Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2021/0424

 

“МҮЭХ”-ны

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаар шийдвэртэй, “МҮЭХ”-ны гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.6, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “МҮЭХ”-ны гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0173601 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. “МҮЭХ”-ны Сонгино амралт нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага боловч Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, Татварын ерөнхий газрын дарга 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын 1.2-т “Татвар төлөгчийн бүртгэл нь шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгж, байгууллага, хувь хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар олгох, татварын албаны харьяаллыг тогтоох, татвар төлөгчийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, татвар төлөгчийн бүртгэлээс хасах үйл ажиллагаа юм 5.1-д “Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын албанд хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно” гэж тус тус заасны дагуу татвар төлөгч юм.

“МҮЭХ”-ны Сонгино амралт нь амралт сувиллын үйл ажиллагаа эрхэлдэг, тодорхой тооны ажилтан албан хаагчтай бөгөөд тэдгээрийн цалин хөлсийг суутган авч татвар төлдөг, эрх бүхий этгээдээс томилсон дарга, нягтлан бодогчтой хуулийн этгээдийн эрхгүй татвар төлөгч байгууллага юм.

Татварын ерөнхий хууль, Татварын бүртгэлийн журмын дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй татвар төлөгч, татвар суутган төлөгч мөн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч байгууллага юм. Өнөөдрийг хүртэл татварын хууль тогтоомжийн дагуу тус татварын хэлтэст татварын тайлангаа ирүүлдэг татвар төлөгч байгууллага байна. Татварын тайлангаа илгээхдээ зөвхөн эрх бүхий этгээд бүхий захирал, нягтлан нарын мэддэг тоон гарын үсгээр тайлангаа илгээдэг. Гэтэл шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

Гомдол гаргагч харьяандаа сургууль, зочид буудал, амралтын газрын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагуудтай бөгөөд бүгд орлого олж, үйл ажиллагаа явуулдаг мөн бүгд л хуулийн этгээдийн эрхгүй статустай. Хэрэв ямар нэг байдлаар Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж зөрчил гаргасан тохиолдолд хуулийн этгээд биш гэх үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтойгоор шүүх дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “МҮЭХ”-ны Сонгино амралтын 2015-2018 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн хяналт шалгалтыг хийж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 0173601 дугаартай шийтгэлийн хуудсаар

  1. 2015 онд 126 685 178,00 төгрөгийн, 2016 онд 56 122 948,00 төгрөгийн, 2017 онд 65 636 038,00 төгрөгийн, 2018 онд 92 278 697 төгрөгийн нийт 340 722 861,00 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй  зөрчилд 34 072 286,10 төгрөгийн нөхөн татвар, 10 221 685,83 төгрөгийн торгууль, 6 814 456,22 төгрөгийн алданги,
  2. 2016 онд 43 195 054,00 төгрөгийн, 2017 онд 53 646 470,00 төгрөгийн, 2018 онд 89 394 736,40 төгрөгийн нийт 186 236 260,40 төгрөгийн борлуулалтын орлогод нийслэл хотын албан татвар ногдуулаагүй зөрчилд 1 862 362,6 төгрөгийн нөхөн татвар, 558 708,78 төгрөгийн торгууль, 372 472,52 төгрөгийн алданги,
  3. 2015 онд 65 566 242,00 төгрөгийн, 2016 онд 65 566 242,00 төгрөгийн, 2017 онд 65 566 242,00 төгрөгийн, 2018 онд 65 566 242,00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгөнд албан татварыг дутуу ногдуулсан зөрчилд 2 098 119,7 төгрөгийн нөхөн татвар, 629 435,92 төгрөгийн торгууль, 419 623,96 төгрөгийн алданги,
  4. 2015 онд 538 625,00 төгрөгийн, 2016 онд 1 099 957,9 төгрөгийн, 2017 онд 1 280 4993,9 төгрөгийн, 2018 онд 2 291 033,90 төгрөгийн нийт 5 210 110,70 төгрөгийн суутгагчийн хувьд хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар ногдуулсан албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 1 852 408,4 төгрөгийн торгууль, 962 121,11 төгрөгийн алданги,
  5. 2015 онд 15 010 191,2 төгрөгийн, 2016 онд 22 060 820,20 төгрөгийн, 2017 онд 30 582 675,40 төгрөгийн, 2018 онд 37 080 507,40 төгрөгийн нийт 104 734 194,20 төгрөгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын тайлангаар ногдуулсан албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 23 441 174,60 төгрөгийн торгууль, 12 264 840,50 төгрөгийн алданги,

              нийт 38 032 768,30 төгрөгийн нөхөн татвар, 36 703 413,50 төгрөгийн торгууль, 20 833 515,40 төгрөгийн алданги оногдуулсан байна.

              Гомдол гаргагч “МҮЭХ” нь хариуцагч Хан-уул дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0173601 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Шалгагдвал зохих этгээдийг оролцуулж тайлбар аваагүй, мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, шийтгэлийн хуудсыг танилцуулаагүй, сонгино амралт бол хуулийн этгээдийн эрхгүй, эрх зүйн чадваргүй, “МҮЭХ”-ны бүтцэд байдаг байгууллага, татварын улсын байцаагч нар хууль зөрчиж нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ “...эрх бүхий этгээдийг оролцуулсан, сонгино амралт нь “МҮЭХ”-ны нэгтгэсэн байгууллагуудын нэг буюу тайлан тэнцэл, төсөв санхүү нь тусдаа, өөрсдийн ажилчдыг цалинжуулдаг татвар төлөгч, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргасан зөрчилд ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг оногдуулсан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

            Анхан шатны шүүх гомдол гаргагч болон хариуцагч нарын дээрх нэхэмжлэлийн үндэслэл болон тайлбарт дүгнэлт өгөлгүйгээр дан ганц “...улсын байцаагч нар нь хуулийн этгээдийн эрхгүй хуулийн этгээдийн салбар байгууллагад хяналт шалгалтыг явуулж, шийтгэлийг оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцээгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй байна.

             Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “МҮЭХ”-ны Сонгино амралт нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага гэдэгтэй гомдол гаргагч болон хариуцагч нар маргаагүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн боловч Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татвар төлөгчийг бүртгэх журам”, 2017 он А/06 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын 2.6-д “Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад харьяалах нутаг дэвсгэрийн татварын алба ТТД олгон, татвар төлөгчөөр бүртгэн авч, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно”, 5.1-д “Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно” гэж тус тус заасны дагуу хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь татвар төлөгч болохоор байгаад,

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/381 дүгээр албан бичигт “...Сонгино амралт төсөвт байгууллага нь 2000 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Мөн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна. 2013-2018 оны ...татварын тайлан ...хавсралтаар хүргүүлэв” гэж дурдсан байх бөгөөд  Сонгино амралт нь татварын тайланг гарган өгч байсан зэрэгт дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

            Мөн маргаж буй татварын улсын байцаагч нарын акттай холбоотой гомдол гаргагчийн гомдлын шаардлага, түүний үндэслэлд холбогдох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг арилгаж, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Үүнээс гадна Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3441 дүгээр захирамжаар “МҮЭХ”-ны дээрх маргаж буй акттай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн, гомдол гаргагчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0173601 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагаар 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн ......өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...0173601 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гэж өөрчилсөн зэргийг анхаарч нэхэмжлэл  гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн захирамж гарснаас хойш 2 сар гаруй хугацааны дараа гаргасан, өөрчилсөн шаардлага, үндэслэлд шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ тодорхой дүгнэлт өгөх шаардлагатай.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР