Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 Ю.Түвшинзаяагийн нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 295 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МУБИС-ийн Архангайн Багшийн сургуульд холбогдох

 

 “2015 оны 12 сарын 03-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.123.804 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал,  нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Ю.Түвшинзаяа миний бие 1997-2001 он хүртэл Архангай аймгийн “Хүмүүн” цогцолбор 2-р сургуульд математикийн багш, 2001 оноос эхлэн МУБИС-ийн Архангайн Багшийн сургуульд математикийн багшаар тасралтгүй өнөөдрийг хүртэл 19 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд, Боловсролын яамны жуух, Боловсролын тэргүүний ажилтан болон урлаг спортын олон шагнал урамшил авч байсан. Гэтэл тус сургуулийн захирал Г.Батсуурь нь 2015.12.03-ны өдрийн Б/65 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.1.1, МУБИС-ийн “Багшийн ажиллах журам”-ын 2.2-ын 2.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3-ын “а” заалтуудыг үндэслэн архидан согтуурсан үедээ сургууль руу нэвтэрсэн, оюутанд согтуугаар үйлчилгээ үзүүлсэн гэж үзэн 2015 оны 12 сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халсан. Тухайн өдөр би архи огт хэрэглээгүй, согтуугаар хичээл заагаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан тул захирал Г.Батсуурийн тушаалыг хүчингүй болгож, намайг математикийн багшийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

 

Би 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өдөр ажлаас халагдсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж цалингаа авсан болно. Одоо би ажилгүй 4 сар 7 хонож байна. Иймд 1 сарын үндсэн цалин 955001 төгрөг, 4 сар 7 хоногийн 4123804 төгрөг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн миний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би 2015 оны 12 сарын 2-ны өдөр Швейцарьт 5 жил амьдраад ирсэн найз маань ирсэн гээд над руу утсаар залгасан. Тэгээд 17 цагийн орчим уулзахаар тохиролцсон. Ажлаасаа 17 цаг өнгөрөөж гараад 18 цагийн үед найзыгаа гэрээс нь очиж авч нэг газар орж хоол идэж, юм ярьж нилээн суусан. Тэр үед согтуурлах ундаа хэрэглэх боломжгүй байсан. Яагаад гэвэл машин барьж явсан учраас согтуурлах ундаа хэрэглээгүй. Тэр газраасаа гараад найзынхаа ахынд нь очиж, гадаадаас авчирсан нэг шил архийг задалж, манай найзын хоёр бэр эгч болон найзтайгаа дөрвүүлээ нилээн удаан ууж суусан. Тэндээ шөнийн 2 цаг болтол сууж байгаад би өглөө хичээлтэй учир явахгүй бол болохгүй гээд гарсан. Манай найз юм уусан юм чинь машин бариад хэрэггүй гэхээр нь шөнө болж байгаа юм чинь цагдаа нар гайгүй байх гээд нэг бэр эгчтэй нь хамт гэрлүүгээ харихаар гарсан. Тэгээд найзынхаа бэр эгчийг урд талын 9 давхар байранд буулгаж өгөөд өөрөө гэртээ харьсан. Тэр үед шөнийн 2 цаг 45 минут болж байсан. Утас маань цэнэггүй, цэнэглэх боломжгүй байсан учраас сэрүүлэг тавьж чадаагүй. Манай нөхөр ажлаар Улаанбаатар хот руу явсан байсан учраас гэртээ ганцаараа хоносон. Өглөө 9 цагийн үед сэрээд сургууль орсон. Тэгээд хөтөлбөрийн албаны дарга дээр ороод хоцорсон талаараа учраа хэлэх гэтэл өрөөндөө байгаагүй, үүдэнд нь мэргэжилтэн нь сууж байсан. Тэгсэн захирал таныг асуугаад ажилдаа ирээгүй байгаа юм уу гэсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би үнэнээ хэлэх гээд захирлын өрөөнд орсон. Тэгээд болсон үйл явдлын талаар хэлээд хичээлээ 3-р цаг дээр нөхөөд оръё гэж хэлсэн. Захиралтай би олон жил хамт ажиллаж байгаа учраас итгэж, найдан үнэнээ хэлсэн. Түүнээс биш архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд хөдөлмөрийн чадваргүй байсан бол ямар нэгэн шалтаг хэлээд ажилдаа ирэхгүй байж болох байсан. Тэгээд ангидаа ороод 2 дугаар цагийн хичээлээ ороод байж байтал 3в ангийн дарга Даариймааг захирал дуудаж байна гэсэн. Тэгээд Даариймаа захирлын өрөөнд орж ирээд захирал танай багшаас чинь архи үнэртээд байгаа юм биш үү гэж асуугаад байна, тэгэхээр нь бид нар мэдсэнгүйгээ гэж хэлсэн чинь та нарын 5 мэдэрхүй чинь ажилладаггүй юм уу гээд загнаад байна, бид нарыг хүсэлт юм уу, өргөдөл бичиж өг гээд байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй тэр хичээл завсарласан. Гэтэл орой нь захирал намайг дуудаад өрөөнд нь ороход 3в ангийн дарга Даариймаагийн хөх үзгэн балаар бичсэн хүсэлтийг надад үзүүлсэн. Тэгэхээр нь би арайч намайг халахгүй байлгүй дээ, ямар сургууль дээр архи ууссан биш гэж бодсон. Захирал маргааш чамайг дуудаж уулзъя гэж хэлсэн. Маргааш нь 5 дахь өдөр, би хичээлгүй байсан, намайг дуудах болов уу гэж хүлээсэн гэтэл намайг дуудаагүй.  Тэгээд 2015 оны 12 сарын 7-ны өдөр намайг дуудаад энэ шүүхэд өгсөн тушаалыг анх гардуулсан. Миний хувьд юунд гомдолтой байна гэхээр Даариймаагаар хүчээр шахуу хүсэлт бичүүлээд үүн дээр үндэслэн намайг ажлаас халсанд  гомдолтой байна. Сүүлийн тушаалыг ажилгүйдлийнхээ тэтгэмжийг хөөцөлдөж байгаад нягтлан бодогчтойгоо уулзтал таны тушаал 12 сарын 18-ны өдөр гэж гарсан байна гээд үзүүлсэн. Би өмнө нь  ямар нэгэн ёс зүйн  шийтгэл авч байгаагүй. Багш, оюутнуудтайгаа ёс зүйн хувьд зөв харилцаатай гэж өөрийгөө боддог. Тухайн өдөр би архи огт хэрэглээгүй, согтуугаар хичээл заагаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан тул захирал Г.Батсуурийн тушаалыг хүчингүй болгож, намайг математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Одоо би ажилгүй 4 сар 7 хонож байна. Иймд би 1 сарын үндсэн цалин 955.001 төгрөг, 4 сар 7 хоногийн 4.123.804 төгрөг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн миний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Батсуурь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

             Тус сургуулийн Бага боловсролын тэнхимийн багшаар ажиллаж байсан иргэн Ю.Түвшинзаяаг 2015 оны 12 сарын 3-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, 131-р зүйлийн 131.1.3 дахь заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3-р бүлгийн 7-р зүйлийн 7.1.1, МУБИС-ийн Багшийн ажиллах журмын 2.2-ын 2.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.-ын “а” заалтуудыг үндэслэн согтуугаар ажлын байр руу нэвтэрсэн, согтуугаар оюутанд хичээл заасан үндэслэлээр ажлаас халсан болно. Тухайн өдөр буюу 2015 оны 12 сарын 3-ны өдөр багш Ю.Түвшинзаяа нь өглөө 8 цаг 30 минутанд хичээл орох хуваарьтай байсан. Гэтэл өглөө ажилдаа ирээгүй. Ингэхэд захирал Г.Батсуурь миний бие Хөтөлбөрийн албаны дарга С.Нэргүйцэцэг багшийг дуудан Ю.Түвшинзаяа багш яагаад ирэхгүй байгааг асуусан. С.Нэргүйцэцэг дарга: Чөлөө аваагүй, эмчийн магадлагаа өгөөгүй, утсаар яриагүй, хичээл заах ёстой гэсэн. Би хариуд нь за хэзээ ирэхийг нь хараад хүлээж бай ирмэгц нь уулзаж хэлээд надад мэдэгд гэдэг үүрэг өгсөн. Гэтэл 10 цаг 06 минутанд С.Нэргүйцэцэг дарга орж ирээд Ю.Түвшинзаяа багш ажилдаа ирлээ, согтуу байна гэж надад мэдэгдсэн. С.Нэргүйцэцэгийн дараа багш Ю.Түвшинзаяа өрөөний үүдэнд зогсоод захирлаа уучлаарай, Соёлоо ирээд шөнөжингөө архи уугаад ажилдаа ирж чадсангүй, уучлаарай гэж хэлэхэд архи үнэртэж байсан. Багш Ю.Түвшинзаяа бид хоёрын хооронд 3-4 метр зайтай байсан болно. Би хэсэг бодож байгаад оюутнууд согтууг нь мэдэж байгаа болов уу гэж санаа зовоод хичээл орж байгаа Бага ангийн 3в ангийн дарга Даариймааг дуудсан. Ангийн дарга Даариймаа орж ирмэгц нь: За багш чинь яаж байна? Хичээлээ орж байна уу? гэж асуухад Даариймаа: Багшаас архи аймар үнэртэж байна. Самбарт хүүхэд гаргасан хичээлээ орж байна гэж хэлсэн.  Би: за за та нар тэгвэл саяны хэлсэн зүйлээ бичээд аваад ир гээд Даариймааг гаргасан. Ингэх учир нь Ю.Түвшинзаяа багш дээр арга хэмжээ авбал шүүхийн өмнө баримттай болох шаардлага байсан юм. Гэтэл Даариймаа хэсэг хугацааны дараа Ю.Түвшинзаяа багш бол сайн гэсэн утгатай зүйл бичиж орж ирсэн. Ингэхэд нь би: та нар багш болох гэж байж яагаад шударга биш байгаа юм бэ? Түрүүн хэлсэн зүйлээ бичиж ир гээд гаргасан. Учир нь би багш, удирдлага учир ийм улаам цайм худлаа зүйлтэй эвлэрэх боломжгүй. Ангийн дарга Даариймаа мөн хэсэг хугацааны дараа багш Ю.Түвшинзаяа 2015 оны 12 сарын 3-ны 10 цаг 10 минутаас 11 цаг 40 минутын хооронд хичээл орохоор ирэхдээ нүд нь улайж, ярих бүрт нь архи үнэртэж байсан гэсэн зүйл бичиж ирсэн. Би түүний аваад ажлаас халах шийдвэр гаргасан. Архи уусан үедээ хичээл заана гэдэг нь холбогдох хууль, журмуудад хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах заалттай ноцтой зөрчил учир би хуулийг хэрэгжүүлсэн. Ер нь иргэн Ю.Түвшинзаяагийн энэ байдал нэг удаагийнх биш. ...Согтуу байгааг нь захирал, хөтөлбөрийн албаны дарга, оюутан бүгд мэдсэн хэрнээ арга хэмжээ авахгүй өнгөрөх нь ёс суртахууны хийгээд хууль, эрх зүйн ноцтой алдаа болох юм. Багш болох гэж байгаа оюутнуудад ийм үлгэр дууриал үзүүлэх нь захирал хүнд байж боломгүй үйлдэл тул Ю.Түвшинзаяа багшийг халсан болно. Миний тушаалд хуулийн заалт дутуу дурдсан болон үг үсэг, найруулгын алдаа байхыг үгүйсгэхгүй харин гаргасан шийдвэр нь буюу Ю.Түвшинзаяа багшийг ажлаас халсан нь гарцаагүй үнэн зөв бөгөөд хуулийг биелүүлсэн явдал гэдэгт үл эргэлзэнэ гэжээ.

 

          Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар МУБИС-ийн Архангайн Багшийн сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2015 оны 12 сарын 03-ны өдрийн багш Ю.Түвшинзаяаг ажлаас халах тухай Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4123804 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Ю.Түвшинзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдан; Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа давж заалдах гомдолдоо:

 

            Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 295 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа миний бие Архангай аймгийн Багшийн сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Архангай аймгийн Багшийн сургуулийн захирал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр намайг согтуурсан үедээ сургууль руу нэвтэрсэн, оюутанд үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэлээр намайг ажлаас халсан. Гэтэл би согтуу байгаагүй. Анхан шатны шүүх гэрч Д.Баасансүрэн, С.Нэргүйцэцэг, тус сургуулийн 3В ангийн хамт олны хүсэлтийг үнэлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй хит нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчийн хамт оролцож тайлбар гаргана гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ю.Түвшинзаяа нь хариуцагч МУБИС-ийн Архангайн Багшийн сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2015 оны 12 сарын 03 ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4123804 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх гэрч Д.Баасансүрэн, С.Нэргүйцэцэг нарын мэдүүлэг,  тус сургуулийн 3в ангийн хамт олноос сургуулийн захиргаанд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэвч зарим гэрчүүд тухайлбал оюутан О.Энхтуяа, Н.Гүнсэндорж, багш Ц.Буянжаргал нар тухайн үед Ю.Түвшинзаяа согтуурсан байдалтай байгаагүй, тийм зүйл мэдэгдээгүй гэсэн мэдүүлэг өгчээ. Гэрчүүдийн мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад зөвхөн гэрч Д.Баасансүрэн, С.Нэргүйцэцэг нарын мэдүүлгийг үнэлсэн боловч О.Энхтуяа, Н.Гүнсэндорж,  Ц.Буянжаргал нарын мэдүүлгүүдийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”,  40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн 3в ангийн хамт олон хэдийд сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан нь тодорхойгүй /хх 14 дүгээр тал/, нотриатаар баталгаажаагүй хуулбар /хх 15 дугаар тал/ зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

 

            Тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ.

Ажил олгогчийн тушаал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй болно.

            Багш Ю.Түвшинзаяа Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалинг үндэслэн, дундаж цалин хөлс тооцох журмыг баримтлан  2015 оны 12 сарын 18-ний өдрөөс 2016 оны 7 сарын 8-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 6433080 төгрөгийг Монгол улсын боловсролын их сургуулийн Архангайн багшийн сургуулиас Ю.Түвшинзаяад олгохоор шийдвэрлэв.

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ”1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар   Ю.Түвшинзаяаг МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, “2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулиас ажилгүй байсан хугацааны олговор  6433080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Түвшинзаяад олгож,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нь зохих бичилт хийхийг тус сургуульд даалгасугай.” гэж, “3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 117879 төгрөг гаруулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ю.Түвшинзаяагийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

 

 

            3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Т.ДАВААСҮРЭН

                              ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ

                                                                              Г.АДЪЯАТОГТОХ