Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 654

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 5-р 36-р байрны 21 тоотод оршин суух Малчин овгийн Юрагийн Түвшинзаяагийн /РД:АЮ75111001/ нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Архангайн Багшийн сургуульд холбогдох

            Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон өмгөөллийн хөлс 2.590.092 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, тус сургуулийн захирлын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын дэвтрийг хүчингүйд тооцуулж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа, иргэдийн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие МУБИС-ийн Архангайн сургуульд 2001 оноос эхлэн математикийн багшаар ажилласан. Гэтэл тус сургуулийн захирлын 2015 оны 12 сарын 03-ны өдрийн Б/65 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ингээд уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсанаар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 04 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл магадлал гарснаас хойш намайг ажилд авахгүй өнөөдрийг хүрч байна. Иймд миний энэ хугацааны цалинг 2016 оны 07 сарын 08-ны өдрөөс /магадлал гарсан өдрөөс/ 2016 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх цалин 2.344.092 төгрөгийг гаргуулан өгч мөн энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Энэ иргэний хэрэгт хууль эрх зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг нийт 2.844.092 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Гэтэл тус сургуулийн захирлын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/39 тоот тушаалаар намайг 2016 оны 09 сарын 08-ны өдрөөс эхлэн математикийн багшийн үүрэгт ажилд эгүүлэн томилж, математикийн багш Ю.Түвшинзаяагаар гүйцэтгүүлэх ажил байхгүй тул “сул зогсолт” үндсэн цалингийн 60 хувиар цалинжуулахыг ня-бо Д.Номинчулуунд зөвшөөрч шийдвэрлэсэн байна. ... Мөн захирлын намайг ажлаас халсан 2015 оны 12 сарын 03-ны Б/65 тоот тушаалыг давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 08-ны тоот магадлалаар хүчингүй тушаал гэж дүгнэсэн тул дахин ажилд томилох тушаал гаргах шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Иймд захирлын Б/39 тоот ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа миний 582372 тоот 2011 оноос эхлэн бичигдсэн нийгмийн даатгалын дэвтэрт ажил, албан тушаалын өөрчлөлтийг тэмдэглэх хэсэгт намайг

“Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулиар ажлаас халагдав гэж бичиж, миний олон жил улсад ажилласан хөдөлмөрийг минь гутаан доромжилж, хүчингүй гэж тооцсон шүүхийн хүчин төгөлдөр магадлал байсаар байтал хүчингүй болгосон тушаалаа нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн нэр төрийг минь унагааж, гутаан доромжилсоор байна. Иймд миний нийгмийн даатгалын 582372 тоот дэвтрийг хүчингүйд тооцож, нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн төлөөлөгч Г.Батсуурь шүүхэд гаргасан тайлбартаа: 1) Бид шүүхийн шийдвэрийг ёсчлон биелүүлсэн бөгөөд холбогдох тушаалыг гаргаж, зохих төлбөрийг барагдуулах тухай бичгийн хамт ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Б.Одонтунгалагт зохих хугацаанд нь хүргүүлсэн болохыг үүгээр уламжилъя. 2) Нэхэмжлэлийн эхэнд ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Иргэн Ю.Түвшинзаяа архидан согтуурсан үедээ үйлчилгээ явуулаад ажлаасаа өөрөө халагдсан юм. Шүүх Ю.Түвшинзаяагийн талд шийдвэр гаргасан нь Ю.Түвшинзаяаг архи уугаагүй гэсэн хэрэг биш билээ. Сул зогсолтоор буюу 60 хувиар цалинжуулахдаа ажилласан жил харгалзаагүй гэсэн утгатай нэхэмжлэл гаргажээ. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 56-р зүйлийн 56.1-д ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно гэж, 56.2-т хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын  олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэж заасныг бид хэрэгжүүлсэн агаад үүнд сул зогсолтыг ажилласан жил харгалзан шийдвэрлэнэ гэсэн ямар ч  заалт байхгүй болохыг уламжилсугай. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхгүй байх ёстой гэсэн утгатай бас нэг нэхэмжлэл гаргажээ. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7-р сарын 8-ны өдрийн 04 тоот магадлалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулиас ажилгүй байгаа хугацааны олговор 6.433.080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Түвшинзаяад олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нь зохих бичилт хийхийг тус сургуульд даалгасугай” гэж заасан байгаа юм. Бид шүүхийн энэ шийдвэрийг ёсчлон биелүүлж болсон үйл ажиллагааг дэвтэрт нь нөхөн бичиж одоо зохих мөнгийг олгосоор байгаа. Нөхөн гэдэг монгол үг нь өнгөрсөн буюу аливаа онгорхой, цоорхой, зайтай зүйлийг бөглөх утга заадаг тул бид дэвтрийн онгорхой зайг шүүхийн шийдвэрийн дагуу нөхсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Батсуурь захиралтай 09 сарын 01-нд очиж уулзаад ажилдаа оръё гэж хэлсэн боловч цаг байхгүй учраас сул зогсолтоор цалинжуулъя гэж хэлсэн. Тэгэхэд нь би энэ сургуульд 20 жил ажиллаж байна, надаас хойш орсон математикийн багш олон байгаа. Яагаад заавал намайг сул зогсолтоор цалинжуулаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Дараа нь удаа дараа өрөөнд нь очиж уулзах гэтэл надаас зугтаагаад байсан. Магадлал гарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2015 оны 07 сарын 08-ны өдрөөс 2016 оны 09 сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин 2.344.092 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, нийт 2.844.902 төгрөг нэхэмжилж байгаа.  Би 9 сар, 10 сарын цалин авсан. 2016 оны 09 сар хүртэл 2.344.092 төгрөгийн цалин гарах ёстой байсан. Би 9 сард 254.000 төгрөгийн цалин авсан ба энэ цалин нь шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөнөөс хойш буюу 09 сарын 25-ны өдөр орсон учраас нэхэмжлэлийн нийт шаардлагаас хасаагүй байсан. Нэхэмжлэлдээ 9 сарын цалинг 100 хувиар бодож нэхэмжилсэн учраас цалин 2.344.092 төгрөгөөс 254.000 төгрөгийг хасаж нэхэмжилж байна. Мөн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн магадлалаар намайг ажилд эгүүлэн тогтоосон байхад миний нийгмийн даатгалын дэвтрийн тайлбар хэсэгт архидан согтуурахтай тэмцэх хуулиар халагдав гэж бичсэн байсан. Тийм учраас би нийгмийн даатгалын дэвтрээ дахин шинээр бичилт хийлгүүлж, 582372 дугаартай дэвтрийг хүчингүйд тооцож өгнө үү. Намайг 2015 оны 07 сарын 08-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон. Тэр магадлал гарсны дараа би хуучин ажиллаж байсан орон тоон дээрээ очих болов уу гэж бодож байсан. Тэгтэл захирал цаг байхгүй учраас сул зогсолтоор буюу цалингийн 60 хувиар цалинжуулна гэж хэлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, намайг ажилд эргүүлж тогтоосон захирлын тушаал хууль бус учраас 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 04 тоот захирлын тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бүх шаардлагаа дэмжиж байна гэв.

         

Шүүх зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа нь МУБИС-ийн Архангайн Багшийн сургуульд холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.090.092 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, тус сургуулийн захирлын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын дэвтрийг хүчингүйд тооцуулж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийг 04 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 295 дугаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан “Ю.Түвшинзаяаг МУБИС-ийн Архангайн  Багшийн сургуулийн математикийн багшийн ажилд эргүүлэн тогтоон” шийдвэрлэж, МУБИС-ийн Архангайн  Багшийн сургуулийн захирал 2016 оны 09 сарын 08-ны өдөр Б/39 тоот тушаалаар мөн өдрөөс Ю.Түвшинзаяаг математикийн багшийн үүрэгт ажилд томилсон байна.

            Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа нь 2016 оны 07 сарын 08-ны өдрөөс 2016 оны 09 сарын 20 хүртэлх хугацааны цалин 2.344.092 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн төлөөлөгч Г.Батсуурь нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага, үнийн дүнтэй маргаагүй.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан тул нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговроо МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулиас шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “би 9 сард 254.000 төгрөгийн цалин авсан ба энэ цалинг шүүхэд нэхэмжлэл гаргаж өгснөөс хойш буюу 09 сарын 25-нд авсан учраас 2.344.092 төгрөгөөс 254.000 төгрөгийг хасаж нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байна. В.Түвшинзаяагийн 582372 тоот нийгмийн даатгалын дэвтрийн тэмдэг дарж баталгаажигдсан 2015 оны 10, 11, 12 сарын цалингаас тооцож үзвэл түүний нэг өдрийн хөлс 50.000 төгрөг (1.075.001:21.5= 50.000) байх ба 2016 оны 07 сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 сарын 20 хүртэл нийт ажлын 52 өдрөөр тооцоход Ю. Түвшинзаяа нь 2.600.000 төгрөгийн цалин хөлс авахаар байх тул нэхэмжлэгчийн ажилгүй хугацааны цалинг 2.600.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй. Үүнээс нэхэмжлэгч 2016 оны 09 сард 254.000 төгрөгийн цалин авсныг хасаж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулиас нэхэмжлэгчид 2.346.000 төгрөгийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж нэхэмжлэгч Ю.Түвшинзаяад олгох үндэслэлтэй.

Шүүх Ю.Түвшинзаяаг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул ажил олгогч болон ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж хуульд заасны дагуу сар бүр шимтгэл төлөх, ажил олгогч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг сар тутам хийх үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Түвшинзаяагийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч МУБИС-ийн Архангайн Багшийн сургуульд даалгав.  

            Ю.Түвшинзаяа нь өмгөөлөгчтэй эрх зүйн тусалцаа үзүүлэх гэрээ байгуулан давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч В.Удвал оролцож байсан, тэрээр хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 500.000 төгрөг төлж байсан нь 2016 оны 05 сарын 16-ны өдрийн тасалбараар тогтоогддог тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулиас өмгөөллийн хөлс 500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Түвшинзаяад олгох нь зүйтэй байна.

            Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ю.Түвшинзаяагийн 582372 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэх хэсэгт ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ /архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар халагдсан гэж/ бичсэн боловч, үүний дараа шүүхийн шийдвэрээр математикийн багшийн ажилд томилов гэсэн бичилтийг хийсэн тул улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийг хүчингүй болгох шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэгч Ю.Түвшинзаяагийн нийгмийн даатгалын 582372 тоот дэвтрийг хүчингүйд тооцож, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа “намайг математикийн багшийн ажилд эргүүлэн томилсон хэрнээ сул зогсолтоор цалинжуулах заалт оруулсан тушаал гаргасан, мөн захирлын намайг ажлаас халсан 2015 оны 12 сарын 03-ны өдрийн б/65 тоот тушаалыг давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 04 тоот магадлалаар хүчингүй гэж дүгнэсэн тул дахин ажилд томилсон тушаал гаргах шаардлагагүй байсан” гэсэн үндэслэлээр өөрийг нь өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн авсан МУБИС-ийн Архангайн багшийн сургуулийн захирлын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.

            МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн захирлын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн б/39 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан захиргааны байгууллагын шийдвэр бөгөөд нэхэмжлэгчийн захиргааны байгууллага шийдвэр гаргах ёсгүй байсан гэсэн маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан маргаан байна. Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Түвшинзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч МУБИС-ийн Архангайн Багшийн сургуульд холбогдох МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн захирлын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг хариуцагчийн төлөөлөгч Г.Батсуурь 2016 оны 11 сарын 29-нд гардаж авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй нь хэргийг хэлэлцэхэд саад болохгүй тул хариуцагчийн төлөөлөгч Г.Батсуурийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулиас ажилгүй байсан хугацааны олговор 2.346.000 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Түвшинзаяад олгосугай.

 

           2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулиас өмгөөллийн хөлс 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Түвшинзаяад олгосугай.

 

          3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Түвшинзаяагийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч МУБИС-ийн Архангайн Багшийн сургуульд даалгаж, нэхэмжлэгч Ю.Түвшинзаяагийн нийгмийн даатгалын 582372 тоот дэвтрийг хүчингүйд тооцож, нөхөн бичилт хийх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Түвшинзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч МУБИС-ийн Архангайн Багшийн сургуульд холбогдох МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн захирлын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ю.Түвшинзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.850 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулиас 15.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Түвшинзаяад, 52.486 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

          6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

                                            ШҮҮГЧИД                                 Д.БЯМБАСҮРЭН

                                                                                              Ч.ЖАРГАЛАН