Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00943

 
 

   2018           06             14

           001/ХТ2018/00943

Х ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

            Х ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

            Д ХХК  , Ч , М нарт холбогдох

        Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 115,144,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч  Х ХХК-ийн  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: Д ХХК, Ч, М нар нь Х ХХК-ийн  харьяа Бизнес төвөөс 2014 оны 06 сарын 14-ний өдөр ЗГ/89 тоот зээлийн гэрээ, БГҮ/89-1, БГҮ/89-2 тоот барьцааны гэрээнүүд байгуулан 120,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн барилга барихад зориулан зээлж авсан. Бизнесийн орлого буурсан тул 2015 оны 05 сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан ЗГ/89-1 тоот гэрээг байгуулж 115,541,737.60 төгрөгийн зээлийг хавсрат 2-ын эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Дархан-Уул аймаг Дархан сум, 1-р баг Партизан 1-4 тоот хаягт орших 000145974 гэрчилгээний дугаартай, Ү-2003015474 тоот улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1-р баг Партизан 1-4 тоот хаягт орших 080122660 гэрчилгээний дугаартай, Г-2003002001 тоот улсын бүртгэлийн дугаартай 259 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх газар, Дархан-Уул аймаг Дархан сум, 1-р баг Партизан 1-5 тоот хаягт орших 000132857 гэрчилгээний дугаартай, Ү-2003015065 тоот улсын бүртгэлийн дугаартай 115.3 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг Партизан 1-5 тоот хаягт орших 000166743 гэрчилгээний дугаартай, Ү-20030011526 тоот улсын бүртгэлийн дугаартай 36 м.кв талбайтай өвлийн сууцны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг Партизан 1-5 тоот хаягт орших 08012249 гэрчилгээний дугаартай, Г-2003001627 тоот улсын бүртгэлийн дугаартай 625.2 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх газар, Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг 1-5 тоот хаягт орших 000232537 гэрчилгээний дугаартай, Ү-2003017279 тоот улсын бүртгэлийн дугаартай 310 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1-р баг 1-4 тоот хаягт орших 000232538 гэрчилгээний дугаартай Ү-2003017280 тоот улсын бүртгэлийн дугаартай 150 м.кв талбайтай байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 13 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах 000322411 гэрчилгээний дугаартай, нэгж талбар 4505100179 тоот 0,9 га талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших газар зэрэг болно. Зээлдэгч нь 2017 оны 09 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 28,690,074.57 төгрөг нийт, хүүгийн төлбөрт 53,534,718.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 222,637.46 төгрөг, нийт 82,247,430.65 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул 2015 оны 09 сарын 03, 2016 оны 05 сарын 12, 2016 оны 06 сарын 21, 2016 оны 09 сарын 21, 2017 оны 01 сарын 23-ны өдөр тус тус зээл буцаан төлөх мэдэгдлийг өгч банк зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс банк ЗГ/89 тоот зээлийн гэрээний 7.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2014 оны 03 сарын 14-ний өдрийн ЗГ/89 тоот зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 28-ны өдрийн ЗГ/89-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус цуцлах, 2017 оны 09 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д ХХК   болон иргэн М нар нь хамтран Хаан банкны Дархан бизнес төвтэй зээлийн болон барьцааны гэрээ хийж 120,000,000 төгрөгийн зээлийг 2014 оны 03 сарын 14-ний өдөр 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан болно. Д ХХК   нь барилгын бетон хийц үйлдвэрлэдэг бөгөөд 2015 оны дунд үеэс эдийн засгийн хямралтай холбоотой бизнесийн орлого илт буурснаас зээлийг эргэн төлөх хуваарь, зарим тохиолдолд зөрчигдсөн асуудал гарсан. Бид бизнесийн орлого буурсантай холбоотой Хаан банкинд зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт тавьсны дагуу 2015 оны 05 сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2020 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан. Улс даяар эдийн засгийн хямрал болж аж ахуйн нэгжүүдийн орлого багасч байгааг Хаан банк харгалзаж үзэлгүй зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах гэж байгааг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан зарим үл хөдлөх хөрөнгө нь барьцаанд тавих үед буюу 2014 онд дөнгөж худалдаж авсан дулааны шугам сүлжээнд холбогдоогүй байсан тул бид 3 өрөө байраа зарж 63,000,000 төгрөгийн хөрөнгөөр Хаан банкны барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг дулааны шугам сүлжээнд холбох, их засварын ажлуудыг хийж тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээ барьцаанд тавих үеийнхээс нэмэгдсэн болно. Хаан банкаас авсан 120,000,000 төгрөгийг үйлдвэрийн барилга барих зориулалтаар авсан боловч тухайн зээл нь барилга барихад хаанаа ч хүрэхгүй байсан тул бид хувь хүнээс их хэмжээний зээл авч нийтдээ 430,000,000 төгрөгийг үйлдвэрийн барилга барихад зарцуулсан. Бид цаашид банктай байгуулсан зээлийн гэрээг цуцлахгүйгээр өөрсдийн боломжоор зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.          

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Х ХХК, Д ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 03 сарын 14-ний өдрийн ЗГ /89 тоот, 2015 оны 05 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцалж, хариуцагч Д ХХК-иас үндсэн зээл 91,309,925 төгрөг, зээлийн үндсэн хүү 23,409,118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,533 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16,500 төгрөгийг тус тус гаргуулан Х ХХК-д олгож, Ч , М нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй байх тул энэ талаар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг Дархан сум, 1-р баг Партизан 1-4 тоот хаягт орших 000145974 гэрчилгээний дугаартай, Ү-2003015474 тоот улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1-р баг Партизан 1-4 тоот хаягт орших 080122660 гэрчилгээний дугаартай, Г-2003002001 тоот улсын бүртгэлийн дугаартай 259 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх газар, Дархан-Уул аймаг Дархан сум, 1-р баг Партизан 1-5 тоот хаягт орших 000132857 гэрчилгээний дугаартай, Ү-2003015065 тоот улсын бүртгэлийн дугаартай 115.3 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг Партизан 1-5 тоот хаягт орших 000166743 гэрчилгээний дугаартай, Ү-20030011526 тоот улсын бүртгэлийн дугаартай 36 м.кв талбайтай өвлийн сууцны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг Партизан 1-5 тоот хаягт орших 08012249 гэрчилгээний дугаартай, Г-2003001627 тоот улсын бүртгэлийн дугаартай 625.2 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай өмчлөх газар, Дархан-Уул аймаг Дархан сум, 1 дүгээр баг 1-5 тоот хаягт орших 000232537 гэрчилгээний дугаартай, Ү-2003017279 тоот улсын бүртгэлийн дугаартай 310 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 1-р баг 1-4 тоот хаягт орших 000232538 гэрчилгээний дугаартай Ү-2003017280 тоот улсын бүртгэлийн дугаартай 150 м.кв талбайтай байрны зориулалттай барилга, Дархан-Уул аймаг Дархан сум, 13 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах 000322411 гэрчилгээний дугаартай, нэгж талбар 4505100179 тоот 0,9 га талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 734,171 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 734,171 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкинд олгож шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан ХААН банк Д ХХК  -ийн хооронд байгуулсан 2014 оны 03 сарын 14-ний өдрийн ЗГ/89 тоот, 20151 оны 05 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцалж, хариуцагч Д ХХК  -иас үндсэн зээл 91,309,925 төгрөг, зээлийн үндсэн хүү 23,409,118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,533 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16,500 төгрөгийг тус тус гаргуулан ХААН банкны Дархан салбарт олгож, Ч , М нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй байх тул энэ талаар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан ХААН банк Д ХХК  -ийн хооронд байгуулсан 2014 оны 03 сарын 14-ний өдрийн ЗГ/89 дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 28-ны байгуулсан Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус цуцалж, зээлдэгч Д ХХК   болон хамтран зээлдэгч М нараас үндсэн зээл 91,309,925 төгрөг, зээлийн үндсэн хүү 23,409,118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,533 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 115,144,076 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгож, хариуцагч Ч т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.            

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 32 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 15 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал хангаагүй буюу шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийн оролцогчдыг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна. Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Д ХХК  , Ч , М нарын 3 этгээдийг хариуцагчаар татсан байхад анхан шатны шүүх зөвхөн “Дэбүт" ХХК-иас төлбөр гаргуулсан, давж заалдах шатны шүүх Д ХХК , М нараас төлбөрийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журмыг зөрчсөн буюу хэргийн оролцогчдыг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Энэ хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх үед хариуцагч нарын зүгээс барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдээс зарж борлуулан зээлийн гэрээний зөрчлийг арилгуулж цаашид зээлийн гэрээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэх санал тавьсан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй байгаа, компанийн бизнесийн орлого эрс буурснаас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зөрчил гарсан, энэ зөрчлийг барьцаа хөрөнгөөс зарж борлуулан арилгах боломжтой байсан байдлыг анхан шатны шүүх болоод давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүйд хариуцагч нар гомдолтой байгаа болно. Анхан шатны шүүх болоод давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласныг зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ: 

           Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

         Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Д ХХК, иргэн Ч , М нарт холбогдуулж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 115.144.076 төгрөг гаргуулах шаардлага  гаргасныг хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа эс зөвшөөрч, эдийн засгийн хямралаас графикийн дагуу төлбөр төлөх боломжгүй байсан, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь үндэслэлгүй гэж маргажээ.

       2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д ХХК  ХААН банкнаас үйлдвэрийн барилга барих зориулалтаар 120.000.000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, зээлийн барьцаанд 8 үл хөдлөх хөрөнгө болон газар барьцаалсан, бизнесийн орлого буурсан үндэслэлээр 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар  тогтоогджээ.

       Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй  зээлийн болон  барьцааны  гэрээг бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн,  хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156 дугаар зүйлийн 156.2 –т нийцсэн байна.  

          2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үүрэг гүйцэтгэх хугацааг 74 сар буюу 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл гэж тохиролцсоныг  зээлдүүлэгч нь  зээлдэгчид гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байна гэж гэж дүгнэснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т нийцсэн гэж үзнэ.

         Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх, нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн дүнгийн хэмжээний тухайд талууд маргаагүй байна.

         Д ХХК, Ч , М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа гэрээг цуцлахгүйгээр өөрсдийн боломжоор зээлийг төлж барагдуулна гэж, түүнчлэн шүүх хуралдаанд ...зээлийг үргэлжүүлэн төлөх саналтай байгаа, анх гэрээг 20.4 хувийн хүүтэй олгосон атлаа нэмэлт гэрээнд хүүг 21.6 хувь болгосон нь үндэслэлгүй гэж маргажээ.

        Хариуцагч Д ХХК нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг зөрчсөн буюу гэрээгээр тохиролцсон үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байх бөгөөд энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зааснаар зээлдэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй гэж шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлжээ.

         Нэхэмжлэгч Х ХХК нь Д ХХК болон иргэн Ч, М нарыг оролцуулан 3 этгээдийг хариуцагчаар тодорхойлсон байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Д ХХК-иас нэхэмжлэлээр шаардсан 115.144.076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Ч, М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          Давж заалдах шатны шүүх 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнээс үзвэл зээлдүүлэгч талыг төлөөлж Дархан бизнес төвийн захирал Б.Гансүх, зээлдэгч Д ХХК-ийг төлөөлж захирал Ч, хамтран зээлдэгч М нар гарын үсэг зурцгааж, тамга тэмдгээр баталгаажуулснаар уг зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч нь Д ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч нь иргэн М байна гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Хариуцагч М-ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН