Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0437

 

“М Д” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Н.О, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаар шийдвэртэй, “М Д” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг үндэслэн “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхоны 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М Д” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “М Д” ХХК-ийн захирал С.С шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэлэлцүүлгийн явцад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалттай холбоотой ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, хэлэлцүүлэг хийгдээгүй байхад шийдвэрт уг заалтыг дурдан нь үндэслэлгүй байна.

Махны үнэтэй холбоотой асуудал нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн өрсөлдөгчийн эрх ашгийг хэрхэн хөндөх, хохирол учруулсан эсэх болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг яагаад зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болсон талаар анхан шатны шүүх огтхон ч шинжлэн судлаагүй, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан үйл баримт, тайлбарыг үл хэрэгсэж хэргийг хэт нэг талыг барьж, хуулийг төсөөтэй тайлбарлан хэрэглэх байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тус компани нь зүй ёсны монополь болон давамгай байдалтай бус аж ахуй эрхлэгч болохын хувьд зах зээлд борлуулж байгаа бүтээгдэхүүний үнийг өсгөх, бууруулах нь аль ч тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийг зөрчих үндэслэл болохгүй гэж үзэж байна. Махны хэрэгцээний жижиглэн худалдааны зах зээлд нөлөө үзүүлэх боломжгүй, зах зээлд ноёлох болон аливаа өрсөлдөгчийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэгдсэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, энэхүү үнийг өөрчлөлт өрсөлдөгчийн зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах ямар ч боломжгүй гэж үзэж байна.

Махны чанар, зэрэглэл, үйл ажиллагааны зардал зэрэг дотоод болон гадны олон хүчин зүйлсээс шалтгаалж бүтээгдэхүүний өртөг бий болж байдаг ба зөвхөн тус компаниас бус зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн байдлаас хамаарахаар байгаа юм. Улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх нөхцөл байдлыг задлан шинжилж, яагаад “махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн” гэж үзэх үндэслэл бий болсон, энэ нь хэрхэн хууль зөрчиж байгаа талаар хэлэлцэхгүйгээр зөвхөн буруутгах байр сууринаас хандсан гэж үзэж байна.

Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбогдуулан мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, үнийн байдалд хяналт шалгалт хийсэн гэх боловч зөрчил шалган шийдвэрлэх харьяалал зөрчсөн гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх 3 үндэслэл тусгагдсан бөгөөд эдгээр үндэслэлийн аль ч нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуульд хэргийн оролцогч зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохоор заасан бол бидний хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Иймд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд заасан нөхцөл журам зөрчиж шалгасан, бусдын хуулиар олгогдсон эрхийг дордуулан хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.Орхоны 2020 оны 0059349 дугаартай шийтгэлийн хуудас болон анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 0059349 дүгээр дугаартай шийтгэлийн хуудсаар “М Д-112” салбар дэлгүүр нь махны үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдолдоо “...хариуцагч шийтгэл оногдуулах эрх хэмжээгүй, махны үнэтэй холбоотой асуудал нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн өрсөлдөгчийн эрх ашгийг хэрхэн хөндөх, хохирол учруулсан эсэх, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг яагаад зөрчсөн гэж үзэх үндэслэл нь тодорхойгүй” гэж, хариуцагч гомдлын шаардлагын татгалзлаа “...өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хяналт шалгалтыг хийсэн, албан шаардлагыг биелүүлээгүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийг үндэслэлгүйгээр нэмж хэрэглэгчдийг хохироосон, өрсөлдөөнийг хязгаарласан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтан “М Д” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 /“хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”/-д заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн боловч шийтгэлийн хуудсанд “махны үнийг зохиомлоор хөөрөгдсөн” гэж зөрчлийг тодорхойлсон нь гомдол гаргагчийг “эрх хэмжээгүй этгээд шийтгэл ногдуулсан” гэж маргахад хүргэсэн.

Өөрөөр хэлбэл,  “махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлсэн” нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.” заалтыг зөрчсөн гэдэгт хамаарах, тэр нь Зөрчлийн тухай хуулийн 5.18 дугаар зүйлийн 1-д заасан зөрчлөөс юугаараа ялгаатай болохыг  шийтгэлийн хуудаст тодорхой тусгаагүй байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч уг хохирол, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг тогтоож шийдвэрлэлгүй дан ганц торгох шийтгэлийг оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлсэн шийдвэр гаргахаар хуульчилсан.

Дээр дүгнэсэнчлэн гомдол гаргагчийн махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлсэн гэх үйлдэл нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн ямар үйл ажиллагаанд хамаарах, зөрчлийн улмаас хэнд ямар хэмжээний хохирол учирсан, нөхөн төлбөр оногдуулах эсэхийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаж буй шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг хянан шийдвэрлэх боломжит дээд хугацаа болох 58 хоногоор түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0059286 дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР