Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 718

 

 

 

 

 

 

 

2020          04        20                                      2020/ШЦТ/718

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

 улсын яллагч  Г.Цэрэнжамц,

 шүүгдэгч О.Ц,

 шүүгдэгч Н.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1711/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  О.Ц,  Н.Э нарт холбогдох эрүүгийн 1906 06797 0535 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Ц, Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Буянт-Ухаа 1” хотхоны СӨХ-ийн харуул ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2-16 тоотод оршин суух, урьд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, /РД/,

 Н.Э, Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Жамсран Уулын арын 5-38 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, //,

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

            1.Яллагдагч О.Ц нь таксинд явж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастал плаза”-ийн орчимд иргэн Н.Балжиннямыг хүргэж өгөөд таксины тооцоо хийхдээ “Хаан” банкны виза картыг авч АТМ машинаас мөнгийг авч картыг буцаан өгөхдөө өөрийн картаар сольж өгч улмаар тус картыг өөрийн найз Н.Эд өгөөд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын АТМ машинаас 2 удаагийн гүйлгээгээр 3,300,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авахуулсан,

-яллагдагч Н.Э бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” захын АТМ машинаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Шинэтулгын Н.Эд итгэмжлэн хариуцуулсан “Хаан” банкны виза картнаас 1,650,000 төгрөг завшсан,

2.Н.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн найз О.Цаас гэмт хэргийн улмаас олсон карт болохыг мэдсээр байж иргэн Н.Балжиннямын эзэмшлийн картнаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын АТМ машинаас хоёр удаагийн гүйлгээгээр 3,300,000 төгрөгийг авсан,

-яллагдагч О.Цтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Да хүрээ” захын АТМ машинаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Шинэтулгын итгэмжлэн хариуцуулсан “Хаан” банкны виза картнаас 1,650,000 төгрөг завшсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгч О.Ц, Н.Э нарын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Ц нь таксинд явж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастал плаза”-ийн орчимд иргэн Н.Балжиннямыг хүргэж өгөөд таксины тооцоо хийхдээ “Хаан” банкны виза картыг авч АТМ машинаас мөнгийг авч картыг буцаан өгөхдөө өөрийн картаар сольж өгч улмаар тус картыг өөрийн найз Н.Эд өгч Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын АТМ машинаас 2 удаагийн гүйлгээгээр 3,300,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авахуулсан, шүүгдэгч Н.Э бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” захын АТМ машинаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Шинэтулгын Н.Эд итгэмжлэн хариуцуулсан “Хаан” банкны виза картнаас 1,650,000 төгрөг завшсан, шүүгдэгч Н.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн найз О.Цаас гэмт хэргийн улмаас олсон карт болохыг мэдсээр байж иргэн Н.Балжиннямын эзэмшлийн картнаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын АТМ машинаас хоёр удаагийн гүйлгээгээр 3,300,000 төгрөгийг авсан, шүүгдэгч О.Цтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Да хүрээ” захын АТМ машинаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Г.Шинэтулгын итгэмжлэн хариуцуулсан “Хаан” банкны виза картнаас 1,650,000 төгрөг завших гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.Ц, Н.Э нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Цын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. О.Цын карт биш гэдгийг мэдсэн мөртлөө картнаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг[2],

3. 2019  оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хаан” банкны депозит дансны хуулга[3],

4. Хохирогч Н.Балжиннямын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 12 цагийн орчим би найз охин Болортолийн хамт “Гандан”-гаас такси бариад оюутны байрны хойд талын “Кастле Плаза”-н орчим хүргүүлсэн. Надад бэлэн мөнгө байхгүй байсан тул “АТМ ороод мөнгө аваад ирье” гэхэд жолооч нь “та хоёр байж бай би яваад мөнгө аваад ирье, пин кодоо хэлчих” гэхээр нь би картаа өгөөд явуулсан. Удалгүй миний даснаас 10,000 төгрөг гарсан бөгөөд жолооч ирээд миний карттай адилхан ногоон өнгийн карт өгсөн. Би тухайн үед өөрийн карт байна гэж бодсон. Би таксинаас буугаад АТМ орж картаа уншуулах гэтэл миний карт блоклогдсон байсан. Дахин нэг оролдоод үзтэл миний картыг залгисан. Шөнө 01 цаг, 11 минутанд миний данснаас 300,000 төгрөгийн зарлага гарсан ба удалгүй дахин 3,000,000 төгрөгийн зарлага гарахаар нь би “Хаан” банкны лавлахаас асуусан чинь миний картнаас “Да хүрээ” захын АТМ машинаас зарлага гарсан байна гэж хэлэхээр нь би цагдаад хандсан” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Ц.Болортолийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний орой 23 цагийн үед би Баянгол дүүргийн “Москва их дэлгүүр”-ийн тэнд байхад манай найз залуу ажлаа тараад миний байгаа газарт ирсэн. Найзаараа Гандангийн автобусны буудал хүргүүлээд тэндээсээ такси бариад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастле Плаза” хүргүүлсэн. Тэгээд таксины мөнгөө өгөх гэтэл бэлэн мөнгө байгаагүй тул “АТМ машинаас мөнгө аваад ирье” гэхэд таксины жолооч ах “та хоёр сууж бай, ах нь яваад аваад ирье” гэхээр нь Балжинням картаа өгөөд явуулсан. Бид хоёр машинд нь сууж байсан чинь жолооч ах карт болон хариулт 4000 төгрөгийн хамт өгсөн. Жолооч ах картнаас 10,000 төгрөг авсан талаар манай найз залуугийн утсанд мэдээлэл ирсэн. Бид хоёр машинаас буугаад дахин картнаасаа мөнгө авах гэтэл нууц дугаар блоклогдсон байна гээд АТМ машин картыг залгисан. Тэгээд гэртээ ороод байж байтал шөнө 01 цаг, 11 минутанд 300,000 төгрөг, 01 цаг, 13 минутанд 3,000,000 төгрөг данснаас нь гарсан тул цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг[5],

6. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл[6],

7. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[7],

8. Шүүгдэгч О.Ц 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хувиараа халтуур хийж байгаад 2019 оны 11 дүгээр сарын дундуур байх “Модны-2”-ын замаас хоёр хүн аваад 1000 оюутны байрны тэнд буусан. Буухдаа тооцоо хийх гэтэл найз охин нь бөөлжөөд байсан тул нөгөө залуу нь надад картаа өгөөд 10,000 төгрөг авчих гэж хэлсэн. Би картнаас нь 10,000 төгрөг аваад картыг нь буцааж өгөлгүй, машины цан хусдаг карт өгсөн. Тэгээд найз Н.Э руу залгаад “надад нэг карт байна, хоёулаа мөнгө байна уу үзэх үү?” гэхэд Н.Э “чи нууц дугаарыг нь мэдэх юм уу?” гэж асуусан. Тэгээд бид хоёр уулзаад Баянзүрх дүүрэгт байрлах “Да хүрээ” захын тэнд байдаг “Хаан” банкны АТМ ороод үлдэгдэл нь 1,900,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “300,000 төгрөг авчих” гэж хэлсэн. Н.Э дахин 300,000 төгрөг авах гэж байгаад нэг тэг илүү бичсэн чинь 3,000,000 төгрөг гараад ирсэн. Тэр картны үлдэгдэл 19,000,000 төгрөг байсан юм шиг байна лээ. Бид хоёр мөнгөө тэнцүү хувааж авсан” гэх мэдүүлэг[8],

9. Шүүгдэгч Н.Э 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны сүүлээр “Цайз” захын баруун талд байдаг “Асайт” худалдааны төвийн автобусны буудал дээр уулзсан. Тэгээд О.Ц “надад нэг карт байна, дотроо мөнгөтэй байна уу хоёулаа үзье” гэж хэлээд бид хоёр миний машинаар “Да хүрээ” захын хажууд байдаг “Хаан” банкны АТМ машин ороод О.Цаас картны нууц дугаарыг утсаар асуусан. Гэтэл О.Ц 3,000,000 төгрөг авчих гэж  хэлсэн. Би андуураад дутуу бичээд 300,000 төгрөг авсан. Дараа нь дахин 3,000,000 төгрөг аваад О.Ц руу залгасан чинь намайг орхиод явсан байсан. Би залгаад хаана байгааг асуутал “72 дугаар хотхоны тэнд хүрээд ир” гэж хэлсэн. 1,650,000, 1,650,000 төгрөгөөр хувааж авсан” гэх мэдүүлэг[9]

10. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Хаан” банкны депозит дансны хуулга[10],

11. Хохирогч Г.Шинэтулгын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймаг “Түмэнцогт” сум, Баянцагаан гэх газарт мал малладаг. 10 хонь, 10 ямаа аваад Улаанбаатар хотод ирчихээд малаа зараад 2,800,000 төгрөгтэй болсон. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Шөнийн дэлгүүр”-ийн ойролцоо байх найзууд болох Атарбаяр, Цэвээндорж хоёртой ууж байгаад орой 22 цагийн үед харих гээд Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, “Тэнгэр плаза”-н хажууд байх 110 дугаар байранд дүү Гантуяагийнд очих гээд такси барьж хүргүүлээд жолоочид “надад бэлэн  мөнгө байхгүй, АТМ ороод мөнгө аваад өгье. АТМ машинтай газар зогсчих” гэж хэлээд жолооч АТМ машинтай газар ирчихлээ гэхээр нь жолоочид карт, нууц кодоо хэлчихээд унтчихсан байсан. Тэгээд жолооч намайг сэрээгээд “Тэнгэр плаза”-н урд ирсэн байна буу гээд буусан. Би дүүгийндээ ороод унтсан. Өглөө нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр босоод картаа үзсэн чинь өөр хүний нэртэй карт байсан. Тэгээд миний “Хаан” банкны картнаас хоёр удаагийн гүйлгээгээр 1,650,000 төгрөгийн зарлага гарсан байсан” гэх мэдүүлэг[11],

12. 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[12],

13. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл[13],

14. Шүүгдэгч Н.Эгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сард эхнэрийн нэр дээр байдаг машинаар шөнө халтуур хийгээд явж байхад Баянзүрх дүүрэгт байрлах “Тэнгэр плаза”-ийн тэнд нэг хүн гараа өргөөд машинд сууж “...Би Хэнтий аймгаас ирсэн. Нэг шил юм олж уумаар байна. Мөн надад хүүхэн хэрэгтэй байна. Чи олж өгвөл би чамд хангалттай мөнгө өгнө” гэж хэлсэн. Бид хоёр Улаанхуарангийн тэнд байдаг АТМ орсон чинь сүлжээ нь тасарсан байсан. Тэгээд 16 дугаар хорооллын АТМ орохоор явсан. Тэгээд машинаас буугаад хамт АТМ-ийн машин руу явж байсан чинь нэг машин ирээд машинаа холдуул гэж хэлсэн. Би машинаа холдуулчихаад эргээд иртэл нөгөө хүн байхгүй байсан. Тэгээд би О.Ц руу залгаад “нэг хүн картаа үлдээгээд явчихлаа, хоёулаа картанд нь мөнгө байна уу үзэх үү?” гэж хэлээд бид хоёр уулзаад “Да хүрээ” захын хажууд байдаг АТМ ороод картыг нь шалгатал 1,670,000 төгрөг байсан. Бид хоёр 1,650,000 төгрөг авсан бөгөөд тэр мөнгийг машиндаа хадгалж байгаад цагдаад баригдаад өгсөн” гэх мэдүүлэг[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Н.Балжинням, Г.Шинэтулга нарын зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч О.Ц, Н.Э нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч О.Ц, Н.Э нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгч О.Цын хувьд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн ялын шүүмжийг харгалзан шүүгдэгч О.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, түүнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

            Харин шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг болгосон.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг “Сиди”-г хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын картыг нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн;

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан О.Цыг Н.Этай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан картнаас мөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн;

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч .Эг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн;

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Эг О.Цтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан картнаас мөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Шүүгдэгч О.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор О.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч О.Цад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

            6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            7. Шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

            8. Шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-т заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг болгосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

            11. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг “Сиди”-г хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

           

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 5-7 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 69 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 77 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 37 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 38 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 94 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 99 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 133-137 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 131-132 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 114-115 дугаар тал