, улмаар таксины жолооч М.Э ийн бичиг баримтыг ашиглан, “Тулгуур стандарт” ХХК-д барьцаанд тавьсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, барьцаат зээлийн гэрээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М.Э ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Г ын мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээний хуулбар, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б ид эд зүйлийн үнэлгээнд “...32 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагт 400.000 төгрөг...” үнэлсэн.  “Тулгуур стандарт” ХХК-иас 32 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагтыг хураан авч, хохирогч Н.Б ид хүлээлгэн өгсөн байна.

Шүүгдэгч Ц.Ч ийн үйлдэлдээ төмөр ашиглан хаалгыг онгойлгосон нь тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэсэн, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж  дүгнэв.

2. Шүүгдэгч Ц.Ч  нь дангаараа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ......тоотод оршин суух Ц.Г ийн монгол гэрт нэвтэрч 32 инчийн зурагт, 22 кг хонины мах, зурагтын суваг хүлээн авагчийн удирдлага зэрэг эд хөрөнгийг авсан болох нь цагдаагийн байгууллагат гаргасан гомдол, мэдээлэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.Н ын мэдүүлэг, хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г т “Тэнцвэр Эстимейт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “... марк тодорхойгүй 32 леп зурагт 320.000 төгрөг, 22 кг хонины мах 77.000 төгрөг, DDISH зурагтын хүлээн авагчийн удирдлага 10.000 төгрөг нийт 407.000  төгрөгийн...” хохирол учиржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан.

Шүүгдэгч Ц.Ч ийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн эхний үйлдэл нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, дараагийн үйлдэл нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг үзсэн нь хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тиймээс энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх ойлголтод хамаарахгүй, 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх талаарх өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Ц.Ч ийг бусад бүлэглэн болон дангаараа 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр шунахайн сэдэлттэйгээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 807.000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байр, монгол гэрт нэвтрэн, мөн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хаалганы цоож, зуургыг эвдэн орсон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогч Н.Б ид хулгайд алдагдсан эд зүйлийг биет байдлаар буцаан олгосон, иргэний нэхэмжлэгч Ц.Г д учирсан 150.000 төгрөгний 75.000 төгрөгийг хамтран оролцсон Г.Д аар төлүүлэн шүүхийн шийдвэр гарсанг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Ц.Ч оос 407.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г т, 75.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Г д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Ц.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг харгалзан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” дүгнэлт санал гаргасан. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” байх тул  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохыг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм. 

Учир нь шүүгдэгч Ц.Ч ийн хувийн байдлын хувьд урьд нь 3 удаа санаатай гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй, мөрдөн байцаалтын шатан оргон зайлж байсан зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналаас дээгүүл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд дээрх нөхцөл байдлыг үнэлэн шүүгдэгч Ц.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 125 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Ч ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар дангаар болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ч т 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч ийн цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай. 
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон шүүгдэгч Ц.Ч оос 407.000 /дөрвөн зуун долоон мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г т, 75.000 /далан таван мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Г д тус тус олгуулсугай.
  6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР