Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 03

 

 

                Д.Эын нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2017/00008 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Эт холбогдох -т холбогдох  

зээлийн гэрээний үүрэг 10 246 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч Б.Эын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Б.Э, нарийн бичгийн дарга Б.Баярмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Би Б.Эын хүсэлтийн дагуу судалгаа явуулаад түүний Илч-шанд ХХК нь ажил авсныг мэдсэн учир тэр хүнд ч тус болох, өөрөө ч бас хэдэн төгрөг олох боломжтой гэж үзээд хүргэн ах Саас 7 сая төгрөг зээлээд 2014.06.10-нд Б.Этай уулзаад бэлэн байсан 7 сая төгрөг дээрээ өөрийн Хаан банкны данснаасаа 2 сая төгрөгийг нийлүүлээд бэлэн 9 000 000 төгрөгийг Эт тоолж өгсөн. Ингэж өгөхдөө нотариатаар гэрээ хийж баталгаажуулсан. 2014.07.01-нд 1 сая төгрөгийг шилжүүлсэн болно. Хариуцагч Б.Э 2014.06.10-нд иргэд хоорондын гэрээ хийж Чингэлтэй дүүргийн нотариатаар баталгаажуулан надаас 10 сая төгрөг 1 сарын хугацаатай хүүгүй авсан ба энэхүү үндсэн зээлсэн мөнгөн дээр 5 сая төгрөг нэмж өгөхөөр тохиролцон, хугацаандаа өгөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. Гэвч мөнгөө өгөөгүй 4 сар болсон. Ингээд 2014 оны 11 сард Сайншанд сум руу очиж өөрийн унаа зардал, мөнгө гарган мөнгөө нэхэн 10 хоносны эцэст 5 сая төгрөг авсан. Үүнээс хойш одоо болтол өгөлгүй худал ярьж залилан зугтсаар байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлдээ: Би эхнэрийн дүү Эт 10 сая төгрөг өгсөн боловч хариуцагч Э худал ярьж зугтаж явсаар 2 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч би эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хохирч өөрийн зардлаар 3 удаа Сайншандад ирж хариуцагч Этай уулзаж чадахгүй явсан. Б.Эаас 10 073 000 төгрөг нэхэмжлэхийн зэрэгцээ өөрийн гаргасан зардал /тээвэр, буудал/ 173200 төгрөг, нийт 10246200 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Этай  Зулбаяраар зуучлуулан гэрээгээ үзүүлсний үндсэн дээр гарааны мөнгө 5 сая төгрөг зээлэхээр тохиролцсон. 2014.06.09-нд хотод дуудаж уулзан Ард кино театрын хажууд 2014.06.10-нд уулзаж кафед ороод чи 5 сая төгрөг аваад хэд болгож өгөх юм гэж асуухад бололцооны хэрээр 1 нугалж өгье гэж хэлсэн. Тэгвэл нотариат ороод 10 сая гээд гэрээ байгуулчихъя гэсэн. Би тухайн үед компанийн үйл ажиллагаа явуулахын тулд зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Иргэн Д.Э тухайн өдөр Ард-ын урд байрлах Хаан банкнаас бэлнээр 4 сая төгрөг авч надад өгөөд 1 сая төгрөгийг нь тэгж байгаад өгье гэж хэлсэн. Би тухайн өдрийн Д.Эын хуулгыг үзмээр байна. 2014 оны 07 дугаар сард ачаагаа оруулж  байхдаа 1 сая төгрөгийг миний өөрийн дансаар шилжүүлсэн. Миний бие ажил гүйцэтгэж байхдаа 2014.07.16-нд цөсний хагалгаанд орж 2 сар эмчлүүлж яваад Д.Эыг мөнгөө нэхээд ирэхэд 2014.11.14-нд үлдсэн мөнгө болох 5 сая төгрөгийг Хаан банкнаас Гэрэлтүүлгийн гүйцэтгэл 5 сая төгрөг орж ирснийг авч өгсөн. Дахиж санхүүжилт орж ирээгүй билээ. Иймд би тухайн хүнд үндсэн авсан мөнгөө өгөөд компанид ахиж мөнгө орж ирвэл найз нь чадлаараа тус болно гэж хэлсэн. Тухайн хүн яагаад гэрээ хийхдээ 5 сая гэхгүй 10 сая гэж хийсэн юм бол гэж тухайн үед гайхаад өнгөрсөн. Миний хувьд энэ ажлаас хойш компани дээр үйл ажиллагаа явуулаагүй. Хаан банкнаас зээлсэн зээлээ өгөөд дууссан. Тухайн хүний буудлын мөнгө төлж байсан. Д.Эт үндсэн зээлсэн мөнгөө төлсөн тул өргүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хариуцагч Б.Эаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар 5000000 төгрөг, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар 154200 төгрөг, нийт 5154200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5092000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181964 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 97419 төгрөгийг гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс илүү төлсөн 3075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгч Д.Эт олгож,

зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Э давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн төдийгүй хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитой нягтлан шалгаж, хэргийг шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байна. Миний бие иргэн Д.Этай харилцан тохиролцож, мөнгө зээлэхээр тохирсон бөгөөд зээлийн гол зорилго нь Д.Э нь миний бизнесийг эхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан. Ийнхүү Улаанбаатар хотод очиход Д.Э гэрээгээ бичгээр хийе гэж хэлсэн бөгөөд гэрээн дээрээ 10 000 000 төгрөг гэж бичсэн байсан. Тодруулбал надад мөнгөө өгөөгүй байсан хэрнээ нотариат дээр очиж гэрээ батлуулсан. Ийнхүү гэрээ хийх үед миний бие Д.Эыг надад 10 сая төгрөг өгөх юм байна гэж ойлгосон. Гэтэл тэрээр Хаан банкин дээр очиж өөрийн данснаас мөнгө аваад өөртөө байсан 2 сая төгрөгөө нэмээд надад 4 сая төгрөг өгсөн юм. Би тэр мөнгийг банкны теллер дээр очирлож зогсож байгаад яг Д.Эын араас нь өөрийнхөө Хаан банкны дансанд хийсэн юм. Энэ нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд Д.Э 2 сая төгрөг данснаасаа авсан, би дансандаа 4 сая төгрөг хийсэн хугацаа 2 минутын зайтай л байгаа. Ийнхүү дараа нь 2014.07.06-нд надад мобайлаар 1 сая төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл гэрээ хийгдсэнээс бүр хойш мөнгө шилжүүлсэн бөгөөд энэ нь мөн нотлох баримттай байгаа. Гэтэл шүүх миний тайлбарыг огт авч хэлэлцээгүй бөгөөд харин Д.Эын ярьсан зүйл нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл Д.Э надад бэлэн 9000000 төгрөг өгсөн гэдгийг нотлох баримт байхгүй, иргэн С гэдэг хүнээс 7 000 000 төгрөг авсан гэх боловч тухайн мөнгийг яг надад өгснийг гэрчлэх баримтгүй. Д.Э банкин дээр байсан хэрнээ мөнгөө миний дансанд хийлгүй бэлнээр өгсөн нь дараа нь надаас гэрээн дээр бичсэн мөнгөө шаардах гэж байсан нууц далд санаа байсан юм байна. Мөн намайг Д.Эаас 4 сая төгрөг бэлнээр авсныг буюу Д.Эаас мөнгө зээлэхэд зуучилж өгсөн хүн Мэндсайхан 2016 онд нас барсан бөгөөд Д.Э 2 жил гаруйн хугацаанд надаас мөнгө төгрөг гэж огт нэхэхгүй байсаар байсан мөртлөө энэ хэргийг гол гэрчлэх хүнийг нас барсны дараа шүүхэд хандсан байгаа нь энэ хүний худал ярьж байгаагийн тод илрэл гэж үзэж байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэсэн заалтыг Д.Э зөрчиж намайг гүжирдэн гүтгэж, үүнийг шүүх нотлох баримтад тулгуурлалгүй хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие Д.Эаас 5 сая төгрөг зээлсэн бөгөөд мөнгийг бүгдийг төлж барагдуулсан ба ямар нэгэн байдлаар гэрээний үүргээ зөрчөөгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар-Сайншанд явах замын зардал, буудлын мөнгө зэргийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дүү Э мөнгө гуйхаар нь эхнэр бид хоёр ажиллуулдаг дэлгүүрийнхээ орлогыг тоолж өгсөн. Энэ хүнд мөнгө өгөхдөө 7 сая төгрөгийг өгсөн. Дараа нь Ард банкин дээр очоод 2 сая төгрөгийг өгсөн. Э 5 сая төгрөгийг цүнхэндээ хийгээд, үлдэгдэл мөнгийг банкинд хийсэн байдаг. Нийт 10 сая төгрөгийг Эт өгсөн. Э Эрээн явж тоног төхөөрөмж авна гэж хэлсэн байдаг. 7 сард Э өвчтэй байна гэхээр нь Э “би тэгвэл очиж ажлыг нь хийлцэе” гэсэн чинь эрс татгалзсан байдаг. 2014.10.15-нд 5 сая төгрөгийг өгөөд үлдсэн 5 сая төгрөгийг 11 сарын 15-ны дотор өгөх болно гээд гарын үсэг зурж бичиж өгсөн байгаа. Бидний өгсөн мөнгөөр Э тендерийн ажлыг хийгээд 70 сая төгрөгийн ашиг олчихсон. Гэрээ байгуулаад ашиг өгөхөөр тохиролцсоны үндсэн дээр хувааж авна гэж гарын үсэг зурсан байгаа. Манай дүү 10 сая төгрөгөө 15 сая төгрөг болгож авна гэж хэлж байсан. Ашиг ч байхгүй, үндсэн мөнгө нь байхгүй, алданги нь ч байхгүй байгаа тул нэхэмжлэлэлээ дэмжиж байгаа гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээл 10 073 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр байгуулсан зээлийн гэрээ /хх-5/-нд үндэслэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 10 246 000 төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Харин хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хатанбулаг сумын гудамжны гэрлийн ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай гарааны мөнгө 5 000 000 төгрөг л авсан, бололцооны хирээр авсан мөнгөө 1 нугалж өгье гэж хэлсэн, үндсэн 5 000 000 төгрөгийг буцааж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаас 5 154 000 төгрөгийг хангаж, үлдэх 5 092 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх талуудын хоорондын гэрээний агуулга, маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх хэдий ч өөрчлөлт оруулах журмаар тухайн алдааг залруулж, шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог. 

Гэтэл нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.Эт зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ /хх-5/ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдох дээрх хуулийн зүйл, заалтад нийцээгүйн гадна хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж чадаагүйгээс маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

Харин хэрэгт цугларсан зохигчдын тайлбар, хариуцагч Б.Эын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн баримт /хх-6/-аас үзэхэд нэхэмжлэгч Д.Эаас хариуцагч Б.Эын буюу Илч-шанд ХХК-ийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын гудамжны гэрэлтүүлэг ажил /хх-29/-ыг хийхэд мөнгөн хөрөнгө гаргах, хариуцагч нь уг гэрэлтүүлгийн ажлыг гардан хийж, хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулахаар, улмаар ашгийг тохиролцсоны үндсэн дээр хувааж авахаар тохиролцож, хариуцагч Б.Э 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ашиг гэж 5000000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн /хх-7/ тухай баримт үйлдсэн үйл баримт тогтоогджээ.

Талуудын энэхүү тохиролцооны агуулга нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 476 дугаар зүйлийн  476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулах болон мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.4-т заасан хамтын үйл ажиллагааг аль тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцож болох тухай хуулийн агуулгад илүү нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Улмаар дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Э нь  хариуцагч Б.Эт 2014-06-10-ны өдөр 4 000 000 төгрөг  /хх-50/, 2014-07-06-ны өдөр 1 000 000 төгрөг /хх-52/ буюу нийт 5000000 төгрөгийг өгсөн,  хариуцагч Б.Э 2014-11-14-ний ажлын гүйцэтгэл 5 000 000 төгрөг орж ирснийг нэхэмжлэгчид буцаан өгсөн хэргийн үйл баримт тогтоогдсон ба харин нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бичгээр байгуулсан гэрээ ёсоор 100000000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн тухай үйл баримт тогтоогдсонгүй.

Энэ нь талууд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч нэхэмжлэгч нь гэрээ ёсоор 10 000 000 төгрөгийг хариуцагч Б.Эын өмчлөлд шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг 5 000 000 төгрөг авсанаа нотлоогүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар талуудын нотлох үүргийг зөв хуваарилж дүгнээгүйн гадна зөвхөн уг бичгийн гэрээг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн, зээлийн гэрээний арын хуудсанд  хариуцагч Б.Эын 2014-06-10-ны өдөр бичсэн  /хх-6/ “бид гэрээний 3 ажлыг хамтарч хийж дуусахад ашгийг тохиролцсоны үндсэн дээр хувааж авах болно” гэж  мөн 2015.10.31-ний өдөр бичсэн “11 сарын 15-ны дотор 5 сая төгрөг өгөх болно” /хх7/ гэсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчид ашиг гэж 5 000 000 төгрөг өгөхөөр гэрээгээр тохиролцсон буюу хариуцагч Б.Э үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн, тэрээр уг баримтыг үйлдсэн талаар маргаагүй тул энэ нь  Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байж болох ба Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар ашгийг гэрээнд заасан хэмжээгээр төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

Хариуцагч нь Б.Э нь нийт 3 суманд гэрэлтүүлгийн ажил хийсэн боловч төрийн сан мөнгийг цаг хугацаанд нь шилжүүлээгүйгээс ажил удааширч ашиг олоогүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотлоогүй болно.

Хариуцагч Б.Э хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ  зөрчсөнөөс буюу тохирсон ёсоор нэхэмжлэгчид ашиг өгөөгүй, мөн 5 000 000 төгрөгийг тохирсон 1 сарын хугацаандаа өгөөгүй зэргээр үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э нь учирсан хохирол шаардах эрхтэй боловч нийт 208 200 төгрөг хохиролд нэхэмжилснээс 154 200 төгрөгийг  /УБ-Сайншанд-УБ, буудлын зардал хх 8-9,15,42,44,46/ гаргуулах үндэслэлтэй болно.

Харин анхан шатны шүүх 2016-11-09-ний буудлын зардал /хх-43/, Сайншандаас Улаанбаатар хүрэх төмөр замын зорчих эрхийн тасалбар /хх-45/ зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон нь үндэслэлтэй байх боловч Сайншандаас Улаанбаатар хүрэх төмөр замын зорчих эрхийн тасалбар /хх-45/ 19 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Эын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2017/00008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол улсын Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар хариуцагч Б.Эаас 5 154 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгож, нэхэмжлэлээс үлдсэн 5 092 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 181 964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Б.Эаас 97 419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгосугай” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97 417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.БАТЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                          Н.БОЛОРМАА