Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 02

 

,

Ц.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 136/ШШ2017/00010 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Өндөр довын 8-1 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Оорцог овогт Цэвэгбаатарын А /МК80070205/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д холбогдох  

Ажлаас буруу халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 773493 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас суутгасан 792000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Хы давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр  хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х, хариуцагч Б.З, нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А би 2013 онд Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажилд орж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. 2016 оны 11 сарын 04-ний өдөр сургуулийн захирлын №49 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 41.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 2.3, 4.7 дахь заалт, байгууллагын дотоод журмын 12.4 дэх заалтуудыг үндэслэн намайг ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэл нь хууль бус гэж үзэж байна. Миний бие тушаалд үндэслэл болгосон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан зүйл байхгүй. Мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй юм. Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж байгаа боловч ямар зөрчил гаргаснаа нэхэмжлэгч миний бие ойлгохгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 4.7 дахь заалт, байгууллагын дотоод журмын 12.4 дэх заалтыг үндэслэл болгосноос харахад миний бие ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзжээ. Энэ нь Canon маркийн зургийн аппаратын асуудал юм. Энэ аппаратыг манай байгууллагын манаач авч явж байгаад дээрэмдүүлснийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа болно. Энэ аппаратыг яаж үрэгдсэнийг мэдсээр байж надад халдааж, энэ асу”удлаас болж нминий биед 2016.11.26-ны өдөр 48 дугаар тушаалаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн юм. Энэ тушаалын дагуу миний цалингаас суутгал хийж 792000 төгрөг татсан юм. Эндээс харахад уг аппарат үрэгдсэн үйлдэлд надад эд хөрөнгийн хариуцлага хүлээлгээд дараа нь энэ асуудлыг үндэслэл болгож ажлаас халж байгаа нь хууль бус байна. Иймд намайг ажлаас халсан 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 49 тоот тушаал илт хууль бус байх тул уг тушаалыг хүчингүй болгож, намайг ажлаас буруу халсныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 773493 төгрөг, хууль бусаар цалингаас суутгасан 792000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016.11.04-ний өдрийн 49 тоот тушаалаар Ц.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3, 3.6, 4.7 дахь заалт, байгууллагын дотоод журмын 5.6, 12.1, 12.3, 12.7, багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 9.4, 13.4 дэх заалтыг үндэс болгон Хөдөлмөрийн хуулийн 40.1.4, 41.1.1 дэх заалтуудаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан болно. Ийнхүү Ц.Аын зөвхөн 2016 онд гаргасан сахилгын зөрчлийг хянавал 2016.06.03-ны өдөр оюутнуудад мэргэжлийн үнэмлэх гардууулах үед байгууллагын удирдлагад мэдэгдэлгүйгээр оюутнуудад мэргэжлийн үнэмлэх барьцаалж, 11000 төгрөгөөр дууны Сидиг ав, авахгүй бол мэргэжлийн үнэмлэх өгөхгүй гэж үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд сиди аваагүй оюутнуудад хавтас гардуулж, сургуулийн багшийн ёс зүйн дүрмийн 9.4 дэх заалт, 13.4 дэх заалтуудыг зөрчсөн. Хүлээсэн хариуцлага нь жилийн үр дүнгийн шагналыг 100 хувь хассан сахилгын шийтгэл оноосон, өөрийн тодорхойлолт, хамт олны хурлын протокол хавсаргасан.  2016.06.06-нд ээлжийн амралт эдэлж 2016.07.26-нд ажилдаа эргэж орох байтал 8 сарын 29-нд ажилдаа ирж ажлын 24 хоног ажил тасалсан, 2016.09.07-ны өдөр сургууль дээр мөн удирдлагад урьдчилан мэдэгдэлгүй оюутнуудад гар утас худалдан авахыг шаардаж сурталчилгаа явуулж байсныг захирал миний бие мэдэж таслан зогсоосон. Дээрх асуудалд яагаад дахин дахин ийм зөрчил гаргаад байна,

чамд багшийн ёс зүйн дүрэм дээр чинь тодорхой заалт байгааг сануулахад миний өөдөөс би түүнийг чинь уншаагүй, та олоод гаргаад өг, би ер нь ажиллаж чадахгүй, өргөдлөө өгнө гэж хэлсэн. 2016.10.02-ны өдөр багш нарын баярын үйл ажиллагаа тэмдэглэх үед өөрт нь хариуцуулан хүлээлгэн өгсөн сургалтын тоног төхөөрөмж болох Canon маркийн зургийн аппаратыг сургууль дээрээс өөрөө авч яван үрэгдүүлсэн. Энэ тухай 2016.10.07-ны өдөр аппарат үрэгдүүлсэн, сургалтад хэрэгцээтэй байна, яаралтай олох тухай хэлэхэд олох байлгүй гэж хэлээд гараад явсан. Дахин 10 сарын 14-нд өрөөндөө дуудан яаралтай аппарат олж өг, төл гэхэд яахаараа би төлөх ёстой юм гэж хэл амаар доромжлон би өргөдлөө өгнө, явлаа гээд 11 цагт ажил хаяж явсан. Ийнхүү Ц.А нь 2 удаа шаардлага тавихад халагдана, өргөдлөө өгнө гэж 2 удаа надад амаар мэдэгдсэн. Ингээд 10 сарын 14-нөөс 11 сарын 1-ний өдөр хүртэл 15 хоног ажил хаяж явсан. Энэ хугацаанд акт авсан байсан. Ажилд 2016.11.1-нд ирсэн. Би өрөөнд нь орж чи халагдана гээд явсан, өргөдлөө өгөх юм уу гэхэд би өргөдлөө өгөхгүй, та шийдвэрээ гарга гэж хэлсэн. Ц.А нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг. Шаардлага тавихад хүлээн авдаггүй, дутагдлаа засах чадваргүй. өөрийн хийх ёстой 2016 оны 6 сард архивлах оюутнуудын дадлагын дэвтрийг одоо болтол архивлаагүй. Сургуулийн коридорт та нар хууль бус юм хийдгийг дэлгэж тавина гэж хашгирч, хамт олны нэр хүндийг суралцагсдын өмнө гутаан доромжилсон хэргийг захирал  миний бие дүгнэхдээ энэ хүн багш хийх ямар ч ёс суртахуунгүй гэж үзэн, удаа дараа гаргасан сахилгын зөрчлийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан болно гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Аын Дорноговь аймаг дахь Төмөр замын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 773493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хариуцагчаас 792000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгож,

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугара зүйлийн 60.1 дэх хэсэг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 23558 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж,

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж,

Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх дүгнэхдээ ***ийн 2016.11.04-ний өдрийн 49 тоот тушаал нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийсэн. Ажил олгогчийн зүгээс Ц.Аыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр, хөдөлмөрийн гэрээний 2.3, 4.7 дахь заалтыг үндэслэн байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэж түүнийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий тушаалыг гаргасан байдаг. Үүнийг шүүх хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн хохирол учруулсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийсэн. Харин Ц.Аыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг болон Хөдөлмөрийн дотоод журмын 12.2 дахь хэсэгт заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж дүгнэсэн, гэтэл уг тасалсан асуудал нь 2016.08 дугаар сард болсон асуудал бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 “...сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу арга хэмжээ аваагүй. Мөн 10 дугаарсарын 14-ний өдөр ажил тасалсан гэж яригддагы асуудлын хувьд эмнэлгийн чөлөөний хуудастай байсан гэдгийг хариуцагч тайлбараараа хүлээн зөвшөөрдөг. Эдгээр үндэслэлүүд тогтоогдож байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр давтан ажил тасалсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 6 сард ээлжийн амралтаа авсан, 7 сарын 20 гаргаад ажилдаа орох байсан. Захирал 7 сард ажилд ороход чинь байгууллага санхүүгийн боломжгүй байгаа, оюутнууд бага элссэн учраас цалингүй чөлөө олгодог. Та нар 3 сар Солонгос яваад ир гэсэн мөртлөө сүүлд нь ажил тасалсан гэж сахилгын зөрчил гаргасан гэж байгааг ойлгохгүй байна. Солонгос улс руу яваад 8 сарын сүүлээр ирнэ гэж хэлээд захиралтай тохиролцоод явсан. 8 дугаар сард ажил тасалсан дээр сахилгын ямар нэгэн зөрчил авагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Сахилгын шийтгэл оногдуулах хугацаа нь өнгөрчихсөн байхад үүнийг давтан гаргасан зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн тайлбартаа намайг 11 сард ажил тасалсан гэж бичсэн байдаг. Би 11 сард өвчтэй байсан. Лист нь бодогдоод цалин дээр орж ирсэн байгаа. Би энэ хугацаанд эмнэлгийн магадлагаа авсан байсан. Энэ талаарх нотлох баримтыг шаардахад гаргаж өгөөгүй. Тийм учраас ажилдаа эгүүлэн томилж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан, үүнийгээ дэмжиж байна гэв.   

Хариуцагч Б.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүний ээлжийн амралт авах, ажилдаа орох нь тушаалтай хавсаргагдаад танилцагдсан. Цалин мөнгө хүрэхгүй байна, өргөдөл өгөөд Солонгос яваад ирье гэж амралтаа авах үедээ хэлж байсан. Би амралтын хугацаандаа л яваад ирэх юм байна гэж ойлгосон. Би 2 жил зунжин энэ хүний ажлыг хийж бүтэн амраагүй. Түүнээс биш цалин хүрэхгүй байна, чи яваад ир гэж хэлж байгаагүй. Ц.А надад хүсэлт тавиагүй, Ажил таслаад яваад ирэхдээ эмнэлгийн магадлагаатай ирсэн. Тэр магадлагаа нь үнэн юм уу, хуурамч юм уу шалгуулах хүсэлтэй байдаг. Намайг шаардлага тавих үед А хаалга саваад, би өргөдлөө өгнө гэж хэлдэг байсан. Би өвчтэй байна гэж надад тухайн үед хэлж байгаагүй. Оюутнууд дадлагад гарах гээд их ажилтай байхад энэ хүн 15 хоног ажлаа тасалсан.   Сонгуулийн сурталчилгааны байрны гадаа машин нь байгаад байхаар нь Аыг ажлаасаа гарчихсан сонгуулийн ажил хийж байгаа юм байна гэж бодсон. Гэтэл сүүлд нь эмнэлгийн магадлагаа авчирсан. Миний хувьд Ц.Аыг сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж үзэж тушаал гаргасан гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Ц.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас буруу халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 773493 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас суутгасан 792000 төгрөг гаргуулахаар гомдол гаргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйн гадна хэргийн үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д нийцээгүй гэж үзнэ.

Тодруулбал нэхэмжлэгч Ц.А нь ажилгүй байсан хугацааны олговорт 773493 төгрөг нэхэмжилсэн байх боловч энэ нь хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт /хх-12/ баримтаас үзэхэд 1 сарын цалингийн хэмжээ гэж үзэх боломжтой хэдий ч  нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбараас ямар хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь өөр ажилд орсон талаар талууд маргаагүй ба тухайн ажилд хэдийнээс томилогдсон, ямар цалин хөлстэй, тэр нь түүний дээрх нэхэмжлэлийн дүнд нөлөөлөх эсэх зэрэг үйл баримт тогтоогдоогүй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.А нь цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 792000 төгрөг нэхэмжилсэн ба уг төлбөрийг ажил олгогч нь  2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48 тоот тушаалаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн байхад ажил олгогчийн уг шийдвэрт гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй, улмаар анхан шатны шүүх тухайн шийдвэрт хууль зүйн талаас үнэлэлт дүгнэлт хийгээгүй атлаа 792000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр тушаал буюу хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийн үндэслэл нь эд хөрөнгийг үрэгдүүлсэнтэй холбоотой зөрчил үү эсвэл  2 удаа шалтгаангүй ажил тасалсан гэсэнтэй холбоотой юу гэдгийг тодруулж тогтоогоогүй атлаа нэхэмжлэгч Ц.Аыг ажил тасалж сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтанд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй  орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 136/ШШ2017/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БОЛОРМАА

                          ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                          Н.БАТЧИМЭГ