Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00041

 

С.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01416 дугаар шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1936 дугаар магадлалтай

С.Т-ын нэхэмжлэлтэй,

Н.Т-д холбогдох,       

2016 оны 02 дугаар сарын 19, 2016 оны 02 дугаар сарын 27, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг цуцалж, сарын хүүг 3 хувь болгон тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зээлийн гэрээний үүрэгт 78.600.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.Т-  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Т- нь Н.Т-тай 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 310 тоот зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай тус тус зээлж, өөрийн өмчлөлийн хувийн сууцыг барьцаалсан. Гэрээний хугацаа хэдийгээр дуусгавар болсон боловч миний бие нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 8.000.000 төгрөгөөс өөр төлөлт хийж чадаагүй юм. Н.Т-тай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 310 тоот зээлийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг /нийт дүн 50.000.000 төгрөг/ цуцалж өгнө үү.

Мөн иргэн Н.Т-тай байгуулсан дээрх зээлийн гэрээнүүдийн хүү нь хэт өндөр буюу сарын 8 хувь байгаа нь зээлдэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул Иргэний хуулийн 282.2 дахь заалтыг үндэслэн сарын 3 хувь болгон бууруулж тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч  Н.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие С.Т-тай хуулийн хүрээнд харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Тэрээр гэрээ байгуулснаас хойш хугацаанд 1 сарын хүү болох 2.800.000 төгрөг 1 удаа төлсөн. Өөр ямар ч төлбөр тооцоо хийгээгүй байж гэрээнүүдийг цуцлах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх зээлийн гэрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 зүйл заалтуудыг үндэслэн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ тул тэдгээрийг цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд, С.Т-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Т- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Т- нь зээл авснаас хойш хүү, үндсэн зээлээс нэг ч төлбөр төлөлгүй 15 сарын хугацаа өнгөрсөн. Энэ их хугацаанд түүнийг төлбөр тооцоогоо хийхийг удаа дараа шаардсан боловч янз бүрийн шалтаг тоочиж төлбөрийг барагдуулахгүй надад их хэмжээний хохирол учруулж байна. Зээлдэгч С.Т- нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж, 1 сарын хүүнд 2.400.000 төгрөг төлсөн, түүнээс хойш ямар ч тооцоо хийгээгүй, иймд, үндсэн зээл 30.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, бүгд 45.000.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5.000.000 төгрөг зээлж 1 сарын дараа хүүнд 400.000 төгрөг төлж, өөр төлбөр тооцоо хийгээгүй. Үндсэн зээл 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг нийт 7.500.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөг зээлсэн ямар ч тооцоо хийгээгүй. Үндсэн зээл 15.000.000 төгрөг, 2 сарын хүү 2.400.000 төгрөг, алданги 8.700.000 төгрөг, бүгд 26.100.000 төгрөг болсон.

Иймд, С.Т-аас нийт 78.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. С.Т-ын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Т- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Н.Т- нь С.Т-ын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 8.000.000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй байх бөгөөд зөвхөн 30.000.000 төгрөгийн зээлийн хүүнд 2.400.000 төгрөг, 5.000.000 төгрөгийн зээлийн хүүнд 400.000 төгрөг төлсөн гэх мэтээр дурдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. С.Т- нь Н.Т-д холбогдуулан зээлийн гэрээтэй холбоотой шаардлага шүүхэд гаргаж байсан ба хариуцагч хаягтаа байхгүйн улмаас иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Иймд, анз тооцох сүүлийн хугацааг С.Т-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөр тооцох ёстой гэж үзэж байна.

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай авсан.Гэрээний хугацаанд зээлийн хүүнд 2.400.000 төгрөг төлсөн бөгөөд Н.Т- нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр олгосон 15.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг зээлэнд суутган, гар дээр 7.000.000 төгрөг өгсөн тул зээлийн үлдэгдэл 22.000.000 төгрөг болжээ. Хүүгийн өр байхгүй. Зээлийн гэрээний 5-д анзыг хоног тутамд 0.1 хувиар тооцохоор тохиролцсны дагуу 1 хоногт тооцох анзын хэмжээ 22.000 төгрөг болж байгаа бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 25-наас 2017 оны 3 дугаар сарын 13-ныг хүртэл 353 хоног, нийт 7.776.000 төгрөгийн анз бодогдсон. Нийт 29.766.000 төгрөг болно. 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай авсан. Гэрээний хугацаанд хүүний төлбөрт 400.000 төгрөг төлсөн ба нийт 5.265.000 төгрөгийн анз бодогдсон. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 2.500.000 төгрөг байна. Нийт 7.500.000 төгрөг болно.

2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай авсан. Дээрх зээлээс өмнөх 30.000.000 төгрөгийн зээлд 8.000.000 төгрөгийг төлж, гар дээрээ 7.000.000 төгрөгийг хүлээн авсан. Энэ зээлээс одоогоор нэг ч төгрөг төлөгдөөгүйг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс анз тооцохгүй гэж заасныг зөрчиж, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 15.000.000 төгрөгийн зээлийн үндсэн үүрэг дээр хүүгийн төлбөрийг хэмж, зээл, хүүний нийлбэрээс анз тооцсон нь хууль бус хэмээн үзэж байна. Учир нь, гүйцэтгээгүй үүрэг гэдэг нь зээлж авсан 15.000.000 төгрөгийг хэлж байгаа бөгөөд түүн дээр хүүг нэмсэн нийт дүнгээс анз бодох нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна. 15.000.000 /зээл/ + 2.400.000 /хүү/ + 7.500.000 /анз/ = 24.900.000 төгрөг болно.

С.Т- нь Н.Т-д /29.766.000 + 7.500.000 + 24.900.000/ 62.166.000 төгрөгийн өртэй байна. Үүнд үндсэн зээл 42.000.000 төгрөг, хүү 2.400.000, анз 17.766.000 төгрөг болж байна. С.Т- болон түүний гэр бүл н.Лхагважав нарын бизнес нь бүрэн дампуурсан ба өөрсдийн бүхий л үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/04297 тоот захирамжаар 1.300.000.000 төгрөгийн төлбөрт тооцон Капитал банкинд хураалгасан, мөн шүүхийн 102/ШШ2016/00459 тоот захирамжаар Кредит Юнион ББСБ-нд 58.670.420 төгрөгийн төлбөр төлөхөөр болж, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзах үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсний дагуу хүүгийн хэмжээг сарын 4 хувиар тооцуулах, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг үндэслэн анзын хэмжээг бууруулж, 10.000.000 төгрөгөөр тооцуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн зүгээс үндсэн зээл 42.000.000 төгрөг, анз 10.000.000 төгрөг, хүү 1.200.000 төгрөг, нийт 53.200.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 25.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01416 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 310, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг цуцалж, сарын хүүг 3 хувь болгон тогтоолгох тухай Н.Т-д холбогдох нэхэмжлэгч С.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч С.Т-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 64.190.000 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Т-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 14.410.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар С.Т- төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 31.790.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190 Найрамдлын зам гудамж 11/2 тоотод байрлах, 97.79 м.кв талбайтай, Ү-2201024709 улсын бүртгэлийн дугаартай 30 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 478.900 төгрөг гаргуулан хариуцагч Н.Т-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1936 дугаар магадлалаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 171.590 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 27-ний өдрийн 182/ШШ2017/01416 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...С.Т-ын төлбөрийн чадвар муудсан хэмээн маргаж байгаа ч нотлоогүй, НШГА-ны мэдэгдэл, НШГА-ны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017/03/28-ны өдрийн 182/Ш32017/03183 тоот захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017/04/27-ны өдрийн 182/Ш32017/04487 тоот захирамж, Баянгол, Сонгинохайрхан, Хан уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015/07/02-ны өдрийн 102/ШШ2015/04297 тоот захирамж, Капитал банкнаас эд хөрөнгө төлбөрт тооцон хураах тухай албан тоотууд нь С.Т-ын төлбөрийн чадваргүй гэдгийг хангалттай нотлохгүй.... " хэмээн дүгнэжээ.

Энэ дүгнэлтийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байна хэмээсэнтэй санал нийлэхгүй байна.

С.Т-, түүний гэр бүл Лхагважав нар нь өндөр настай, ажил төрөл эрхэлдэггүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, бизнес нь бүрэн дампуурсан ба өөрсдийн бүхий л үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Баянгол, Сонгинохайрхан, Хан уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015/07/02-ны өдрийн 102/ШШ2015/04297 тоот захирамжаар 1.300.000.000 /нэг тэрбум гурван зуун сая/төгрөгийн төлбөрт тооцон Капитал банкинд хураалгасан, Баянгол, Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016/01/11-ний өдрийн 102/ШШ2016/00459 тоот захирамжаар Кредит Юнион ББСБ-нд 58.670.420 төгрөгийн төлбөр төлөхөөр болж, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзах үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8. /Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно./-т заасныг үндэслэн анзын хэмжээг бууруулж 10.000.000 төгрөгөөр тооцуулах хүсэлтэй байгааг анхан шатны шүүх хүлээн авсангүйд гомдолтой байна.

Бусдад их хэмжээний төлбөртэй Жатт ХХК нь иргэн С.Т-ын буюу ганц хүний компани болохыг нотолсон нотлох баримтад иргэний шүүх үнэлэлт өгсөнгүй. Түүнчлэн С.Т- нь бусдад их хэмжээний төлбөртэй /Кредит Юнион ББСБ-нд 58.670.420 төгрөгийн төлбөр / байгаа нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй.

Иймд, шийдвэрээс анз болох 19.790.000 төгрөгийг 10.000.000 төгрөг болгож бууруулж, төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс “Л.Амар нь “2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Н.Т- нь С.Т-д 7.000.000 төгрөг өгч, 8.000.000 төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж авсан” гэж мэдүүлсэн тул түүний мэдүүлгийг үндэслэн эхний зээлийн төлбөр 30.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг хасаж, одоо С.Т- нь 22.000.000 төгрөгийг үндсэн зээлд төлөх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан бөгөөд гэрч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн сонирхолгүй байх ёстой байдаг. Гэтэл Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн төрсөн хүү буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сонирхол бүхий этгээд болох Л.Амараас мэдүүлэг авч, “хууль сануулсан” гэх үндэслэлээр зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Түүнээс гадна Л.Амарын мэдүүлгийн үнэн зөвийг өөр бусад эх сурвалжууд, нотлох баримтаар нотлоогүй байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор “харьцуулан үзсэний” үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байдаг. Гэсэн ч Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15 сая төгрөгийг зээлсэн тухайгаа дурдсан төдийгүй 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний ар талд “2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Н.Т-аас С.Т- би 15 сая төг бэлнээр хүлээн авав” гэж гараар бичиж, гарын үсгээ зурсан уг баримтыг нотариат гэрчилсэн байна. Гэтэл Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бус гагцхүү хэрэг маргааны эцсийн шийдвэрт сонирхол бүхий этгээд болох гэрч Л.Амарын мэдүүлэгт үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 14.410.000 төгрөгийг нэхэмжлэгчээс нэмж гаргуулж, шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Т- хариуцагч Н.Т-д холбогдуулж 2016 оны 02 дугаар сарын 19, 2016 оны 02 дугаар сарын 27, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг тус тус  цуцалж, гэрээнд заасан сарын 8 хувийн хүүг 3 хувь болгон бууруулж тогтоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 78.600.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчдын хооронд зээлийн 3 гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээнд талууд зээлийн хүүг 8 хувиар тогтоосон хэдий ч хүүг 1-2 сараар тооцсон нь нэхэмжлэгчийн эрх ашигт илтэд хохиролтой гэж үзэх үндэслэлгүй тул гэрээг цуцлах, хүүг багасган тогтоох боломжгүй талаархи шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч алдангийн хэмжээг багасгах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн нь буруу биш байна.

Шүүх 3 удаагийн зээлийн гэрээний үүргийг тодорхойлохдоо үндсэн зээл, хүү, алдангийг гэрээнд заасан нөхцөлөөр тооцоолсон, хариуцагч Н.Т- нь сүүлийн буюу 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр 15.000.000 төгрөг зээлсэн гэж тайлбарласан боловч 8.000.000 төгрөгийг эхний зээлийн үүрэгт төлүүлж, бодитоор 7.000.000 төгрөг өгсөн гэх С.Т-ын тайлбар болон гэрч Л.Амарын мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Гэрч Л.Амар нэхэмжлэгч С.Т-ын хүү боловч түүнд Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг  тайлбарлан өгсөн ба тэрээр мэдүүлэг өгөхийг зөвшөөрснөөр Эрүүгийн  хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс зайлсхийх тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авсан тул гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй баримт гэж үзэхгүй.

Иймд, Л.Амарын мэдүүлгийг үндэслэн зээлийн төлбөрөөс хассныг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

Дурдсан үндэслэлээр зохигчдын хэн алины гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01416 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1936 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч С.Т- хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 171.590 төгрөг, хариуцагч Н.Т- 230.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                      ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ