| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Гансүх |
| Хэргийн индекс | 106/2017/0442/э |
| Дугаар | 852 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 17.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Нямханд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 852
Б.А-, Б.Т-, Д.С-, Ц.Б-,
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Нямханд,
шүүгдэгч Б.А- /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Б.Т- /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг,
шүүгдэгч Д.С- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэг,
хохирогч Ц.Э-,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.С-, Б.А-, Б.Т-, хохирогч Ц.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.С-, Ц.Б-, Б.Т-, Б.А- нарт холбогдох 2014 2600 05591 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Т-, Д.С-, Б.А- нар нь бүлэглэж, 2014 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Э-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж 950.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 236.000 төгрөгийг дээрэмдсэн, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн 7, 8, 10, 12-р хавирганы далд хугарал, зүүн уушигны бүрэн бус уналт, цээжний хөндий, арьсан доорх хий хуралдалт, бүсэлхийн 2, 3, 4-р нугаламын хажуу сэртэнгийн далд хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Ц.Б- нь Б.Т- гэгчтэй бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Т-гийн “Самсунг Галакси Эс-3” загварын 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг яриад өгье гэж залилан авсан,
Мөн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 5-107 тоотод оршин суух Н.У-гийн 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилан авсан,
Ц.Б- нь ганцаараа 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 настай Э-г “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж “Айфон-4” загварын гар утсыг нь дээрэмдэн 150.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Баянбулаг” дэлгүүрийн кассны хажуугаас П.Б-ын “Самсунг Галакси Жи-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.С- нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Өргөө кино театрын баруун талд иргэн Ц.Ө-ын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Д.С-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Ц.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт А-, Боржигон овогт С-, овогт Т- нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Боржигон овогт С-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэм буруутайд, Боржигон овогт А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруутайд, Баатад овогт Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруутайд, Боржигон овогт Б-ийг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.С-эд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар Б.А-т 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Т-д 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-эд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.С-эд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-, Б.Т-, Д.С-, Ц.Б- нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг, Ц.Б-ийн цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийг, Д.С-ийн цагдан хоригдсон 247 /хоёр зуун дөчин долоо/ хоногийг, Б.Т-ын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.А-, Б.Т-, Д.С- нараас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийн төлбөрт тус бүр 1.864.333 /нэг сая найман зуун жаран дөрвөн мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Э-д олгож, Ц.Б-оос 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.Б-т, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Т-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Золжаргалд, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Э-гийн хууль ёсны төлөөлөгч Л.С-т, 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаруулж хохирогч Н.У- нарт тус тус олгуулахаар, хохирогч Ц.Э- нь өөрт учирсан хор уршигийн баримтуудаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.С- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрт холбогдсон гэмт хэрэгтээ гэмшиж, өөрийн бурууг ухааран харамсаж байна. 2014 оны 11 дүгээр сарын 4-өөс 5-нд шилжих шөнө Б.А-, Б.Т- нартай иргэн Ц.Э-ийн эд зүйлсийг дээрэмдэн авч түүнд 1.200.000 төгрөгийн хохирлыг учруулсан. Мөн ганцаараа 2017 оны 3 дугаар сарын 22-ны орой иргэн Ц.Ө-ын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч зугатаан 580.000 төгрөгийн хохирол учруулсан. Би эдгээр хэрэгтээ Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн байцаагч а/х Очир-Эрдэнэ болон хяналтын прокурор Б.Бямбадагва нарт шалгагдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2, дахь хэсэгт зааснаар сэжиглэгдэн шалгагдаж байх хугацаанд өөрийн мэргэжил болох тогооч мэргэжлээр ресторан, цайны газарт ажиллаж тухайн хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид биетээр болон бэлнээр эргүүлэн төлж барагдуулсан. Миний бие ажил хөдөлмөр эрхэлж, ээж, дүү нарыгаа асран хамгаалж хамт амьдардаг. Миний эх Эрдэнэцэцэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өндөр настай, бие муутай хүн байдаг. Би тухайн үед үр дагаврыг нь мэдэхгүй хууль зөрчиж гэмт хэрэг хийж иргэн Э- болон Өлзийжаргал нарт хохирол учруулсандаа гэмшиж байна. Цаашдаа дахин хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдэхгүй бөгөөд засран хүмүүжил олохоо Э- шүүгч нарт амлаж байна. Үндсэн хохирол болох эмчилгээний зардал 1.864.333 төгрөгийг ажил хөдөлмөр хийж нөхөн барагдуулна. Иймд бие муутай ээж болон цаашдаа амьдрах хүсэл зорилготой залуу насыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.А- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ар гэр тун муу нөхцөлтэй аж төрдөг. Тухайлбал, би хоёр дүүтэй ба дүү Сувд-Од 3 настай, бага дүү Бат-Эрдэнэ 1 настай, миний ээж Ариунаа 40 настай, эрхэлсэн ажилгүй бөгөөд 2 нялх дүүг минь харж ханддаг. Хойд эцэг Жангар эрхэлсэн ажилгүй, архи ууж алга болдог тул амьдрал ахуй гэр бүлд минь тус нэмэр болдоггүй болохоор би ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг байсан. Бусадтай нийлж дарвиж явахдаа тухайн үед гэмт хэргийн хор уршгийг мэдэхгүйгээс болж хохирогч Ц.Э-ийг дээрэмдсэндээ маш ихээр гэмшин, харамсаж байна. Анх удаа гэнэн томоогүй байдлаасаа болж хэрэгт холбогдсоны улмаас хохирогч Ц.Э-д 1.200.000 төгрөгөөс өөрт оногдох 400.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон ба түүнээс хойш хор уршгийг ойлгож ухаарсан учир дахин гэмт хэрэгт холбогдоогүй өдийг хүрсэн. Мөн эмчилгээний зардал гэх 1.864.333 төгрөгийг ажил хөдөлмөр хийж нөхөн барагдуулна. Иймд миний амьдралын хүнд нөхцөл байдал гэм буруугаа ухаарч ойлгож, маш их гэмшиж байгаа, насанд хүрээгүй байхдаа гэнэн томоогүй байдлаасаа болж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ц.Э-ээс уучлал гуйсан зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс надад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас багасгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Т- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 4-өөс 5-нд шилжих шөнө иргэн Ц.Э-ийн эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, биед нь байсан эд зүйлсийг дээрэмдэн авч, улмаар эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан минь үнэн. Бид тухайн үдэш тодорхой нэгэн зорилгогүй, шалтгаангүйгээр зүгээр явсан иргэний эрх чөлөөнд нь халдаж, эд хөрөнгийг нь авахын зэрэгцээ эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж барахгүй, оройтсон гэсэн ч гэм буруугаа хүлээгээд барашгүй. Ямар хүчин зүйл нөлөөлсөн болоод бид гурвыг ноцтой гэмт хэрэгт холбогдоход хүргэсэн гэдэгт өнөөг хүртэл ухаарахгүй байна. Бид гурвын хэн нэг нь хорьж, цааргалахгүй харин хөхүүлэн дэмжиж эд бахаа хангаж байсандаа их харамсаж байна. Бидний ухаан сул дорой, бие хүн болж төлөвшөөгүй, хэн хэнийгээ хөхүүлэн дэмжиж энэ хэрэгт холбогдлоо. Хохирогч маань буруугүй, бид буруутай гэдгийг хуулийн өмнө батлан илэрхийлж байна. Буруутай хүнд төрийн хууль чанга хандах нь гарцаагүй. 2017 оны 7 дугаар сарын 1-нд үйлчилж эхэлсэн хууль төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд харьцангуй хөнгөрүүлж үзнэ гэх юм. Хохирогч маань эмчилгээний зардлын баримтаа шүүх хуралдаанд гаргаж нэхэмжилсэн. Хэрэв мөрдөн байцаалтын шатанд өгсөн бол шүүх хуралдааны өмнө барагдуулах боломжтой байсан. Одоо хувьд ногдох 1.864.333 төгрөгийг хохирогч Ц.Э-д өгч барагдуулсан бөгөөд баримтыг хэрэгт өгсөн. Иймд надад оногдуулсан 5 жилийн хорих ялаас доош нь татаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хөнгөрүүлж өгнө үү гэв.
Хохирогч Ц.Э- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг дээрмийн гэмт хэрэгт өртөж хүнд гэмтэл авсаны улмаас биеийн эрүүл мэндийн байдал муудаж, мэс засалд орж, 1 эрхтэнээсээ салж тахир дутуу болсон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “амь насанд аюултай, хүнд гэмтэл төдийгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлнө.” гэж дүгнэсэн. Хүнд гэмтлийн улмаас хүний асрамжинд эмнэлэг, гэрээр 3 жилийн хугацаанд эмчилгээ хийлгэж ирсэн. Цаашид ч эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай. Б.Т-, Б.А- хоёрын ар гэрээс биечлэн уулзаж надаас албан ёсоор уучлалт гуйсан. Мөн хохирол төлж барагдуулсан. Харин Д.Санданжигмэдийн ар гэртэй утсаар ярихад “хохирол төлөх боломжгүй” гэсэн, надаас уучлалт ч гуйгаагүй бөгөөд Д.С-ийн хувьд гомдолтой байна. Б.Т-, Б.А- хоёрт гомдол санал байхгүй. Энэ хоёр залуугаас иргэний журмаар хохирол нэхэмжлэхгүй, хоорондоо төлбөр барагдуулсан тухай гэрээ байгуулж хэлцэл хийсэн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үг үсгийн алдаа гаргасныг залруулна уу. Тогтоолын 3 дугаар хуудаст: таксины буудлаас харанхуй гудамж руу 20 гаран метр чирч явсныг 2 метр гэж бичсэн. Мөн тогтоолын 4 дүгээр хуудаст: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16806 дугаартай дүгнэлтэд “...амь насанд аюултай, хүнд гэмтэл төдийгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлнө.” гэснийг “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөхгүй...” гэж бичсэнийг зайлшгүй залруулах ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.С-ийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө 1.200.000 төгрөгийг хохиролд өгсөн. Д.С- өөрийнхөө бололцоогоор төлсөн. Учир нь эх, хоёр дүү нарын хамт амьдардаг ба цагдан хоригдож хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа хөдөлмөр эрхлэж 1.200.000 төгрөг олж хохирол өгсөн. Иймд Д.С-ийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлал гуйж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.Б-ийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Ц.Б-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Галсанпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн зүйлчлэлтэй санал нэг байна. Энэ хэрэгт хохирогчид хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ хугацаанд учруулсан бодит хохирлоо анхан шатны шүүх хуралдааны өмнө төлж, эмчилгээний зардалд 1.800.000 төгрөгийг хувьд тэнцүүлэн гаргуулсаныг төлсөн. Миний үйлчлүүлэгч Б.Т-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлэх боломж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хохирогчид төлбөр барагдуулсан байхыг шаарддаг ба Б.Т- нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Түүний үйлдлийг Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуульд хамааруулах боломжтой бөгөөд хэрэв хамруулваас түүнд оногдуулсан хорих ялаас 2 жил хасагдах боломж байгааг харгалзан үзэж хууль зөв хэрэглэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А-ын хувьд гэм буруугийн маргаан байхгүй. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй. Б.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан заалтыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний “хүнд гэмтэл учирсан бол” гэсэн шинжийг тусад нь буюу хохирогчид хүнд хохирол учруулсан гэх үндэслэлээр прокуророос давхар зүйлчилсэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хохирогч Ц.Э-ийн биед гэмтэл учруулах зорилгоор бус, хохирогчийн бие хамгаалах эсэргүүцлийг дарахын тулд зодсон бөгөөд энэ нь хүч хэрэглэхээр заналхийлсэн буюу дээрмийн гэмт хэргийн үндсэн шинжид багтаж байна. Эд хөрөнгө авах гэж зодсон болохоос гэмтэл учруулах гэж зодоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялаас доош татаж хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор Б.Нямханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.С- нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-, Б.А-, Б.Т-, хохирогч Ц.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлт нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн зэргээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:
1. Анхан шатны шүүхийн “Д.С-, Б.Т-, Б.А- нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Ц.Э-ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсныг прокуророос 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлжээ. Учир нь 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт “... энэ хэргийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол...” гэж заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бие даасан гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.” гэж дүгнэж,
“...Прокуророос Д.С-, Б.Т-, Б.А- нарын бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Ц.Э-ийн бие махбодид хүнд гэмтэл учруулсаныг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилснийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй байна.” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;” 1.2-т “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн;” гэж үзэх үндэслэлд хүргэв.
Учир нь, Д.С-, Б.Т-, Б.А- нарын бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан тул тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн ба тус зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг арваас хорин жил хугацаагаар тогтоожээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тусгагдаагүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, тэдний бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хүний биед хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн прокуророос ял төлөвлөсөн нь хуулийн үндэслэлтэй байна.
Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан хорих ялын дээд хэмжээний нийлбэр нь /8+8/ бүгд 16 жил болж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь заасан хорих ялын дээд хэмжээ хорин жилээс бага хугацаагаар тогтоогдсон нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болжээ.
2. Шүүгдэгч Б.Т-д Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байх ба Б.Т- нь хянан харгалзах хугацаандаа 2014 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Д.С-, Б.А- нартай бүлэглэж иргэн Ц.Э-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байхад тэдний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Тэгжаргалын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд түүний дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нөхцөл байдал, хорих ялыг сэргээн эдлүүлэхгүй орхисон хуулийн үндэслэлийн талаар шийтгэх тогтоолд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн ... үндэслэлийг ... эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт ... тусгана.” гэснийг зөрчсөн гэж үзнэ. Хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл уг ялыг сэргээн эдлүүлэх журмыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойлгох бөгөөд мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж оногдуулах учиртай.
3. 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийг “бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заагдаагүй ял шийтгэл оногдуулсан буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
4. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд Д.С-, Б.Т-, Б.А-, Ц.Б- нарын 2017 оны 7 сарын 1-ээс өмнө үйлдсэн гэмт хэргийн үйлдлүүдийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгүүдээр зүйлчилсэн атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл /хууль буцаан хэргэглэх/- ийн холбогдох заалтуудыг журамлаагүй орхигдуулж, хууль буруу хэрэглэжээ.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.С-, Б.Т-, Б.А-, Ц.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, тэдгээрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотой шүүгдэгч Д.С-, Б.А-, Б.Т-, хохирогч Ц.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй орхисныг дурдах нь зүйтэй.